Main » 2012 » March » 3 » Археологийн судалгааны төслүүдийн танилцуулга
16:42
Археологийн судалгааны төслүүдийн танилцуулга

Археологийн судалгааны төслүүдийн танилцуулга


МОНГОЛ-АНУ-ЫН ХАМТАРСАН "ХОВД” ХЭЭРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АНГИЙН 2010 ОНЫ АЖЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монголын Үндэсний Музей АНУ-ын Пенсильваны Их сургуультай хамтран Монгол орны баруун хязгаар Ховд аймгийн нутаг дахь хүрэл төмрийн үеийн дурсгал судлаж эхлээд 3 дахь жилдээ ажиллаж байна. Энэ жилийн малтлагын ажил нь 2008 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Шомбуузын бэлчирт хийсэн судалгааны ажлын үргэлжлэл төдийгүй нэг хэсэг юм. 2010 оны 6-7 сард  уг дурсгалт газар ажиллаж, Хүннүгийн найман булш, нэг жижиг хиргисүүр болон тахилын байгууламжийн археологийн малтлага судалгааг хийж гүйцэтгэжээ. Малтлага хийсэн хиргисүүрээс олдвор илрээгүй бөгөөд тахилын  байгууламжаас шатсан малын яс, нүүрс, бог малын шагай зэрэг олдвор илэрсэн юм.Хүннүгийн булшны малтлагын үр дүнд сэнжтэй жижиг хүрэл тогоо, хүрэл толь, алтан болон төмрөөр хийсэн нар саран чимэглэл, ясан нумны наалт, том жижиг вааран тогоо, төрөл бүрийн сувс зэрэг олон сонирхолтой олдворууд илрүүлсэний зэрэгцээ хувцастай нь оршуулсан хүүхдийн булш болон эхтэй нь хамт оршуулсан дөнгөж төрсөн хүүхдийн булш зэргийг малтсан нь Хүннү судлал, тэр дундаа Хүннүгийн үеийн хүний ясны судалгаанд онцгой ач холбогдол бүхий шинэ хэрэглэгдэхүүн болохоор сонин содон материал олдсон билээ. Дашрамд өгүүлэхэд Шомбуузын бэлчирт хээрийн шинжилгээний анги нь хоёр зуны турш нийт 16 булш малтсаны дотор модон австай булш хэд хэд гарсан нь хэлбэр хийцийн хувьд өөр байгаа нь мөн л Хүннүгийн оршуулгын зан үйл, авсны бүтэц зэргийг судлахад чухал хэрэглэгдэхүүн болно. Хээрийн шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд АНУ-ын талаас Браян Миллер, сэргээн засварлагч Клайр Нейли, Монголын талаас Монголын Үндэсний Музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Баярсайхан, Ц.Эгиймаа, Ховд Их сургуулийн багш Л.Нямсүрэн болон Ховд Их сургуулийн оюутанууд оролцон ажиллажээ.

Монгол-ОХУ-ын хамтарсан "Чинтолгойн балгас” төсөл: 
Монголын үндэсний музей, ОХУ-ын ШУА-ийн Алс дорнодын салбарын Түүх, Археологи, Угсаатны зүйн хүрээлэн, Сибирийн салбарын Монгол, Түвэд, Буддын судлалын хүрээлэн хамтран 2004 оноос одоог хүртэл хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Чин толгой хэмээх эртний балгасанд малтлага судалгааг явуулж Монгол нутгаас анх удаа шүдний ясан сойз, ясан шоо, шаазан хятан хүний дүр бүхий баримал, гоёмсог хээтэй ваар сав, бичигтэй дээврийн ваар зэрэг ховор нандин олдворуудыг олжээ. Мөн уг хот нь соёлын хоёр давхаргатай хот болохыг олж тогтоосон байна. Энэ төсөлд тус музейн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Эрдэнэболд оролцон ажиллаж байна.
 

2.    "Ховд” археологийн судлагааны төсөл:

Монголын Үндэсний Музей, АНУ-ын Пенселваний их сургуультай хамтран 2007 оноос эхлэн"Ховд” археологийн судлагааны төсөл хэрэгжүүлж байна. 2007 оны судалгаа Ховд аймгийн Манхан сумын Тахилтын завсар гэдэг газарт байгаа Хүннүгийн язгууртны нэг булшыг цогцоор нь малтан судалж, олон тооны олдвор хэрэглэгдэхүүн олж илрүүлсэнээс гадна Хүннүгийн язгууртны булшны цогцолборт шинээр олдоод байгаа дагуул байгууламжид анх удаа малтлага хийж  сонирхолтой зан үйлийг илрүүлэн олсон болно. Цаашид энэ төслийн хүрээнд баруун монгол дахь Хүннүгийн археологийн дурсгалуудыг лавшруулан судлахыг зорьж байна.  Судалгааны багт Монголын талаас судлаач Ж.Баярсайхан, Ц.Эгиймаа, Америкийн талаас судлаач Браян Миллэр, Кристин Ли нар оролцон ажиллаж байна.

3.    "Буган чулуун хөшөө: Монгол - Америкийн хамтарсан "Буган чулуун хөшөө” төсөл



Монголын Үндэсний Музей болон АНУ-ын Смитсоны институтийн Байгалийн түүхийн музейн Арктик судлалын төвтэй хамтран 2004 оноос эхлэн Монголд археологийн хайгуул, малтлага, угсаатны зүйн судлагааны ажил хийж байна. Өнгөрсөн хугацаанд  судалгааны баг  Хөвсгөл аймгийн нутаг дахь олон тооны буган чулуун хөшөөд, түүний тахилгын байгууламжид малтлага хийж, уг дурсгалын бүтэц, зан үйлийн утга зэргийг тодруулах баримт хэрэглэгдэхүүн цуглуулснаас гадна цөөнгүй сонирхолтой олдворууд илрүүлэн олж, заримаас нь дээж авч АНУ-ын лабораториудад он цаг тогтоох шинжилгээ хийсэж байна.
2007 онд бид Монгол Алтайн буган чулуун хөшөөдтэй харьцуулан судлах анхны оролдлогыг хийж, Баян-Өлгий аймагт буй зарим буган чулуун хөшөө бүхий дурсгалт газар бага хэмжээний туршилтын малтлага хийж, судлагааны материалыг боловсруулж байна. Төслийн цаашдын зорилтуудад буган чулуун хөшөө бүхий томоохон дурсгалт газруудад малтлага судлагаа хийх, өмнөх судалгааны баримтуудтай харьцуулан судлах, түүнчлэн уг дурсгалын хамгаалалтын асуудалд анхааран ажиллах зэрэг олон асуудал багтаж байна. Судалгааны явцад Хөвсгөл аймгийн нутаг Дархадын хотгор болон Хөвсгөл нуур орчимын түүх соёлын дурсгалуудыг илрүүлэн олох, судлах, бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлж байна.  Уг төсөл нь жил бүр долоо хоног Улаанбаатар хотод бага хурал, музейн хадгалалт хамгаалалтын сургалт зохион байгуулж байна. Судлагааны багт АНУ-ын Смитсоны хүрээлэнгийн Арктик судлалын төвийн захирал доктор Вильям Фицхью, МҮМ-н эрдэм шинжилгээний ажилтан Ж.Баярсайхан болон бусад хүмүүс оролцон ажиллаж байна.

4.   "Монгол нутаг дахь нүүдлийн соёл иргэншлийн хайгуул, малтлага судалгаа” төсөл:

Монгол-БНХАУ-ын хамтарсан МҮМ, НСИСОУХ, БНХАУ-ын Өвөрмонголын Археологи, соёлын өв судлалын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь 2005 оноос өдгөөг хүртэл хэрэгжиж байна. Тус төслийнхөн Архангай аймгийн Хотонт сумын нутагт орших Дөрвөлжин хэмээх дурсгалд малтлага судалгааны ажлыг явуулж монгол нутгаас анх удаа Уйгар улсын үед холбогдох газар доорхи бунхант булшийг илрүүлэн олсон байна. Тэд уг булшнаас занданшуулсан хүн, хамгийн эрт үед холбогдох гутал, бичигтэй нумын гичир зэрэг ховор нандин дургалуудыг илрүүлэн олсон байна. Хамтарсан төсөлд тус музейн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Эрдэнэболд, Ц.Одбаатар нар оролцон ажиллаж байна.

5.    Монгол-ОХУ-ын Буриад улсын хамтарсан "Монгол нутаг дахь Хүннүгийн хот суурины археологийн судалгаа” төсөл

2007 оноос эхлэн хэрэгжиж байгаа уг төсөлд МҮМ, ОХУ-ын Буриад улсын Монгол, Түвэд, Буддын судлалын хүрээлэн хамтран ажиллаж байна. Хамтарсан төслийн хүрээнд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт орших Тэрэлжийн дөрвөлжин хэмээх Хүннү улсын үед холбогдох эртний сууринг малтан шинжилж тодорхой үр дүнд хүрээд байна. Уг төслийн судлаачдын үзэж байгаагаар энэ хот нь хүн амьдарч байсан суурин бус тахилга тайлгын зориулалттай шүтээний  газар байжээ.  Энэхүү хамтарсан төсөлд тус музейн эрдэм шинжилгээний ажилтан доктор Л.Эрдэнэболд, Ц.Эгиймаа нар оролцон ажиллав.

6.Монгол-Солонгосын хамтарсан "МОНСОЛ”төсөл

МҮМузей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Солонгосын Үндэсний Музейтэй хамтран Монгол нутаг дахь Хүннүгийн үеийн булш судлах ажлыг хийж байна. 2007 онд энэ судалгааны баг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарс хэмээх газар буй Хүннүгийн язгууртны булшыг малтаж, олон тооны сонирхолтой олдворуудыг илрүүлэн судлаж, зарим олдворуудыг Солонгос улсад сэргээн засварлаж байна. Судалгааны багт Монголын талаас Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж, судлаач Г.Эрэгзэн, Солонгосын талаас Юн Хён Вон болон бусад судлаачид оролцон ажиллаж байна.       


7. 2007 оны 9-р сарын 15-наас 10-р сарын 1 хүртэл тус музейн судалгааны хэсэг Архангай аймгийн Хотонт сумын нутаг Өвөрхавцалын ам, Баянголын ам зэрэг газруудад ажиллаа. Уг судалгааны хэсэг Өвөрхавцалын аманд Хүннү болон Түрэгийн үед холбогдох 2 булшийг малтан судалж, морь дагалдуулсан оршуулга, ваар савны хагархай, хүний яс зэрэг олдворуудыг олжээ. Мөн тэд Баянголын аманд Уйгар улсын үед холбогдох тахилгын байгууламжинд туршилтын малтлагын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Уг ангийн бүрэлдэхүүнд эрдэм шинжилгээний ажилтан доктор Л.Эрдэнэболд, Ц.Одбаатар нар оролцон ажиллажээ.

8. МОНГОЛ – БНХАУ-ЫН ХАМТАРСАН АРХЕОЛОГИЙН ЭКСПЕДИЦИЙН 2009 ОНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

Экспедицийн бүрэлдэхүүн
Монголын талаас:
Проф А.Очир /Монголын талын төслийн удирдагч/
Магистр Ц.Одбаатар /Ахлах археологич, Монголын Үндэсний Музейн ЭША/
Б.Анхбаяр /Археологич, НСИСОУХ-ийн ЭША/,
Археологич О.Батбаяр, Н.Уртнасан
Түүхч, орчуулагч Ганбат
Жолооч Х.Баттулга, Амартайван,
Ахлах тогооч С.Нямцэрэн, туслах тогооч Б.Эрдэнэчимэг, бэлтгэгч С.Байгалмаа, угаагч Оюунзул болон туслах ажилтан: Л.Эрдэнэсайхан /ХҮДС/, Ц.Анхбаяр /УбИС, IY курс/, Дэлгэрдалай /УбИС, IY курс/, Д.Гантөгс /УбИС, I курс/, Г.Энхмагнай /УбИС, I курс/, О.Батзориг /УбИС, IY курс/, М.Амарбаясгалан /МУБИС, IY курс/, Г.Энхбаяр /УбИС, IY курс/, Г.Энхбаяр /УбИС, IY курс/, М.Нямбат /УбИС, IY курс/, Э.Доржсүрэн /УбИС, IY курс/, О.Нямдорж /ТМС, II курс/, Санжсүрэн /МУБИС, I курс/, Б.Өлзийбаяр /МУБИС, IY курс/, О.Баярдалай /МУБИС, IY курс/, Нямсамбуу /МУБИС, III курс/, О.Болдсайхан /МУБИС, III курс/, Д.Төрболд /МУБИС, III курс/, Т.Лхагвасүрэн /МХТДС, III курс/, Даваасамбуу /МХТДС, IY курс/ Э.Золбоо /Сутай ДС, IY курс/, Б.Хаданбаатар /Газарчин ДС, I курс/, Б.Далайцэрэн /МУБИС, II курс/, Г.Гантулга /ХААИС, III курс/
БНХАУ-ын талаас:
Тала /Төслийн удирдагч, профессор ӨМӨЗО-ны музейн захирал/
Чэн Ёнжи /Доктор, ӨМӨЗО-ны Соёлын өв, Археологи судлалын хүрээлэнгийн захирал/
Сун Гуо Дун /Магистр, БНХАУ-ын талын ахлах археологич/
Юэ Гоу Мин /Гэрэл зурагчин/
Саранбилэг /Орчуулагч/
Жао Жиан /Жолооч/
Маршрут: УБ-Хотонт-УБ
Хугацаа: 2009 оны 6 сарын 13-наас 9 сарын 12
Өвөрхавцалын аманд нийт 10 Дөрвөлжин хэмээх дурсгал байна. Бидний малтсан 5-р Дөрвөлжин хэмжээгээр хамгийн том нь юм. Гадуураа суваг бүхий дөрвөлжин хэлбэрийн шороон хэрэмтэй. Хэрэм сувгийн хамт 80 х 84 м урт. Хэрмийн дотор том хэмжээний овгор байх бөгөөд хаяагаар нь тоосгоны нуранги их байх аж. Уг овгорыг шороо, чулуу, тоосго хольж байгуулжээ. Уг байгууламжын зүүн талд зэрэгцээ, жижгэвтэр хоёр овгор байгууламж байна. Тэдгээр  нь харьцангуй намхан байх бөгөөд тоосго, дээврийн ваарны хагархай ихтэй.
Малтлагаар голын овгор байгууламжийн доороос тоосгоор үйлдсэн бунхан бүхий оршуулга илэрсэн бөгөөд 3 хүнийг хамтад нь оршуулсан байв. Бунхан маш их тоногдож, хүний яс хоорондоо холилдсон бөгөөд нэлээд яс нь алга болжээ. Уг байгууламжийн тоосгон нурангийг цэвэрлэх явцад мөн гурван оршуулга илэрсэн юм. Мөн голын байгууламжийн баруун талд нүх ухаж, гурван хүнийг хамтад нь оршуулсан нь сонирхолтой. Эдгээр булшууд тоногдсон байх бөгөөд хүрэл ээмэг, хүрэл товч зэрэг эд өлгийн зүйлс гарсан юм.
Энэ жилийн малтлагаар олон тооны засмал чулуу, амьтны дүрст чулуун баримал, лууны сийлбэр бүхий гэрэлт хөшөөний хагархай, шавар арслангийн хагархай, барилгын чимэглэлүүд зэрэг олон олдворууд илэрсэн юм.
Хамгийн сонирхолтой нь бунхант булшийг газар ухалгүй, газрын өнгөн хөрсөнд дээр байгуулсан нь өмнө илэрч байгаагүй тохиолдол боллоо.

МОНГОЛ-АНУ-ЫН ХАМТАРСАН "ХОВД” АРХЕОЛОГИЙН ТӨСӨЛ



Дурсгалын байршил: Тахилтын хотгор Ховд аймгийн Манхан сумын нутаг
Хугацаа: 2007


Монголын үндэсний түүхийн музей Пенсильваны их сургуультай хамтран, Торгоны зам сангийн дэмжлэгтэй археологийн малтлага, хайгуул болон анхан шатны сэргээн засварлалт хийх "Ховд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн гол зорилго нь Монгол Алтай тэр дундаа Ховд амгийн нутаг дахь Хүннүгийн дурсгалыг судлах, бүртгэх явдал байлаа. 2007 онд бидний судлахаар сонгон авсан Ховд аймгийн Манхан сумын нутаг Тахилтын хотгор дахь Хүннүгийн оршуулгын газрыг анх 1961 онд нээж, 2 жижиг булш малтсан бол 1987-1989 онд үүдэвчтэй дөрвөлжин булш мөн хоёрыг малтсанаас хойш 15 жил гаруй судалгаа хийгдээгүй байсан юм.  2006 онд бэлтгэл ажил болгож хайгуул хийж, оршуулгын газрын дэвсгэр зургийг шинээр үйлдэж, нийт 136 булш бүртгэсэн билээ. Бид өмнө малтсан байсан 2 үүдэвчтэй булшны дагуул булшнууд болон тахилын байгууламжийг, шинээр нэг үүдэвчтэй булшийг цогцоор нь судлан шинжилсэн.
Category: aрхеологи | Views: 2491 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: