Main » 2012 » March » 29 » Каталоны атлас (1375 он) Монголын Эзэнт улсын түүхийн нэгэн чухал сурвалж болох нь.
00:07
Каталоны атлас (1375 он) Монголын Эзэнт улсын түүхийн нэгэн чухал сурвалж болох нь.

Каталоны атлас (1375 он) Монголын Эзэнт улсын
түүхийн нэгэн чухал сурвалж болох нь.

Монгол Судлалын 3-р бага хуралд эчнээгээр хэлэлцэгдсэн илтгэл.

                                                                    Бадарчийн Нямаа (түүхийн ухааны доктор Ph.D)

    Каталоны атлас  хэмээн алдаршсан энэ атласыг 1375 онд Арагоны вант улсын Каталоны (Испани) Мажорка арал дээр аж төрж байсан  еврей үндэстэн, тухайн үедээ газрын зургийн хамгийн шилдэг мастер гэгдэж байсан  Абрахам Крескийн (Abraham Cresques) [1] гэр бүлийнхэн хийсэн бөгөөд удалгүй Францын V Карл хааны хүсэлтээр түүнд өргөн барьснаар энэ атлас Франц улсын мэдэлд шилжжээ. Анхны хувилбарыг  зургаан  ширхэг хавтгай модон самбар (панель) дээр наасан зузаан цаасан дээр гараар өнгө ялган зурж хийсэн бөгөөд энэ нь аажимдаа гарын ая  даахгүй хялбархан баларч элэгдэх болсон тул уг атласыг хожим нь 69 см өргөнтэй 12 хэсэг цаасан дээр шилжүүлэн буулгасан нь нийтдээ 3,9м урттай болсон ажээ. Атласыг зохиогчид дэлхийн бөмбөрцөгийг хавтгай дээр дэлгэсэн байдлаар хийхийг зорилго болгосон гэлцдэг бөгөөд ингэхдээ газар зүйн байршлын хувьд хойд зүгт байрлаж байгаа газрын зургуудыг доош , өмнө зүгт байрлалтай газруудыг дээш  харуулж зурсан нь энэ атласын өвөрмөц нэгэн онцлог юм. Мөн ихэнх зургуудын тайлбарыг Марко Пологийн тэмдэглэлийг үндэслэн бичсэн нь уг газрын зургийг үнэн бодит байдал хамгийн ойртуулж хийхийг зорьсон хэрэг ажээ. Атласын бүх нэр, тайлбарыг латин хэлээр бичсэн байна.
    Энэхүү атлас эдүгээ Париж хотноо Францын үндэсний номын санд хадгалагдаж байдаг ба эх зургийг нийтэд үзүүлдэггүй тул зөвхөн хуулбарийг үзэх боломжтой ажээ.

Зураг 1
   Каталоны атласын хэсгээс
    
 Каталоны атласт XIV зууны эхэн үеийн Дорнот Европ, Хойт Африк, Ойрхи Дорнот, Дундад Ази, Төв болон Зүүн өмнөт Азийн газар нутгийг бүхэлд нь үзүүлээд зогсохгүй тухайн үеийн улс орнуудын хоорондын харилцаа, улс төр, шашин, худалдаа арилжааны хөгжил, хүн ам, хот тосгодын байдал, улс орнуудын хуурай газрын болон усан хил хязгаар, далайн боомтуудын байршил, худалдаа арилжааны зам харгуй, түүхэн зарим үйл явдал, биет хүний тухай зэрэг олон сонирхолтой мэдээлэл агуулсан байдгаараа XIII-XIV зууны дэлхийн түүхийн маш чухал баримт, хүн төрөлхтний соёл иргэншил, түүх газар зүйн соёлын  гайхамшигтай дурсгалан хэмээн зүй ёсоор тооцогдож байна.
   Нөгөөтэйгүүр Каталоны атлас нь XIII-XIV зууны Монголын Эзэнт улсын газар нутгийг тухайн үеийн байдлаар нь үндсэндээ бүрэн хэмжээгээр харуулсан хамгийн эртний бөгөөд хамгийн бүрэн хэмжээний газрын зураг болохын учир Монголын түүхийн судлал, тэр тусмаа Монголын эзэнт улсын түүхийн судлалд чухал ач холбогдолтой эх сурвалжийн нэг болох юм. Монголын эзэнт улсын бүрэлдүүн байсан Алтан Ордны улс, Цагаадайн улс, Элхаант улс, Юань гүрний газар нутгийг бүхэлд нь нэг дор үзүүлсэн нь энэ зургийн онцлог бөгөөд үүнээс өмнө ийм газрын зураг хаана ч  гарч байгаагүй тул энэ нь монголын эзэнт улсын газрын зүйн зургийн зураглалын хамгийн анхдагч, XIV зуунаас үлдэж хоцорсон ийм төрлийн цорын ганц дурсгал бололтой. Энэхүү атласт орсон нийт зургуудын дийлэнх нь Монголын эзэнт улсын нутаг дэвсгэрийн зураг байгаа  учраас энд байгаа мэдээллүүдийг нарийн тунгааж, түүхийн бусад эх сурвалжуудтай харьцуулан судалж үзвээс монголын эзэнт улсын газар зүй, хил хязгаар, зам харилцаа зэргийг судлахад хэрэгцээт шинэ мэдээлэл олдож болзошгүйи гадна тухайн цаг үеийнхээ нийгмийн хөгжилд монголчуудын оруулсан үлэмжийн хувь нэмэр, үзүүлсэн нөлөөг илүү тодруулах боломж нээгдэх бизээ.
   Манай монголын түүхийн энэхүү чухал дурсгалд судлаач эрдэмтэд, мэргэжилтнүүд,
оюутан залуусын анхаарлыг хандуулах зорилгоор энэхүү газрын зургийн талаар товч
өгүүлье.

Нэг. Алтан Ордны улс.
   
     Каталоны атласт Дорнот Европоос зүүн тийш, Хар тэнгисээс хойгуураа Ижил мөрний хөндий, Кипчакийн тал нутаг, урдуураа Каспийн тэнгис, Кавказ, зүүн тийш Дундад Азийг хүртэлх өргөн уудам нутаг дүрслэгдсэн нь Монголын Алтан Ордны улсын нутаг юм. Тухайн үедээ Алтан Ордны улсын нутгаар усан болон хуурай замын худалдааны гол замууд дайрч өнгөрдөг байсан тул олон газрын худалдаачид, аялагчдийн  сайн мэдэх газар байв. Чухам үүгээр дамжин худалдааны зам Төв Ази, Хятадыг зорьдог нэг ёсны хөлтэй зам байснаас атласыг бүтээгчид Алтан Ордны улсын нилээд олон  хот, газар усны нэрийг тэмдэглэн үлдээсэн төдийгүй монголын бусад улсуудын зурагтай харьцуулбал зураглал нь нилээд оновчтой, харьцангуй мэдээлэл сайтай болсон байдаг.
  

Хамгийн эхэнд бичигдсэн хот бол Хар тэнгисийн эрэгт оршиж байсан Алтан ордны улсын худалдааны том төв Каффа (Caffa) хот ба түүнээс дээшлээд Киев (Chiva) хотын нэр гарч цаашлаад Rossia гэсэн нэр тааралдана. Мэдээж энэ бол Орос гэсэн үг.

Энэ атлас дээр ямар нэгэн хотыг тэмдэглэхдээ жижиг цайз цамхагаар төсөөлүүлэн дүрсэлж үүн дээрээ тухайн улсын туг далбааг хатгасан байдаг өвөрмөц онцлогтой. Дээр өгүүлсэн аффа хотын цайз дээр Гэнуезийн туг харагддаг бол Крымээс хойшлох тусам бүх цайзууд Алтан ордны улсын далбаатай болж байгаа нь энэ газар монголын хааны эзэмшилд байгааг ойлгомжтойгоор илтгэн харуулсан хэрэг юм.

    Ижил мөрний адагт, mar de Sarra I de Bacu буюу Сарай болон Бакугийн тэнгис гэж энэ атлас дээр нэрлэгдсэн Каспийн тэнгисийн  хойт эрэгт Алтан ордны нийслэл Сарай  (Sarra)  хотыг тэмдэглэжээ. Түүнээс дээшлэн logran flum Edil  буюу Агуу их Ижил мөрний эрэг дагуу байсан (Borgar) Булгар,  (Agitarcam) Хажи Тархан  зэрэг  хотуудыг нэрлэсэн байна. Нумизматикийн судалгаанаас үзэхэд эдгээр хотууд нь тухайн үедээ Алтан Ордны улсын худалдаа , эдийн засгийн гол төвүүд болсон хотууд байжээ.

     Сарай хотын дэргэд алтан бөмбөлөг, хааны хиур барьж завилан суусан хүний хөрөг байгаа нь Jambech senior de Sarra [2]  буюу Сарайн хаан Жанибек  ажээ. Жанибек нь 1341-1357 онд Алтан ордны улсын төрийг захирч байсан монгол хаан юм. Иймд энд хааны хиур барьснаар дүрслэгдсэн хүн нь Жанибек хаан болох ажээ.

  Зураг 2

Каспийн тэнгис. Сарай хот. Алтан ордын улсын хаан Жанибек хан


        Каспийн тэнгисийн гол дунд нэгэн усан онгоц хөвж яваа харагдах ба түүний дээр намиран буй далбаа нь аанай л Алтан ордны улсын  тэмдэгтэй байгаараар дүрсэлжээ. Энэ нь Каспийн тэнгис бол Алтан Ордны улсын эзэмшил гэсэн утгийг илэрхийлж байгаагаараа түүхэн үнэнтэй яв цав нийцнэ. Каспий хавийн хотуудаас өнөөгийн Азербайжаны нутагт байх Дербент хотыг Derbt хэмээн тэмдэглэсэн байна.
 

Зураг 3

 Каспийн тэнгист Алтан ордны далбаатай онгоц аялж буй нь

   Харин Аралын тэнгисыг уг атласт оруулалгүй ор тас гээгдүүлсэн байгаа нь газар зүйн мэдээлэл дутмаг байсантай холбоотой бололтой. Иймд Аралын тэнгист цутгадаг Амударья мөрөн шууд Каспийд цутгасан байдалтай харагдах ба түүний эрэг дээр Алтан Ордны улсын нэгэн нөлөөтэй хот болох Ургэнч (Organci) хот Каспийн тэнгист ойрхон байрлалтай болчихсон байгаа гэх мэт алдаа харагдана.
   
   Төв Ази, Монголын Их хаадын улс, Хятад, Энэтхэгийг зорих европын худалдаачдын
гол зам Алтан ордны улсын нийслэлээр дайран өнгөрдөг төдийгүй эндээс Монголын их хаадын нийслэл ХарХорумыг зорьсон өртөө улаа тасардаггүй байсан түүх бий.
Каталоны атлас дээр  Каспийн тэнгисээс зүүн тийш дээд талд ачаалсан  тэмээн жингийн цуваа явж байгааг зурсан нь чухамдаа Алтан ордны улсаар дэлхийн худалдаа арилжааны том зам дайрч байсныг харуулахыг зорьсон хэрэг бололтой.

Зураг 4

 Энэ цуваа худалдаачдын жингийн цуваа байж болох боловч зургийн хажуу дахь тайлбарт
"Энэхүү тэмээн жингийн цуваа Сарайн эзнийх бөгөөд Хятад руу явж байгаа нь” гэж өгүүлснээс үзвэл Алтан Ордны улсын хаан алс тэртээ Юань улсад  суугаа Их хааны зарласан Их хурилдайд оролцохоор явж байгаа утгыг ч эндээс бас төсөөлөн харж болно. Эсвэл энэ нь хааны зарлигаар өртөө улаа дамжин явж байгаа элч нар ч байж болно. Ямарч байсан энэ жингийн цуваа монголчуудых гэж ойлгож болно. Ийнхүү Алтан ордноос гарсан жингийн цувааг атлас дээр томоохон зай эзлүүлэн дүрсэлсэн байгаа нь Монголын эзэнт улсын түүхтэй нягт холбоотой торгоны зам, худалдааны зам, өртөө улааны замаар их улсын амьдрал тасралтгүй үргэлжилсээр байсныг харуулж буй хэрэг юм. Зургийн ойролцоо нэгэн тайлбар байгааг сийрүүлбэл:
"... элсэн цөлөөр дайрч алсад аялагчид эхлээд Лоп хотод долоо хоног саатаж цаашид долоон сарын турш аялахдаа хэрэглэх хүнс хоол, усаа базааж авна. Элсэн цөлд  ус олдохгүй хэдэн өдөр шөнийг ч өнгөрүүлж мэдэх газар. Энэ элчилгүй их цөлд ядарч туйлдаад тэмээн дээрээ зүүрмэглэж яваад цуваанаасаа хоцорч мэднэ. Тэгэх аваас
салхи исгэрэх нь чөтгөр шуламын дуу мэт сонсогдох их элсэн дотор төөрч үхэх аюултай болой... ” [3]  гэжээ.
   Тэмээн жин  зүүн тийш явах замын хажууд Алтан Ордны улсын тугтай нэгэн цайзыг Sebur  гэж нэрлэсэн байгаа нь өдгөөгийн Сибирь нутгийн нэр ажээ.

Ийнхүү каталоны атлас дээр Ижил, Дон, Амударъя мөрнүүдийн сав газар, Хар тэнгис болон Каспийн тэнгисийн эрэг нутгууд, Кавказын уулс, Кипчакийн уудам тал, Хорезмийн элсэрхэг газруудыг дүрсэлсэн байгаа нь  Алтан Ордны эзэмшил газрын зургийг бүхэлд нь харуулж чадсан гайхалтай өргөн утга агуулгатай зураг болжээ.

Энэ атласын дотроос монголын түүхийн судлалд чухал ач холбогдолтой өөр нэгэн зүйлийн талаар тусгайлан дурдмаар байна. Алтан Ордны улсын хаа сайгүй, тухайлбал, Хар тэнгисийн Крымээс Ижил мөрний Булгар хүртэлх хот тосгодууд, Каспийн тэнгист хөвж яваа усан онгоц, Кавказ, Дундад Ази, Сибирийн хотуудын дээр Алтан ордны улсын туг мандуулсан байдаг тухай дээр өгүүлсэн билээ. Үүнээс үүдэн энэ нь чухам ямар туг болох талаар дэлгэрүүлэн тайлбарлах шаардлага гарч байгаа юм. Атлас дээр хотуудыг хамгийн энгийнээр төлөөлүүлэн цайз маягаар зурсан нь тэмдэглэгээний учир холбогдолтой юм.
Тэхдээ хотуудыг аль улсын хот, хэний эзэмшил газар болох, тэр нь хаанаас хаа хүрч өөр хаанахын хоттой хил залгаж байсан, улс хоорондын хил хязгаар хаагуур байсан зэргийг ялгаж үзүүлэхэд нилээд ач холбогдол өгсөн байдал харагдаж байгаа бөгөөд үүний тулд хотыг дүрсэлсэн цайз болгоны оройд тухайн улсын сүлд тэмдэг бүхий туг хатгасан байна.

Европ, Газрын дундад тэнгис, Арабын орнуудын хотуудын дээр янз бүрийн өнгө хэлбэр бүхий загалмай,  Давидын од хэмээгдэх зургаан хошуу тэмдэг, босоо зураас,  дөрвөлжин гурвалжин дүрс, арслан, шувуу, хилэнц хорхой зэрэг амьтад, үл ойлгогдох сонин дүрс бүхий өнгө өнгийн туг далбаа хийсгэсэн харагдана. Зарим цайзын дээр огтоос туг далбаа хатгаагүй байх нь цөөнгүй үзэгдэнэ. Атласыг зохиогчид энэ олон улс орны янз бүрийн туг далбаа, түүн дээрхи сүлдийг яавч санаан зоргоор зохиож тавихгүй нь мэдээж бөгөөд харин ч тэдний тухайн үеийнхээ хэмжээнд маш олон талын өргөн мэдлэгтэй,  асар их мэдээлэлтэй, үнэнхүү авъяас билигтэй хүмүүс л ийм гайхалтай зураглал бүтээнэ дээ гэж шагшин магтахаас аргаүйд хүргэж байна.

Алтан ордны улсын газрын зурагт  хатгасан туг дээр мөн л нэгэн өвөрмөц дүрсийг сүлдлэн зурсан байдаг. Энэ нь Алтан Ордны улсыг үндэслэн байгуулагч бөгөөд Чингис хааны ач хүү, түүхнээ Сайн хан хэмээн алдаршсан Бат ханы овгийн тамга юм.

Зураг 5

 
Бат ханы овгийн тамга "онгин толгойтой, хоёр шулуун хөлтэй дүрс” байсан гэдгийг алтан ордны улсын зоосон мөнгөнд хийсэн эрдэмтдийн судалгаагаар анх тогтоогдсноос хойш энэ тамганы олон хувилбар илэрсээр эдүгээ алтан ордны дийлэнх хаадын овгийн тамганы
хувилбарууд үндсэндээ тогтоогтоод байна. Алтан ордны улсын археологийн судалгаагаар олдсон олон эд зүйлүүд ч мөн энэ тамганы учир холбогдлыг нотлосон байдаг. Тэр үеийн хаадын зоосон мөнгөнөөс гадна язгууртан хүний алтан бүсний зүүлт, бөгж, албаны бичиг захидалд зүүж байсан лац, худалдаа татварын тэмдэг болгон хэрэглэж байсан лацны тэмдэг малын тамга зэрэг зүйлүүд дээрээс ч энэ тамганы дүрс баталгаажсан байдаг.
  

Ялангуяа Алтан ордны улсын дийлэнх хаадын зоосон мөнгө Батын тамганаас үүссэн хувилбар тамгатай байдгийн заримыг дор үзүүлэв [4] :


Зураг 6
 
                       Алтан ордны улсын хаадын зоосон дээрхи овгийн тамгууд


Каталоны атласт дүрслэгдсэн тугны тамгад нь алтан ордны тамганы талаархи нумизматикийн мэдээллийг батлаад зогсохгүй зарим талаар шинэ нэмэлт мэдээллээр баяжуулж байгаа сайхан баримт болж байгаа юм.  Тухайлбал, дээр дурдсан Жанибек хааны үед түүний нэр цол, он цагийг дурьсан олон зоос гарсан хэдий ч бусад хаадуудын зоосноос ялгаатай нь түүний зоосон дээр ямар нэгэн тамга байдаггүй учир түүний тамганы талаархи нумизтатикийн мэдээлэл байдаггүй өөр бусад эх сурвалжаас ч энэ тэдээлэл гараагүй юм.

Гэтэл энэхүү атлас дээр дүрслэгдсэн  Iambek senior de Sarra буюу Сарайн хаан Жанибекийн зурагны эргэн тойронд байгаа Сарай болон бусад хотуудын тугны тамга чухамдаа Жанибек хааных байж болзошгүй гэх таамаглалыг төрүүлж байна.

Алтан ордны улсад Батын тамганаас улбаалсан нилээд хэдэн хувилбар тамга бий нь тогтоогдсон боловч чухамхүү Жанибекийн зурагны дэргэд дүрслэгдсэн хэлбэртэй тамга байхгүй юм. Тугны тамганы үндсэн хэлбэр нь Батын тамга лугаа адил онгин толгойтой ба хоёр хөлтэй байна. Энэ нь уг тамганы язгуур нь Батын тамга гэдгийг нотолж байна.

Зураг 7.

 Каталоны атлас дээрхи Алтан Ордны улсын тугны тамга

Тэхдээ хоёр үндсэн ялгаа харагдаж байгаа нь:
    1. Тамганы зүүн хөлийг гадагш  эргүүлэн огцом ээтийлгэжээ. Алтан ордны тамга дотор тамганы хөлийг бага зэрэг эргүүлсэн хэлбэр бий боловч ийнхүү огцом эргүүлэн дээш ээтийлгэсэн хэлбэр байхгүй. Атлас дээр зарим тохиолдолд баруун хөлийг, заримдаа зүүн хөлийг ээтийлгэн зурсан мэт харагдавч энэ нь үнэн хэрэг дээр нэг л зүйл  бөгөөд тугийг хааш нь харуулж мандуулснаас шалтгаалан ингэж харагдаж байна.
    2. Батын тамганы баруун гарт тал саран тамдэг дүрсэлсэн нь хоёрдахь онцлог нь юм.
Тал саран тэмдэг бол исламын шашны бэлгэдэл бөгөөд Жанибек хаан исламын шашныг гүнзгий биширсэн сүсэгтэн  байсныг бодохул энэ туг дээр исламын бэлгэдэл байхад гайхах зүйлгүй юм. "Батын удмын Жанибек хаан исламын үнэн сүсэгтэн” гэсэн утга санааг энэ тамга агуулж байгаа бололтой.
    Иймд энэ бол Бат ханы удмынхны тамгадын доторхи бас нэгэн бие даасан тамга төдийгүй Жанибек хааны  овгийн болон өмчийн тамга гэж үзэх үндэстэй юм. Харин тэмдэглэн хэлэхэд Алтан ордны улсын Жанибек хааны овгийн тамганы цорын ганц зураг энэ байж болзошгүй байна.

Хоёр. Элхаант улс

   Толуйн хүү Хүлэг ханы байгуулсан Элхаант улсын газар нутаг XIV зууныхаа байдлаар энэхүү атлас дээр дүрслэгджээ. Персийн булангаас Кавказын уулс, Дундад Азийн Амударъя мөрний хоорондох өргөн уудам нутгийг XIII-XV зууны европчууд сайн мэддэг
байсан нь энэ атласт тусгалаа олсон байна. Элхаант улсын нийслэл байсан Тэбриз (Tauris)
Багдад (Baldach), Шираз (Ssiras), Ормуз (Hormission) , Дундад Азийн эртний хотууд болох Самарканд (Smarchati), Бухаар (Bocar), Хива (Choya) болон бусад олон хотуудыг тэмдэглэж дээр нь голдоо улаан дөрвөлжин бүхий шар туг хатгажээ. Эндээс үүдээд Элхаант улсын сүлд далбааг Каталоны атлас дээр хэрхэн ямараар дүрслэсэнийг авч үзүүштэй болно.
    Зурагаас харахад Персийн булан Каспийн тэнгис хоёрын дунд алтан титэмтэй хаан бололтой хүнийг зураад хажууд нь  Rey dal Tauris буюу Тэбризийн эзэн  гэсэн тайлбар хадсан байна.
 
Зураг8
 

Rey dal Tauris буюу Элхаант улсын хаан  


Эдүгээ Ираны хойт хэсэгт байдаг Тэбриз бол XIII-XIV зууны үед  Перс дэхь Монголын Элхаант улсын нийслэл хот байсан төдийгүй Чингис хааны ач хүү Хүлүгийн удмын монгол хаадууд энэ хотод үе улиран хаанчилж явсан түүхтэй хот юм. Тэхээр Тэбризийн эзэн гэдэг Элхаант улсын хааныг хэлсэн хэрэг болж таарах юм.  Каспийн тэнгисийн баруун өмнөт талаас эхлэн тэнгисийг тойрон  зүүн тийш ханарсан өргөн уудам газарт тэмдэглэгдсэн хотууд бүгд улаан дөрвөлжин бүхий шар тугтай аж. Мөн Персийн булангийн дээд хэсэг болон Тебризийн эзэн гэгдсэн хүний эргэн тойронд ч ийм тугтай хотоор дүүрчээ. Шар тугтай энэ олон хотууд нь бүгд Монголын Элхант улсын хотууд юм. Персийн булан болон Энэтхэгийн далайд мөн л Элхант улсын шар туг намируулсан усан онгоц хөвж яваагаар зурсан байгаа нь ихэд содон харагдана. Энэ бүгд Элхант улсын эзэмшил гэдгийг илтгэн харуулж байгаа юм байна.

Зураг 9

 

Персийн буланд Элхаант улсын далбаатай усан онгоц аялж яваа нь

     Харин улаан дөрвөлжинтэй шар туг байхын учрыг одоогоор тайлж хэлэхэд бэрхшээлтэй байгаа ба энэ талаар оновчтой тайлбар олж үзсэнгүй. Белорусын эрдэмтэн А.В.Мартынюк " Монголчуудын "ал тамга” гэдгээс улбаатайгаар улаан тамга мэт дөрвөлжинг тугийн тамга болгон зохиомжилж тавьсан байж болзошгүй ” [5] гэсэн таамаглал нилээд сонирхол татахуйц байгаа юм. Ал улаан гэдэг нь  гал мэт улаан гэсэн утгыг илэрхийлэх ба Монголын хаадын захидал бичиг дээр улаан өнгийн дөрвөлжин тамга дардаг байсан түүхэн уламжлалыг үндэслэн ийнхүү санал дэвшүүлсэн бололтой.
 







Зураг 10

 
                                               Монголын хаадын захидал дээрхи тамганы байдал

Түүхэн баримт мөшгин үзвэл 1246 онд Гүюг хаанаас Ромын хамба ламд , 1302 онд Газан хаанаас Ромын хамба VIII Бонифацид, 1305 онд Элхаант улсын Өлзийт хаанаас Францын Гоо Филип хаанд тус тус илгээсэн захидлууд дээрхи хааны тамга том дөрвөлжин бөгөөд гал улаан өнгөтэй байсан нь дүрс болон өнгөний хувьд Монголын хаадын бэлгэдэл мэт ойлгогдох нөхцөл болсон ч байж болохуйц юм.
Гэвч энэхүү ал хэмээх үгийг үгийн гарал үүслээс бага зэрэг тайлбарлах нь зүйтэй болов уу. Нэрт монголч эрдэмтэн Н.Поппе ‘The Turkic Loan Words in Middle Mongolian’ өгүүлэлдээ
Дунд үеийн Түрэг хэлнээс Mонгол хэлэнд орсон зээлдмэл үгсийн дотор байгаа "Ал” хэмээх
үгийг монголчууд (Нууц товчоонд хэрэглэсэнээр) Al -  "red, dark-red” гэдэг бол буриад хэлнээ  al šara "reddish yellow”, Халимаг нар  al - "light red”, al - ulān  гэсэн утгатай хэрэглэх ба эдгээр нь дунд үеийн түрэг хэлний al  - "red”,  Kуман (орчин цагийн турк хэл) хэлний  al  - "light-red  хэмээх үгээс гаралтай " [6] хэмээн тайлбарлажээ.
Иймд ал-улаан гэдэг үгээр тайлбар хийх нь бас ч тийм үндэсгүй биш байж болохоор байна. Харин өөр нэгэн судлаач болох Томислав Тодорович [7 ] өгүүлэлдээ энэ тугийг Элхаант улсынх гэсэн хэдий ч Каталоны атласыг эх сурвалж болгов гэснээс өөр дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байгаа юм.

Зураг 11

 Элхаант улсын далбаа

     Элхаант улсын хаадын зоосноос гагцхүү Хүлүг хааны зоос сэрээ тамгатай, харин бусад хаадын зоос нь  тамгагүй байдгийг нумизматикийн судалгаа харуулдаг боловч хаадууд нь чухамдаа овгийн ямар тамгатай байсныг нотлох өөр баримт өнөө хэр олдоогүй байна.
Иймд каталоны атлас дээр байгаа шар тугийг элхаант улсын тамгатай байна гэж үзэхэд учир дутагдалтай юм. Гэвч шар улааныг хослуулсан туг нь ямарч атугай монголчуудын өнгө, дүрсийн бэлгэдэл талаас нь авч үзвэл учир шалтгаан бий гэж итгэж байх тул энэ асуудлыг цаашид нарийвчлан тунгааж судлууштай асуудал болгон үлдээлээ.

Гурав. Цагадайн хант улс.

Энэхүү атласт Монголын эзэнт гүрний гуравдахь томоохон хэсэг болох Цагадайн хант улсын газар нутгийн зураг харьцангуй бага оржээ. Энэ нь газар нутгийн хэмжээнээс бус харин газрын хол ойроос ихээхэн шалтгаалсан бололтой. Өөрөөр хэлбэл XIV зууны газар зүйчдэд Европ, Арабын орнуудаас алслагдмал,  Алтан ордны улс, Юань улсын төвүүдээс хол зайтай оршдог Цагадайн улс хэмээх энэ хэсэг газар нутгийн тухай мэдээлэл хомс байсантай холбоотой болов уу гэж таамаглаж байна.
   Алтан ордны улсын  зүүн үзүүр, Делийн султанатын хойгуур Assia (Ази ) хэмээн бичсэний харалдаа зурвасхан газраар нилээд хэдэн хотын тэмдэг тавьж гол дундаа шар дөрвөлжинтэй цагаан туг намируулсан нь уг атлас дээр бичсэнээр Lo rey Chabech (Кебек) хааны эзэмшил улс ажээ.

Зураг12

 Цагадайн улсын газрын зураг



Зарим судлаачдын үзэж байгаагаар энэ атласт  "Empire of Medeia”  дунд улс гэсэн агуулгатай нэрээр Цагаадайн улсын нэрлэсэн байдаг  бололтой.  Энэ хэсэгт Цагадайн улсын түүхт хотууд болох Chabul (Кабул),  Cotam (Хотан) хотууд, түүнчлэн  Baldassia (Бадахшан) хант улсын нэр , Таразын хавь газар [8] хүртэл байгаа аж.
  Харин голдоо шар дөрвөлжин бүхий цагаан тугийн тухайд тодорхой баримттайгаар тайлбарлах боломж хараахан байхгүй тул монголчуудын өнгө, дүрсийн бэлгэдэл талаас нь судлууштай санагдаж байгааг тэмдэглээд орхилоо.  Цагадайн улсын нумизматикийн судалгаагаар Цагадайн удмын хаадын зоосны тамга нилээд тодорхой болсон хэдий ч тэг дөрвөлжин хэлбэртэй тамга, сүлд, тэмдэг тавьсан  зоос мэдэгдэхгүй байгаа юм.
Каталоны атлас дээрхи Цагадайн улсын далбааны зургийг Тодоровичийн зурсныг дор үзүүлэв.
 
Зураг 13

  Цагадайн улсын далбаа


Дөрөв. Юань улс.

Каталоны атлаын хамгийн зүүн талын буюу зургаадугаар  панел бүхэлдээ зүүн хойт ба өмнөт Азийн зурагт зориулагджээ. Энд хамгийн том хэсгийг Catayo буюу Юань улсын үеийн Хятадын зураг эзэлж байна. Марко Пологийн тэмдэглэлд Хятадыг Катай улс [9] гэж нэрлэсэн яг л тэр нэрээр нэрлэжээ.

Зураг 14.

Юань улсыг 1368 онд мөхсөн [10] гэвэл каталоны атлас түүнээс хойш даруй 7 жилийн дараа зурагдсан байгаа юм. Тэхдээ энд Монголын Юань улс мөхөж хятадын Мин улс үүсч байсан гэдэг мэдээ хараахан хүрээгүй тул энэ зурагт Юань улс дүрслэгдэн үлдсэн байна. Үүнийг нотлох хоёр баримт байна. 1. Марко Пологийн тэмдэглэлээс тэр үеийн Ханбалгасун хот хийгээд Хубилай хаан, түүний ордны байдлын тухай хэсгийг тайлбар болгон оруулж нэгэн хаан хүний хөргийн хажууд тавьсан нь чухамдаа Хубилай хааныг дүрсэлсэн бололтой. 2. Атласын зүүн хойт хэсэгт Chambalech  буюу Юань улсын нийслэл Ханбалгасун хотыг тэмдэглэж дээр нь чандмалсан тал саран тамга бүхий туг хатгажээ.

Зураг 15

 Монголын Их хаадын далбааг дүрсэлсэн нь


ТомиславТодорович энэхүү саран тамгатай тугийг Монголын их хааны бэлгэдэл гэж үзэж байгаагаа өгүүлэлдээ дурдаад өөрийн таамаглалаа тэр үеийн монголчуудын олонхи нь исламын шашинтан байсан гэдэгтэй холбож тайлбарласан байна [11] . Харин Мартынюк "1221 онд монгол очсон хятадын элч Чжао Хуны  тэмдэглэлд: Чингис хаан Хойт Хятадыг байлдахаар Мухулайг илгээхдээ түүнд тал саран тамгатай цагаан туг гардуулсан
тухай өгүүлдэг” [12] гэж бичсэн нь энэ асуудлыг судлахад хэрэг болохуйц сонин мэдээлэл  юм. Харамсалтай нь тэрээр мэдээллийн эх сурвалжийг дурьдалгүй орхисоныг цаашид хөөн нягталж, ялангуяа эх сурвалжийг олж үзэхэд анхаарах нь илүүдэхгүй бололтой.
    Бөөгийн шүтлэгтэй монголчуудын хувьд нар сар тэнгэрийг шүтэж тахих нь эртнээс улбаатай үзэгдэл бөгөөд нар сарыг овог аймгийнхаа сүлд тамга болгон өргөмжилж ирсэн уламжлал бий юм. Эртний монголчуудын дурсгалуудын дотор нар сарны дүрс цөөнгүй, ялангуяа эртний хад чулуун дээр нар саран тамга олон арваараа байна. Саран тамга бол
Монголчуудын уугуул тамганы нэг бөгөөд дан саран, давхар саран, тал саран, хөндөлтэй саран, наран саран, ширээтэй саран, хөвчтэй саран, чандмантай саран, хүрээтэй саран [13],
нүдтэй саран, алхтай саран, жинстэй саран,  тушаатай саран, галтай саран [14] .
 гэх мэт олон зүйл саран тамга өнөө хэр монголчуудын адуу малын тамганд байсаар буй.
Мөн нар буюу онги, түүнтэй төстэй хэлбэр дүрстэй арвай буудай зэргийг чандмалан залж тамга бүтээдэг байсан ёс монголчуудын тамганы соёлын уламжлалд хадгалагдан үлдсэн байдаг.
    Монгол угсааны улс болох Төмрийн хаант улсын хаадууд чандман тамгатай байсныг түүхийн баримтууд, тэр дотроос нумизматикийн судалгаа харуулдаг.
Хэдийгээр чандмалсан саран тамганы тухайд яг тодорхой баримт хараахан мэдэгдэхгүй байгаа боловч саран болон чандман тамгыг олон хувилбараар залж байсан монголчуудын уламжлалын үүднээс авч үзвэл чандман саран тамга байсан ч байж болохыг үгүйсгэж болохгүй юм. Тэхдээ миний энэ таамаглал нь Каталоны атласыг бүтээгчид монголчуудын тамганы уламжлалыг сайн мэддэг байснаас ийм тамгатай туг зуржээ гэсэн санаа огтхон ч  биш гэдгийг эрхэм уншигчид болгооно бизээ. Юутай ч Каталоны атласт Юань улсын нутаг дэвсгэрт дүрсэлсэн чандман саран тамганы талаар гүнзгийрүүлэн судлууштай байна.
   Ханбалгасун хотын дэргэд алтан титэмтэй хааны хүний хөргийн дэргэд байгаа тайлбарт өгүүлэхдээ "Бүх татааруудын дотроос хамгийн хүчирхэг нь Их Хаан хэмээгдэх Holubeim  (Хубилай хаан) болно. Энэ хаан дэлхийн бүх хаадын дотроос хамгийн хүчирхэг баян нь бөгөөд түүнийг дөрвөн их жанжнаар удирдуулсан 12000 морьт цэрэг хамгаалан буй. Хамгаалагч  цэргүүд хааны ордныг гурван сараар ээлжлэн сахиж хамгаална " [15]
 гэх зэргээр бичсэн нь  Марко Пологийн тэмдэглэлтэй яв цав дүйж байна. Мөн Ханбалгасун хотын тухай "энэ хотын дүүрэг тэг дөрвөлжин, эргэн тойрон хорин дөрвөн бээрийн зайтай, эргэн тойрон далангаар хүрээлэгдсэн, далангийн өндөр хорин алхам...арван хоёр хаалгатай,,, хотын дунд нүсэр том харангатай нэгэн их харш буй. Энэ хонхыг шөнө цохих бөгөөд гурван удаа дэлдсэнээс хойш гудам талбайгаар хэн ч зүрхлэн үл явна...” [16]  гэсэн нь мөн  Марко Пологийн тэмдэглэлийн эшлэл байна. Иймд энэхүү атлас байгаа хот нь Монголын Юань улсын нийслэл Ханбалгасун мөн гэдэгт эргэлзэх явдалгүй болж байна.
Атласын зүүн талд хойноос урагш чиглэсэн урт усан суваг бололтой зүйл байгаа нь Хубилай хааны үед  Ханбалгасун  Манги (өмнөт хятад) хоёрын хооронд байгуулсан усан суваг болох ба [17] энэ зүгт далайн эрэг орчимд Zayton (Гуанжоу ], Cansay (Ханьчоу], Cincolam (Кантон) хотуудыг тэмдэглэсэн байна.
      А.В.Мартынюкийн бичсэнээр зургийн "баруун хойт зүгт Монголын эзэнт улсын анхны нийслэл Хар Хорум хотыг Carachora хэмээн тэмдэглэсэн байдаг ...” [18] ажээ.
    Надад одоогоор олдоод байгаа зураг хэмжээгээр төдийлөн том биш учраас энэ зураг дээрээс Хар Хориныг тодорхой харж чадсангүй. Гэвч энэ хавьд Ханбалгасунд мандуулсантай адил чандмалсан саран тамгатай тугийг хэд хэдийг байрлуулсан харагдаж байх ба түүнээс баруун тийш мөн тийм туг гурван ч газар харагдана. Энэ нь байршлаараа манай баруун Монголын нутаг болон түүнээс баруун тийш орчмын газруудтай  таарч байгаа юм. Хар Хорум хот байх тэр орчимд ч туг байж болохоор харагдаж байна.

 Эцэст нь тэмдэглэхэд 1375 оны Каталоны атласт XIII-XIV зууны Монголын эзэнт улсын газар нутгийг тэр үеийн онцлогуудтай нь дэлгэрэнгүй үзүүлээд зогсохгүй түүхийн зарим асуудлууд, ялангуяа монголчуудын тамга, монголын улсуудын тамга сүлд , далбааны талаар шинэ сонин мэдээлэл өгч байгаагаараа  манай эртний түүх, газар зүй, скрафистикийн судалгаанд чухал ач холбогдолтой, цаашид манай мэргэжлийн судлаач эрдэмтэд зохих анхаарлаа хандуулан нарийвчлан судлууштай ховор эх сурвалжийн нэг болох юм.

Category: түүх | Views: 2446 | Added by: admin | Rating: 5.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: