Main » 2012 » February » 16 » МОНГОЛ УЛСЫН НУТАГТ АРХЕОЛОГИ, ПАЛЕОНТОЛОГИЙН ХАЙГУУЛ, МАЛТЛАГА, СУДАЛГАА ХИЙХ ЖУРАМ
22:44
МОНГОЛ УЛСЫН НУТАГТ АРХЕОЛОГИ, ПАЛЕОНТОЛОГИЙН ХАЙГУУЛ, МАЛТЛАГА, СУДАЛГАА ХИЙХ ЖУРАМ


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2010 оны 05 сарын 18 өдөр                                                  Дугаар 222                                                            Улаанбаатар хот

Журам батлах, Мэргэжлийн
зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай

Монгол   Улсын  "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, Боловсрол,соёл, шинжлэх ухааны яамны нэгжийн дарга нарын 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг  үндэслэн ТУШААХ нь:
1. "Монгол  Улсын  нутагт археологи, палеонтологийн  хайгуул, малтлага,  судалгаа  хийх журам"-ыг нэгдүгээр, "Археологи, палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ыг хоёрдугаар, Археологийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг гуравдугаар, "Палеонтологийн мэргэжлийн зөвлөлийг дөрөвдүгээр, Мэргэжлийн зөвлөлөөс  олгох "Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа явуулах зөвшөөрөл"- ийн маягтыг тавдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Монгол Улсын нутагт археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгох, түүний явц, гүйцэтгэл, тайлан бичилт, судалгааны үр дүнд илэрч олдсон олдворын хадгалалт, хамгаалалтад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн зөвлөл (Ө.Сүхбаатар)-д үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 141 дүгээр тушаал, 2005 оны 37 дугаар тушаал, 2006 оны 245 дугаар тушаалыг тус тус  хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                        Ё.ОТГОНБАЯР


Боловсрoл, соёл, шинжлэх ухаан сайдын
2010 оны 5 сарын 18 -ны өдрийн 222
дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН НУТАГТ АРХЕОЛОГИ, ПАЛЕОНТОЛОГИЙН
ХАЙГУУЛ, МАЛТЛАГА, СУДАЛГАА ХИЙХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий үндэслэл
1.1. Монгол Улсын нутагт хийгдэж буй археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааны ажлыг шинжлэх ухааны үндэстэй арга зүйгээр гүйцэтгэх, хянах, холбогдох баримтыг зохих шаардлагын дагуу бүрдүүлж, судалгааны хэрэглэгдэхүүн болгох, олдворыг хамгаалах үйл  ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Монгол Улсын "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн 13.1-д заасны дагуу археологи, палеонтологийн  аливаа олдвор нь төрийн өмч байна.
Хоёр. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага,
судалгаа хийх зөвшөөрөл олгох
2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг  Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн  Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар олгоно.
2.2. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулна.
2.3. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллага хүсэлтээ малтлага, судалгааны ажил эхлэхээс нэг сарын өмнө Мэргэжлийн зөвлөлд ирүүлэх бөгөөд дараах шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрөл олгоно:
2.3.1.   Хайгуул, малтлага, судалгаа хийх хөтөлбөртэй байх, хөтөлбөрт:
•    хайгуул, малтлага, судалгаа явуулах зорилго;
•   хайгуул, малтлага, судалгаа хийх газар нутгийн нэр малтлага хийх газрын кординат;
•    аль үеийн дурсгалуудыг ямар арга зүйгээр судлах үндэслэл;
•    хайгуул,   малтлага,   судалгаа   хийх  мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын   танилцуулга;
•    хайгуул, малтлага, судалгаа хийх хугацаа, багаж хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, хүн хүчний тооцоог  тусгасан байна.
2.3.2.  өмнөх жилийн хайгуул, малтлага, судалгааны ажлын тайланг зохих шаардлагын түвшинд бичиж хугацаанд нь Мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгсөн байх;
2.3.3. малтлага   хийсэн   газраа аюулгүй болгон засаж хайгуул,  малтлага явуулсан тухай товч мэдээллийн хамт тухайн орон нутгийн захиргаанд албан ёсоор хүлээлгэн өгсөн байх;
2.3.4.  малтлагаар илэрсэн олдворуудыг илэрсэн өдрөөс хойш 3 сарын
дотор тухайн аймаг, нийслэлийн соёлын өвийн бүртгэл - мэдээллийн санд мэдээлсэн байх.
2.4.  Хот, суурин, барилга байгууламж, усан цахилгаан станц, уул уурхайн үйлдвэр барьж байгуулах, зам тавих зэрэг үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж нь уг ажлыг эхлэхийн өмнө Мэргэжлийн зөвлөлд хандах бөгөөд зөвлөл нь  мэргэжлийн шинжээчдийг  томилон тухайн газар нутагт түүх, археологийн дурсгалт зүйл байгаа эсэх талаар тандалтын урьдчилсан малтлага, судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулна.
2.5. Тандалтын малтлага, судалгаа хийх, олдворыг авран хамгаалах  ажилд шаардагдах  зардлыг  энэ  журмын  2.4-т заасан  үйл  ажиллагаа явуулах аж ахуйн нэгж хариуцна.
2.6. Шаардлагатай тохиолдолд Мэргэжлийн зөвлөл нь археологи,  палеонтологийн хайгуул,  малтлага,  судалгааны  ажлын  явц, технологи, гүйцэтгэл, тайлан бичилтэд мэргэжлийн судлаачдаас  бүрдсэн  комисс  томилон дүгнэлт гаргуулж болно.
Гурав. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага,
судалгаа хийх байгууллага, судлаачийн үүрэг
3.1. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллага, судлаач нь дараах үүрэгтэй байна:
3.1.1. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллага болон судлаач нь уг ажилтай холбоотой хууль, тогтоомжтой сайтар танилцаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
3.1.2. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллага, судлаач  нь ажлаа эхлэхийн өмнө тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэж, малтлага, судалгааныхаа зорилго, ач холбогдлыг танилцуулна.
3.1.3. Археологи, палеонтологийн судалгаа хийсэн байгууллага,
судлаач нь хээрийн судалгааны тайлангаа дараа жилийн эхний хагас жилд багтаан гар болон гэрэл зургийн хамт хоёр хувь үйлдэж, өөрийн  байгууллагын эрдмийн    зөвлөлөөр    хэлэлцүүлсэн    дүгнэлт,    протоколын    хамт  нэг хувийг Мэргэжлийн   зөвлөлд   хүлээлгэн   өгнө.   Нөгөө   хувийг   өөртөө хадгална.
3.1.4.  Мэргэжлийн  зөвлөл нь  судалгааны  ажлын  тайланг   хэлэлцэн
үнэлэлт, дүгнэлт  өгсний дараа  шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас томилсон Итгэмжлэн хадгалагчид шилжүүлнэ.
3.1.5. Гадаадын эрдэм шинжилгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр дээр археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийхдээ Монгол Улсын эрдэм шинжилгээний холбогдох байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
3.1.6. Монгол Улсын нутагт археологи, палеонтологийн хамтарсан
судалгаа явуулсан гадаадын байгууллага, эрдэмтэд монголын талын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр уг судалгааны үр дүнгээр ном бүтээл хэвлэн нийтлүүлж болно.
Дөрөв. Археологи, палеонтологийн олдворын хамгаалалт, хадгалалт
4.1. Археологи, палеонтологийн олдворын зэрэглэлийг тогтоолгох, музейд шилжүүлэх, хамтран  судлах асуудлыг гэрээгээр зохицуулна.
4.2. Археологи, палеонтологийн олдворууд хосгүй үнэт гэдэг нь тогтоогдвол   улсын музейд  шилжүүлэн хадгалуулна.
4.3. Үнэт ба ердийн дурсгалт зүйлд хамаарах  олдвор, дээжийг хадгалах нөхцөл хангасан улс, аймгийн музейд шилжүүлнэ.
4.4. Улс, аймгийн музейд шилжүүлснээс бусад олдворыг түүнийг олж илрүүлсэн төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын сан хөмрөгт хадгална.
4.5. Археологи, палеонтологийн аливаа олдворыг хадгалж байгаа байгууллага тухайн олдворыг олон нийтэд сурталчилж болно.

Тав.
Бусад
5.1.   Энэ журмын 2.3.2, 2.3.3, 2.3.4  дахь заалтыг зөрчсөн байгууллагад  хоёр  жил хүртэлх хугацаанд дахин хайгуул, малтлага судалгаа хийх эрх олгохгүй.
5.2.  Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд "Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.3. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх тухай Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар олгох зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийг "Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль"-ийн 15.1 дэх заалтын дагуу Сүхбаатар дүүргийн татварын албанд төлнө.
5.4. Гадаадын байгууллага, эрдэмтэдтэй хамтарсан хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллага зөвшөөрөл авахдаа 150.000 төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төсвийн дансанд тушаах бөгөөд энэ нь Мэргэжлийн зөвлөлөөс малтлага, судалгааны явцад  хяналт тавьж дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах, зохицуулах, олдворыг  хамгаалахад зориулагдана.
Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын
2010 оны 5 сарын. 18-ны өдрийн 222 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
Археологи, палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн
ажиллах журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.  Шинжлэх  ухаан, технологийн  асуудал хариуцсан  төрийн  захиргааны төв байгууллагын  дэргэд  археологи,  палеонтологийн  Мэргэжлийн  зөвлөл  ажиллана.
1.2.  Мэргэжлийн  зөвлөл нь  археологи,  палеонтологийн  хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгох, түүнд зохицуулалт хийх, хяналт  тавих, дүгнэлт гаргах үйл ажиллагааг эрхэлнэ.
1.3.  Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Хоёр. Мэргэжлийн зөвлөлийн эрх, үүрэг
2.1.  Мэргэжлийн зөвлөл нь дор дурдсан үүрэгтэй:
2.1.1. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааны ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, зохицуулалт хийх;
2.1.2. Монгол Улсын "Соёлын өвийг хамгаалах тухай хууль" болон  "Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журам”-ыг  үйл ажиллагаандаа мөрдлөг болгох;
2.1.3. Эрдэм шинжилгээний байгууллагын хүсэлтийг хүлээн авснаас хойш  нэг сарын дотор археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх хөтөлбөрт дүгнэлт гаргах,
2.1.4. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааны  тайланг
хэлэлцэж дүгнэлт гаргах;
2.1.5. Археологи, палеонтологийн хайгуул,  малтлага,  судалгааны    талаарх нэгдсэн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх.
2.2. Мэргэжлийн зөвлөл нь дор дурдсан эрхтэй:
2.2.1. Монгол Улсын нутагт явагдаж буй Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааны ажлын технологи, явц, гүйцэтгэл, тайлан бичилт, малтлага хийсэн дурсгалын нөхөн сэргээлтийн байдалд хяналт тавих, дүгнэлт гаргах;
2.2.2. Мэргэжлийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр археологи, палеонтологийн  малтлага судалгаа хийж байгаа  үйлдлийг зогсоох, хариуцлага тооцох.
Гурав. Мэргэжлийн зөвлөлийн хурлын дэг
3.1. Мэргэжлийн зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа нь зөвлөлийн гишүүдийн хурал байна. Мэргэжлийн зөвлөлийн хурлын тов, хуралдааны материалыг нарийн бичгийн дарга 3 хоногийн өмнө гишүүдэд зарлана.
3.2. Мэргэжлийн зөвлөлийн хурлыг Зөвлөлийн дарга удирдана.
3.3. Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн ирцтэй тохиолдолд хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Category: aрхеологи | Views: 1203 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: