ТАМИРЫН УЛААН ХОШУУН ДАХЬ ХҮННҮГИЙН ҮЕД ХОЛБОГДОХ БҮЛЭГ ОРШУУЛГА - 2 April 2012 - археологийн мэдээлэлийн нэгдсэн сайт
Main » 2012 » April » 2 » ТАМИРЫН УЛААН ХОШУУН ДАХЬ ХҮННҮГИЙН ҮЕД ХОЛБОГДОХ БҮЛЭГ ОРШУУЛГА
23:10
ТАМИРЫН УЛААН ХОШУУН ДАХЬ ХҮННҮГИЙН ҮЕД ХОЛБОГДОХ БҮЛЭГ ОРШУУЛГА


эх сурвалж http://archeologyofmongolia.blogspot.com



2000 онд З.Батсайхан уг газар анхлан малтлага судалгаа явуулж, тухайн дурсгалыг үлдээгчдийг үсүньчүүдтэй холбон үзсэнээ өгүүлэл болгон нийтлүүлснээр тухайн дурсгалыг судлах судалгааны эхлэл тавигджээ. Тэрээр 2001 оны зун тус газар дахин ажиллаж 4 булш, мөн онд  Ц.Төрбат  МУБИС-н оюутнуудын хамт Тамирын улаан хошуунд 2 хүннү булш малтсан бөгөөд түүнийхээ үр дүнг түүхийн сэтгүүлд хэвлүүлжээ (Төрбат 2003: 7-15).  2005 онд Монгол-Америкийн хамтарсан Экспедиц хүннүгийн жирийн иргэдийн 5 булш, 2006 онд Баруун Монгол төслийн хүрээнд З.Батсайханы удирдсан хээрийн шинжилгээний ангийн малтсан 4 булш, 2007 онд мөн төслийн хүрээнд 1 булшийг малтан шинжилсэн болно. Эдгээр малтлагын явц болон зарим үр дүнгийн талаар 2005 онд уг төслийг удирдан оролцсон Археологич З.Батсайхан "Хүннү гүрний бүрэлдэхүүнд байсан харь угсаатны талаар” нэртэй өгүүлэл хэвлүүлж, (З.Батсайхан 2006: 45) зарим нэгэн сонирхолтой санааг дурьдсан байхаас гадна тухайн хээрийн шинжилгээний ажилд оролцож байсан Аризонийн Флагштаффын их сургуулийн археологчид болох David E.Purcell, Kimberly C.Spurr нар 2006 онд "THE SILK ROAD” сэтгүүлд малтсан булшнуудыг тодорхойлолтын хамт түүний баруун хойно орших зэрэгцээ 3 хэрэмд хийсэн сорилтын малталтын талаар тэмдэглэл хийсэн байна ( David, Kimberly 2006: 20-31). Мөн сэтгүүлд Вашингтоны их сургуулиас тус Экспедицэд оролцсон Daniel C.Waugh тухайн дурсгалаас илрэн гарсан хятад лакан эдлэлийн талаар сонирхолтой өгүүлэл бичиж хэвлүүлжээ ( Daniel 2006: 33-36). Үүнээс гадна тэндээс илэрсэн Хан улсын үеийн TLV хэв шинжийн хүрэл толины талаар Флоридагийн их сургуулийн эрдэмтэн Guolong Lai ” Хүннү булшнаас илэрсэн хүрэл толины он цагийг тогтоох нь” нэртэй өгүүлэл (Guolong Lai 2006: 37-44) зэргийг тус тус хэвлүүлсэнээс гадна Торгоны Зам сангаас эрхлэн гаргадаг www.silkroad.foundation.org сайтад Тамирын Улаан хошууны зарим мэдээллийг байрлуулсан байна. Эдгээрээс гадна Баруун Монгол төслийн тайланд эдгээр дурсгал болон сүүлд малтан шинжилсэн булшны талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр гарган тавьсан хэдий ч төдийлөн олны хүртээл болж чадаагүй хэвээр байна.


Тамирын улаан хошуун дахь дурсгал: Архангай аймаг нь Монгол орны төв хэсэгт оршиж ойт хээр ба хээрийн бүсэд багтах бөгөөд нарийн тогтоцтой уулс тэдгээрийн салбар уул нурууд, олон салаалсан ус зүйн сүлжээ хотгор гүдгэрийн олон хэлбэрүүдээс тогтоно. Тус нутагт бэлчээрийн мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой цаг агаарын тааламжтай нөхцөлд оршдог. Тус аймгийн нутагт том жижиг нийт 14 оршуулгын  газарт 1400 орчим булш буюу Монголд тэмдэглэсэн хүннү булшны гуравны нэг орчим хувь нь байгаагаас үзвэл тухайн нутагт хүн ам он удаан хугацаанд харьцангуй тогтвортой, нягтшилтай оршин сууж байсан болохыг ойлгож болох юм.  Эдгээр олон дурсгалуудын нэг бол тус аймгийн Өгий-нуур сумын нутаг сумын төвөөс хойд зүг 20 орчим км –т орших Тамирын улаан хошуунаа орших бүлэг оршуулгын газар юм.  Архангай аймгийн Өгий-нуур сумын нутаг, Өгий сумын төвөөс баруун хойш 20 орчим км-т Тамирын голын тохойрсон хэсгийн дээд дэвсгэр Тамирын улаан хошуу ба тэр хавийн арай өндөрлөг толгойг Бурхан толгой хэмээх ажээ. Тэнд  байгаа бүлэг дурсгалуудыг судлаачид 370, 280 булш байна гэх мэтээр тоолсоор ирсэн байх ба бид энэ удаад нарийвчилсан тооллого хийн 201 булш байна гэж тодорхойллоо. Түүнчлэн Бурхан толгойн зүүн уулын хамар дээр цуварсан хэдэн дөрвөлжин булш, хиргисүүр, толгойн оройн дээр хэд хэдэн дунд зэргийн хэмжээтэй дунд зэргийн хэмжээтэй овгор дугуй булшууд, баруун талын жалга суганд, ганц нэг Монгол бололтой булшууд тохиолдоно. Уг оршуулгын газар нь далайн төвшнөөс дээш 1400 м-н өндөрт орших ба нийтдээ 560x390 м буюу 21,8 гектар талбайг эзлэн оршдог. Алсын хараа бараатай, наран ээвэр, уулын аманд өндөрлөг газар  байна. Энд тухайн хавьдаа арай өндөрлөг 2 толгой нь хойноос урагш сунасан томоохон жалгаар тусгаарлагдах бөгөөд энэхүү жалгыг тойрон оршуулгын  дурсгалууд баруун урдаас зүүн урд хүртэл битүү шигэн байрласан байдаг. Энэ удаа 201 булш бүртгэн тоолсон ба түүнийхээ дагуу бүлэг булшийг ерөнхийд нь ажиглахад нэгэн томоохон жалгаар хуваагдан, 50 орчим булштай нэг бүлэг, жалгын баруун этгээдэд 2-3 бүлэг булш байна гэж үзсэн юм. Хүннүгийн оршуулгын газарт илэрхий ялгарахуйц тусгайдуу бүлэг байх ба голч болон өндрийн хэмжээгээрээ илүү том байхаас гадна ихэнхдээ оршуулгын газрын зүүн ба урд талаар оршино  гээд иймэрхүү хэв маягтай оршуулгын газрын тоонд Тамирын улаан хошуун дахь дурсгалыг оруулжээ (Батсайхан 2002: 28).

Оршуулгын гадаад, дотоод зохион байгуулалт: Тамирын улаан хошуунаа орших бүлэг булшуудад дугуйдуу, цагираг хэлбэр зонхилох ба дөрвөлжин болон гонзгой хэлбэр тохиолдохгүй байна. Бидний малтан судалсан тэдгээр 9 хүннү булшуудын чулуун дараасны диаметр нь 10 метрээс дээш хэмжээтэй байсан бөгөөд зөвхөн 1 булшны хэмжээ 6 метрийн диаметртэй байлаа. Энд малтсан булшуудын чулуун дараасын өргөн нь дунджаар 230 см.  Бидний сонгох авсан хамгийн жижиг булш нь чулуун дараасын өргөн, өндөр болон булшны нүхний хэмжээ, гүн зэргээрээ ч бусад булшнаас ялгаатай буюу ямагт доогуур үзүүлэлтийг үзүүлж байгаа нь булшны чулуун дараасын хэмжээнээс хамаарч түүний дагалдах бусад үзүүлэлтүүд болох гүн, дараас чулууны өргөн, өндөр зэрэг нь даган өөрчлөгдөж байгаа болох нь тодорхой харагдсан билээ. Зарим булшны зүүн, зүүн урд талд хөшөө чулуу босгосон нь тохиолдоно.
Булшны жинхэнэ нүх нь гол төлөв чулуун дараасны төв хэсэг, чулуун дараасгүй болон цөөвтөр дараастай хэсэгт орших ба цагариг чулуун дарааснаас дотогш нэг орчим метрийн зайд байна. Оршуулгын булшны нүх нь гонзгой дөрвөлжин хэлбэртэй, булшны нүхний чиглэл нь ерөнхийдөө баруун хойноос зүүн урагш гэсэн чиглэлтэй байсан бөгөөд бусадтай харьцуулбал хэмжээний хувьд  томд тооцогдоно. Булшны нүхний дундаж гүн 354 см байгаа нь бусад газарт малтсан хүннүгийн жирийн иргэдийн булшуудтай харьцуулахад харьцангуй гүн бөгөөд энэ нь Тамирын улаан хошууны дурсгалын бусдаас ялгарах нэгэн онцлог шинж болдог. Тамирын улаан хошууны дурсгалыг үлдээгсэд нас барсан хүнийг шургааг болон банзан авс, хашлаганд ихэнхи тохиолдолд 2-3 тасалгаа гарган түүнийхээ хойд тасалгаанд нь шарил, зарим тохиолдолд хүнийхээ толгойн дээд талд дахин хөндлөн тасалгаа гарган түүндээ гол төлөв тахилийн эд өлгийн зүйлсээ байрлуулсан байдаг байна. Хүнийхээ баруун гарын дагуу 4-6 шавар сав суулга үүний дотор 1-2 том жижиг вааран тогоо, эсвэл хүрэл тогоо, 1-3 лакан аяга зэргийг цувруулан тавьсан байна. Модон авс хашлагаа 4 дэлбээт төмөр, хүрэл чагт зэргээр чимэглэдэг байна. Нэг тасалгаанд (гол төлөв хойт талын) тахилгын идээ ундаа, мах, дэнгийн цөгц зэргийг тавьсан байдаг. Булшинд хүнээ гол төлөв дан ганцаар нь оршуулсан байх бөгөөд урьд нь энд малтсан 10, 13, 17-р булшуудаас 2-4 хүнийг хамтад нь оршуулсан тохиолдол илэрч байжээ (Батсайхан 2002: 24). Тамирын улаан хошууны дурсгалыг үлдээгсэд хүнээ дээш харуулан гарыг их биеийн дагуу сунган тэнэгэр байдалтайгаар оршоодог байжээ. Хүнээ тавихдаа хөлийг жийлгэн тэнэгэр байдлаар тавьж, гарыг бие дагуулах ба тохойгоор нь нугалсхийн аарцаг дээр нь байрлуулах зэргээр тавьсан байдаг (Батсайхан 2002: 25). Эдгээр булшинд хүнийхээ толгойг зүүн ба зүүн урд  зүг хандуулан тавьсан байдаг нь сонирхол татаж байгаа ба үүнтэй адил буюу хүннү булшинд хүнээ зүүн, түүнд хамаарах чигт хандуулан тавьсан тохиолдол харьцангүй цөөн байдаг
 Оршуулгын зүг чиг: Энд малтсан ихэнхи булшнууд хүний гар хүрч, тоногдсон байдаг учраас тухайн нас барагчийг аль зүгт хандуулсныг тодорхойлоход бэрхшээл учруулдаг. Гэсэн хэдий ч зарим нэгэн булшинд нас барагч анх тавьсан анатомийн байрлалаараа, биеийн зарим хэсэг тухайлбал шилбэ, гуя, нурууны үе яснууд хөндөгдөөгүй байсан зэргийг үндэс болговол хүнээ зүүн, зүүн урд зүг хандуулж, гарыг их биеийг дагуулан сунган тэнэгэр байдалтайгаар оршоодог  байжээ.
Үүнээс гадна нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь жалганы баруун талд орших 5 булшинд нас барагчаа бүгд зүүн зүг буюу жалга тийш газрын уруу хандуулсан байдал юм. Энэ нь эртний нүүдэлчдийн хүнийхээ толгойг хандуулдаг нийтлэг зүй тогтол буюу уулын орой хяр, онь, газрын өөд хүнээ хандуулж тавихийг эрхэмлэдэг зан үйлтэй зөрчилдөж байгаагаас гадна   тэдгээр дурсгалыг үлдээгсэд   зүүн зүгийг хатуу баримтлан үздэг болохыг харуулж байгаа юм. Харин эдгээр булшинд нөгөө бусдаасаа онц гойд ялгарах эд өлөг болон зан үйлийн ялгаа ажиглагдсангүй.
Олдворуудийг ангилах нь: Дээрх 9 булшнаас илэрсэн эд өлгийн зүйлсийг ангилж үзвэл доорх байдалтай байна.
1.    Аж ахуйн холбогдолтой эд өлгийн зүйл: Үүнд Шавраар хийсэн шавар сав, суулга, сүх, , хүрэл тогоо, төмөр болон шавар дэнгийн цөгц, элдэв төмөр эдлэлүүд, ээрүүлийн дунгуй, лакан аяганууд гэх мэт эд өлгийн зүйлсийг хамааруулж үзэв.
2.    Адуу малын тоног хэрэгсэл: Энэ ангилалдаа бугын эврэн зуузайт болон төмөр зуузайтай амгайг оруулжээ.
3.    Худалдаа, арилжааний холбогдолтой: Энд 201-р булшнаас гарсан Хан улсын үед холбогдох у-шу зоосыг дурьдаж болох юм. Гэхдээ зарим судлаачид зоосыг хилийн худалдаа хийгдэхэд хэрэглэх бөгөөд тийм түгээмэл байгаагүй гол төлөв тахилгын зориулалтаар ашигладаг байсан бололтой гэж үздэг.
4.    Гоёл чимэглэлийн зүйл: Мөнгөн утсаар ороож чимэглэсэн эдлэл, хүрэл толь,  өнгө өнгийн сувсууд болон хуван зүүлтүүд, үрлэн аргаар хийсэн алтан болон гархин ээмэг зэргээс гадна бүс, ясан гоёл, авсанд хадаж хэрэглэдэг дөрвөн дэлбээт төмөр чимэглэлүүд хамрагдаж байгаа билээ. .
5.    Зэр зэвсгийн холбогдолтой эд өлгийн зүйлс: Нумын гичрийн ба бариулын ясан наалт, гурван хянгат зэв зэргийг энэ ангилалд багтаалаа. 20 гаруй булшнаас илэрсэн тохиолдол 2 бүртгэгджээ.
6.    Тахилга, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйлс: Тахилын чулуун тэвш болон түүний хөл, засаж янзалсан бугын эвэр зэрэг болно. Эндээс чулуун
тэвш 2, түүний хөл 1 олдсон бөгөөд Хөрш Дорнод Казакстанд малтсан үсүнь булшнаас ийм эд өлгийн зүйл гардаг байна. Оросын судлаачид үүнийг  бөө удган нарын оршуулга байжээ гэж үздэг. 

Хэрмэн талын зэрэгцээ гурван хэрэм
Тамирын улаан хошуунаас баруун зүгт 2 орчим км-т зэрэгцээ гурван хэрэм оршдог. 2001 онд уг хэрмийг анх үзэж бүдүүн тойм зургийг хийж хэвлэн нийтлүүлсэн. Үүнтэй ижил гурван зэрэгцээ хэрмийн тойм зургийг Х.Пэрлээ Монголын хот суурингийн талаархи нэгэн бүтээлдээ тавьсан байх боловч ( Пэрлээ 1961: 41) анх Ц.Доржсүрэн асан тус аймагт археологийн судалгааны ажлаар явахдаа хэд хэдэн эртний хэрмийг сурвалжлан мэдэж тойм зураг сэлтийг хийсэн нь зарим талаар зөрөөтэй байгаа боловч бидний хэлэлцэн буй хэрэм мөн болох нь илт байна. Үүнээс гадна Батцэнгэл сумын нутагт дээрх хэрэмтэй бүтэц зохион байгуулалтаараа ижил төстэй Хэрмийн дөрвөлжин, Бор азаргын хэрэм, Зосын хэрэм зэрэг хэд хэдэн хэрэм байдгийг дурдаад он цаг нь тодорхойгүй гэжээ (Доржсүрэн 1958: 21). Харин Х.Пэрлээ дээрх хэрмүүдийг биеэр үзэж нягтлаагүй боловч Д.Клеменцийн өдрийн тэмдэглэлээс нэгэн мэдээг иш татсан байдаг (Батсайхан 2007: 15). Уг мэдээнд 1894 онд  тэрбээр Тамирын голоор явахдаа Тамирын улаан хошуу хавьд хааш хаашаа 100 сажен гурван хэрмийн ор үзсэн бөгөөд тэр нутгийн аман үгэнд эрт цагт Хирязи буюу Керейт нар оршин сууж байсан тухай ярьсаныг тэмдэглэсэн нэгэн сонирхолтой мэдээг үлдээсэн байна( мөн тэнд). Хэрмэн талын хэрмүүд нь Тэрэлжийн дөрвөлжин, Өндөр дов зэрэг хүннүгийн хэрмүүдтэй харьцуулахад төв дундаа нэг том овгор, түүний баруун талаар 4-5 овгор довжоотой бүтэц зохион байгуулалтын гол гол шинж тэмдэгүүдээрээ төстэй байгаад үндэслэн Хүннүгийн үеийн дурсгалууд бололтой гэж урьдчилан үзэж болно (Батсайхан 2005: 16 ) гэжээ. 2005 оны Экспедиц тухайн хэрмүүдийн газарзүйн солбилцолыг GPS-ээр нарийвчлан тогтоож, дэвсгэр зургуудийг тус бүрд нь болон хамтад нь үйлдсэн бөгөөд уул хэрмүүдэд хайгуулын аргаар нийт 19 газар сорилтын цооног малтсан юм. Тэрхүү зэрэгцээ хэрэмд сорилтын малталт хийж шалгаж үзсэн хэдий ч ямар нэгэн олдвор, хэрэглэгдэхүүн илрээгүй болно. Судалгаанаас үзвэл Хэрмэн талын гурван хэрэм, Бор азарга, Зос болон Хэрмийн дөрвөлжин зэрэг нь бүтэц зохион байгуулалтын хувьд ижил нэгдмэл шинжтэй нэгэн ойролцоо цаг хугацаанд баригдсан нь тодорхой байгаа боловч он цагийн асуудлыг найдвартай баттай тогтоох эх хэрэглэгдэхүүн энэ удаад илрээгүй нь харамсалтай юм.

Үр дүн, хэлцэмжНүүдлийн соёл иргэншилтэй Монголчуудын эртний өвөг үргэлжийн мөнхөд дайн тулаан, тэмцэлдээн дунд байдаг байсан бөгөөд энэхүү дайн тулааны гол шалтгаан нь нь ердөө л тайван амгалан, тансаг амьдралыг өөртөө бий болгохыг хүссэнээс тэр биз. Нүүдлийн соёл иргэншлийг бодвол  суурин соёл иргэншил хүний хэрэгцээг илүүтэйгээр хангасан тансаг хэрэглээг бий болгож чаддаг. Тэдний энэ зүйлсийг өөртөө бий болгохын тулд нүүдэлчин ард түмэн олон арга замыг  эрэлхийлж байжээ. Худалдаа арилжаа, дайн байлдаан дээрэм тонуул, ураг барилдах гэх мэтээс гадна өөрсдөө зарим зүйлсийг хийж, бүтээхээр оролдож байсан нь илэрхий харагддаг. Ерөөс нүүдэлчдийн түүхэнд гадаад худалдаа, арилжааны тааламжтай байдлыг хүчээр бий болгож, өөрсдийн хэрэгцээт бүтээгдэхүүнээ авч чаддаг болсон нөхцөлд л илүү амар амгалан амьдрах бололцоотой байсан нь тодорхой бөгөөд тухайн цаг үед Тамирын улаан хошуунд ийм нөхцөл байдал үүссэн байх бололцоотой байна. Зэр зэвсгийн холбогдолтой эд өлгийн зүйл бага илэрдэг болон худалдаа арилжааны замаар орж ирсэн байж болох эд өлгийн зүйлс олон тоогоор илэрдэг нь дээрх таамаглалыг дэвшүүлэх тулгуур болж байна.  Худалдаагаар Лакан эдлэл, хүрэл толь, чий будаг далайн гаралтай гоёл чимэглэл зэргийг хилийн худалдаагаар зарим тохиолдолд мөнгөн тэмдэгт буюу зоос хэрэглэн олж авдаг байжээ.                                                                                                                     
Тамирын улаан хошууны хүннүгийн оршуулгын газарт өөр бусад газрын хүннүгийн жирийн иргэдийн  булшнуудаас ялгарах өөрийн гэсэн зарим нэгэн онцлог ялгаанууд эндэхийн оршуулгын зан үйлд ажиглагддаг.  Зэр зэвсгийн холбогдолтой эд өлгийн зүйлс бага илэрдэг, шавар ваар сав олон тоогоор  олддог, хүнийхээ тэргүүнийг зүүн болон зүүн урд зүг хазайлттайгаар тавьдаг, бусад газрын Хүннүгийн жирийн иргэдийн булшуудтай харьцуулахад чулуун дараасын хэмжээ, гүн болон бусад хэмжилтийн шинжүүдээрээ ямагт илүү үзүүлэлтийг үзүүлдэг гэх мэт. Эндээс олдсон гавалууд нь хэмжилтийн шинжүүдээрээ Монгол-Европ төрхтний завсрийн хэв шинжийг агуулсан байдаг нь хүннүчүүд угсаа гарвалын хувьд гетероген байсныг нотлох нэгэн баримт болохоос гадна төрхтний хувьд өөр байсан байхыг үгүйсгэхгүй. Мөн хүннү булшнаас илэрдэг төрхтний хувьд завсрын шинжтэй антропологийн олдворуудийг Үсүньчүүдтэй холбон үзсэн байдаг. 109-р булшнаас илэрсэн хүрээн дээрээ ханз үсэгтэй цагаан TLV толины хагархай илэрсэн нь эдгээр дурсгалын он цагийг тогтоох чухал олдвор байсан бөгөөд Хятадын хүрэл толины катологитай харьцуулан үзвэл Хятадын зүүн Хан улсын үед буюу МЭ 25-МЭ 220 оны хооронд цутгагдсан байлаа. Урьд нь эндээс МЭӨ 206- МЭ-25 оны хооронд холбогдох хүрэл толь гарч байжээ.  Эдгээр хүрэл толины холбогдох он цагаар баримжаалан үзвэл тухайн дурсгалыг үлдээгсэд Тамирын улаан хошууны оршуулгын газрыг  МЭӨ III зуунаас МЭ I зуун хүртэл лавтай ашигласаар байсан ба энэ бүс нутаг тэдний уугуул нутаг байжээ гэсэн дүгнэлт хийж болно. Эгийн голын Бурхан толгойн радиокарбоны  шинжилгээний дүнд 500 жилийн хугацаанд үйлдэгдсэн байжээ (Төрбат нар 2002: 45).
Тамирын улаан хошууны дурсгалыг үлдээгч хүн ам хагас суурьшмал иргэд байсан бололтой. Тэгвэл энэхүү таамгын дагуу тухайн иргэдийн суурьшиж байсан газрыг хайх хэрэгтэй болно. Тамирын улаан хошуунаас баруун хойд зүгт 2 км-т хүннүгийн үед холбогдох хэрэм бэхлэлт, суурингуудтай төстэй зохион байгуулалттай өргөргийн дагуу цуварсан 3 хэрэм байдаг ба 2005 онд Монгол-Америкийн хамтарсан хээрийн шинжилгээний анги тэнд ажиллажээ. Энэ дурсгал уулын бэлд ойр хавьдаа газар тариалан эрхлэхэд хамгийн тохиромжтой газар байрладаг. 2005 онд уг 3 байгууламжид сорилтийн малталт хийсэн боловч ямар нэгэн тодорхой эд өлгийн зүйл олоогүй. Гэхдээ тус ангид урилгаар ажиллаж байсан археологичид тухайн хэрмүүдийн хөрсны бүтэц нь лавтай 1000 жил түүнээс цаашхи хугацаанд хамаарах бөгөөд хүннүгийн суурингуудад тохиолддог нийтлэг хөрсний бүрдэл байна (David, Kimberly  2006: 23) гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Эндээс судлаач Тамирын улаан хошуун дахь оршуулгын газар болон Хэрмэн талын зэрэгцээ гурван хэрэм нь хоорондоо ямар нэг байдлаар холбоотой юм гэдэг санал дэвшүүлж байгаа ба ингэж үзэх хэд хэдэн үндэслэл байна. Хэрмэн талын зэрэгцээ хэрмүүдээс зүүн урд зүгт Тамирын улаан хошууны оршуулгын газар байрладаг нь  тухайн оршуулгыг үйлдэгсдийн оршуулгын зүг чигтэй тохирч байгаа. Энэ нь зэрэгцээ гурван хэрэмд суух хүн ам ба Тамирын улаан хошууны дурсгалыг үйлдэгч хүн амын зүг чигийн эрхэмлэл адил байгааг харуулж байна.  Тамирын улаан хошууны дурсгалыг үлдээгч хүн амд суурьшмал иргэншлийн, газар тариалангийн хэв маяг байж болохыг харуулсан олдворууд тухайлбал: Ваар сав мөн хүннүгийн язгууртны булшуудад тохиолддог эд өлгийн зүйлс, лакан эдлэл, хүрэл толь, хүрэл тогоо гэх мэт эд өлгийн зүйлс олноор илэрдгээс гадна  малын яс төдийлөн гардаггүй зэрэг нь тухайн хүн ам газар тариаланг голлон эрхэлж, мал аж ахуйг туслах байдлаар ашигладаг байсан байж болохыг харуулж байна. Эгийн голд хийсэн удаан хугацааны судалгааны дүнд В.Ханичёрчи, Ч.Амартүвшин зэрэг судлаачид хүннүчүүд газар тариаланг багагүй эрхэлж байжээ гэсэн дүгнэлт хийсэн байдаг (2006: 65).
Тамирын улаан хошууны хүн амын  аж ахуйд суурин иргэншлийн хэв маяг давамгайлж байсан гэвэл түүний үнэт зүйлс мэдээж газар тариалан, хот суурин болон түүнийг дагасан соёлын онцлогтой байх нь гарцаагүй. Тэгвэл бид Тамирийн улаан хошуунаас дээрх асуултын хариултуудийг хайж болохоор байна. Энд маш олон булш нэгэн доор байрласан байдал нь түүнтэй ойр суурин эсвэл түүнийг тойрон ойр зайд нутагладаг бүлэг хүн амын дурсгал болох нь эргэлзээгүй. Тэгвэл тэрхүү ард иргэдийн үлдээсэн эд өлгийн зүйлсээс бусдаас ялгарах дараах ялгаа, онцлогийг харж болно. Оршуулгаас илэрдэг ваар сав, шавар эдлэлийн  тоо олон байгаа нь дан ганц нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн бус суурин сууж, гар урлал хөгжүүлж байсны илрэл юм. Ц.Төрбатын малтсан булшнаас нэгэн том шавар ваар олдсон бөгөөд түүнийг хүннүгийн оршуулгаас илэрсэн хамгийн том ваар гэж тэмдэглээд үр тариа хадгалах бөөрөндөө нүхтэй ваар хэмээсэн байдаг (Төрбат 2003: 9).
Тамирын улаан хошууны дурсгалыг үлдээгч хүн ам нь угсаа гарвал, соёл, зан  заншил, нийгэмд эзлэх байр суурь болон эрхлэх аж ахуйн хэв шинжийн хувьд бусад хүннү нараас зарим талаар ялгаатай байжээ.
Энд малтан судалсан булшны ихэнх нь тоногдсон байдаг хэдий ч бусад газрын хүннүгийн жирийн иргэдийн булшны материалуудтай харьцуулахад  баялаг байдаг. Тухайлбал алтан ээмэг, алтадмал амсартай лакан аяга, цагаан хүрэл толь, лакан эдлэлүүд зоос, хүрэл тогоо зэрэг тухайн үедээ тансаг хэрэглээнд тооцогдох эд өлгийн зүйлсийг нас барсан хүндээ дагалдуулан тавьсан байдаг. Тухайлбал: ”Нэг лакан аяга нь 10 хүрэл аягатай тэнцэнэ” ”нэг аяга хийхэд 100 хүний хөдөлмөр зарцуулдаг....”(Крюков нар 1983: 163) зэрэг нь Тамирын улаан хошуунаас илэрдэг эд өлгийн зүйлс нь үнэтэйд тооцогдох зүйл байсныг харуулах нэгэн баримт болж байна. Өөр нэгэн зүйл бол Тамирын улаан хошууны оршуулганд хүнийхээ толгойг зүүн, түүнд хамаарах зүгт чиглүүлэн тавьдаг. Судалгаанаас харвал зүүн чиглэлтэй булшууд ихэвчлэн оршуулгын талбайн өмнө хэсэгт оршиж, эд өлгийн хувьд бусдаасаа баялаг байдаг ажээ. Энэ нь санамсаргүй хэрэг огт биш  бөгөөд нийгэмд өндөр байр суурь эзэлдэг бүлгийг тодорхойлж буй үзүүлэлтүүд мөн.
Дээрх онцлог ялгаатай байдалд үндэслэн Тамирын улаан хошууны дурсгал нь Хүннүгийн нийгэм доторх өөрийн гэсэн онцлог бүхий орон нутгийн хэв шинжийг харуулсан дурсгал юм гэсэн дүгнэлтэнд хүрлээ .

                    Д.Хатанбаатар
Тус өгүүлэл нь Mongolian journal of Anthropology, Archeology and Ethnology. Vol-3.¹1(287); Pp. 156-168. дугаарт хэвлэгдсэн болно.

1.   Батсайхан.З       Хүннү . УБ. 2002
2.   Батсайхан.З       Баруун Монгол төслийн тайлан.МУИС.2005
3.  Батсайхан.З       Foreign tribes in Xiongnu federation
THE SILK ROAD ” /Volume 4 number 1/                  2006
            4.   Батсайхан.З       Баруун Монгол төслийн тайлан.МУИС. 2007
5.   David purcell, Kimberly spurr Archeological investigions of Xiongnu sites in the Tamir river valley  ‘THE SILK ROAD’ volume 4, number 1, USA.2006
6.   Daniel Waugh The challenges of preserving evidence of chinese lacqueware in Xiongnu graves ‘THE SILK ROAD’ volume 4, number 1, USA.2006
7.   Guolong Lai  The date of the TLV mirrors from the Xiongnu tombs 
‘THE SILK ROAD’ volume 4, number 1, USA. 2006
            8.   В.С.Таскин       Скотоводство у сюнну по китайским источникам.   Вопросы историй и историграфии Китая                        1968
9.  М.В.Крюков, Л.С.Преломов, М.В.Софронов, Н.Н.Чебексаров  
           Древние китайцы в эпоху централизованых империй  1983 
10.   Ц.Төрбат, Ч.Амартүвшин, У.Эрдэнэбат 
           Эгийн голын сав нутаг дахь археологийн дурсгалууд, УБ 2003
11. Төрбат.Ц Тамирын улаан хошууны булш ба Хүннүгийн угсаатны бүрэлдэхүүний зарим асуудал Түүхийн судлал fasc I, УБ.2003
12.   Доржсүрэн             Умард хүннү                                          1961
13. Д. Цэвээндорж  Шинжлэх ухааны академи, түүхийн хүрээлэн               
             Монголын түүх  Тэргүүн боть                                          2002
            14. Ханичёрчи.В, Амартүвшин.Ч  Нүүдэлчдийн төрийн байгууламжид хийсэн археологийн судалгаа УБ 2006
Category: aрхеологи | Views: 913 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 2
2  
bayrlalaa tsaashid medeelelee oruulsaar bh bolnoo

1  
bayrlalaa mash sn medeelel bn

Name *:
Email *:
Code *: