“УЛААН ЗУУХ”-ЫН БУЛШНУУД - 20 October 2012 - археологийн мэдээлэлийн нэгдсэн сайт
Main » 2012 » October » 20 » “УЛААН ЗУУХ”-ЫН БУЛШНУУД
19:58
“УЛААН ЗУУХ”-ЫН БУЛШНУУД

эх сурвалж http://archeologyofmongolia.blogspot.com/




2008, 2009, 2010 онуудад МУИС-ийн хээрийн шинжилгээний анги "Дорнод Монгол” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Хантай багийн нутаг "Улаан зуух” хэмээх газарт нийт 15 булш малтан шинжилсэн билээ. Уул төслийн хүрээнд хийгдсэн ажлын талаар жил тус бүрийн хээрийн шинжилгээний ангийн тайланд болон МУИС-ийн эрдэм шинжилгээний бичигт эмхэтгэн хэвлүүлсээр иржээ[1]. Мөн уул цогцолбор оршуулгын  талаар хийгдсэн  судалгааны урьдчилсан үр дүнг ОХУ-ын буриадын нутагт болсон олон улсын бага хуралд хэлэлцүүлсэн болно[2]. "Улаан зуух”-нь удаа дараа хийгдсэн малтлага болон харьцуулсан судалгааны  явцад өөрийн гэсэн онцлог шинж бүхий бие даасан өвөрмөц дурсгал болох нь тодорхой болсон тул судалгааны урьдчилсан үр дүнг энд нийтлэлээ.


Байгаль газар зүйн орчин: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум, Хантай багийн нутаг Дэлгэрхаан уулын зүүн суга болох "Гүн ус” хэмээх газар нь хойноос урагш үргэлжилсэн жижиг ам буюу боржин хадтай бэсрэг толгодоос бүрдэнэ. Энэхүү амны доод шувтаргыг "Улаан зуух” гэх ба 63 булш байгааг анх бүртгэсэн төдийгүй дийлэнхи нь "дөрвөлжин” хэлбэртэй булш болох талаар дурьджээ[3]. Урьд хэвлүүлсэн өгүүллүүдэд эдгээр булшыг дөрвөлжин булш хэмээн нэрлэж байсан энэ удаад татгалзаж дөрвөлжин /хэлбэртэй/ булшнууд хэмээн тодотгон нэрлэхээр шийдсэн билээ. Ийнхүү эдгээр дурсгалууд нь хүрэл зэвсгийн үеийн голомт соёлын нэг болох дөрвөлжин булшнаас гадаад, дотоод зохион байгуулалт, оршуулгын зан үйлийн хувьд адилгүй дурсгал болж буй тул  дөрвөлжин /хэлбэртэй/ булш хэмээн ялган нэрлэж буйг анхаарна уу.

Тархац:  Ийм төрлийн дурсгалууд нь тус нутгийн тахилгат хайрхан "Дэлгэрхаан” уулыг тойрон булгийн эх, билүүтийн гол, булгийн адаг, тогоотын гол зэрэг газраар тархсан болохыг хайгуул судалгаагаар тогтоогоод байгаа ба түүнээс цааш газруудад нэмэн илэрч болзошгүй билээ. Гадаад зохион байгуулалтын хувьд үүнтэй адил дурсгал гадна дотно хэвлэгдсэн зохиол бүтээлүүдэд нийтлэгдээгүй байгаагаас үзвэл зөвхөн энэ бүсэд тархсан дурсгал бололтой. Бид "Дэлгэрхаан” уулын баруун, зүүн, өвөр бэлээр  хайгуул судалгаа явуулсны дүнд "Улаан зуух”-ийн булшнуудтай ижил гадаад зохион байгуулалт бүхий 180 гаруй дурсгал бүртгэж, баримтжуулсан болно. Дээрх шинээр илрүүлсэн дурсгалууд нь гадаад зохион байгуулалтын хувьд дөрвөлжин хэлбэр бүхий чулуун өрлөг (30-50 см) түүнийг түшүүлэн босгосон хавтгай чулуун хашлагатай байна. Мөн уг булшнууд нь нэгэн доор ойролцоогоор 6-15-аараа бүлэглэн орших агаад ихэнхи тохиолдолд дээрх бүлэг булшнуудын зүүн талд намхавтар хөшөө чулуу эсвэл зүүн тийш цувруулан босгосон хөшөө чулууд тохиолдох ажээ. Цөөн тохиолдолд баруун талдаа цувраа чулуудтай байдаг. Зарим бүлэг булштай залгаа "Улаан зуух”-ийн оршуулгын газар тохиолддог барилгын суурь мэт том чулуун байгууламжууд тааралддаг. Чулууг хажуугаар нь газар шигтгэж хийсэн байшингийн өрөө тасалгааг санагдуулам зохион байгуулалт бүхий байгууламжуудаас гадна цагариг хэлбэртэй ч тохиолддог. 

Гадаад зохион байгуулалт:  Энд малтан судалсан булшнууд тэгш дөрвөлжин хэлбэртэй, баруун урдаас зүүн хойд зүг чиглэсэн байрлалтай байдаг. Төв дундаа хавтгай чулуугаар дөрвөлжин хэлбэр гарган өрлөг (үүнээс цаашид дотор өрлөг хэмээн нэрлэнэ), түүний гадна талаар том хавтгай чулуудыг босгон давхар хашлага (гадаад хашлага) үйлджээ. Гол төлөв зүүн болон хойд талын хашлагыг бусдаас өндөр хийсэн. Ойр орчмийн боржин хаднаас цуулан авчирсан хавтгай чулуудаар хашлагыг үйлдэж, хашлагын дотор талд жижиг чулуудыг битүү чигжин  хийжээ. Зарим нь зөвхөн зүүн хойд буландаа хөшөө чулуутай байна. Зураг 1 Уг зохион байгуулалтын хэлбэр дөрвөлжин булшийг дагнан судалж, гадаад зохион байгуулалтын ангилал үйлдсэн судлаачдын бүтээлд алга байна.  Тиймээс ийм төрлийн булш Монгол нутагт анх тэмдэглэгдэж байна гэж үзэж болох юм.

Оршуулгын зан үйл.  Энд малтсан булшинд хүнээ гүн бус нүхэнд толгойг нь зүүн хойд зүгт хандуулан, түрүүлгэ нь харуулан тэнэгэр байдалтай оршуулдаг ба хүүхэд болон насанд хүрсэн хүний оршуулгын хооронд тодорхой зан үйлийн ялгаа харагддаггүй.

Улаан зуухын цогцолборт 3 жил дараалан нийт 15  булш малтсаны 12-оос нь оршуулгын ул мөр илэрсэн бөгөөд дээрх бүх тохиолдолд нас барагчаа түрүүлгэ нь харуулан оршуулсан байв. Дагалдуулсан эд зүйлсэд "Улаан зуух” 42-р булшнаас чулуун эдлэл[4], 1, 3-р булшнаас цагаан өнгийн чулуу болон ясан  сувс (200 орчим), чулуугаар хийсэн хясаа хэлбэрт зүйл, ясан эдлэл, шавар ваарны хагархай зэрэг орно.  Үнэндээ бидний малтсан булшнууд бүгд ямар нэгэн хэмжээгээр тоногдсон байсан ба дагалдуулсан эд өлгийн зүйлс ч хомс байна. Энэхүү оршуулгын газраас нэн болхи хийцтэй шавар ваарны хагархай, ясан болон чулуугаар хийсэн эдлэл дагалдуулсан байдаг нь тус оршуулгын он цагийг хүрэл зэвсгийн түрүү, магадгүй түүнээс эрт үед холбон үзэх боломжийг олгож байна. 

"Улаан зуух”-ийн 42-р булшнаас илэрсэн чулуун эдлэлтэй төстэй эдлэл ОХУ-ийн буриадад малтсан Оловенная 2-р дөрвөлжин булш, Кунга-ын 1-р булшнаас тус тус илэрсэн бөгөөд, Цыбыктаров тэдгээр олдворыг Ацайн (МЭӨ VIII-VI) шатанд холбогдуулан ямар нэгэн зүйлийг ирлэхэд зориулсан билүү гэжээ. Тэдгээр булшууд нь гадаад зохион байгуулалтын хувьд өндөр чулуун хашлагатай дөрвөн буландаа хөшөө чулуутай байжээ.[5] Мөн бид Дорнод аймгийн Баян-Овоо сумын нутаг Майхан толгойн шинэ чулуун зэвсгийн бууцны орчимд хийсэн хайгуулын явцад үүнтэй адил дээрээ нүхтэй, зассан чулуун эдлэл түүвэр байдлаар олдсон билээ.[6] Мөн увс аймгийн Улаангомын 9-р булшнаас ийм төрлийн чулуун эдлэл гарсныг чулуун билүү хэмээн үзжээ[7].

Мөн эндээс илэрсэн хар, улаан өнгийн шавар ваар савны үлдэгдэл, чулуун сувс зэрэг нь дөрвөлжин булшнаас цөөнгүй илэрдэг эд өлгийн зүйлсийн нэг ажээ. Дээрхээс үзвэл уг оршуулгын газраас илрээд буй археологийн олдворууд нь дөрвөлжин булшнаас түгээмэл илэрдэг эд өлгийн зүйлс байгаа нь энэхүү соёлтой ямар нэгэн хэмжээгээр холбогдож болохыг харуулж байна. Хэрэв энэхүү дурсгал хүрэл зэвсгийн үед холбогдох бол дөрвөлжин булшны онцлог нэгэн төрөл байж агаад байгалын шинжлэх ухааны аргаар үнэмлэхүй он цаг тогтоох шинжилгээ хийгдэж байгаа ба тус хариуны үр дүн дээрх асуудлыг шийдэхэд дөхөм болох юм.

 "Улаан зуух”-н цогцолбор булшнуудын оршуулгын зан үйлийн гол онцлог хэлбэр бол нас барагчаа түрүүлгэ нь харуулан оршуулах явдал юм. Энэ нь тус оршуулгын бие даасан өвөрмөц шинжийг илэрхийлэхээс гадна бусад археологийн соёлуудаас ялгагдах гол ялгааг бий болгож байна. Түрүүлгэ нь харуулан оршуулах зан үйл төв азийн эртний нүүдэлчдийн дунд тун ховор тархсан байдаг ажээ.

Одоогоор нас барагчаа түрүүлгэ нь харуулан оршоосон оршуулга Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулнаа удаа дараалан малтсан 5-н  хэлбэрт булшнаас[8],  мөн уулын баруун урд орших Хад үзүүрт малтсан шоргоолжин болон "Дөрөө” хэлбэрийн булшнаас, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баруун Гялаатад малтсан 1 шоргоолжин  булш болон Замын бууцын 1-р булшнаас[9], Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Умдаан голын хэлбэрт булшнаас[10],  Өмнөговь аймгийн Номгон сумын Цагаан толгойд малтсан 16-р шоргоолжин булшнаас[11], мөн аймгийн Гурвантэс сумын Хөөрхөн толгойн 4-р булш[12], Хадат толгойн 1, 3, 6-р булш буюу төв дундаа дөрвөлжин хэлбэрийн чулуун дараастай булш болон 6-р шоргоолжин булшнаас[13], Өмнөговь аймгийн Ухаа худагт малтсан дугуй чулуун дараастай булш[14], Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт малтсан 3 шоргоолжин булш[15] Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань хар уулнаа малтсан дөрвөлжин чулуун хашлагатай 8 булшинд[16], Говь алтай аймгийн Улаанбоомын хавцалд[17], Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулууны Бага Монголын 1-р хэлбэрт булш, Дунд шандын 1-р булш[18],  тус тус илрээд байгааг судлаачид удаа дараа нийтэлжээ.

Нэгтгэн үзвэл түрүүлгэ нь харуулан оршуулсан оршуулга нь Монголын төв болон өмнөд бүсээс олдсоныг судлаачид хэвлэн нийтлүүлсэн ба нийт 31 тохиолдол тэмдэглэгджээ. Эдгээрээс дийлэнхи нь (14 тохиолдол) шоргоолжин (Хэлбэрт) булш  болох бөгөөд дээрх судлаачдын тодорхойлсноор дугуй дараас дөрвөлжин хашлагатай 11, дугуй хэлбэрийн 1, дөрөө хэлбэрийн 1, тодорхой хэлбэргүй 4 булш бүртгэгджээ.

Археологич Ч.Амартүвшин нар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Чандмань Хар уулнаа нас барагчаа түрүүлгэ нь харуулан оршуулсан дугуй хэлбэртэй,  дөрвөлжин хашлагатай 8 булш малтан судлаад түүнийхээ хэрэглэгдэхүүнийг Монгол, Өвөр Байгальд малтан судласан хүнээ түрүүлгэ нь харуулан оршуулсан оршуулгуудтай харьцуулан, холбогдох угсаатны зүйн мэдээ баримтуудыг дурьдан ёс бусаар буюу онцгой тохиолдлоор нас барсан хүнийг оршуулах хэлбэр байжээ хэмээн үзсэн байна.[19] Тэдгээр булшыг судлаачид хүрлийн эхэн үе магадгүй Энеолитийн үед холбогдох бололтой хэмээжээ. Мөн тэд БНХАУ-н Цзянсу мужийн Юйдуны неолитийн соёл Ючиный Цинльньчаны 25 булшны 23- нь ийм зан үйлтэй байсан тухай дурьдсан байна. 

Судлаач Д.Эрдэнэбаатар "Тэвшийн соёл” хэмээх нэр томьёог гарган тавьж, дотор нь Шоргоолжин болон "Дөрөө” хэлбэрийн оршуулгын байгууламжийг багтаагаад ... "дөрөө” хэлбэрийн булш гэж нэрлэж байгаа булшны оршуулгын зан үйл,  "шоргоолжин” хэлбэрийн булшинд хүнээ түрүүлгэ нь харуулж тавьсан байгаатай ижил зан үйлтэй учраас уг дурсгал "Тэвшийн соёл”-д хамаарна гэдгийн давхар баталгаа болно... хэмээн үзээд түрүүлгэ нь харуулан оршуулах зан үйл нь "Дөрөө” болон Шоргоолжин булшийг нэгэн соёлын хүрээнд багтаан авч үзэх гол үндэслэл гэж үзжээ.[20]

Гэхдээ бидний дурьдан буй булшууд нь гадаад хэлбэрийн хувьд Шоргоолжин (хэлбэрт) булш болон "Дөрөө” хэлбэрийн булштай адилгүй хэдий ч дотоод зан үйлийн хувьд хүнээ түрүүлгэ нь харуулан оршуулсан байдгаараа ижилсэж байгаа нь туйлын сонирхолтой.

            Судалгаанаас үзвэл нас барагчаа түрүүлгэ нь харуулан оршуулах нь Шоргоолжин (хэлбэрт) булшны гол онцлог зан үйл гэдгийг судлаачид удаа дараалан тэмдэглэсээр ирсэн байна. Тус оршуулгын газар орших байр зүй, гадаад хашлага, булшны үндсэн чиглэл, нүхний гүн, нас барагчийн тэргүүнийг хандуулах зүг чиг төдийгүй илэрч буй олдворууд нь дөрвөлжин булшны соёлтой төстэй байгаа ч гадаад зохион байгуулалт (дотор өрлөг), оршуулгын зан үйл (түрүүлгэ нь харуулан оршуулах) нь шоргоолжин (хэлбэрт) булштай адил байгаа билээ.

      Дөрвөлжин болон Шоргоолжин булшны хамаарлын асуудал:

Н.Н.Диков[21], А.П.Окладников, И.И.Криллов[22], З.Батсайхан[23], Д.Эрдэнэбаатар[24] нар шоргоолжин булш нь дөрвөлжин булшны соёлыг үлдээгчдээс ялгаатай гэж үздэг. Судлаач З.Батсайхан Пестеровад малтсан шоргоолжин булшны олдворын дээжийг тусгай лабораторид14 С-н аргаар шинжлээд МЭӨ 1540 хэмээн тогтоосон үнэмлэхүй он цаг ба Тэвшийн шоргоолжин булшнаас гарсан Аргалын толгойн дүрстэй алтан хавчаар нь Карсукийн буюу хөгжингүй хүрлийн үед (МЭӨ  XVI-XIII) холбогдож буй зэрэг нь шоргоолжин булш дөрвөлжин булшнаас түрүү үеийн дурсгал байж болох ба угсаа гарвалаараа өөр овог аймгийн дурсгал бололтой.  Тэдгээрийн хооронд ажиглагдах ялгааг тухайн соёлын доторхи нийгмийн онцгой бүлэг гэж үзэх нь зарим талаар эргэлзээ төрүүлж байна[25] гэжээ.

П.Б.Конавалов, В.В.Свинин, М.А.Зайцев нар ерөөсөө шоргоолжин булш оршдог эсэхэд эргэлздэг[26], А.Д.Цыбыктаров "шоргоолжин булш”-ны соёлыг үлдээгчдийн угсаа соёлын асуудлыг шийдэх хангалттай эх сурвалж одоогоор бий болоогүй[27] гэж үздэг ажээ.

Харин В.В.Волков[28], Г.И.Боровка[29], Г.П.Сосновский[30], С.В.Киселев[31], Ю.С.Гришин[32], Ч.Амартүвшин[33]  нар дөрвөлжин ба шоргоолжин булшны соёлыг нэгэн хүрээнд багтаадаг.

Г.И.Боровка Монгол, Өвөрбайгальд малтсан 18 шоргоолжин булшнаас зуурмаг, мана, оюу, сувсууд, хүрэл товч, алтан хавчаар, билүү, шавар савны хэлтэрхий гарсан нь[34] эд өлгийн бүтэц төрөл зүйлийн хувьд дөрвөлжин булштай ижилсэж байгаа ба энэ нь энэхүү хоёр соёлыг нэгэн хүрээнд багтаах гол үндэслэл гэжээ.

Ч.Амартүвшин дөрвөлжин ба шоргоолжин булш нь археологийн нэгэн соёлын хүрээнд багтах боловч оршуулгын байгууламжийн өвөрмөц хувилбарууд болох ажээ[35], мөн хожим цөөнгүй илрэх болсон зан үйлийн өвөрмөц хэлбэр болох түрүүлгэ нь харуулан оршуулсан оршуулгын шинэ хэрэглэгдэхүүн сэлтэд тулгуурлаж, Чандмань хар уулнаа малтсан дугуй дараастай дөрвөлжин хашлагатай булшнууд нь... Хүрэл зэвсгийн түрүү үеийн соёлууд дотроос ялгамжтай дурсгал байсан болов уу? гэжээ.[36] 

Оросын судлаач Ю.С.Гришин тэдгээрийг нэгэн хүрээнд багтааж, дөрвөлжин булшны хүрээнд багтсан тусгай угсаатны бүлэгт холбогдуулсан ба элгээр нь доош харуулан тавьсан булш мөн хэсэгчлэн чандарласан зэрэг оршуулгын зан үйлын онцлогоороо ялгаатай[37] гэж үзсэн байхад А.Д.Цыбыктаров тэдгээрийн тархалт үндсэндээ адил тул угсаатны ялгаагаар тайлбарлах нь учир дутагдалтай бөгөөд зарим шоргоолжин булшнаас үнэт эд зүйлс гардаг, хүнээ өвөрмөц байдлаар тавьдаг, гадаад байгууламж нь том хэмжээтэй зэргийг цохон тэмдэглээд цөөн тоотой онцгой байр суурьтай хүмүүст зориулсан булш болов уу? хэмээн үзсэн байна.[38]

          Энэ мэтээр судлаачид Шоргоолжин болон Дөрвөлжин булшны хоорондын хамаарлын талаар авч үзсээр ирсэн хэдий ч тэдгээрийг нэгэн хүрээнд багтаах эсвэл үгүйсгэхэд оршуулгын зан үйлийн өвөрмөц хэлбэр болох түрүүлгэ нь харуулан оршуулах хэлбэр гол үндэслэлийн нэг болж чадалгүй өдийг хүрчээ.  

        "Улаан зуух”-н дөрвөлжин /хэлбэрт/ булшнууд нь шоргоолжин (хэлбэрт), дөрөө хэлбэрийн булштай оршуулгын дотоод зан үйлийн хувьд ижил бөгөөд гадаад зохион байгуулалтын үндсэн шинж, эд өлгийн хувьд дөрвөлжин булшны соёлтой  холбогдож, дээрх соёлуудыг нэгэн соёлын хүрээнд авч үзэх нэгэн шижим болох боломжтой чухал дурсгалт газар төдийгүй цаашид хийгдэх малтлага, судалгааны явцад тодорхой хариулт өгч болохыг судалгааны урьдчилсан үр дүн харуулж байна.  Хэрэг дээрээ "Улаан зуух”-н булшнууд нь энэ бүс нутаг дахь оршуулгын өвөрмөц зан үйлийг агуулсан дурсгал болохынхоо хувьд онцгой ач холбогдолтой төдийгүй Дөрвөлжин болон шоргоолжин булшийг нэгэн соёлд багтаан үзэх нэгэн үндэслэл байж болохыг харуулж байна.          Дээрхээс дүгнэвэл шоргоолжин булшийг үлдээгчид нь дөрвөлжин булшны соёлын хүрээнд багтах дурсгал байж болохоор байна. Дараа дараачийн жилүүдэд өгүүлэн буй дурсгалд хийгдэх малтлага судалгааны үр дүнд дээрх асуудлыг дахин нягтлан үзэх боломж олгоно хэмээн найдна.


хавсралт зургууд

Category: эрдэм шинжилгээний бүтээл | Views: 1076 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: