XX ЗУУНЫ ЭХЭН ХАГАСЫН МОНГОЛ УГСААТНЫ МИГРАЦИ - 23 February 2012 - археологийн мэдээлэлийн нэгдсэн сайт
Main » 2012 » February » 23 » XX ЗУУНЫ ЭХЭН ХАГАСЫН МОНГОЛ УГСААТНЫ МИГРАЦИ
01:55
XX ЗУУНЫ ЭХЭН ХАГАСЫН МОНГОЛ УГСААТНЫ МИГРАЦИ


эх сурвалж http://archeologyofmongolia.blogspot.com



                                     ( Баргын нүүдлийн жишээгээр)
Аливаа ард түмний шилжилт хөдөлгөөн нь тухайн угсаатны түүхийн нэгэн бүрдэл хэсэг болдог билээ. Хүний миграци нь оршин суугаа газраасаа нүүн өөр нутаг, оронд шилжин суухыг хэлэх бөгөөд шилжилт хөдөлгөөн хийж буй хүнийг мигрант гэх ба энэ шилжилт хөдөлгөөн нь зарим тохиолдолд урт удаан хугацаагаар үргэлжилж, олон тооны хүнийг хамардаг ажээ(2, т.14).
Түүхийн олон үеүдийн туршид байгаль, нийгмийн олон шалтгаанаас үүдэлтэйгээр овог аймаг, үндэстэн ястнаараа хол ойр шилжин нүүж байв. Иймд эдгээр хүн амын тооны динамик хөгжлийн эволюц түүхэн явцын судалгаа, түүний бүрэлдэхүүн хэсгийн өөрчлөлт, хүн амын тархалт, нягтрал мөн түүнчлэн шилжих хөдөлгөөн (15, т.253) зэрэг нь тухайн түүхэн үеийн улс төр, нийгэм, эдийн засаг гэх мэт ерөнхий чухал үйл  явдлуудыг тодотгох баримт болохоос гадна түүхэн хүн ам зүй болон түүхэн газар зүйн чухал хэрэглэгдэхүүн болдог онцлогтой.
Манай улсын түүхэнд нийтийг хамарсан шилжилт хөдөлгөөнүүд олон тохиолдсон бөгөөд тэдгээрийг эрдэмтэн, судлаачид олон талаас нь нягтлан судалсан бүтээл туурвилууд цөөнгүй гарчээ.
XX зуун гарсаар Монголчуудын  үндэсний ухамсар сэргэж,  нэгдэн нийлэх хөдөлгөөнүүд идэвхжсэн хэдий ч хөрш улсууд хийгээд их гүрнүүдийн зүгээс улс төрийн зорилготойгоор саад тодгор хийсээр байсан байдаг(4, т.61-68). Их гүрнүүдийн зүгээс бага буурай улсуудад тулган хүлээлгэдэг энэ төрлийн бодлого, үйл ажиллагааны дүнд эх орноосоо таслагдаж, удаа дараагийн нүүдлээр ил болон далдаар Монгол нутагт ирж, нутагшсан Баргуудын миграцийн асуудал XX зууны Монголын түүхнээ чухал байр эзлэх ёстой.
Эртний Монгол удмын аймгуудын нэг нь Баргачууд бөгөөд тэднийг дундад эртний түүхэн сурвалжуудад дурдахдаа Байгал нуурын зүүн эргээр нутаглаж байсан хэмээжээ. Хожмоо XV зууны үед Ойрадууд өрнө зүгт нүүдэллэхэд Барга, Буриад аймгууд Зүүн Монголын мэдэлд Батмөнх Даян хааны харьяат зургаан түмэн Монголын зүүн гурван түмэнд багтаж Сэлэнгэ, Байгал, Онон, Хүлэнбуйр (Хөлөнбуйр Д.Х), Хянганы нурууны хооронд нутаглаж байгаад XVI зууны үед Урианхай түмэн хуваагдсанаар Барга, Буриад нь Халх түмний харьяалалд орж улмаар халхын Түшээт хан, Засагт ханы захиргаанд хамаарагдах болжээ(17, т. 86, 88). 
1689, 1728 онуудын Орос, Манж Чин улсын нутгийн нутгийн хил тогтоох хэлэлцээрээр Барга, Буриадын нэг хэсэг нь Оросын харьяанд нөгөө зарим нь Хятадын зүүн хойд бүс нутагт таслагдсан юм(17, т.89).
Мөн түүхийн энэ үед тодорхой хугацаанд Сэцэн хан аймгийн нутагт оршин сууж Бэйс Жанчивдоржийн хошуунд харьяалагдаж байхдаа Галдангийн эсрэг тулаанд оролцон Манжийн соёрхлыг хүртэж, шинэ тогтож буй Хөлөнбуйрын нутагт суух соёрхлыг хүртсэн аж. Ингээд 1734 онд Хөлөнбуйрт нүүдэллэн очиж, Манж найман хошууны зохион байгуулалтанд оржээ.
Хөлөнбуйр хэмээх нь Монгол улс болон өвөр Монголын зүүн захад орших Хөлөн, Буйр хоёр нуураас улбаалан нэрлэсэн нутаг бөгөөд тэнд нийтдээ 17 хошуу байжээ. Үүнд шинэ Баргын 8, хуучин баргын 4, Алтайн Өөлд 1, Солоны 4 хошуу тус тус орох юм.
Тэрчлэн, 1732 оноос Жүрхай (Жуархай) жанжныг томилж, газар сонгож Хөлөн хот (одоогийн Хайлаар хот)-ыг байгуулж, Солон, Барга, Найман хошууны Монгол цэргийг суулгаж, дараа нь Алтайн харуулын хошууны захирал (ноён, бүгдийн дарга)-ыг мөн суулгажээ. Үүний зэрэгцээ Хөлөн хотод дэд дүтүн яам байгуулж, бүх Барга орныг (газрыг) захирч байсан байна(12, т.173).
Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны 12 сарын 29-нд Живзундамба хутагтын Монгол улсын шашин төрийг хослуулан барих хаан ширээнд өргөмжилсөн ба олноо өргөгдсөн Монгол улсыг албан ёсоор тунхаглав (1).
Энэ мэт Их Хүрээнд Монгол улсын тусгаар тогтнолыг тунхагласан явдлыг Өвөр Монголын засаг хошуудад яаравчлан мэдэгдсэн нь Өвөрлөгчдийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг ихэд зоригжуулав.
Хэдийгээр Барга, Өвөрмонголд өрнөсөн хөдөлгөөнийг ДИУ-н цэргүүд цус урсган дарж байсан ч Ар Монголтой залгаа оршдог Хөлөнбуйрт үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн Өвөр Монголын аль ч хошуу нутгаас хүчтэй өрнөсөн аж.
Ийнхүү  Хөлөнбуйрын 17 хошуу нийтээрээ бослогод хамрагдаж, 1912 оны 1 сарын 14-нд Хөлөн хотыг чөлөөлж, 15-нд Даоли түшмэл, Хуан Шифү гэгчийг хөөн явуулаад  өөртөө улс болно хэмээн олон газарт бичиг явуулж,  сүүлийн хэдэн жил Хятад түшмэл нар зүйл зүйлээр Монголыг дарласан учрыг гаргажээ(6, т.90).
Тэр үед Хөлөнбуйрыг Өөлд бүгдийн дарга Шэн-фу тэргүүтэй ноёд, 1912 оны эхээр хуралдаж, их хүрээнд байгуулсан Монгол улсын Засгийн газрыг зөвшөөрөн хүлээж, дагахаа илэрхийлсэн төлөөлөгчөөр Солон хошууны бүгдийн дарга Цэндийг явуулахаар тогтсон ажээ. Үүнээс гадна Баргын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зарим удирдагч, тухайлбал сумын занги Дамдинсүрэн, бичээч Гайхасу нарын 7 хүн баргыг төлөөлөн нийслэл хүрээнд хүрэлцэн ирэв. Богд хаан Баргын эдгээр төлөөлөгчдийг хүлээн авч, хүсэлтийг ёсоор болгож, Ж.Дамдинсүрэнд улсад туслагч гүний зэрэг шагнаж, Гадаад яамны дэд сайдаар тохоон томилжээ. Ингэж Хөлөнбуйр бүхэлдээ Монгол улсын захиргаанд багтах болж, бүхий л хэрэг явдлыг Монгол улсын төрийн зааврын дагуу хөтлөн явуулах болов.
            Гэвч Хиагтын 3 улсын 1915 оны гэрээгээр /1914.VIII.26-1915.V.25/ Богд хаант Монгол улсын эрх хэмжээ хязгаарлагдаж,(5, т.60) Баргачуудыг Хятадын бүрэлдэхүүнд хэвээр үлдээжээ.
Энэ үеэр Барга буриадууд Монголын дорнод хилээр Халхын нутаг руу уван цуван нүүдэллэж эхэлсэн билээ(17, т.89). Тэдгээр нүүдэллэн ирсэн Баргуудыг тухайн үеийн  Халхын Сэцэн хан аймгийн  Чин-Ачит бэйсийн хошууны (13, т.171) нутгаас газар нутаг таслан өгч, 1912 онд Халхад дагаар орж ирсэн Манлай ван Дамдинсүрэнд үе улиран хошуу захирах эрх олгож хошуу байгуулсан бол 1913 онд Эрдэнэ Бишрэлт бэйлийн хошууг нэмж байгуулсан байна(10, т.75). Мөн энэ тухай Олноо өргөгдсөн Богд хаант улсын үед түүнд дагаар орсон Барга, Хуучид, Үзэмчид, нарыг Сэцэн хан аймгийн зүүн хойд захын Хөвөлзөх харуулаас баруун тийш Мөнхтолгой, Зээрэнт, Мугзэг, Догтор, Хоринарс, Досог, Хурц, Бэрх, Улхан харуулын нутагт тусгай тусгай хошууд болгон байрлуулснаас гадна  Баргын нөгөө хоёр хэсгийг Жавзундамба хутагтын харьяат отгууд болгож Түшээт хан аймгийн Дархан чин ван Баатар вангийн хошууны нутагт нийслэл хүрээ, Хиагтын хавьд нутаглуулсан мэдээ буй(11, т.21).
Тэрчлэн, Монгол улсын үндэсний төв архивын баримтаас үзэхэд зөвхөн 1912 онд Өвөр Монголын олон чуулган, хошуудаас 500 гаруй өрхийн 30.000 гаруй иргэн дагаар орсон бөгөөд 1916 онд 200, 1919 онд 500 өрх Баргаас нүүж ирсэн (7, т.233) хэмээсэн байдаг.
Мөн өмнө нүүдэллэн ирсэн шулуун шар хошууны Цэдэвдорж, Мөрдорж нарыг 1918 онд Монгол төрийн даалгавраар Барга нутагт очуулж, 1928 оны  намар 60 гаруй өрх айлыг Монгол нутагт буцаан дагуулан иржээ(9, т.75-76).
Ямартай ч 1918 оны байдлаар Сэцэн хан аймгийн Баргийн хоёр хошуу нь 160 гаруй өрх, 820 орчим хүн амтай байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг(3, т.75) ба тэдгээр Баргууд одоогийн Дорнод аймгийн Гурванзагал суманд төвлөрөн суурьшжээ.
Энэхүү үйл явдлын дараачаар Баргууд 1928 онд хоёр дахь удаагаа Монгол улсад нүүдэллэн орж ирсэн байна. Түүхэн баримтаас үзвэл 1925 оны өвлөөс 1926 оны хавар хүртэлх хугацаанд Монгол улсаас Хөлөнбуйр орныг (Баргыг Г.А) нэгтгэх бодлого баримтлаж байжээ. Монгол улсаас Баргын ван гүнгийн улирлын хуралд Буриад гаралтай улаан цэргийн (сургагч) төлөөлөгчийг томилон, хуралд оролцуулж Монгол улсын төрийн бодлогыг сурталчлах, нэгдсэн Монгол улс байгуулах ухуулгыг явуулж байлаа. Тухайн үед Монгол улсаас бас Хөлөнбуйрын хилийн орчим цэрэг суулгаж, Оросоос цэргийн гутал, эмээл, хазаар зэрэг хэрэглэлийг захиалж, уламжлалт Монгол үсгээр ухуулгын бичиг хэвлэн тарааж байжээ.
Дээрх үйл явдлуудтай холбоотойгоор зэвсэгт тэмцэл 1928 оны VII сарын 9-нд Мэрсэ, Нямжав зэрэг арваад хүн буу зэвсэг агсаж, Улаанбаатараас нууцаар хөдлөж Хөлөнбуйрын Хандгай гэдэг газраар хил даван, тус газрын Цогтсүмбэр суманд нууц хурал хуралдуулан, мянга гаруй Монгол цэргийг зохион байгуулж "Хөлөнбуйрын залуучуудын нам” хэмээн нэрлэн тэмцлээ эхэлжээ(12, т.185).
Энэ тухай 1928 оны VIII сард Японы хятадын зүүн хойд нутагт, сууж байсан (Канду) цэргийнхэн ГЯЯ-даа өгсөн нууц цахилгаанд бослогын тухай шалтгааныг мэдүүлэхдээ олны мэдэж байхаар Хөлөнбуйрын газар зүй, түүх болон хэл соёл зэрэг шалтгаанаас болж, 1911 оны жинхэнэ өөртөө засах эрх хасагдсан учрыг дагалдан
1. Засгийн эл шатны эрх баригчдын үзэл бодлын сэргэлт үүсч, биедээ эзэн мэдэх тусгаар тогтнолын үзэл чангарсан байна.
2. Хөлөнбуйрын газар орны засгаас жил бүр  25 түмэн төгрөгийн гааль, татварыг Хятадад өгч, санхүүгийн орлого хоосорсон байна.
3. Их хэмжээний Хятадууд цагаачлан ирж, Монголчуудын бэлчээр нутаг эзлэгдсэн учир дээрх байдлыг зогсоохын төлөө Баргачууд Монгол улс болон Зөвлөлтийн дэмжлэгээр энэ удаагийн бослогыг үүсгэсэн байна гэжээ(12, т.184).
Гэвч энэ удаагийн Зэвсэгт тэмцэлд дотоод гадаад олон шалтгаанаас үүдэн БНМАУ-н зүгээс бодит туслалцаа үзүүлж чадаагүй учир Баргын тэмцэл өргөжиж чадаагүй юм.
Дээрх үйл явдлуудтай холбоотойгоор 1928 онд Дагуур, Өөлд, Солон, Баргын олон хошуудаас 30 гаруй өрх айлууд мал хөрөнгөө авч, Монгол нутагт нүүдэллэн ирсэн байна. Ер нь 1928 онд Баргын олон хошуудаас 200 гаруй өрх нүүдэллэн явсаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ирж суурьшжээ. Хожим засаг захиргааны хувиарлалтаар тэдгээр Барга өрх айлуудыг Хэнтий, Дорнод, Төв аймгийн олон сумдад тараан шилжүүлсэн нь нэг талаар улс төрийн бодлоготой байжээ(3, т.73-83). Энэ тухай 1929 онд Монгол улсад Хөлөнбуйрын Баргуудаас 111 өрхийн 566 хүн дагаар орох хүсэлтээ өргөн мэдүүлснийг ёсоор болгосон тухай дурьдсан байна(8, т.48).
XX зууны дундаас хөрш гүрнүүд дэлхийн дайнд татагдан орсонтой холбоотойгоор Монгол улсын тусгаар тогтнол, хил хязгаарын асуудалд өөрөөр хандах болж, үүнийг дагалдан Өвөрмонгол, Баргад БНМАУ-тай нэгдэх хөдөлгөөн дахин идэвхжэв.  Энэ үйл явц 1945 оны 8-р сарын 8 ны шөнө ЗХУ, Японд дайн зарлан Хөвөөт Цагаан хошууны умард хэсгээр буюу Өргөнө голоор их цэрэг оруулан хилийн харуулуудыг устган Хайлаар болон бусад хот суурин газруудыг бөмбөгдсөнөөр хил хязгаарын ойр нутаглаж байсан Баргууд дайны хөлд нэрвэгдэж, айл амьтан эд хөрөнгөө ундуй сундуй орхиж баруун урагш нүүдэллэж, Хөлөн нуурын зүүн урд эргээр бужигналдаж эхлэв. Тус үймээн самууны хөлд Хөвөөт Цагаан хошууны төв хийд болох Гадансамданлин хийд өртөж, тус сүмийн Хамба Б.Дондог тэргүүтэй олон лам нар хорвоог орхижээ. Мал сүрэг, эд хөрөнгийн гарз тоо томшгүй ихээр учирсан билээ(18, т.80).
БНМАУ мөнхүү ЗХУ, Японд дайн зарласны дагуу Тамсагийн  28-р отрядийн Монгол цэрэг Хөлөнбуйрын хошуу нутагт хүрэлцэн очсоноор дайн самууны байдал нэлээд зөөлөрсөн байна. Тэрхүү отряд Хөлөнбуйрын ард олныг хамарсан баяр наадмыг Амгалан хотод зохион явуулж хурдан морь уралдуулж, бөх барилдуулснаас гадна ухуулга таниулгыг өргөнөөр хийсэн байна. Гэхдээ үүний зэрэгцээ Японы цэрэг, цагдаа, дотоод яаманд алба хааж явсан олон хүмүүсийг баривчлан Монголд хүргүүлжээ.     
1945 оны 8-р сарын 25, 26-ны үед БНМАУ-н бүрэн эрхт тусгай төлөөлөгч, ГЯЯ-ны орлогч сайд бөгөөд Улсын бага хурлын гишүүн Н.Лхамсүрэн, дэд хурандаа Седров, нарийн бичгийн дарга Өлзийхутаг нар Дорнод аймгийн тусгай хэлтсийн төлөөлөгч Осоржим нар Хөлөнбуйрт хүрэлцэн ирж, Шинэ барга зүүн хошууны Енгүн хэмээх газарт Хөлөнбуйрын Ардын Их хурлыг зарлан хуралдуулсан ба эндээс  Бүх Монгол угсаатан нэгдэх тухай уриалга гаргажээ. 
Гэтэл Ялтын хэлэлцээрээр Ар Монголын одоогийн байгаа статус, хилээр тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гарч олон Монгол угсаатан Ар, Өвөр Монгол нийлж нэгдэхээ больсон гэдгийг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож мэджээ.
Үүний дараагаар Амгалан дахь МАХЦ-н отрядын дарга, хошууч Цэрэндаш, ахмад Хас нартай Д.Бэгз галдаа, Хөлөнбуйр аймгийн шинэ Барга зүүн хошууны ерөнхий хэлтсийн дарга бөгөөд хошууны орлогч Я.Шаарийбуу нарын хэдэн хүмүүс зөвлөлдөөд[1] 3 хоногийн дотор хил хаах ба түүнээс амжиж "Монгол улсын төр засагт дагаар орохоор шийдвэр гаргасан ” (9, т.75) ба Хас, Цэрэндаш нар засгийн газраас асууж хариу шийдвэр өгөхөө амлажээ. Хоёр хоногийн дараа БНМАУ-н засгийн газраас ...наашаа орж ирэх ард олныг хориглохгүй, ирэхгүй гэсэн ардыг хүчээр ирүүлэхээр шаардаж болохгүй. Иймд та бүхэн өөрсдийн дураар болцгоо... гэсэн хариу илгээжээ(14, т.14).
Ийнхүү 1945 оны 9 сарын сүүлчээр Б.Мажигжав, Н.Цэвээнсодном, Х.Чойдог, Н.Начин, Ш.Мажиг нарын эхний 5 айл, мөн оны 11 сарын дундуур шинэ барга зүүн гарын Хөвөөт Цагаан, Хөвөөт шар, Шулуун цагаан хошуудын 2000 орчим өрх нийтээрээ нүүдэллэн Буйр нуурын булан дэрсний орчим ирсэн байна.  Гэтэл нүүж очсон эхний айлуудаас улс төрийн хэрэгтэн гэж Ж.Ядамсүрэн, Я.Даржаа, Ж.Гомбосүрэн, Нямхайсан, Д.Таяа зэрэг хүмүүсийг Дотоод явдлын яам баривчлан аваачсан ба цэргийн түлшинд зориулж, Халх голын бургас тээвэрлэх 300 тэрэг дайчлан гаргахыг тушаасан байдаг. Үүн дээр Хөвөөтцагаан хошууны бөх Мухаа гэгч БНМАУ-н хилээр орж ирсэн айлуудын тухай  "...хүнийг нь оргодол хэмээн баривчилж байна. Малыг нь алдуул хэмээн хурааж байна...” гэсэн цуурхлыг тараасан зэргээс үүдэн нүүхийг завдаж байсан болон хил дээр нүүж ирсэн олон өрх айлууд гэдрэг буцжээ. Тэр ч бүү хэл хилээр орж ирээд байсан айлуудаас Бүргэдээ, Гэлэггалсан хэмээх 2 өрх гэдрэг буцсан ба ДЯЯ-ныхан хойноос нэхэж Гэлэггалсанг баривчлан иржээ.(18.т.80)
Монголд нүүн ирсний дараахан Халх голын хилийн Отрядын удирдах хүмүүс хүрэлцэн ирж, хүн малын тооллого хийсэн ба хүний тоо 1013 байснаас эрэгтэй 471, эмэгтэй 542 байсан ба Барга 991 хүн, Харчин 3, Буриад 10, Халх 6, Хятад 3 хүн байжээ. Малын тоо 89 000 байсан байна(16, т.1012).
1946 оны 1 сарын сүүлчээр Намын Төв Хорооноос шүүхийн орлогч дарга Ж.Намсрайг нүүн ирсэн Баргуудыг Халх гол сумынхны одоо суурьшиж байгаа нутагт хүргэхийг даалгасны дагуу нүүдэл эхэлсэн ба нийт 18 удаагийн уртын нүүдэл хийж Алтат нуур гэдэг газар хүрэлцэн очсон байна. ЗХУ-н ДЯЯ-ны болон аймгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж хүн бүрийн анкет бүртгэлийг авсан ба 1946 оны 4 сарын сүүлчээр аймгийн яамнаас төлөөлөгч ирж "Монгол улсын харьяат өрх болох тухай” 18 наснаас дээш насны хүн бүр өргөдөл гаргах асуудлыг шийдвэрлэжээ. Аймгийн гар үйлдвэрлэлийн холбооны дарга Аюурбуниа хэмээх хүн хүрэлцэн ирж одоогийн Халх гол сумынхныг нүүлгэн шилжүүлж, тэдний одоогийн төвлөж буй Шажин хурах(Одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сум Д.Х) хэмээх газарт суурьшуулахаар болсныг дуулгасан ба зуны ид халуун болохоос өмнө амжиж очихыг анхааруулсны дагуу богино хугацаанд нүүдэллэн очсон байна.
1946 оны 4 сарын 25-ны өдрийн Улсын бага хурлын 24 тоот зарлигаар гадаад Хөлөнбуйр аймгаас нүүн ирсэн тус сумын иргэдийг БНМАУ-ын харьяат болохыг баталсан ба Хөлөнбуйр сумыг 3 багтай байсныг 4 багтай болгон зохион байгуулжээ(18). 1946 оны 7 сарын эхээр өрнөсөн хүн малын тооллогоор 256 өрх, 954 хүн, 74856 толгой мал тоологджээ (19, т.79).
Тус сумын харьяат нараас Монгол улсын хилд орсны дараачаас эхлэн 1950 он гартал ДЯЯ-д улс төрийн хэрэгтэнд тооцогдон баривчлагдсан хүмүүсийн тоо 58 болсон ба тэднээс 10 орчим нь амь насаа алдсан байдаг.

Ийнхүү XX зуунд Баргууд нь Монгол нутагт 3 удаагийн их нүүдлээр нийт 420 орчим өрхийн  2340 гаруй хүн ирж, одоогийн Дорнод аймгийн Гурван загал, Хөлөнбуйр сумыг дангаар бүрдүүлэгчид болсон төдийгүй Төв, Хэнтий, Завхан зэрэг аймгийн нутгуудад тархан суурьшсан байна. (Хүснэгт 1) Зөвхөн Монгол нутагтаа нүүж ирсэн төдийгүй улс төрийн тодорхой шалтгааны улмаас Монголын хил хязгаараас зугтан гарч, харь  гүрний харьяанд багтаж байсан тохиолдол цөөнгүй бөгөөд цаашид улируулан судлах зайлшгүй шаардлагатай болох юм.
Одоогоор Баргууд нь Монгол улсын 13 аймаг, 47 суманд 15 барга овог, БНХАУ-н 7 муж ӨМӨЗО-ны 19 хошуу, 15 гацаа, Шиян хотуудад 25 Барга овог болон Туркмен улсад Байергу барга, Казакстан улс буюу Кашгарт Байеркогийн Барга овгууд байна. (9.т. 54)
1979 оны тооллогоор Барга угсаатан  2000 орчим хүн бүртгэгдсэн бөгөөд БНМАУ-н нийт хүн амын 0.2 хувыг эзлэх ба (21, т.77), 2009 оны 1 сарын 9-ны мэдээгээр Дорнод аймгийн Гурванзагал суманд 400 өрх, 1351 хүн ам, Хөлөнбуйр суманд 464 өрхийн 1758 Барга хүн ам тоологджээ(20)

 
                                                                                                          Д.Хатанбаатар, Г.Анхсанаа

НОМ ЗҮЙ

1.      Бямбарагчаа М., Анхсанаа Г. Сэргэн мандалын эхлэл.Соёмбо. №51,52 (10110, 101111)
2.      Галиймаа Н. Хүн төрлөхтний миграци: Шалтгаан, түүхэн үечлэл, орчин үеийн хөдөлмөрийн миграци. ШУТИС. НТС. ЭШб. УБ., 2009. т.14-19
3.      Гомбосүрэн Д. Монгол баргын харилцааны түүхэн асуудалд (XX зуун). Acta Historica. tomVII. fasc11. УБ., 2006. т.73-83
4.      Дэлгэржаргал П. Монголын үндэсний нэгдэх хөдөлгөөн ба их гүрнүүд. Associatum Millitarum. Tom III. Fasc.9. УБ., 2003.  т.61-68
5.      Гангааням С. Монголчууд тусгаар тогтнолоо хамгаалан тэмцсэн нь (1911-1921). УБ., 1993
6.      Жамсран Л. Монголчуудын сэргэн мандалтын эхэн. (1911-1913). УБ., 1992
7.      Мэндсайхан Х. Монгол улсын төрөөс гадаадын иргэн, харьяатын талаар хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ (1921-1930). Acta Historica. .tom .IX. fasc31. УБ., 2008. т.233-242
8.      Мягмарсамбуу Г. Баргын эрх чөлөөний тэмцэл: нүүдэл суудал. УБ., 2007
9.      Өлзий Ж. Барга Монголын түүх. УБ.1999
10.  Өлзийсүрэн.Б. Халхын Сэцэн хан аймгийн хураангуй түүх. Өндөрхаан., 1993
11.  Пүрэв О. Монгол улсын түүхэн газар зүй. УБ., 2004
12.  Рубин.Г. Монголын тусгаар тогтнолын төлөө Мэрсэ (MERSE)-ийн үйл ажиллагаа. МУИС. НШУС. Түүх (VII) ЭШб. №298(51). УБ., 2008. т.173-1195
13.  Содномдагва Ц. Халхын  Дөрвөн аймгийн олон хошуу, тэдгээрийн гарал, нэрийн өөрчлөлт(1691-1924). Studia Historica.  Tom VIII. Fasc 8. 1969. т.167-178
14.  Баргын түүхэн тэмдэглэл.Чойбалсан хот. 2007.т14
15.  Урангуа Ж. Түүхэн хүн ам зүйн шинжлэх ухаан. МУИС. НШУС. Түүх (VII) ЭШб. №298(51). УБ., 2008. т.253
16.  ҮТА.Ф11.Д1.ХН 1012.
17.  Цэрэнханд Г. Барга. Монгол улсын угсаатны зүй. 3 боть. Эрхэлсэн. С.Бадамхатан. УБ., 1996. т.86-128 
18.  Чоймаа Ш. нар. Зуун насыг зооглож зургаадай таяг тулж буй Я.Шаарийбуу багштан. УБ., 2009
19.  Шаарийбуу.Я. "Барга ястны гарал үүсэл, товч түүх, удмын тухайд”. Чоймаа нарын эмхэтгэсэн Зуун насыг зооглож зургаадай таяг тулж буй Я.Шаарийбуу багштан. УБ., 2009.
20.  http://www.statis.mn/portal/indexc.php?v=12&m=36(Дорнод аймгийн Статистикийн газрын 2009 оны 01 сарын 9 мэдээ)
21.  Статистикийн эмхтгэл.БНМАУ-н хүн амын 1979 оны тооллогын дүн. УБ.1983.т77




[1] Я.Шаарийбуу Гандансамданлин хийдийн Хамба лам Лувсан гэсэгтэй уулзаж, нїїдэл суудал хаашаа болох тухай Махгал бурхны шавааг татуулахдаа уул нутагт байх, баруун тийш очих /БНМАУ-д орох/, Євєрмонгол тийш нїїх 3 шаваа хийж, шавааг татахад баруун тийш БНМАУ-руу нїїх нь дээр гэж шаваа буусан хэмээн дурьдатгалдаа бичиж їлдээсэн байдаг.
Category: эрдэм шинжилгээний бүтээл | Views: 398 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: