Main » 2012 » March » 29 » ЗХУ-д Монголчуудыг шүүн тасалсан механизм
00:13
ЗХУ-д Монголчуудыг шүүн тасалсан механизм


БХИС-ийн БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан,
Магистр Ариунболд Гончигийн

XX зууны 20 – 30 - аад онд ЗХУ-д монголчуудыг шийтгэж асан улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн үеийн шүүн таслах үйл ажиллагааны механизм ...

1.    Улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн үе дэх хэрэг бүртгэлт,
шүүн таслах үйл ажиллагааны механизм
(XX зууны 30-40-өөд оны үеийн ЗХУ-ын жишээн дээр)…

Зөвлөлт Холбоот Улсад улс төрийн талаар хилс хэлмэгдсэн монголын улс төрийн зүтгэлтнүүдийн ОХУ-ын ФСБ буюу Холбооны Аюулаас Хамгаалах Байгууллагын Төв Архив болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн архивт хадгалагдаж буй одоогоор Монгол Улсад хүлээлгэн өгөөгүй байгаа "ил тод бус” байгаа  зарим түүхэн баримт болох хавтаст хэргүүдийн товч, холбогдох архивын баримтуудаас энэ илтгэлд дурдахыг зорилоо...
ОХУ-д улс төрийн талаар хилс хэрэгт хэлмэгдсэн монголын нам, төр, Засгийн удирдагчид, улс төр, олон нийтийн зүтгэлтнүүд, төрийн албан хаагчид асны гэгээн дурсгалыг хүндэтгэн үзэж, тэдний нэр төрийг сэргээх нэгэн үзүүрт сэтгэлээр ОХУ- дахи улс төрийн хэлмэгдүүллийн судалгааны байгууллага хийгээд улс төрийн хэлмэгдэгсдийн "Мемориал” байгууллагын шугамаар гаргасан судалгааны зарим баримт сэлт дээр судалгаа хийж, түүх архивын зарим нэгэн баримтуудын  үр дүнгээс товч дурдсу…
    Америкийн Нэгдсэн Улсын Соросын Нээлттэй Нийгэм Сангийн санхүүжилтын дор хийгдэж буй  ОХУ-ын улс төрийн хэлмэгдэл судлалын "Мемориал” нийгэмлэгийн эрдэмтэн судлаачдын онцлон тэмдэглэснээр : "…нийтлэгдэж буй түүхэн баримт сэлт дэхи бидний тайлбар нь мэдэгдэхүйц нэмэлт болон тодотгол шаардагдаж буй нь гарцаагүй буй заа …” гэсэн зөв зүйтэй билээ. ...Энэ талаар буюу ОХУ-д улс төрийн хилс хэлмэгдүүлэлтэд өртсөн монголын улс төрийн зүтгэлтнүүдийн талаар түүхэн баримт судалгаа өнөөг хүртэл тэр бүр хангалттай сайн бус байгаа хэмээн судлаач би бээр үзэж байгаа билээ…
    Энэ нь хоёр орны өнө эртний ах дүүгийн  уламжлалт найрсаг харьцаанд сэв суулгачихгүй гэсэн санаа бодлоготой шууд холбоотой бололтой…Гэсэн хэдий ч өнөөдөр ОХУ-д ч энэ талаар гол гол түүхэн баримт сэлт олон түмэнд төдийгүй, мөн гадааадын эрдэмтэн судлаачид, олон нийтэд нэгэн адил ил тод, чөлөөтэй болсон юм гэлтэй...
ОХУ-ын судлаачдын тэмдэглэснээр бол : "... Хэрвээ ЗХУКН-ын ТХ-ны Улс Төрийн Товчооны эдгээр нэрсийн жагсаалтуудтай ажиллаж асан хандлага үндсэн механизмуудын талаар харьцангуй ойлгомжтой байгаа бол ялангуяа "их харгислалын”  үед аюулаас хамгаалах байгууллагад эдгээр нэрсийн жагсаалт хэрхэн бүрэлдэж асан тухай зарчмууд болон нэрсийн жагсаалт болон хавтаст хэрэг шүүхийн байгууллагуудад шилжиж байсан цаашдын арга замууд нь – тэр бүр тодорхой бус хэвээр...” байсаар байна.  Оросын судлаачдын тэмдэглэснээр бол "эцэст нь бидний одоохон доо хөндөж тавиагүй байгаа энэ асуудлын хувьд авч үзэх асуудал бол: нэрсийн жагсаалт дахи мөр бүрийн ар дахи (овог, эцгийн нэр, нэр бүрийн ард) тодорхой хувь хүний хувь заяа байгаа гэдгийг онцлон тэмдэглэж, огтхон ч мартаж болохгүй билээ. ...Хэдийгээр нэрсийн жагсаалт дахи хувь хүмүүсийн намтар түүхийг сэргээн босгох нь онц хүнд хэцүү мөн алс холын тэртээх алслагдсан он жилүүдийг судлах нөр их хөдөлмөр болох хэдий ч гэсэн, зөвхөн энэ нь л нэрсийн жагсаалтад хийх судалгааны хүмүүнлэг шинж чанар,  агуулга ...чухам үүнд л орших ажээ.   
    ..."Нэрсийн жагсаалт”-ын дагуу шүүн шийтгэх ёс журам буй болсон уг сурвалж бол юуны өмнө шүүх шийтгэх ажиллагааны хялбарчилсан процедурын үндэс болох Бүх Холбоотын Төвийн Гүйцэтгэх Хороо болон Ардын Комиссириатуудын Зөвлөлийн хамтарсан 1934 оны арван хоёрдугаар сарын 1-ний тогтоолтой салшигүй холбоотой байх ажээ. ...1934 оны 12-р сарын 1-ний хуулиар бол ялыг давж заалдах байдлыг үл зөвшөөрч байсан бөгөөд өршөөлийн тухай өргөдөлийг ч хүлээж авах ёсгүй байсан гэнэ. Ийм хэргүүдэд оноосон цаазаар авах ялын төлөвлөгөөг тэр даруй гүйцэтгэж байсан ажээ.
Хэрэг шийдвэрлэх шинэ хэм хэмжээнүүд нь ийм байдлаар улс төрийн хэрэгт оноох цаазаар авах ялыг  илүү дутуу зүйлгүй, гадна тал даа шүүх үйл ажиллагааны дүр төрхийг хадгалан харагдуулахуйц байдлаар дүр эсгэн түргэн гүйцэтгэх бололцоог олгож байсан байх юм.  
"...1934 оны 12-р сарын 1-ний хуулийг практик амьдрал дээр эхлээд хэрэгжүүлж хэрэглэх явдал нь тохиолдлын шинж чанартай байсан бөгөөд ялангуяа ихэвчлэн зарим тусгай онцгой том сүр дуулиантай хэргүүдтэй холбогдож байлаа…”."…Тухайлбал, ийм жишээ бол, шинэ ёс журамыг Леонид Николаев буюу С.М.Кировыг алсан гэх хэрэгтэнд 1934 оны арван хоёрдугаар сард мөн түүнчилэн 1935 оны 7-р сарын 27-нд ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн хаалттайгаар явагдсан "Кремлийн хэрэг” гэгдэх хэрэгийн шүүх хурлын үеэр тус тус анх удаагаа хэрэглэж ирсэн байх юм.
"Кировын хэрэг” нь Монголд "Лхүмбийн хэрэг”-ийг явуулахад үлгэр жишээ болж өгсөн бололтой …Энэ хэргийн дараа удалгүй 1934 онд "Лхүмбийн хэрэг” сүр дуулиантайхан хэрэгжиж эхэлсэн бус уу ?! …
Энэ хэргийн гол захиалагч эзэд нь дотно, мөн гадна нэгэн зэрэг байсан гэлтэй…Түүний урьдчилсан гадаад улс төрийн түгшүүртэй нөхцөл байдал болсон Японы империализм”-ын аюул занал ч бодитой оршиж байсан энэ хэргийн захиалагч нарт аятай таатай нөхцөл бололцоог олгож өгсөн байсан бололтой …
     Ер нь иймэрхүү хэрэг зохион байгуулах талаараа гаршиж мэргэшсэн НКВД –гийнхэн Монгол хувилбарыг нь тэр дор нь л өөрийн монгол дахи мэргэжил нэгтнүүд дээ зааж сургаж өгсөн бусуу …
"Хялбарчилсан ёс журмыг” анх удаагаа бүр илүү өргөн хүрээнд хэрэглэх оролдлого 1936 оны намар анх удаагаа Ежовыг ЗХУ-ын Дотоод Хэргийн Ардын Комиссараар томилогдсоны дараахан болсон байна.
 "Нөхөр Ежовын асуудал бол. Нөхөр Ежов болон Вышинскийн троцкист – зиновьевскийн хувьсгалын эсэргүү террорист байгууллагын идэвхитэй оролцогчид болох нийт 585 хүнийг шүүн цээрлүүлэх арга хэмжээний тухай саналыг зөвшөөрөн санал нийлж байгаа” талаархи асуудлыг шийдвэрлэжээ. (жинхэнэ эх дээрээ "Зөвшөрсөн. Каганович, Молотов, Постышев, Андреев, Ворошилов, Ежов” хэмээн гарын үсгээ зурцгаасан ажээ – зох.).         
Үүнд хоёр зүйл дээр анхаарал хандуулах хэрэгтэй.
-    нэгд; иймэрхүү шийдвэр нь анх удаагаа Улс Төрийн Товчооны хуралдааны протоколын хуулбар маягаар хэлбэржээгүй /албан ёсны болгоогүй –зох./ байсан бөгөөд иймэрхүү протоколуудын нэгэн адилаар реквизитгүй (протоколын №/ өдрийн хуралдаанаар авч хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд № дугаарлаж оруулагүй байсан ажээ) ; -хоёрдугаарт; энэхүү тогтоолд яригдах асуудал бол шүүн хэлэлцэх хэргийг "хялбаршуулсан ёс журамыг” баталгаажуулах тухай асуудал ч бус, харин шулуухан "шүүн цээрлүүүлэх арга хэмжээний” тухай буюу өөрөөр хэлбэл ял шийтгэлийн талаархи асуудал байжээ.
Иймэрхүү маягаар Ежовын анхны оролдлогоор л нэрсийн жагсаалтыг нэг бүрчлэн баримтлах процедурыг илүү дутуу хэлбэрдэлгүйгээр /формальностьгүйгээр/ хүндрүүлэлгүйгээр, "шулуухан дардан” болгох, хариуцлагатай хэргийн шүүн хэлэлцэх  шийдвэр гаргах төвийг нь Дээд Шүүхийн Цэргийн Коллегиос шууд Улс Төрийн Товчооны эрх мэдэлд шилжүүлсэн явдал байжээ. Үүнээс хойш намын дээд удирдлагын шудрага шүүхийг хэрэгжүүлэх хамгийн их хэрэглэгдэх ял шийтгэлийн цорын ганц  зөв хэм хэмжээ бол ямар байсан бэ? гэвэл чухам Улс Төрийн Товчоо буудан алах ялы шийтгэлийг илүүд үзэж байжээ.
Эдгээр анхны нэрсийн жагсаалтаас, оросын судлаачдын үзэж байгаагаар бол, цаг хугацааг нь тодорхойлоогүй хоёр хэсэг бусаг баримт олдсоноос, 1937 оны ерөнхий нэрсийн жагсаалтад хавсаргасан байсан (Т.5.Л.373–375-ыг) бөгөөд нэрсийн дансанд цаг хугацааг нь тодорхойлоогүй 1937 онд хамаарах нэгдсэн жагсаалт байлаа. Эдгээрийн эхнийхэд 114 хүний нэрс байсан бөгөөд тэднийг Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн явуулын хуралдаанаар 1936 оны 10-р сарын 10-11-ний өдрүүдэд Ленинград хотноо шийтгэсэн байх юм. Мөн хоёр дахид нь 33 хүнийг мөн шийтгэсэн байх бөгөөд эдгээрээс 29-ийг нь Москва хотноо 1936 оны 10-р сарын 8-нд буудан алсан байжээ.
...1937 оны 2-р сараас эхлэн Улс Төрийн Товчоо шийтгэгдэх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг байнга батлан шийдвэрлэх болсноор, өөрөөр хэлбэл ихэвчлэн буудан алах ял оноож асан Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн ялыг батлах болсон ажээ. Ингэхдээ процедур нь улам бүр камерын шинж төлөвтэй байх болжээ. Урьдчилан төлөвлөгдсөн ял шийтгэл бүхий дэс дараалан нэрс бүхий нэрсийн жагсаалтыг Сталин өөрөө хийгээд мөн түүний ойр дотны хамтран зүтгэгчид нь хэрэгжүүлдэг байсан бөгөөд Улс Төрийн Товчоо формал шийдвэр гаргахыг үүнээс хойш больсон байх бөгөөд түүний үүргийг "тийм” аль эсвэл "үгүй” гэх цөөн хэдхэн хүний шийдвэр бүхий гарын үсэгтэй цохолт л шийдэх болжээ...
...Ийнхүү, тодорхой хэлбэр бүхий схемд орсон, улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн үйл явц, буй болжээ – уг нэрсийг бүрэлдүүлж /оформление/, нэрсийн жагсаалтыг НКВД – (Н.И.Ежов) танилцуулдаг бөгөөд түүнийг нь Дээд Шүүхийн Цэргийн Коллегиос (В.В.Ульрих) албан ёсны болгож асуудлыг шийдвэрлэдэг байсан бололтой. Энэ процедур нь 1938 оны 9-р сарыг хүртэл зогсолтгүй (баарахгүй)–гээр ажиллаж байжээ.Хожим Улс Төрийн Товчооны гишүүдэд очиж байсан нэрсийн жагсаалтыг НКВД-гээс бэлтгэн гаргаж байсан бөгөөд тэр нь төв аппаратын хэлтэс тасгуудад хийгээд мөн бүс нутгууудын хэлтсүүдээс төвд ирсэн баримт материал дээр үүсэн буй болдог байсан ажээ. Орон нутгаас зарим нэг баривчлагсдыг нэрсийн жагсаалтад оруулах  тухай асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байсан нь Дотоод Хэргийн Ардын Комиссириатын М.П.Фриновскийн 1937 оны 8-р сарын 7-нд гаргаж асан шийдвэр заавраас хараад тодорхой харагдаж байх юм. Тэрвээр орон нутгийн дотоодыг хамгаалахын хэлтэс тасгуудад баривчлагдсан хүн бүхинй талаар тодорхой лавлагаа гаргаж байх, овог, эцгийн нэр, өөрийн нэр, тодорхой удирдамжийн өгөгдхүүн буюу установочный данный буй болгох, ял буруутгагдах шалтаг шалтгааныг гаргах, гэм зэмийг юугаар батлагдаж байгааг тодорхойлох, (мөн гэм буруутан буюу хэрэгтэн энэ бүхнийг ухамсарласан эсэх үгүй) гэх зэрэг энэ бүх лавлагааг ЗХУ-ын ДХАК-д (НКВД-д) жагсаалтын хэлбэрээр цахилгаанаар илгээх удирдамж заавар өгсөнөөс харж болмуй. Ийм байдлаар, магадгүй, төвийн жагсаалт бүрэлдэн буй болсон гэлтэй, - ямар нэгэн хэрэг мөрдөж асан тасаг хэлтсүүд эхлээд хэрэгтэний талаар тодорхой лавлагааг гаргах болж, дараа нь энэхүү лавлагааг наркоматын төв аппаратад буй болон байгуулагдсан "тусгай бүлэг”-т дахин боловсруулахаар шилжүүлэн өгдөг ёс журам буй болсон байна. Энэхүү групп буюу тусгай бүлэг нь Улсыг Аюулаас Хамгаалах Байгууллагын Ерөнхий Газрын бүртгэл-тооцооны хэлтсийн (учетно-регистрационный отдел Главного Управления Государственной Безопасности -- ГУГБ) тусгайлан томилогдсон албан хаагчидаас бүрэлдсэн байх нь үзтэл илэрхий байсан ажээ. Хуримтлагдсан эдгээр лавлагаан дээр  "тусгай бүлгийнхэн” дотор нь ангилан ялгаж, урьдчилан (багцаалж) төлөвлөж байгаа ялын зүйл анги хугацаагаар нь зэрэглэн ангилж ("разбивка на категории” –зох.) дотор нь (1-дүгээр ангилал – буудан алах, 2-р ангилал – 10 жилийн хорих ял, 3-р ангилал – 5-8 жил хоригдох ял гэх зэрэг) байсан ажээ. Н.М.Шверникийн хэмээн 1960-аад онд нэрлэгдэж асан комиссийн үзэж аснаар бол "ялын шийтгэлийн арга хэмжээний асуудлуудыг ЗХУ-ын ДХАК-ын Газар (НКВД), ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн дарга Ульрих болон ЗХУ-ын Прокурорын орлогч Рогинский нарын зүгээс урьдчилан шийдвэрлэж ирсэн байх ажээ (юм).  Бидэнд харамсалтай нь энэхүү үйл ажиллагааны талаар нэмэлт өгөгдхүүн баримт сэлт байхгүй бөгөөд мөн ийм хэлбэр төдий буюу албан ёсны байгууллага байсан эсэх нь ч тодорхойгүй байсаар байна. Зөвхөн гагцхүү ганцхан зүйлийг тодорхой хэлж болох нь – Сталинд дээр аль эрт урьдчилан бэлэн болгож боловсруулсан жагсаалтууд очдог байсан байх бөгөөд тэр нь яллах зэрэглэлээрээ ялгагдан хувагдсан, хэлмэгдсэн хүний зөвхөн овог, эцэгийн нэр, мөн өөрийн нэрийг нь бичсэн байдаг байжээ. Ерөнхий дөө, нэрсийн жагсаалт маань, ихэвчлэн өөр хоорон доо нэгэн адил ижил байлаа. Эхний хуудсанд (нүүр хуудсанд) "ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн шүүхээр орсон хүмүүсийн нэрсийн жагсаалт” хэмээн бичсэн байдаг ба зарим үед товчхон "Жагсаалт” хэмээх нь ч буй. Хоёр дахь хуудсан дээр нэрсийн жагсаалтад орсон хүмүүсийн өөр дотор нь зэрэглэл болгон хуваан бичсэн болон мөн нутаг дэвсгэрийн харьяалалаар нь ялган хуваасан байдаг ажээ. Дараа нь орон нутгаас бүрдүүлж ирсэн нэрсийн жагсаалт үргэлжилдэг бөгөөд   нэр бүхэн шинэ хуудаснаас эхэлдэг байх ба түүнийг категори зэрэглэлд хуваасан байх буюу 1937 оноос эхлэн 3-р категори нь бүрмөсөн арилсан байх юм. 1937 оны хавар болон зуны эхээр бүрдүүлсэн нэрсийн жагсаалтаас эхлээд: «троцкистууд», «баруунтангууд», «децистүүд», «брандлеровчууд», «меньшевикүүд», «эсерүүд». Түүнээс хожмын нэрсийн жагсаалтуудад "гэмт хэргийн шинж чанар”-аар нь тэгтэл ялган салгаж байгаагүй бололтой хэмээн судлаачид дурьдсан байдаг ажээ. Гадаадын харьяат нарын хэрэг бүрдүүлэлт арай л өөр байсан гэлтэй ажээ. Тэдний хэрэг ихэвчлэн биенэ даасан бүлэг болон ялгардаг байсан байх ба гэхдээ амьдарч байсан ЗХУ-ын бүс нутагтаа мэдээж хамаарч байлаа. Тухайлбал, Ө.Бадрах, З.Шижээ, Мэнд, Жадамба мэт бүгд Москва дахь бүс нутгийн хэрэг бүртгэлд хамаарагдаж байжээ. Тухайлбал, тэдний талаар тусгай хуудсан дээр харьцангуй илүү дэлгэрэнгүй лавлагаа гаргасан байдаг байсан ба түүнд нь тухайн иргэний иргэний харьяалал, төрсөн он сар өдөр, төрсөн Улс орон газар нутаг, ЗХУ-д амьдарч байсан цаг хугацаа, хийж гүйцэтгэж байсан ажил алба, түүнийг ялласан шалтгаан болон өөрийн гэм бурууг хүлээсэн болон эс хүлээсэн зэргийг тодотгож өгсөн байдаг байлаа. Нэрсийн жагсаалтад хугацааг нь хэрхэн бичиж байсан талаар онцгойлон хэлэх хэрэгтэй ажээ. Зөвхөн 1937 оны эхний хагаст бүрэлдсэн нэрсийн жагсаалтуудад л зөвхөн цаг хугацааг хавтсан дээр нь тов тодорхой буюу бүрэн дүүрэн бичиж байснаас биш,  хожим хугацаа өнгөрөх бүр зөвхөн он сарыг нь тэмдэглэх болж, мөн хугацааг нь гараараа бичдэг байлаа. Тэрнээс биш бичгийн машинаар бичдэггүй ажээ. Мөн  зарим хэргүүдийн цаг хугацааг нь огтхон ч тэмдэглээгүй байх юм.
...Зарим тохиолдлуудад сарынх нь тоог өөрчилсөн байх юм (жишээ нь Челябинской мужийн нэрсийн жагсаалт ийм байжээ (Т.2. Л.65). Бичгийн машинаар 1937 оны 4-р сар хэмээн бичээд дараа сарыг нь дарсан байх бөгөөд 22/VII хэмээн гараараа зассан байх ажээ); зарим тохиолд мөн бичгийн машинаар бичсэн он цаг байхгүй буюу гараараа л бичсэн байх ажээ (Т.3. Л.164).
Гадаадын иргэдийн бичиг баримтуудыг (албан ёсны болгох - Г.А.) бүртгэх явдал нь арай ялгаатай буюу арай өөр байсан ажээ. Тэднийг (гадаадынхныг – Г.А.) тусгай групп буюу бүлэглэн авч үзэх буюу (гэлээ ч гэсэн зохих буюу харьяалагдах бүс нутгийнхаа мөн нэрсийн жагсаалтад бас давхар хамрагдаж байв – Г.А.), хүн бүрийн хувьд тусгай хуудсан дээр харьцангуй илүү тодорхой (буюу дэлгэрэнгүй – Г.А.) лавлагаа гаргасан байх агаад, тэр хүний иргэний харьяалал, төрсөн он  болон төрсөн газар, ЗХУ-д амьдарсан нийт хугацаа, эрхлэх ажил төрөл, мөн түүнчилэн ялын мөн чанар,  мөн өөрөө өөрийн гэм бурууг хүлэсэн (эс хүлээсэн – Г.А.) зэргийг  бичсэн байдаг ажээ. Нэрсийн жагсаалтын цаг хугацааг онцгойлон хэлэх хэрэгтэй. Мөн эдгээрийн цөөн хэдэн нь л цаг хугацааг нь бүрэн бүтэн (ихэвчлэн 1937 оны эхний хагаст – Г.А.) бичсэн байдаг цааш даа зөвхөн сар болон он жилийг нь бичгийн машинаар бичдэг байсан, харин өдрийг нь гараараа нэмж бичдэг байжээ. Зарим тохиолдолд сарыг нь засдаг байжээ. Зарим тохиолд сарыг нь бичсэн хэдий ч мөн зассан байх агаад жишээтэй...
...1937 оны эхний хоёр жагсаалт – 2-р сарын 27-ны болон 3-р сарын 19-ний – НКВД-гийн удирдлагын хэний ч гарын үсэггүй байлаа. Цааш даа нэрсийн жагсаалт тус бүр тус тус даа (бүс нутаг болон зэрэглэл гэх мэтээр нэрийн жагсаалтын данс тус бүрээр хамруулан авч үзсэн байна – Г.А.) Улс Төрийн Товчоо руу явуулахын өмнө 1937 оны 6-р сараас 7-р сарыг хүртэлхи хугацаанд ардын комиссириатуудын зөвлөлийн хариуцлагатай  түшмэлүүд гарын үсэг зурж байсан. Тухайлбал : НКВД-гийн ГУГБ –гийн (улс төрийн нууц) 4-р хэлтсийн дарга, мөн оны 8-р сараас – (тоо бүртгэл – тооллогын хэлтсийн ) ГУГБ-гийн 8-р хэлтсийн дарга, 1938 оны 7-р сард – СССР –ын НКВД-гийн – 1-р тусгай хэлтсийн дарга нар тус тус гарын үсэг зурдаг байжээ. Тухайлбал, тус албадын дарга нар асан В.М.Курский, С.Г.Гендин, Я.А.Агранов, М.И.Литвин, Л.Н. Бельский, В.Е.Цесарский, И.И.Шапиро нарын зэрэг хүмүүс зөвшөөрөл олгож гарын үсэг зурдаг байжээ. 1937 оны 8-р сарын 14-ны нэрсийн жагсаалтуудад Ежовын орлогч Фриновский гарын үсэг зурсан (эхний үед гарын үсэг – автограф, хоёр дахид нь - бичгийн машинаар бичсэн байна)...Гарын үсэг зурсан баримтууд нь Ежовын дагавар бичигтэй Сталин дээр очдог байсан бололтой. Хадгалагдаж үлдсэн хоёр загвар дээр үзэхэд тэднийг цаасны тасархай дээр маш хурдан боловсруулсан бололтой, нэг их албан бус шинж чанартай байжээ. Улс Төрийн Товчооныхны нэрсийн жагсаалтыг авч хэлэлцэж, баталдаг байсан дотоод журамыг өнөөдөр  бодитоор (практик - Г.А.) дээр сэргээн гаргах ямар ч боломжгүй ажээ. Гэхдээ эдгээр нэрсийн жагсаалтуудын дотроо агуулж байгаа мэдээллүүд нь тухайн цаг үед Улс Төрийн Товчоон дээр эдгээр асуудлуудыг хэлбэрдэлгүйгээр, нууц бөгөөд далд байдалтайгаар шийдэгдэж байсан тухай тэмдэглэсэн гэлтэй.

Улс Төрийн Товчооны нэрсийн жагсаалтыг
баталж байсан тухай

Улс Төрийн Товчооны гишүүд нэрсийн жагсаалтыг авч хэлэлцэх болон батлах дотоод  журамын дагуу Улс Төрийн Товчооны хуралдааны протоколд бүртгэгддэггүй байсан ба ямар нэгэн шийдвэр маягаар хэлбэрждэггүй байв. Тэр ч байтугай Улс Төрийн Товчооны ажил хэрэгт ордоггүй байсан тул – НКВД-эд буцажаж өгдөг байсан ажээ.    Нэрсийн жагсаалтыг авч хэлэлцэх үед Улс Төрийн Товчооны нийт бие бүрэлдэхүүн оролцдоггүй байв. Харин Улс Төрийн Товчооны гишүүдээс Сталинд хэн илүү ойр дотно тэр хэдхэн хүн л оролцдог байлаа. Тухайлбал, бид  М.И.Калинин, А.А.Андреев, В.Я.Чубарь нарын гарын үсгийг олж хараагүй, харин Улс Төрийн Товчооны орлогч гишүүн Ждановын нэрийг олонтаа харж болох байна. Нэрсийн жагсаалтыг хамгийн "уншигчид”-ын тоонд Сталин ба В.М.Молотов нар орох ажээ. Гэхдээ гарын үсгийн тооныхоо давтамжаар бол Молотов Сталинаас чч илүү буюу 372 удаа гарын үсэг зурж байснаараа тэргүүлдэг байв. Сталины биечлэн "зөвшөөрсөн” хэмээн гарын зурсан тоо 357 удаа ажээ. Л.М.Каганович бол 188 удаа, К.Е.Ворошилов – 185 удаа, А.А.Жданов бол -176 удаа, А.И.Микоян бол - 8 удаа, хожим буудуулж алагдсан С.В.Косиор – 5 удаа гарын үсгээ зурсан байх жишээтэй.
8 нэрсийн жагсаалт дээр Ежовын нэр байх бөгөөд (мөн үед тэр энд Дотоод Хэргийн Ардын Комиссар бус харин ЗХУК-ын ТХ-ны Нарийн Бичгийн даргын хувьд гарын үсэг зурж байжээ.). Ежов гэхдээ нэрсийн жагсаалтыг батлахад ихэвчлэн оролцож байсан хэдий ч, хаяа нэг л гарын үсгээ зурдаг байсан бололтой. Тохиолдлын журмаар энэхүү "нарийн” чимхлүүр бөгөөднууц асан ажлын гэрч байсангүй гэлтэй ажээ.  
1937-1938 онуудад хэрэгжүүлж асан 51 хэргийн он цаг тэмдэглэгдсэн байх ажээ. Сонирхолтой нь, Сталины Кремлийн ордонд хуралдаж асан цаг хугацаатай нэгэн зэрэг таарч тохирох ажээ. Үүнийг Кремлийн хуралдааны ирцийн бүртгэлээс харж мэдэж болно.
10 удаагийн цаг хугацаа нь журналаас харахад Сталин Кремльд хэнийг ч хүлээн авч уулзаагүй 1937 оны 2-р сарын 27, 3-р сарын 27, 5-р сарын 6, 7-р сарын 25-26-, 11-р сарын 13, 12-р сарын 22-ны өдрүүдэд, мөн 1938 оны 2-р сарын 9, 9-р сарын 29*-ны өдрүүдтэй давхцах ажээ.
Эдгээр он цаг хугацааны ихэнхид Улс Төрийн Товчооны хэлбэр төдий формаль хуралдаанууд болж, он цагийг нь эдгээр хурлын өмнө буюу хойно нь тавьдаг байсан болох нь тодорхой байгаа юм. 1 юмуу 3 удаагийнх нь л чухамхүү хаана хуралдаан явагдсан, нэрсийг хаана баталсан байх нь тодорхойгүй байлаа гэжээ. Таамгаар бол эдгээр уулзалтууд нь Сталины зуслан дээр юмуу аль эсвэл бүр огт хуралдаагүй ч байж болох талтай. Ежов юмуу аль хэн нэг нь түүний даалгавраар Улс Төрийн Товчооны гишүүдийн гарын үсгийг өөрөө очиж зууруулж байсныг үгүйсгэх аргагүй.  
 Ихэвчлэн Сталин анх түрүүлж гарын үсгээ зурах бөгөөд түүний араас бусад нь дагаж гарын үсгээ зурдаг байлаа. Гэхдээ мөн Сталины гарын үсэг огт байхгүй тийм тохиолдол ч мөн бас байсан юм. Тийм тохиолдолд эхлээд Молотов дараа нь Ждановын гарын үсэг байдаг байв. Өөрсдийн зөвшөөрсөн  хийгээд нэрсийн жагсаалтыг баталсан тухай он цаг хугацааг ихэвчлэн хавтаст хэргийн хавтсан дээр нь тавьдаг байжээ. Харин маш цөөн тохиолдолд зөвхөн хувь хүний нэрийн ар талд нь Сталин болон түүний хамтрагч нар гарын үсгээ зурдаг байлаа. Гэхдээ энэ нь ихэвчлэн анхны үед ажээ. Ерөнхий тогтоол шийдвэрүүдийн дотор гарын үсгүүдийн хамт, ердөө хоёрхон удаа л Сталины бичсэн : "төмөр замчдын хувьд тэдний ялын тухай тогтоол болон гүйцэтгэсэн тухай нь орон нутгийн хэвлэлд нийтлэгдсэн байвал зүгээр. Гүйцэтгэхийг зөвшөөрч байна. Сталин” гэжээ. (Т.1.Л.114.харин төмөр замчдын хэмээх үгийг нөгөө талын гараараа бичсэн байх ажээ). "138 хүнийг буудахыг зөвшөөрнө. Сталин” (Т.9. Л.211.). Цөөн үгээр урам зоригтойгоор 1936 онд бичсэн нэгэн нэрсийн жагсаалт дээр "Баяр хүргэе! Каганович” (Т.5.Л.373.) хэмээн бичсэн ч буй.       
Сталин болон Молотовын нэрсийн жагсаалтад нэмж оруулсан тогтоолууд, тэмдэглэгээнүүд ба засварууд нь онцгой анхаарал татааж байна. Урьд өмнө төлөвлөгдсөн ялыг нь өөрчилсөн тохиолдлууд олонтаа таарна - ялыг нь эсвэл зөөлрүүлсэн, эсвэл чангатгасан тал руу нь хандуулсан гэх мэт.  
Зарим даа хэн нэгэн хүний овог нэрийг дарсан байх (97 тохиол) ба мөн доогуур нь тодотгож зурсан, мөн овгийнх нь дэргэд тодотгосон тэмдэглэгээ тавьсан байх, энэ нь ихэвчлэн хоёрноос нэгийг нь шилэх боломжтой байх ял оноосон ("10 жилийн”, "25 жилийн”, "Дээд Хэмжээ Оноох” буюу "ВМН” "бууд.[ан алах]), "германы харьяат, тэдэнд хамаарах журмын дагуу шийтгэ”) гэх мэт байсан, аль эсвэл мөн гаргасан шийдвэрийг тайлбарлахыг шаардсан байх ба түүний ажил хэрэгч болон сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллийг харж болох ("одоохон доо хүлээ”,  "хүлээ”, "хойшлуулах”, "Москвад урьдчилан дуудаж авч ирэх” эсвэл бүр "зодоод бай, зодоод бай”) ажээ.
Хүмүүсийн хувь заяа (хувь зохиол)-г өөрчлөхөд Сталин хийгээд Молотовын хувийн харьцаа хандлага нөлөөлж байсан эсэх тухай нь тодорхойгүй, аль эсвэл үүнд ямар нэгэн улс төрийн (шаламгай) тооцоо, байсан эсэх нь одоохон доо тодорхойгүй байх ажээ.

Ялыг /албан/ хууль ёсны болгож,
ялыг гүйцэтгэж байсан тухай

"...Дотоод Хэргийн Ардын Комиссириатаас нэрсийн жагсаалтын дүнг авч хэлэлцсэний дараа Дээд Шүүхийн Цэргийн Коллегид шилжүүлдэг байсан, тэнд 1934 оны 12-р сарын 01-ний хуулийн дагуу хэрэг болон ялыг өмнө тодорхойлсон зэрэглэлийн хүрээнд тогтоодог байжээ. Хэргийг Москва руу хэрхэн шилжүүлдэг байсан нь бидэнд тодорхойгүй. Орон нутгийн захиргааны удирдлагад дүнг нь урьдчилан цахилгаан утсаар илгээдэг байсан бөгөөд хэргэтний овог, нэр, хамаарч байсан хэргийн зэрэглэлийг нь зааж өгсөн байдаг байв. Үүний дараахан л Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн явуулын шүүх хуралд хавтаст хэргийг шилжүүлдэг байжээ.  Ер нь шүүх үйл явц дээд зэрэгтээ хялбаршуулсан байсан нь хэлбэрдэх төдий л зүйл болж хувирсан байлаа.
Гэхдээ Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн хуралдааны болон явуулын шүүхийн хурлын протоколууд өнөөг хүртэл хаалттай хэвээр байсаар байгаа ажээ. Гэхдээ одоо мэдэгдээд байгаа баримтуудын хүрээнд авч үзэхэд хэргийг шүүх ажиллагааны баримтжуулалт эртнээс бэлтгэгддэг байсан нь тодорхой харагдаж байгаа бөгөөд нэг хүний хэргийг шүүхээр хэлэлцэх үргэлжлэх хугацаа нь 5-10 минутад л багтддаг байжээ. Ховор тохиолдолд хагас цаг болдог байлаа. Энэ богинохон хугацаанд шүүгч нар хэрэгтэнд түүний эрхийг тайлбарлан, ялын шийдвэрийг уншин сонсгож, гэм буруугийнх нь мөн чанарыг тайлбарлан өгч,  хэрэгтний хийсэн хэрэгтээ хэрхэн хандаж буйг нь тодруулж, түүний мэдүүлэг хийгээд эцсийнх нь үгийг сонсдог дараа нь зөвлөлдөх өрөөнд орж, тэнд ялыг нь бичиж, шүүхийн танхимд эргэж ирээд түүнийг нь уншин сонсгодог байжээ. Ер нь бол хэрэгтэнд ялыг нь тэр дор нь бараг хэлдэггүй, тэд өөрсдийн хувь заяа/-ныхаа/ талаар цаазаар авахуулахынхаа өмнө л мэддэг байжээ”.  

2. Сталин монголын удирдагчидыг
биечлэн гарын үсэг зурж,
шийтгэж байсныг нотлох
түүх архивын нэгэн нууц баримтын тухай …

…Сталин монголын удирдагчидыг биечлэн гарын үсэг зурж шийтгэж байсаныг нотлох түүх архивын нэгэн нууц баримтын тухай …
…Энэхүү илтгэлийг бичих болсон учир холбогдол нь чухам даа энэхүү түүх архивын баримтын нууцлалын зэрэг хийгээд түүний тэр бүр олонхи түүхчид олж гаргах боломжгүйд байгаад оршино …
Ер нь судлаачийн хувьд авч үзэхэд энэхүү түүх архивын баримтын бас нэгэн сонирхол татах асуудал /нь/  бол уг түүх архивын баримт өөрөө байх буюу түүнд ЗХУ-ын тэргүүн Сталин гарын үсэг зурсан зэргээс гадна мөн түүнийг хэрхэн гаргаж ирсэн ч бас сонирхолтой байх мэт …
Мөн энэхүү түүх архивын баримт бол улс төрийн түүх судлал хийгээд хэлмэгдэл судлалын түүхийн хүрээнд шинэлэг нээлтийн шинж чанартай хэмээн үнэлж болох буй заа хэмээн  түүхч судлаач хүний хувьд дүгнэн үзэж буй юм …
Энэ түүх архивын баримтыг ОХУ-д жирийн нэгэн монгол судлаач эрдэмтэнд үзүүлэх гэхээсээ илүү, үзүүлэхгүй байх хангалттай олон шалтгаан, улс төрийн хувьд ч, үндэсний хувьд ч, олон улсын харилцааны хувьд ч, санхүүгийн хувьд ч … олон талтайгаар …хангалттай гэж хэлэхэд буруутахгүй бизээ …  
    Монгол, монгол хүн, монголчуудын буюу монгол үндэстний хувь заяа XX зууны хувьд, тэр дундаа 20-30-аад оны үед хир зэрэг ноцтойгоор зөрчигдэж байсан тухай түүхэн баримт архив түүхэнд хангалттай хэдий ч гэсэн, харь нутагт чухамхүү, монгол иргэдийн, тэр байтугай монголын удирдагч, улс төрийн зүтгэлтнүүдийн эрх ашиг, хувь заяа юутай эмгэнэлтэйгээр, хүний эрхийн хувьд ч, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд ч, ер нь жирийн хувь хүний хувьд хэрхэн хохирч, хэлмэгдэж байсан талаар баримт нууц хэвээр үлдсээр иржээ.  
ОХУ-д өнөөдрийг хүртэл монгол ирэдийн түүх архивын мөрдөн байцаалтын болон хэрхэн шийтгэж ирсэн баримтуудыг нууцалсаар ирсэн бөгөөд зөвхөн тоотой хэдийг жил болгон улс төрийн бодлогын агуулгаар ирүүлдэг, үнэн хэлбэл очиж гуйж гувшиж байж олж авдаг гэхэд хилсдэхгүй билээ …   
Жижиг буурай хөгжилтэй Монголын залуу Бүгд Найрамдах Улсын улс төрчидийг үй олноор нь хэлмэгдүүлж байсан нэгэн түүх архивын баримт сэлт бол Сталины гарын үсэг бүхүй энэхүү тушаалын хуулбар буюу тогтоол ажээ…
ОХУ-ын Ерөнхийлөгчийн архивт хадгалагдан буй энэхүү хавтаст хэрэг нь ЗСБНХУ-ын төр засгийн тэргүүн асан Иосиф Виссарионович Сталины БХК/б/Н-ын ТХ-ны Улс Төрийн Товчооны хаалттайгаар хэлэлцдэг байсан нууц хуралдааны протоколын нэгэн хэсэг ажээ …
Энэхүү фонд маш нууц бөгөөд өнөөдөр ч гэсэн тодорхой хэмжээнд хязгаарлалттайгаар ОХУ-ын тусгай судлаач нарт хязгарлагдмал цөөн тоогоор үзүүлдэг байна.
Тухайн үед улс төрийн хилс хэрэгт үй олноороо хэлмэгдэж байсан олон сая хүний нэгээхэн хэсгийн тоонд хамрагдан улс талаар хилсээр хэлмэгдсэн монголын олон тооны удирдагчид1, улс төрчдөөс нийт 40 гаруй хүнийг хэрхэн шийтгэсэн тухай түүх архивын баримт бодит түүхэн үнэний гэрч болон хадгалагдан үлджээ …      
Монгол хүн хэзээ ч үл нэвтрэх бололцоогүй энэ архивын сан хөмрөгт олон жилийн тэртээхи нууц түүхийг хадгалан үлдсэн түүхэн баримт гэрч энэ ажгуу…

"БНМАУ-ын засгийн газрын эсрэг
зэвсэгт бослого бэлтгэж байсан хуйвалдагч байгууллагад”
хамаарах хэмээгдэгч зохиомол хэрэгт монголчуудыг ялласан тухай

1940 оны 9-р сарын 6-нд Берия Дээд Шүүхийн Цэргийн Коллегид дахин 537 хүний хэргийг зөвшөөрөл хүсэж илгээсэн байх юм. Нэрсийн жагсаалтын хавсралтаас харахад 472 хүнд буудан алах ял оноосон байхаас (түүний дотор 412 нь "БНМАУ-ын засгийн газрын эсрэг зэвсэгт бослого бэлтгэж байсан хуйвалдагч байгууллагад” хамаарах), үлдсэн 65 хүн нь 15-аас доошгүй жил хорих ял төлөвлөгдсөн байжээ. Нэрсийн жагсаалтын албан ёсны баримтжуулалт нь урьд өмнөхөөсөө ялгаатай байгаа нь зэрэглэл тус бүр нь тусгай дотуур нүүр хуудастай, дараа нь баригдахын өмнөх албан тушаалыг тусгайлан зааж тоочсон байх ба мөн хуудасны дугаарыг тэмдэглэсэн байсан, мөн баривчлагдсан хүний талаархи лавлагаа хийгдсэн (урьд өмнө лавлагааг зөвхөн гадаадынханд хийдэг байсан, гэхдээ дандаа ч бас биш).  Гэхдээ энэ хэрэгт архивт Улс Төрийн Товчооны ямар нэгэн шийдвэр хадгалагдаж үлдсэнгүй, харин илтгэх хуудас дээр Сталинд "Нөх. Бериягаас”1 хэмээн бичсэний доор Сталины гарын үсэг бүхүй цохолттойгоор тэмдэглэсэн байх ажээ. Хавтаст хэргийг Дээд Шүүхийн Цэргийн Коллегид шилжүүлэх зөвшөөрлийг харахад, ямар ч байсан өгсөн байсан бололтой. Ямар ч л байсан сонгож авсан шалгалтын явцад, энэхүү нэрсийн жагсаалтад орсон олонхи нь цээрлүүлэгдсэн нь тодорхой байгаа юм хэмээн Оросын хэлмэгдэл судлаачид тэмдэглэжээ (зарим нь таамаглаж байснаас ч харгис хэрцгий ял шийтгэл оногдуулсан ажээ)2.
Бериягаас чухамхүү Сталины зөвшөөрлийг авсан эдгээр хүмүүсийн дотор Ө.Бадрах, З.Шижээ, А.Амар, С.Довчин, Д.Лувсаншарав, Р.Мэнд, Ц.Лувсандоной, Д.Догсом, Н.Насантогтох, Г.Дамба, Ц.Дамба, О.Дэжид, Ж.Баясгалан, С.Готов гэх мэт олон арван хүмүүс орсон байлаа...
БНМАУ-ын нам, төр, улс төр, олон нийтийн зүтгэлтэн хийгээд арми, дотоодыг хамгаалахахад алба хашиж асан эдгээр хүмүүсийн зарим нь Коминтернд ажиллаж байсан хийгээд зөвлөлтөд улс төрийн цөллөгт  байх үе дээ  1937 оны 1-р сар 1938 оны 3-р сард Москвад явагдсан "Рыков -Бухарин”-ы улс төрийн хилс хэрэгт дам холбогдон их баривчилгаанд өртсөн бололтой, харин зарим нь Фриновскийн гаргасан нэрсийн жагсаалтад орж ЗХУ-д баривчлагдан хүргэгдсэн хүмүүс байх ажээ...
Эд бүгд Лефортово, Бутырийн улс төрийн гяндангуудад хоригдож байгаад улс төрийн зохиомол, хилс хэрэгт холбогдуулан БНМАУ-ын эдгээр иргэдийг ЗСБНХОУ-ын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 58-ын 1б., болон 58-ын 11-р зүйл ангиар (ст.ст. 58-1б, 58-11 УК РСФСР) шийтгэж 40 гаруйг нь буудан алсан байх юм.
Ийнхүү ЗХУ-д 1934 оноос эхлэн 1941 оныг хүртэлхи цаг хугацааны дотор ид явагдаж байсан "сталинизм”-ын улс төрийн хилс хэлмэгдүүлэлт нь мөн цаг хугацааны дотор "улаан империализм”-ын хор уршиг болж, нүүдлийн, "жижиг хөрөнгөтний” хөгжлийн жам ёсны замаар урагшлан байсан Монгол оронд шууд тусгалаа олсон гэлтэй. Үүний үр дүнд "Лхүмбийн хэрэг”-ээс эгсүүлээд "Гэндэн Дэмидийн хэрэг” хэмээх зохиомол улс төрийн хилс хэрэгүүдийг зохиох доо ЗХУ-д явагдаж Коминтерн хийгээд БХК(б)Н-ын "сталины оппозиц” удирдагчид асан Г.Е.Зиновьев, Л.Б.Каменев нарын 1935 оны "Московский центр” буюу "Москвагийн төв” хэрэг, Н.И.Бухарин,  А.И.Рыков, Г.Л.Пятаков, К.Б.Радек нарын эсрэг 1937 оны 1-р сарын мөн 1938 оны 3-р сарын улс төрийн зохиомол " Пятаков-Радек”-ийн хэрэг, "Рыков-Бухарин”-ы гэх зэрэг хэрэгүүдийн шууд "копия” буюу хуулбар нь болгож байсан ажээ....  Энэ бүхэн нь тухайн үеийн Монгол Улс нь түүхэн орон зай, цаг хугацаа, геополитикийн түүхэн нөхцөл байдлын хувьд үндэсний тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалан хамгаалахад хэрхэн том гүрнүүдийн дэргэд жижиг улс хүнд хэцүү сорилтыг туулж байсныг илтгэх амой…  


Ном зүй :

1.    "Книга памяти жертв политических репрессий” - "Улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн хэлмэгдэгсдийн дурсгалын ном”., Москва., 2006.
2.    "Кто руководил НКВД”-  "ДХАК-ыг хэн удирдаж байв”., Москва., 2007.
3.    ОХУ-ын Ерөнхийлөгчийн Архивын Албаны судалгаанаас.
4.    Г.Ариунболд., "Шар Санжийн хэрэг” буюу Дөрвөдийг тусгаарлаж Автономит Бүгд Найрамдах Улс байгуулах Ө.Бадрахын төлөвлөгөө”, "Батлан Хамгаалах Судлал” сэтгүүлийн 2007 оны №7, 8. /"Зууны Мэдээ” сонины 2009 оны 7-р сарын дугаар/.
5.    Г.Ариунболд., "Ө.Бадрах, З.Шижээгийн "Зүүнгарын Хаант Улсын түүхийн тухай” яриа- /буюу Коминтерний –Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс байгуулах төлөвлөгөө” /1 хэсэг/ -цуврал өгүүллийн үргэлжлэл 2-р хэсэг…- Г.А. "Батлан Хамгаалах Судлал”., 2007. № 2.
6.     Г.Ариунболд.,  Хурандаа Мусатовын мөрдөн байцаалтын нэгэн баримтаас1 …/2-р хэсэг/ "Батлан Хамгаалах Судлал”., 2008. № 1.
7.    2009 оны 11 сар., Тагнуулын Ерөнхий Газар, БХЭШХ-ийн хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал., "Улс төрийн хэлмэгдүүлэлт – Цэргийн албан хаагч”., Г.Ариунболдын илтгэл. , УБ., 2008.
8.     ОХУ-д суралцагчдын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхтгэл. Москва., 2006. Г.Ариунболд. "Ссылка У.Бадраха в Москву” – "Дело Лхумбе” - илтгэл.
9.     ОХУ-д суралцагчдын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхтгэл. Москва., 2006. Г.Ариунболд. "Дело Джунгарского государства” - илтгэл.  


Резюме :

Этот доклад о репрессиях в годы "сталинизма” в СССР и о его последствии в МНР в 30-е 40-е годы ХХ века … В докладе отмечается о правоонарушении юриспруденции СССР и злоупотреблении своими должностными полномочиями высшего руководства Советского Союза в отношении не только к своим гражданам, но и к гражданам близкого  зарубежья, и в том числе в отношении монгольских руководителей - граждан МНР…    
Во-первых; в докладе затронуты вопросы о механизмах  судебного процесса, разбирательства дел граждан СССР и других государств, в том числе граждан МНР в годы репрессии в 30-е 40-е гг. XX века.
Во-вторых; в докладе впервые в Монголии затрагивается решении высшего руководства Советского Союза, а точно именно Сталина /сверхсекретные, уникальное фотодокументы о постановлении начальника НКВД СССР Берии к Сталину за его подписью – авт./  о решении высшей меры наказании – бывших руководителей МНР, политических и государственных деятелей Монголии 20-х 30-х гг. ХХ века.     
Category: эрдэм шинжилгээний бүтээл | Views: 1066 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: