Ц.Оюунгэрэл: Европ, Азиас 120 гаруй үлэг гүрвэлийн үзмэр эх нутагтаа ирнэ - 26 January 2013 - археологийн мэдээлэлийн нэгдсэн сайт
Main » 2013 » January » 26 » Ц.Оюунгэрэл: Европ, Азиас 120 гаруй үлэг гүрвэлийн үзмэр эх нутагтаа ирнэ
13:48
Ц.Оюунгэрэл: Европ, Азиас 120 гаруй үлэг гүрвэлийн үзмэр эх нутагтаа ирнэ



Ц.Оюунгэрэл: Европ, Азиас 120 гаруй үлэг гүрвэлийн үзмэр эх нутагтаа ирнэ
Засгийн газар Үлэг гүрвэлийн төв музей байгуулах нь зөв гэж үзэн үүнийг нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах В.И.Лениний музей буюу хуучнаар "Чандмань” төвд байгуулах шийдвэрийг өнгөрөгч бямба гарагийн хуралдаанаар гаргасан. Энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар болон цаашдаа соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулахаар ямар ажлууд хийхээр төлөвлөж буй талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Манай улс Палентологийн төв музей, парктай болно гэсэн зорилго тавьсан. Харин энэ удаад Үлэг гүрвэлийн музей байгуулахаар болжээ. Байршлыг нь хэрхэн сонгосон бэ?
-Зөвхөн Монголын газар нутгаас олддог гэж болохуйц дэлхийд ховорхон зүйл бол хэдэн эриний өмнө амьдарч байсан үлэг гүрвэл гэх аварга амьтдын араг яс, чулуужсан өндөгнүүд байдаг. Бид өнгөрсөн жил АНУ-ын дуудлага худалдаанаас Трабозаурус батаар буюу Т-Батаар гэх аварга том үлэг гүрвэлийнхээ олдворыг "оллоо”. Үүнээс эхлүүлэн энэ чухал зүйлээ хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ үлдээх талаар нэгдсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарсан.

Бид Палентологийн төв музей, парктай болох, үүнийгээ орон нутагт маш том газар нутагт байгуулах зорилго тавьсан. Энэ саналаа хэд хэдэн аймагт санал тавьсан. Дундговь, Өмнөговь, Төв гээд хэд хэдэн аймгаас ч бидэнд санал ирж байна. Харин яг одоогоор газраа шийдээд өгчихсөн аймаг байхгүй байна. Зарим нь хавар газар гаргаж өгье гэж байгаа юм. Газар шийдэгдээгүй байгаа учир зураг төсөл гараагүй. Гэтэл одоо "Т-Батаар”-ууд маань ирэх гэж байна. Тийм учраас бид эхний ээлжинд үлэг гүрвэлийн олдворуудыг багтаах барилга хайж эхэлсэн.

-Байгалийн түүхийн музейд байрлуулах боломжгүй гэж үзсэн гэсэн?
-Тийм. Яагаад гэвэл Байгалийн түүхийн музейн үлэг гүрвэл багтааж байгаа өрөө хэзээ хэзээгүй нурж унахад бэлэн болсон, хоёр ч удаа акт тавигдсан байгаа юм. Одоогийн байдлаар үлэг гүрвэлүүдийн өндөрт таарах, талбайн хэмжээ нь хүрэх барилга Ленины музейгээс өөр байхгүй байна. Тийм учраас бид Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Ленины музейг Үлэг гүрвэлийн төв музей болгох шийдвэр гаргууллаа.

-Ленины музейг засахад хэр их хөрөнгө мөнгө, хугацаа орох бол?
-Ленины музейн барилга нь 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар төсвийн хөрөнгөөр баригдсан. Тиймээс засвар нэлээн орох нь гарцаагүй. Харин төсөв хөрөнгө одоо л шийдэгдэх байх.

-Т-Батаарыг хулгайлсан гэгдэж буй Эрик Прокопи мөрдөн байцаалтын явцад Монголоос гаралтай өөр таван үлэг гүрвэлийн ховор олдвор байгааг мэдүүлсэн байсан. Ер нь хэдэн үлэг гүрвэлийн үлдвэр эх нутагтаа ирэх гэж байна вэ?
-АНУ-аас Т-Батаараас гадна хоёр Сауролофус, хоёр Овираптор нэртэй үлэг гүрвэлийн яс нэмэгдэж ирэх болсон. Харин Англид нэг араг ясны сураг дуулдаад байна. Европын үзэсгэлэнд гараад 20 жил болсон 90 гаруй үзмэр байна. Азийн үзэсгэлэнд гарч байгаа 26 үзмэр байна. Энэ үзмэрүүд дотор зөвхөн аварга үлэг гүрвэлүүдийг нь тоолбол 12-т хүрч байгаа юм. Та бидний мэдэх Байгалийн түүхийн музейн аварга том үлэг гүрвэлтэй дүйцэхүйц гэсэн үг. Бид энэ бүгдийгээ эх нутагт нь авчирахаар ажиллаж байна. Харин авчирсан хойноо нэг байтугай нэлээн олон музейд байршуулах шаардлагатай болно. Ер нь цаашдаа Үлэг гүрвэлийн үндэсний парк байгуулах хэрэгтэй гэсэн үг.

Харин эхний ээлжинд дэлхийн анхаарлын төвд ороод байгаа Т-Батааруудаа зунаас өмнө музейд байршуулж, жуулчдад үзүүлэхээр зорьж байна. Т-Батаарыг үзэх гэж энэ зун маш олон жуулчин ирэх хандлага ажиглагдаад байгаа учир үүнийг улам өргөн татмаар байгаа юм. Мөн өнөөгийн байдлаар ШУА-ийн палеонтологийн төвд 200, Байгалийн түүхийн мукейд 150 орчим бүрэн болон хэсэгчилсэн хадгалсан  үлэг гүрвэлийн үзмэр байгаа юм.

-Бид одооноос дэлхийгээр тарсан үлэг гүрвэлүүдээ цуглуулж байна. Цаашдаа харин дахин алдаж гаргахгүй байх тал дээр хэрхэн ажиллавал зохих вэ?
-Урьд нь үлэг гүрвэлийн талаар төрийн нэгдсэн бодлого дутагдаж байсан нь үнэн. Үүнтэй нь зэрэгцээд судалгааны байгууллагууд судлаад ирье, музейнүүд үзэсгэлэнд түр байрлуулъя гээд аваад гарчихдаг байж. Өөрөөр хэлбэл үлэг гүрвэлүүдийг нэгдсэн музейн тогтолцоонд оруулаагүй байсан гэсэн үг. Тийм учраас хэн ч нэг бүрчлэн тоолж байгаагүй, хэн хаашаа судлах гээд явсан бүртгэл нь нэгдмэл биш, тэр дундаасаа алдагдаж гээгдэх хандлагатай байж. Тиймээс цаашдаа Үлэг гүрвэлийн төв музейгээрээ дамжуулаад үлэг гүрвэлийн данс хөтөлдөг, олдвор дөнгөж олдонгуут л бүртгэдэг, судалгааны явцад ч үечлэн хөөж бүртгэдэг ийм тогтолцоонд оруулах гээд байна. Тэгээд судалгаа дуусахаар нь музейдээ татдаг болно.

Харин одоо бол судалгаанд байгаа нэртээ маш олон үлэг гүрвэл байна. 40-100 жил болсон ч үлэг гүрвэлийн олдвор байгаа. Энэ бүхнийг бүртгэлжүүлэхийн төлөө л ажиллана.

-Үлэг гүрвэлээс гадна түүхийн онц чухал олдворууд сүүлийн үед их олддог болсон. Тиймээс цаашдаа бас археологийн салбарыг анхаарах хэрэгтэй байх.
-Яалт ч үгүй цаашдаа бас Археологийн төв музей байгуулах шаардлагатай юм билээ. Палеонтлогийн төв музей маань палеонтлогийн олдворууд дээрээ судалгаа хийгээд жишиг гаргачихвал Археологийн төв музейг байгуулах шаардлага угаасаа урган гарна. Мөн л адил одоо бол археологийн олдвор олдонгуут нь бүртгэдэг газар алга. Орон нутагт ч юм уу хаана ч юм бүртгээд байгаагаас алдагдах эрсдэл их байна. Тиймээс зайлшгүй төв музейтэй болж нэгдмэл бүртгэлжүүлдэг болох нь дараагийн том ажил.  

-Үлэг гүрвэлүүд маань яг хэзээ ирэх гэж байна вэ? Ирэхээс нь өмнө музейгээ бэлтгэж амжих болов уу?
-Ирэх тавдугаар сараас өмнө ирэх байх. Үүнээс өмнө нь л музейн хаалгаа нээнэ гээд л ажиллана.

Н.Гантуяа
Category: ярилцлага, нийтлэл | Views: 448 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: