Динозаврын яс юу ч биш гэвэл итгэх үү - 27 August 2012 - археологийн мэдээлэлийн нэгдсэн сайт
Main » 2012 » August » 27 » Динозаврын яс юу ч биш гэвэл итгэх үү
18:26
Динозаврын яс юу ч биш гэвэл итгэх үү


Өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн нутаг "Хадны өвөр" гэдэг газарт эртний байх магадлалтай булш ухсан байна гэх мэдээллийн дагуу шалгахад сэжигтэй зүйл мэдэгдээ
гүй аж. Уг газарт дээхнэ үед нэгэн баян лам амьдарч байсан гэх яриа нутгийнхны дунд байдаг аж. Тэрээр өөд болохоосоо өмнө гэрийн буурин доороо бурхан, хэрэгслүүдээ булсан гэх яриа ч байдаг гэнэ. Харин Онон Балжийн байгалийн цогцолбор газар, сумын төв хоёрын завсарт айлын буурь ухах гэж байсан зургаан хүнтэй таарчээ. Сэжигтэй зургаан иргэд саатуулагдахдаа 1:50000 масштабын нарийвчлалтай газрын зураг, буу, ажлын багажтай явсан гэнэ. Дээрх зургаан иргэн Улаанбаатар хотын харьяат. Ахлагч нь болох 60 орчим настай, Тунгалаг гэдэг эмэгтэйг 20-30 настай таван залуу дагалдаж явжээ. Тэд булш ухан, эртний хэрэгслүүд олдвол Улаанбаатарт зардаг гэж сумын байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналтынхан таамаглаж, айлын гэрийн буурь ухах гэж байсан иргэдийг Дадал сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Харин хэсгийн төлөөлөгч тэднийг шалгаж үзээд булш, гэрийн буурь ухаагүй, эрүүгийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр чөлөөлсөн аж.

Энэхүү баримтыг сөхдөгийн учир нь булш бунхан, хиргэсүүр ухах, түүх дурсгалын өв, бурхан тахил хайх, эртний эдлэл худалдаалах, хил давуулах наймааны бизнес нь маш нууц "далд” явагддаг гэсэн дам яриаг тодруулах гэж зорьсон юм. Дээрх баримтаас харахад баригдсан зургаан сэжигтэн 1:50000 масштабын нарийвчлалтай газрын зураг, буу, ажлын багажтай явж байсан ч талийгаач ламын нуусан эд зүйлийг олоогүй байхдаа баригдсан нь тэднийг аварсан бололтой. Олныг нуршихаа түр хойшлуулан эртний эдлэл, булш бунхан ухаж, бурхан тахил, соёлын өв зэргийг Өмнөд хөрш рүү хил дамнуулан худалдаалдаг байсан нэгэнтэй ярилцсанаа сонирхуулья. Мэдээж түүнд надад үзүүлэх зураг, баримт байгаагүй. Учрыг асуухад "Яалаа гэж өөрийгөө барьж өгөх баримт үлдээх вэ дээ. Тэр бүх зарж борлуулсан зүйлс зөвхөн миний л нүдэнд харагддаг” гэж хариулсан юм. Тэрбээр өөрийгөө Чука гэж танилцуулж, энэ төрлийн бизнес эрхэлдэг нөхдүүд намайг танинаа. Гэхдээ би одоо хаана юу хийж, байгаагаа хэлэх боломжгүй гэдгээ учирласан бөгөөд надтай ярилцсанаасаа хойш тун удалгүй хилийн дээс алхаж, харь нутагт амьдарч байгаа. Түүнтэй ярилцаж суухад "гайхмаар”, "харамсмаар”, "халагламаар” мэдээлэл цөөнгүй байсан ч итгэх эсэх нь уншигч таны л "эрх”...

Сур: Сайн байнуу, хоёулаа эхлээд танилцья

Чука: За тэгье. Өөрөө ямар учиртай хүн гэлээ?

Сур: Би нэгэн сонины сурвалжлагч байна.

Ч: Ойлголоо

Сур: Би өөрөөс чинь хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Боломжтой бол ярилцлага авч болох уу.

Ч: Тэг тэг, асуу асуу

Сур: Анх та өөрийн эрхэлдэг ажлаа эхлэхдээ юу бодож байсан, одоо юу бодож байгаагаа илэрхийлбэл?

Ч: Яг одоогоор эрхэлсэн ажил байхгүй ээ. Хувиараа л байна.

Сур: Би хувиараа хийдэг ажлыг тань л сонирхоод байна л даа.

Ч: Чи алтны тухай асуух гээд байнаа даа. Хамаагүй ээ асуул даа.

Сур: Тийм. Бас түүхийн олдвор олсон тухай.

Ч: Би өөрөө ч сэтгэл эмзэглэж явдагийн хувьд мэдэх юм аа хэлье. Түүхийн олдвороос гадна палеонтологи, археологийн маш сонин, ховор дурсгалт зүйлс хэнд ч хэрэггүй болж байгаатай таарч байсан шүү.

Сур: Энэ асуудлаар таны мэдэх бүгдийг мэдмээр байна. Та хамгийн анх, хэзээ алтанд явдаг болсон бэ?

Ч: 10-аад жил болж байна. 2000 оны эхээр энэ бизнест орж эхэлсэн.

Сур: Та аль нутгийн хүн бэ?

Ч: Би хотын уугуул хүн.

Сур: Нэг л өдөр алт ухаж, их мөнгөтэй болно гээд гэрээсээ гарсан уу?

Ч: Хэн ч тэгж бодох л байх. Миний хувьд би тохиолдолоор энэ ажил руу орсон.

Сур: Яаж?

Ч: Тухайн үед би Улаанбаатар-Увсын чиглэлд фургон машинтай хүн зөөдөг байлаа. Нэг удаа Архангай, Өвөрхангайгаас хоёр хүн миний тэргэнд нэмэгдэж суусан юм. Тэдний яриаг зам зуур сонсож яваад, танилцаж, удалгүй тэдэнтэй хамт явдаг болсон. "Алтны нинжа” гэдэг дээ.

Сур: Хувиараа алт олборлож яваад эртний эдлэл олсон гэж үү?

Ч: Нинжагийн ажлыг 2003 оноос больсон. Хүмүүсийн дам ярианаас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ойролцоо түүхийн өв байгаа гэж дуулаад зургуулаа "доншуучилж” яваад 10-аад эртний ном судар, 22 ширхэг алтан бурхан олсон. Долоон ширхэг нь эрхий хуруун чинээ хэмжээтэй. Хамт явсан нэг залуугийн маань олсон 15 ширхэг бурхан нь мөнгө, зэс цувимал байсан.

Сур: Тэр олсон эртний олдворуудаа дараа нь яасан бэ?

Ч: Зарахгүй, өөр яах вэ дээ. Угаасаа бүгд л зарж байгаа шүү дээ.

Сур: Хаана?

Ч: Энэ бизнест авдаг, зардаг дамжуулдаг, алга хийдэг бүхэл бүтэн дамжлага бий. Дамжлагаар яваагүй хэд нь хил дээр баригдаад байгаа юм. Өдөрт хичнээн юм хилийн чанадад гардаг гэж бодож байна. Чи итгэхгүй л дээ.

Сур: Юуг итгэхгүй гэж?

Ч: Би хоёр удаа урагшаа явахдаа Хятадуудын цуглуулсан зүйлсийг хараад гол минь харлаж байсан. Гэхдээ яая гэхэв дээ. Бүгд л зөөж байгаа юм чинь.

Сур: Мөнгө хэрэгтэй гэж үү ?

Ч: Мэдээж, би зөөхгүй бол тэр зөөнө. Чамд 20 сая төгрөг өгье. Хээрээс олсон эрдэнээ зараач гэвэл чи зарна л биз дээ. Битгий л худлаа цагдаад өгнө гэж хэлээрэй дээ.

Сур: Та ер нь хичнээн удаа гадагшаа "юм” зөөсөн бэ?

Ч: Ах нь ямар ч боловсролгүй хүн. Тийм болохоор асуултаа ойлгомжтой тавихгүй бол хэцүү шүү. Чи юу ч асуусан би хариулна. Угаасаа сэтгэлд үргэлж буглаатай явдаг юм.

Сур: Та ойролцоогоор хэдэн удаа түүхийн олдвор олсон бэ?

Ч: Зөндөө. Би яг булш бунхан ухдаг хүн нь биш л дээ. Гэхдээ тэдний тухай ихийг мэднэ. Харин зүгээр "алтны нинжа” л гэгдэх хүн.

Сур: Тэгвэл алт ухаж явахдаа алт эрдэнэс олдог гэж үү?

Ч: Чи уул нь надаас асууж байхаар яг газар дээрээс нь очоод эсвэл хамт яваад үзвэл дэндүү гэхэд дэндүү харамсана даа.

Сур: Тэгвэл дараа хамт очиж үзье.

Ч: Харамсалтай би хамт явах боломжгүй. Монголоос бүр мөсөн явж байгаа. Монгол улс гадаадад эзлэгдээд байгаа бишээ, яг Ром шиг дотроосоо муудаж, өмхийрч дууслаа. Энэ хэдэн улс төрчид гэх луйварчид өөдтэй байсан бол, энэ хэдэн археологичид өөдтэй бол бид үнэндээ эх орныхоо түүхийг өвийг зөөвөрлөхгүй байсан. Бас улс шиг улс байсан бол бид ингэж явахгүй гэж сэтгэл өвддөг.

Сур: Булш бунхан ухдаг хүмүүс ер нь ажлаа яаж хийдэг юм бэ?

Ч: Тэд чинь метал хайгчаар бараг дуугарсан болгоныг шалгадаг.

Сур: Шалгасан газраа сэндийчээд л орхих уу. Олох нь хэр байдаг юм бол?

Ч: Орхоны хөндий, Хар хорины ойролцоох сүм хийдийн туурь, хиргисүүр булшийг бол бараг метр алдахгүй нэгжээд дуусгасан.

Сур: Тэд бас олсноо урагшаа гаргах уу?

Ч: Нинжа нар цөм булш бунхан ухдаг хүмүүстэй. Гадаадын бурхан ухдаг хүмүүстэйгээ нийлвэл 20 мянга хол гарна шүү. Энэ хүмүүсийн 5/1 нь метал хайгчтай болоод байна. Мэдээж урд л үнэтэй авна шүү дээ. Гаргадаг хүмүүсээ ч цаадуул нь мэднэ. Чи биднийг буруутгаад үзэн ядаж магадгүй. Гэхдээ бид бол бага гарууд шүү дээ. Жинхэнэ том гарууд чинь дээр сууж байгаа.

Сур: Тэгэхээр гадагшаа гаргадаг хүмүүс нь гол юм байна. Тийм үү?

Ч: Ер нь бол бүхэл бүтэн музейг, архивыг, үнэд хүрч болох бүхнийг зөөж байгаа.

Сур: Хамгийн гол нь уг үндсийг нь унагааж чадахгүй гэхэд ганхуулах хэрэгтэй

Ч: Энэ асуудал бүүр архагшаад хүчээ авсан. Одоо Улаанбаатарт л гэхэд хуучны эд эдлэл авна гэсэн хүмүүс, дэлгүүрүүдийг шалгавал. Арай ч дээ гэмээр зүйл их байдаг ш дээ.

Сур: Бидэнд яг одоо мөнгө хэрэгтэй. Надад ч хэрэгтэй. Гэхдээ түрүүний таны хэлдэгээр Монгол Улс оршин тогтнох уу, үгүй гэдэг гол асуудал байна.

Ч: Өө, энэ асуудал чинь нэгэнт тодорхой болсон шүү дээ. Тусгаар тогтнолоо алдахгүйгээр улс үндэстнээ алдсан шүү дээ.

Сур: Магадгүй 10-20 жилийн дараа бидний үр хүүхэд хэний эрхшээлд ороод яаж амьдрах бол гэж санаа зовдог.

Ч: Аль 10 жилийн өмнө. Санаа зоволтгүй.

Сур: Эхэлсэн гэж үү?

Ч: Бидний үр хүүхэд бүгд байдгаараа байна. Гэхдээ Монгол гэж танигдахгүй эрлийзжсэн байна биз дээ. Мэдрээгүй явсан гэж үү? Одоо нэгэнт оройтсон. Галт тэрэг хөдлөөд хурдаа авсан. Хурдлаад явж байгаа галт тэргийг тэмцээд зогсооно гэнэ үү?

Сур: Тэгвэл нүдээр харж, сэтгэлийг чинь эмзэглүүлж байгаа бүхнээ бич л дээ.

Ч: Чи одоо бод доо. Түүхийн музей гэж байна. Чи орж үзсэн үү? Бид бол судлаач байхгүй юу. Яагаад гэвэл хужаа нарт олсон бүхнээ шахахын тулд музей үзэж, ойролцоо хэлбэр дүрстэй зүйлийн нэрийг нь зээлддэг. Гэтэл одоо үзмэрүүдийн хамгийн үнэтэй гэх ховор нандин зүйлс бүгд алдагдсан. Энэ музейн хүмүүс энд тэнд өөр улсад үзэсгэлэнгээ гаргаад буцаагаад авчирахдаа нандин юмсыг бүгдийг сольдог. Хуулбарыг энгийн хүн байтугай мэргэжлийн хүмүүс ч ялгахгүй. Усан онгоц живж байна. Хүмүүс усан онгоцноос өөртөө хэрэгтэй гэснээ өөрийн жижиг аврах завиндаа ачаад явж байгаатай Монгол улс яг адилхан байна.

Сур: Жишээ нь?

Ч: За би жаахан юм оллоо. Дараа нь дунд гарын ченжүүд надаас авна. Үнээ нэмнээ дээ. Тэгээд том гарын ченжэд өгнө. Тэд нар "дамжуурга”-д өгнө. /Дамжуургад тагнуул, цагдаа, гаалийн ажилчид орно/ Хилийн цаана гаргаад хужаа нарт зарна. Тэр хужаа нар нь Хятадын түүхийн музейн ажилчдад зардаг. Тэд тэр бүгдээс өөрийнхөө хувийг аваад явна. За тэр мөнгө нь яахав. Хамгийн гол нь Монголын түүхийн эд өлгийн зүйл, алт эрдэнэсийг хужаа нар өөрийнхөө улсад хэвлэсэн хэдэн цаасаар худалдаж байна. Чихрийн цаас шиг эрээн мөнгөөр. Үнэндээ мөнгө бол цаас, алт бол алт шүү дээ.

Сур: Тэгээд хужаа нар судлаад хэдэн жилийн дараа Монголын гэсэн бүхнийг манай улсаас гарал үүсэлтэй, бид тийм газраас зарлах нэг арга нь бололтой. Тийм үү?

Ч: Тэгнэ. Тэрнээс гадна Монгол гэдэг Хятадын нэг салшгүй хэсэг хэмээн түүхийн баримт нотолгоогоор баталж чадна. Энэ л хамгийн аймшигтай асуудал даа. Манайд түүх соёл, археологи, палентеологийн судалгааг улсаас ер нь анхаардаггүй. Тун харамсмаар ховор, нандин, дахин давтагдашгүй сонин юмсыг хятад хүмүүст худалдчихаад дараа нь уйлдаг хүмүүс ч бий.

Сур: Жишээ нь?

Ч: Манай хоёр найз нэг хатны булшнаас шүрэн хөнжил олчихоод тэрийгээ хужаа нарт зарсан. Дараа нь тэр тухайгаа надаа согтуу байхдаа ярьж уйлсан. Яагаад гэвэл тэр хатны булш нь үнэхээр их сэтгэл гаргаж оршуулсан байсан гэнэ лээ.

Сур: Шүрэн хөнжил хэдэн төгрөгөөр зарагдах уу?

Ч: Замбараагүй үнэтэй биз дээ. Нэг ширхэг жинхэнэ шүр ямар үнэтэй байдаг билээ дээ. Тэгээд хөнжил гээд бод л доо. Гадаадад музей энэ тэрээр орж үзсэн. Тэд түүхийн холбоотой зүйлсээ гайхамшигтай хамгаалж байна. Нарны гэрэл шууд тусахааргүй байрлуулсан байгаа нь хүртэл үнэхээр айхтар. Тэрийг хараад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Нээрээ энэ алтны уурхайнууд эртний булш, арслан зааны яс болон бусад эд өлгийн зүйлийг ёстой будаа болгодог шүү дээ.

Сур: Гадагш гаргаж зарах уу?

Ч: Үгүй, зүгээр л будаа болгож, юу ч биш болгон орхидог. Мөн энэ доншууч хужаа нар Дэлүүн болдогийн ойр орчмоор бол ухаж, төнхөөд дуусгаж байгаа. 1000 хол давсан хужаа нар ойн гүн рүү орж байхыг харж байсан. Тэд өвөл зун гэхгүй ажилладаг, маш сайн багаж хэрэгсэлтэй, метал илрүүлэгчтэй, бүрэн хувцас хунар, хоол хүнстэй мэргэжлийн гэмээр хүмүүс байсан. Гэтэл манай монголчууд "Арай л болохгүй, өвгө дээдсийн маань ариун газар” гээд ойртохгүй шүү дээ. Бурхан халдунаас хужаа нар 200-д хайрцаг олдвор машинд ачиж байхыг би нүдээрээ харсан. Хамгийн сонирхолтой нь тэднийг монголын цагдаа хамгаалж байсан. Бид нутгийн залуустай нэгдэж, тэдний олсон эд юмсыг булаая гэж бодсон юм. Гэтэл тэдэнтэй хамт явсан нэг монгол залуу "Энэ хужаа нар маш олон бурхан, ном судар, янз бүрийн аяга сав олсон. Тэгээд гурав хоногийн дотор энэ хайрцагтай юмнуудыг савлаад буцаж байна” гэж ярихыг сонсож байсан.

Сур: Тэгээд юу болсон?

Ч: Бид тэднийг Чингис хааны онгоныг олоод ухсан юм болов уу гэж хардаж байсан. Сүүлд сонсоход 20-30 ухсан хонгил, цооног 50 гаруй ширхэг байна гэсэн. Нээрээ Монголын газар нутгийн 70 орчим хувь нь цианит натри болон бусад хортой бодисоор хордсон байгаа. Надтай хамт явж байсан өвөр монгол залуу нэг удаа уугаад сууж байхдаа уйлж байгаад ярьсан нэг зүйл бий. Тэр залуу бүтэн 12 жилийн турш Монгол Улсыг оролдож байж нэг ирсэн юм билээ. Ирэнгүүтээ Чингис хааны хөшөөнд сунаж мөргөөд л байсан. Дараа нь бид хөдөө явах үед тэр маш их гутарсан гэнэ. Учир нь Эрээнээс дутахгүй олон хужаа нар байна. Би хужаа нарыг явдлаар нь л танина гээд халаглаж байсан. Гэтэл миний нүдээр бүгд л монгол хүн харагдаж байв. Тэгээр бас Энхболд, Баярцогт нарыг 100 хувь хятад гэдгийг баталсан. Өвөрлөгчид ар Монголын төрд байг эрлийзүүдийг маш сайн мэддэг юм билээ.

Сур: Хамгийн дээд тал нь хэдэн төгрөгөөр юу зарж байсан бэ?

Ч: Сүхбаатар аймгийн Бат-Өлзийтөөс алтан эдлэл, бурхан, ном судар, ээмэг зүүлт олсоноо 250 сая төгрөг хүргэж зарсан. Одоо ахиж тэр ажлыг хийхгүй. Бид баригдвал дуусаа шүү дээ.

Сур: Одоо та юу хийе гэж бодож байна?

Ч: Би одоо юу ч хийхгүй ээ. Одоо зүгээр л нэг гэрээ бариад зүлгэн дээр амьдрана даа. Гэхдээ монголдоо биш ээ. Монголдоо дахин очихгүй. Надад хагас сая доллар байна. Одоо болно. Энийгээ гамтай идээд энэ насаа дуусгана.

Сур: Гэр бүлийнхэн нь хамт байгаа юу?

Ч: Би гэр бүлгүй ээ. Миний эхнэр, хүүхэд олон жилийн өмнө нас барсан. Намайг энэ ажлаа эхэлсэнээс хойш удалгүй автын ослоор өөд болсон. Тэр хоёрыгоо жаргааж чадаагүйдээ их харамсдаг. Гэхдээ сүүлд нэг бүсгүйтэй танилцсан.

Сур: Та тэгээд Монголдоо ирэхгүй юм уу?

Ч: Эргэж очихгүй. Намайг мэдэх нэг нь мэднэ.

Сур: Таны олсон эд өлгийн зүйлс, олдворын зураг нь байгаа юу?

Ч: Бид баримт үлдээдэггүй зуршилтай. Уучлаарай, өөрийгөө шоронд хийлгэх баримт цуглуулна гэж үү? 35 см алтан бурхан багш өмнө чинь байна гээд зүгээр л нүдэндээ төсөөл дөө. Эр шүрэн хөнжил бол наад зах нь. Тэр алтан бурхан 22 ширхэг. Ямар гоё юм байсан гээч.

Сур: Зарахад хайран санагдсан зүйл нь юу байсан бэ?

Ч: Сүнс хорогдмоор байсан нь энэ хэд, судар ном. Мөн Хэнтийд хятадууд 200 хайрцагтай юм ачиж байхыг хараад "бид үнэхээр жижиг гар юм даа” л гэж бодсон. Бидэнтэй гар нийлдэг Тагнуулын нилээн хариуцлагатай алба хашдаг нэг хүн байсан юм. /одоо нас барсан/ Тэр надад хэлж байсан юм. "Монгол Улсын нууц гэж байдаг даа. Тэр нууцаа гадаад улсаас биш монголынхоо иргэдээс л нууж хаадаг. Мөн тагнуулын ажилчид улсын архив, тагнуулын архивын хамаг мэдээллийг урагшаа зөөдөг” гэж билээ. Тагнуулчдын ачаа бараа болон дипломат ачааг хил дээр шалгахгүй нэвтрүүлдэг. Энэ маш харамсалтай асуудал.

Сур: Та энэ ажлаа хэзээнээс больсон юм?

Ч: Би хар амиа бодож Монгол Улс үндэстнийхээ олон зүйлийг бусдад зарсан нүгэлээ даахгүй харьд амьдрахаар шийдсэн. Надад миний аавын хэлсэн үгс энэ ажлыг орхих гол хөшүүрэг болсон юм.

Сур: Ямар үг?

Ч: "Миний сайхан хүү энэ ажлаа боль. Наад түүхийг чинь бүтээх гэж, хамгаалах гэж олон Монгол баатар эрс амиа алдсан. Наад алт эрднэсийг чинь хэвлийдээ хадгалах гэж байгаль эх хэдэн зуун жилээр өнгө төрхөө өөрчилсөн юм. Байгаль эхийнхээ гэдсийг яраад сийчиж байгаа хүн бүр сайн зүйлтэй учрахгүй ээ” гэж хэлээд нас барсан юм. Энэ үг түүний надад хэлсэн сүүлчийн үг байсан. Алт угаах, бурхан тонох талаар над шиг мэргэшсэн хүн бараг байхгүй. Би одоо монголд хаана юу байгаа, яаж ухахыг бүгдийг мэднэ. Би хэрэв Монголд дахиад нэг сая доллар хийе гэвэл хоёр сарын л ажил болон. Гэвч би аавдаа амласан.
Category: ярилцлага, нийтлэл | Views: 434 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: