Main » 2012 » March » 3 » МОНГОЛ АЛТАЙД ПАЗЫРЫКИЙН БУЛШ ОРШУУЛГА СУДЛАСАН ЗАРИМ ҮР ДҮН
16:33
МОНГОЛ АЛТАЙД ПАЗЫРЫКИЙН БУЛШ ОРШУУЛГА СУДЛАСАН ЗАРИМ ҮР ДҮН
Үргэлжлэл...

аян-Өлгий аймгийн нутаг дахь Пазырыкийн дурсгалууд
Тус аймагтай хил залгаа Орос, Хятад Казахстаны Алтайд Пазырыкийн булш оршуулга, тахилгын байгууламж, хадны зураг үлэмж ихээр тархаж, олон жилийн өмнөөс ихэд судлагджээ. Харин Монголд байх Пазырыкийн оршуулгын дурсгалууд нь Баян-Өлгий аймгийн баруун ба өмнөд хэсэгт Цэнгэл, Улаанхус, Алтай, Дэлүүн, Булган, Буянт, Сагсай сумдын нутагт олон цөөнөөр тархжээ. Тус аймгийн баруун хэсгийн хамгийн өндөр уулархаг нутагт эдгээр дурсгал олноороо тархсан байна. Харин аймгийн хойд, зүүн, зүүн хойд хэсэгт илэрч олдоогүй боловч 2008-2009 онд хил залгаа Ховд аймгийн нутагт хийсэн судалгаагаар цөөн боловч Пазырыкийн булш оршуулга илэрч байгаагаас үзэхэд тархалт нь зүүн урд зүгтээ Алтайн нуруугаа дагасан байдалтай байсан бололтой. Ховд аймгийн зүүн талд байх хил залгаа Говь-Алтай аймагт Пазырыкийн дурсгал байгаа эсэх нь тодорхойгүй. Ерөнхийлдөө Оросын ба Хятадын Алтайтай шууд хил залгаа 1900 м-ээс дээш өргөлттэй өндөр уулын хэсэгт Пазырыкийн соёлын дурсгалууд тархжээ.
Монголын Пазырыкийн соёлын нэг оршуулгын газарт дунджаар 5 булш байдаг байна. Хамгийн цөөндөө 1 булштай дурсгал байхад хамгийн олондоо 14 булштай (Цэнгэл сумын Бага Түргэний гол-VI дурсгал) оршуулгын газар ч тохиолдож байна. Мөн цувраа булштай оршуулгын газар хэд хэдээрээ ойролцоо байх тохиолдол бий. Үүнд 6 оршуулгын газар хоорондоо хэдэн зуун метрийн зайд байрласан Сагсай сумын Цагаан асгийн цогцолбор газрыг дурдах хэрэгтэй. Пазырыкийн булш хамгийн ихээр бөөгнөрсөн газрууд бол Улаанхус сумын Цагаан салаа/Бага ойгурын хөндий (10 оршуулгын газарт 35 булш), Цэнгэл сумын Хотон/Хурган нуурын сав газар (25 оршуулгын газарт 135 булш), Алтай сумын Сагсай голын хөндий (6 оршуулгын газарт 34 булштай), мөн сумын Чигэртэй голын хөндий (5 оршуулгын газарт 17 булш) зэрэг болно.
Ерөнхийдөө Баян-Өлгий аймгийн нутагт байх Пазырыкийн булшнууд Алтайн нуруунаас эх авсан том жижиг голууд, мөн зарим нуурын хөндийд эргээс дээш өргөгдсөн дэнжүүд дээр байрлана. Пазырыкийн уламжлал ёсоор нэгээс дээш булштай оршуулгын газарт заавал өмнөөс хойш чиглэсэн байдлаар цуварч байрладаг. Цуварсан булшнууд том, жижиг янз бүр хэмжээтэй боловч дунджаар 10 м голчтой байна. 15 м ба түүнээс дээш хэмжээтэй булш харьцангуй ховор тохиолдоно. Хотон-Хурган нуурын сав газарт Сыргаль-II оршуулгын газарт 18 м голчтой булш байх нь бидний үзэхээр Баян-Өлгий аймагт байх хамгийн том булш бололтой. Мөн үүний ойр байх Сыргаль-I оршуулгын газарт 17 м голчтой булш байсныг бид 2009 онд малтан судласан билээ.
Газрын нэр
Оршуулгын газрын дугаар
Малтсан булшны тоо
Малтсан он
Малтсан хүмүүс
1
Бага Түргэн гол
BTG-I
3
2005
Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh
2
Улаан даваа
UD-I
1
2006
V.I.Molodin, D.Tseveendorj, H.Parzinger
3
Олон гүүрийн гол
OKG-I
1
2006
V.I.Molodin, D.Tseveendorj, H.Parzinger
4
OKG-VII
1
2006
V.I.Molodin, D.Tseveendorj, H.Parzinger
5
OKG-X
1
2006
V.I.Molodin, D.Tseveendorj, H.Parzinger
6
Бага Түргэн гол
BTG-VI
6
2006
Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh
7
Цагаан асга
TSK-I
3
2007
Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh
8
TSK-III
1
2007
Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh
9
TSA-I
1
2007
Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh
10
Харганатын гол
KG-IV
2
2009
Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh
11
Сыргаль
SRG-I
2
2009
Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh
12
SRG-III
1
2009
Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh
13
Хатуугийн гол
KTG-I
2
2010
Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh
14
KTG-II
1
2010
Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh
15
KTG-III
5
2010
Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh
16
Цагаан асга
TSK-VI
2
2011
Ts.Turbat, P.-H.Giscard, D.Batsukh
Пазырыкийн оршуулгын газар бол дан ганц булш төдийгүй тахилгын байгууламж, зэл чулуу зэргээс бүрддэг цогцолбор дурсгал юм. Цуварсан булшны дотор ихэвчлэн ганц, заримдаа түүнээс олон том булшны зүүн талд гонзгой чулууг газарт босгон суулгасан 3-4 "зэл чулуу” буюу "балбал” байдаг. Ийм зэл чулуутай булш тухайн оршуулгын газрын хамгийн том буюу өөрөөр хэлбэл хамгийн чухал булш нь байдаг ажээ. Жишээлбэл, Цэнгэл сумын Бага Түргэний гол-VI оршуулгын газрын хамгийн том булш нь 13 м голчтой 13-р булш байсан бөгөөд зөвхөн энэ булшны зүүн талд нэгэн зэл чулууг босгосон байжээ.
Мөн зарим булшны зүүн ба баруун талд тодорхой зайд хэсэг чулуугаар хийсэн дөрвөлжин болон дугуй хэлбэрийн овоолго байдаг. Эдгээр чулуун байгууламж булшаа даган цуварсан байдалтай тохиолддог. Ийм байгууламжуудыг 2006 онд BTG-VI оршуулгын газарт бид малтан судласан билээ. Эндээс малын ясны хэлтэрхийнүүд гардаг нь тахилгын шинжтэй дурсгал болохыг харуулдаг.
Баян-Өлгий аймгийн нутагт илрүүлэн олоод байгаа Пазырыкийн дурсгалаас одоогийн байдлаар 14 оршуулгын газарт нийт 34 булшийг малтан шинжлээд байна. Эдгээрээс В.И.Молодин, Д.Цэвээндорж, Х.Парцингер нар 2 оршуулгын газарт 4 булш малтсан бол Ц.Төрбат, П.-Х.Жискар, Д.Батсүх нар 12 оршуулгын газарт 31 булш малтжээ. Малтсан газар, дурсгалын нэр, малтсан булшны тоо, малтсан хүний нэр зэргийг он цагийн дарааллын дагуу дээрхи хүснэгтэд үзүүлэв.
Оршуулгын зан үйлийн онцлог
Бидний малтсан булшнууд гадаад хэлбэр, хэмжээ, байдлаараа үндсэндээ адил боловч оршуулгын дотоод байгууламжийн хувьд ялгаатай үндсэн 4 хэлбэрт хуваагдана. Эдгээр нь:
а) Дүнзэн бунхантай,
б) Ховдтой,
в) Хүнийхээ уртаас жижиг бунхантай,
г) Чулуун хайрцагтай зэрэг болно.
Эдгээр булшнуудын олонхид адуу дагалдуулсан байх боловч огт адуу үгүй булшнууд мөн Цагаан асга, Харгантын гол зэрэгт илэрсэн байна. Ерөнхийдөө хил залгаа бүс нутагт малтсан Пазырыкийн булшинд ийм адуугүй оршуулга цөөн боловч тохиолддог байна. Ялангуяа ийм адуугүй оршуулганд буй хүнийг заавал баруун зүг чиглүүлдэг уламжлал Уландрыкийн булшны дотор 13 %-ийг эзлэдэг [Кубарев 1987: 24] бол Юстыдийн булшны дотор 17 %-ийг эзлэдэг ажээ [Кубарев 1991: 35]. Орос Алтайд ийм адуугүй оршуулга уулсын бэлээр байрласан Юстыд-1, Джолин 1 ба 2 цувраа булшны бүрэлдэхүүнд багтаж байх бол Уландрык 1 ба 2 цуврааны тусгай бүлэг болж байрладаг байна. Ийм хэлбэрийн булшнууд гурваас дөрвөөрөө тусгай бүлэг болон цувраа булшны үндсэн хэсгээс тусдаа байрладаг. Энэ үндсэн дээр TSK-III ба TSK-VI цувраа булшийг цаашид бүрэн малтвал сонирхолтой юм. Ийм заншлыг нас барагчийн хөрөнгө чинээний байдалтай холбоотой гэхээс илүүтэйгээр оршуулгын зан үйлийн өвөрмөц тохиолдол гэж тайлбарлах явдал давамгайлдаг байна [Кубарев, Шульга 2007: 16]. Магадгүй Пазырыкийн соёлын бүрэлдэхүүнд багтаж байсан угсаа гарлын ялгаатай бүлэгтэй холбогдож болно.
Бидний малтсан булшны дотор адуу дагалдуулах заншил нь ч нэлээд өөр өөр байв. Тухайлбал BTG-VI оршуулгын газрын 10-р булшин дахь эмэгтэй, хүүхэд хоёрын оршуулганд зөвхөн нэг адуу тавьжээ. Гэтэл үүнтэй зэргэлдээ байх 11-р булшинд байх хоёр эрэгтэйд хоёр адуу дагалдуулсан, мөн 2005 онд бидний малтсан BTG-I оршуулгын газрын 8-р булшинд байсан 2 насанд хүрэгч болон 1 хүүхдэд тус бүрт нь адуу дагалдуулсан байв [Төрбат, Жискар, Батсүх, 2005а, 2005б]. Хамгийн олон адуу дагалдуулсан булш бол SRG-I оршуулгын газрын 1-р булшинд байх хоёр хүнд 5 адуу дагалдуулсан тохиолдол болно.
1. Дүнзэн бунхан бол Пазырыкийн соёлын оршуулгын дурсгалын үндсэн элемент мөн юм. BTG-VI оршуулгын газрын 10-р булшинд дүнзэн бунхан дотор насанд хүрсэн эмэгтэй хүн, хүүхэд хоёрыг хамт оршуулсан, мөн 11-р булшинд хоёр насанд хүрсэн хүнийг зэрэгцүүлэн оршуулсан байв. Булшинд байх хос оршуулгыг нэгэн цаг үед үйлдсэн гэдэг нь олон талаар эргэлзээгүй батлагддаг байна [Кубарев, 1987, с. 26-27]. Ийм хос оршуулга Пазырыкийн булшинд нэлээд түгээмэл тохиолддог юм. Тэгэхдээ цувраа булшны хамгийн өмнөд талд нь байдаг зүй тогтол Орос Алтайд малтсан Пазырыкийн жирийн иргэдийн оршуулгын газруудад хийсэн судалгаанаас ажиглагджээ [Кубарев, 1991, с. 38]. Хос оршуулга бүхий 10-р булш мөн ийнхүү цувраа булшны хамгийн өмнөд талд байсан билээ. Насанд хүрэгчдийн хос оршуулганд хүн тус бүрийг үндсэндээ ижил эд өлгийн зүйлс, мөн тус бүрд нь нэг морь дагалдуулсан байдаг байна. Энэ нь аль нэг нь нөгөөгөө дагалдсан "хойлгын хүн” биш, харин ижил зэрэг зиндаатай хүмүүс байсан болов уу гэсэн санааг төрүүлдэг.
Дүнзэн бунхантай булшнуудын дотор KG-IV оршуулгын газрын 1-р булш хамгийн сонирхолтой нь юм. Энэ булш тоногдсон шинжгүй байгаа нь чухал ач холбогдолтой дүгнэлт хийх бололцоо олгож байна. Энэ булшинд нэгэн дүнзэн бунхан дотор 7 хүний оршуулгын үлдэгдэл илэрсэн юм. Энд хөлийг нь ихэд атийлган толгойгоор нь баруун урд-баруун зүгт чиглүүлэн зэрэгцүүлэн хэвтүүлсэн 3 насанд хүрэгч, 2 хүүхдийн оршуулгаас гадна эдгээрийн хөл талд нүүрээр нь урд зүгт чиглүүлэн тавьсан гавал бүхий нэг цээжин бие, үүний урд талд нүүрээр нь баруун хойш зүгт чиглүүлэн тавьсан бас нэг гавлын яс илэрсэн байна. Энэ бол зан үйлийн хувьд Пазырыкийн жирийн иргэдийн булшны дотор туйлын ховор тохиолддог өвөрмөц үзэгдэл болно. Харин хөрш зэргэлдээх Чандманийн булшинд элбэг тохиолддог төдийгүй оршуулгынх нь нэгэн бие даасан төрөл бол дүнзэн бунханд үхэгсдийг олноор оршуулсан шороон булшнууд байдаг ажээ. Д.Цэвээндоржийн тооцоолсноор ийм дүнзэн бунхантай булш Чандманий оршуулгын газарт малтсан 47 булшнаас 22 байсан байна [Цэвээндорж 2007: 30]. Харганатын дээрх булш ба Чандманий шороон булшнуудын хооронд ижил төстэй талууд багагүй ажиглагдаж байна. Үүнд, хүнийхээ хөлийг ихэд атийлгаж, аль нэг бөөрөөр нь хэвтүүлсэн тавилт, толгойгоор нь баруун зүгийг гол болгон чиглүүлсэн чиглэл, дүнз модоор том бунхан барьсан архитектурын шийдэл, бунханы шалыг хавтгай чулуугаар шалласан онцлог, адуу дагалдуулаагүй шинж зэргийг дурдаж болно. Гэвч зарим ялгаа байгааг бас дурдах хэрэгтэй. Ялангуяа, Харганатын булшны өнгөн хөрсөн дээрх байгууламжийг голын бөөрөнхий чулуугаар илт мэдэгдэм барьж байгуулсан бол Чандманий дүнзэн бунхант булшнуудыг зөвхөн шороогоор дарж өнгөн хөрсөн дээр үл мэдэгдэм болгосон байна. Өөр нэгэн чухал онцлог бол Чандманий булшинд зэрэгцүүлэн оршуулсан олон хүнийг ихэвчлэн нэг эгнээнд ижил зиндаанд оршуулсан байдаг төдийгүй эдгээр хүмүүсийн яс бүтэн бөгөөд зохих хүндэтгэлтэйгээр эд өлгийн зүйлс дагалдуулан тавьсан байдаг ажээ. Гэтэл KG-IV дурсгалын 1-р булшинд оршуулсан хүмүүсийн яснаас харахад илэрхий ялгаа гаргаж тавьсан байдаг. Үндсэн эгнээнд хүүхэд болон насанд хүрэгч 5 хүнийг ижил зиндаанд оршуулсан бол эдгээрийн хөлд хагас дутуу болж зэрэмдэглэгдсэн 2 хүний ясны үлдэгдлийг тавьсан байжээ. Эндээс бид хойлоглосон "боол” нар байж болох юм гэсэн таамаглал хийхэд хүрч байна. Оросын археологчид ч Пазырыкийн зарим булшинд "боол” хойлоглон оршуулсан байж болох талаар дурдаж байсныг энд тэмдэглэн хэлье [Кубарев 1991: 34, 39, 134]. Бидний малтан судласан Цагаан асгын 2-р булшинд мөн 9 настай боловч 16 настай хүүхдийн хэрийн биеийн хөгжилтэй нэгэн хүүхдийн яс гарсныг "боол” байж болох талаар таамаглал дэвшүүлж байсан билээ [Төрбат нар 2008]. Энэ чиглэлд судалгаа цаашид үргэлжлэх нь эргэлзээгүй бөгөөд гүнзгийрүүлэн судлахдаа нэгэн цаг үеийн бусад археологийн соёлуудтай харьцуулах төдийгүй Пазырыкийн соёлын нийгмийн бүтэц, зохион байгуулалт, давхраажлын нарийвчилсан судалгаатай хавсран хийх нь үр дүнтэй болох юм.
2. Дүнзэн ховд харьцангуй ховор тохиолддог бөгөөд зөвхөн хүүхдийн оршуулгад хэрэглэсэн байдаг билээ. Тухайлбал, Орос Алтайн Уландрыкийн оршуулгын газарт 3 хүүхдийг ховдонд оршуулсан байсан [Кубарев, 1987, с. 21], Юстыдийн оршуулгын газарт мөн зөвхөн хүүхдүүдийг ховдонд оршуулсан байсан [Кубарев, 1991, с. 31] бол Ак-Кообы-2 оршуулгын газрын 1-р булшинд 2-4 насны хүүхэд оршуулсан [Кубарев, Шульга, 2007, с. 246, Рис. 51, 2] байжээ. Гэтэл BTG-VI оршуулгын газрын 12-р булш, KTG-I оршуулгын газрын 1-р булшинд насанд хүрсэн хүнийг ховдонд оршуулснаараа ихэд онцлогтой байна.
3. Пазырыкийн булшинд хүнээ оршуулахдаа аль нэг талаар нь хажуулдуулан хэвтүүлээд, хөлийг нь их бага хэмжээгээр атийлгадаг билээ. Гэвч BTG-VI оршуулгын газрын 13-р булшинд байх 173 см урттай хүнийг 140 см урттай (дотор талдаа) бунханд маш их атийлган хэтэрхий жижиг дүнзэн бунханд оршуулсан байх нь сонирхол татлаа. Үүнийг тодорхой нэгэн зан үйлийн учир шалтгаанаар тайлбарлах нь зүйтэй болов уу. Тэгэхдээ энэ булшинд оршуулагдсан хүн тулаан тэмцлийн үед үрэгдсэн болохыг анхааралдаа авч үзэх хэрэгтэй.
4. Чулуун хайрцагтай KG-IV оршуулгын газарт малтсан 2-р булш оршуулгын зан үйлийн хувьд мөн нэлээд сонирхолтой юм. Дөрвөн ширхэг хавтгай чулууг хавиргалан босгож чулуун авсны ханыг хийгээд дээрээс нь хавтгай чулуугаар таглахын зэрэгцээ, доор нь хавтгай чулуунуудыг өрж шалласан энэ булш Пазырыкийн соёлын хүрээнд нэлээд ховорт тооцогдоно. Үнэхээр ч В.Д. Кубаревын тэмдэглэн хэлсэнчлэн ийм чулуун австай булшинд дагалдуулсан оршуулгын эд зүйлс хэдийгээр Пазырыкийн хэлбэртэй боловч соёлын хувьд хэв шинжит биш [Кубарев 1991: 34] төдийгүй өөр угсаатанд хамаарах [Кубарев 1987: 23] боломжтой юм. В.Д.Кубаревын Орос Алтайд малтсан булшнуудын дотор ийм хэлбэрийн оршуулгын байгууламж ердөө 19 удаа тэмдэглэгджээ. Тухайлбал, Уландрык-I дурсгалын 5-р булш [Кубарев 1987: 23, Рис. 10], Юстыд-III дурсгалын 10-р булш, Юстыд-XII дурсгалын 9, 17-р булш, Юстыд-XIII дурсгалын 5-р булш [Кубарев 1991: 32, 133-134], Барбургазы-I дурсгалын 4, 9, 12-р булш [Кубарев 1992: 124-126].
Хэдийгээр оршуулгын байгууламжийн хэлбэрүүдийн гарал үүсэл, харилцан хамаарал нарийн түвэгтэй асуудал болохын хувьд ихээхэн хэмжээний баримт хэрэглэгдэхүүн шаардагддаг боловч ерөнхийдөө ийм чулуун авсат булшнууд дорно зүгээс (Монгол, Тагна-Тува) гаралтай бөгөөд Пазырыкийн соёлд хожуу нэвтрэн орсон гэдэг зарим археологчдын дэвшүүлсэн санал [Кубарев 1991: 34] нэлээд үндэслэлтэй юм. Асуудлын нарийн түвэгтэй, маргаантай болохыг харуулах нэгэн жишээ бол чулуун авсат булшнуудыг Пазырыкийн соёлын хүрээнд багтаж байсан бүлэг юм уу эсвэл бие даасан археологийн соёл болох Каракобиний соёлд хамаарна гэсэн таамаглалууд цөөнгүй археологчдын зүгээс гардгийг энд дурдая. Мөн зарим нь чулуун авсат булш хэдийгээр цөөн тохиолддог боловч Алтайн Пазырыкийн булшны дотор хэв шинжит нэгэн төрөл нь мөн гэж үздэг явдал ч бий [Кирюшин и др. 2003: 61].
Оросын археологчид Орос Алтайн зүүн урд хэсэгт байх Юстыд голоор Алтайн Пазырык ба Тагна-Саяны-Умард Монголын Чандмань-Уюк (Саглын)-ийн соёлын хил хязгаар өнгөрч байсан гэж таамагладаг [Кубарев 1991: 134]. Бидний малтан судласан Харганат-IV оршуулгын газрын хэрэглэгдэхүүнд үндэслэн энэ хил хязгаарын өмнөд үргэлжлэл нь Харганатын голоор явж байна гэж таамаглах бололцоотой юм.

Category: эрдэм шинжилгээний бүтээл | Views: 1366 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: