Ноён уулын эмгэнэл - 26 January 2013 - археологийн мэдээлэлийн нэгдсэн сайт
Main » 2013 » January » 26 » Ноён уулын эмгэнэл
14:14
Ноён уулын эмгэнэл


2012 оны 1-р сарын 26
Ноён уулын эмгэнэл
Эцэг өвгөдийнхөө толгойн шороог харийнхнаар ухуулчихаад зүгээр суух монголчууд бий юм гэж үү. Цаана чинь  Ноён уул хэмээх бидний өвгөдийн түүхийн хосгүй дурсгалыг харийнхан ухах гэж байна. Хатан Туулын Богд уул, Хараа голын Ноён уул, Хан Хэнтийн Бурхан халдун хэмээх монголчуудын нэн эртний бүр тодруулбал Хүннүгийн үед хамаарах маш олон бунхан байдаг, Эртний онгон дагшин тахилгат газар руу өнөөх Канад ахайтнуудын шунал аль хэдийнэ хөдлөөд эхэлжээ. Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан орших энэ ууланд гадна, дотнын археологийн эрдэмтэд малтлага хийж Хүннүгийн үед хамаарах олдворуудыг тогтоосон байдаг. Нэрнийх нь утга хүртэл тов тодорхой эл уулыг монголчууд тахин шүтэж, дээдэлж ирсэн уламжлалтай. Харамсалтай нь социализмын харгайгаар шашин шүтлэгийг үгүй хийх оролд­логоос болж онгон дагшин газраа тахиж, шүтэх уламжлал бараг байхгүй болж өдгөө бидний үед зөв­хөн сураг төдий уламжлагдав.


"ЭНЭ ОРЧИНД ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛ БАЙХГҮЙ” ГЭСЭН БИЧИГ ХИЙЖ ӨГЧЭЭ

Гэтэл Монголын газар нутгийн аль олигтой, өөдтэйд нь Канадын хөрөнгө оруулалттай гэх компаниуд дураараа дургиж байна. Ингэхдээ алт руу шунахайрах тэдний хүсэл адаг сүүлдээ түүхийн хосгүй дурсгалыг сөнөөх, заримыг нь өөрсдөө дуугүй олборлохыг завдах болжээ. Энэ эмгэнэл биш гэж үү, инээдэм мөн гэж үү.  Зарим компани нь Өмнийн говийг үнсэн говь болгож байхад Канадын "Бороо гоулд” хэмээх компани Ноён уулын ай саваас алт олборлох зөвшөөрлийг авч бидний өвөг дээдсийн алтан бунханыг хөндөх боллоо. Анх тус компанид зөвшөөрөл өгсөн төрийн нэр баригчид тэнд ямар дурсгал, хөрсөн доор нь юу байдгийг огтхон ч мэдээгүй биз. Ноён уул орчмоор нутагладаг иргэдийн дунд ийм яриа өрнөжээ. "Үгүй ээ. Энэ Ноён уул руу сүрхий сайхан зам тавьж гэнэ. Чи үзэв үү. Хүн амьтангүй газар руу ямар юм нь зам гаргадаг байна аа” гэх болж. Харин учир мэдэх нэг нь "Хэн зам тавьж байгаа нь тодорхой шүү дээ. Бороо гоулд ч билүү ямар гоулд билээ Канадын компани алт олборлох юм гэсэн тэд л байлгүй. Өөр хэн байв гэж” хэмээн хариулах нь ч байна. Тэгвэл энэ талаар тус компанийн удирдлагуудаас тодруулахад "Түүхийн дурсгалуудтай газар манай лицензийн талбайгаас  долоон киломтетр хол байдаг. Бид танай Засгийн газартай анх гэрээ байгуулахдаа түүхийн ховор, эртний олдворууд байвал тэр даруйд нь мэдэгдэж өөрсдийнхөө үйл ажиллагааг түр зогоох болно” хэмээн сүрхий амлалт хэлж байна. Алт руу нүд нь орсон хүнд хязгаар гэж байдаггүй гэдэг. Бас жаргал, зовлонгийн туйл нь хязгааргүй гэх. Бид нэгэнт тэдний олборлолт явуулж байгаа газар хамт байхгүй нь мэдээж хойно Канадчуудын юу ухаж, олборлож байгааг нэг бүрчлэн мэдэх боломжгүй шүү дээ.

Энд бас нэгэн сэтгэл сэрдхийлгэмээр зүйл хэлье. Зарим эх сурвалжийн хэлснээр "”Бороо гоулд” компани олборлолт явуулах зөвшөөрөл авах гэж байхад Археологийн хүрээлэнгээс "Танай олборлолт явуулах талбай орчимд түүх, соёлын дурсгал байхгүй” гэсэн бичиг хийж өгсөн байна. Чухам тус хүрээлэнгийн ямар удирд­лага нь гарын үсэг мутарласан нь тодор­хойгүй ч түүх, дурсгалын чиглэлээр насаараа судалгаа хийж яваа мөн Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтанд авах талаар хөөцөлдөж буй нэгэн эрдэмтэн тэгж хэлсэн юм. Нөгөөтэйгүүр "Бороо гоулд” компани Хараа голын сав орчмоос нийт 50 орчим тонн алт олборлосон байдаг. Гэтэл уг олборлосон олзынхоо дөн­гөж тал хувийг нь тушаасан гэх яриа гарчээ.

"ЭРТНИЙ МОНГОЛЧУУДЫН ТӨВ НЬ БАЙСАН” ГЭВ

Ноён уулын талаар сонирхолтой түүх сөхье. Уг уулыг алттай гэдгийг монголчууд эртнээс мэддэг байжээ. Даан ч харамсалтай нь харь элгийн хүмүүс хөрсийг нь сэндийчиж байсан нь бидний түүхэнд үлдсэн хар толбо юм. Учир нь Манжийн хааны зарлигаар Сэлэнгийн нутагт алт олборлох 25 жилийн хугацаа бүхий зөвшөөрөлтэй, хаант Монгол Улстай хийсэн 22 зүйл бүхий гэрээтэй, Манжийн түшмэл Ли Хун Чан уурхай ажиллуулж байсан аж. Тэд Ерөөгийн ай савын дагуу, Хүдэр голын сав нутаг, Ноён уул зэрэг газарт байрлаж, 10 мянган хятад, 6000 орос, буриадууд ирж "Монголор”-ын уурхайд ажиллаж байсан гэдэг. Энэ нь 20-иод жил үргэлжилсэн бөгөөд Орост иргэний дайн гарснаар 1920 онд хаагдсан түүхтэй гэнэ.

Богд хаант Монгол Улсын үеийн түүх сурвалжид тэмдэглэснээр эл уулын байршлыг "Нийслэл Өргөөгөөс хойш 130 километрийн зайд орших Хараа голын эх Ноён уул” гэжээ. Энэ уулын Сүжигт, Журамт, Хужирт гурван амны эхэнд алтны судал бийг анх А.Баллод /А.Болд/ гэгч буриад эр олж байсан аж. Тэр эр Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Түүний мэдээллийн дагуу Оросын ШУА-ын эрдэмтэд малтлага хийх гэж байсан боловч дэлхийн нэг­дүгээр дайн болж байсан учраас хойшилсон байна. Харин 1924-1925 онд судлаач П.К.Козловын удирдсан шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй эртний булш байгааг тогтоожээ. Ингэхдээ тэд "Хүннүгийн үед хамаарах булш” хэмээгээд "Ганц Монгол ч биш дэлхий нийтийн соёлын дурсгалын гол төв” гэсэн дүгнэлт гаргаж байжээ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн зөвлөх түүхийн ухааны док­тор Ө.Бавуутай холбогдож лавла­хад "Ноён уулын урд талын хэсгээс 1924 онд Хүннүгийн язгууртны булш олдож байсан. Миний нүдэн барим­жаагаар гурван голын сав газраар 350 орчим булш байгаа. Бүр тэр уулын орчин тойрны газрын нэрүүд нь хүртэл маш онцгой. Тухайлбал, Сүжигт, Тарнит, Ноён уул, Булшт,  гэх нэрнээс бодоход ямар ч байсан хоо­сон газар биш. Мөн Балжийн гол гэхэд Ноён уулын зүүн хойд энгэрээс эх аван Түнхэд цутгадаг. Тэр гол Монголын нууц товчоонд тэмдэглэснээр Бодончир Мунхагийн амь­дарч байсан газар юм. Энэ бүхнээс үзэхээр Ноён уулын орчим эртний монголчуудын төв нь байсан нь тодорхой” гэлээ.

Энэ бүхнээс үзэхэд түүхийн онц­гой дурсгалт газруудаа дээд мян­даг­тангууд чухам яаж анхааралдаа авч байгаа, дээрээс нь төрийн бай­гууллагуудын хоорондын уялдаа ямар сул байгааг харуулж буй юм. Эцэст нь хэлэхэд Чингис хаан ч юм уу эртний хаадын үед харийнхан өвөг дээд­сийнх нь шарил, булаг усны эхийг ухсан байвал есөн үеэр нь хүйс тэмтэр­дэг байсан гэдэг. /Үргэлжлэл бий/
Category: ярилцлага, нийтлэл | Views: 428 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: