Main » 2012 » April » 2 » археологи бүрэн лекц 4
21:20
археологи бүрэн лекц 4


Монголын эртний улсуудын археологийн дурсгал
(Хүннү, Түрэг, Уйгур, Киргиз, Хидан,)
Хүннүгийн археологи
Хүннү улс нь монголчуудын өвгө дээдэс бөгөөд тэд нар одоогийн монгол улсын нутгаар төвлөсөн төр улсаа байгуулсан нүүдэлчдийн хамгийн анхны төртэй улс билээ. Хүннүчүүд нь НТӨ 209 онд багуулагдаж тэдний дотроос модунь гэгч хаан ширээнд сууж өөрийгөө шаньюи хэмээн өргөмжлөснөөр хүн улс хүчирхэгжин мандах болсон. Хүннү улс нь газар нутгийн байршилийн хувьд нэлээд том газар нутгийг дамнасан төдийгүй өөрийн гэсэн соёлтой басан.
Газар нутгийн хувьд баруун тал нь эл тарвагатай, зүүн тал нь солонгосын хойг, хойшоо байгаль нуур, өмнө зүгт түмэн газрын их цагаан хэрэм буюу хятадын цагаан хэрэм хүртэлх нутаг дээр оршин тогтнож байв.
Монгол орны бүх нутагт хүннүгийн дурсгал байдаг. Тэр дундаа монгол орны төв хэсгээр элбэг буй. Хүннүгийн талаарх судлал үүсэж хөгжөөд 100 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Буриадын эрдэмтэн Конавалов хэлэхдээ монгол орны нутаг дэвсгэрт байгаа хүннүгийн үеийн дурсгалыг судлахгүйгээр хүннүгийн тухай судлах хэрэггүй гэжээ. тэгэхлээр монгол нутагт хүннүгийн дурсгал ямар их байдгийг илтгэж байгаа хэрэг юм.
Хүннүчүүдийн хаад ноёд, язгууртнуудтай холбоотой гол чухал дурсгалт газар бол:
-Хараагийн ноён уул
-Хүний голын сав газар, гол мод
-Алтайн бүс нутаг
Хараа гол нь одоогийн Сэлэнгэ аймгийн нутагт орших бөгөөд орхон голд цутгадаг манай орны томоохон гол мөрдийн нэг билээ. 1912онд алт олох гэж явсан хүмүүс Хараа голын орчим Ноён уулнаас эртний хүний булш оршуулгын дурсгалыг нээн илрүүлсэн нь өдгөө хараагийн ноён уулны хүннүгийн дурсгал гэдгээрээ алдаршсан.
Ноён уул нь гурван том амтай байх бөгөөд 200-аад том жижиг булш байгаа. Ингэхлээр хүннүтэй холбогдох асар их соёл дурсгалыг агуулсан газар бол ноён уул юм. ноён уулнаах хүннүгийн булшны гүний хэмжээ нь 14-16м ухаж нууцалж байсан байна.
Ноён уулын булшнаас хүннүгийн үеийн соёлын илэрхийлэл болсон олдворууд нэлээд олдсон байдаг. Ерөнхийдөө булшнаас хүрэл савны цорго, хавтгай хүрэл сав, модон халбага, мөн өмсгөл, хувцас гарсан байдаг үүнд: малгай, өмд, гутал, гутлын чимэглэл зэрэг зүйлс гардаг. Хүннүгийн үеийн соёлын олон дурсгалыг агуулсан дурсгал дотроос хамгийн чухал нь 6-р булш билээ.
6-р булшнаас 2.6х1.95м хэмжээтэй улаан торгоор бүрж, хар хүрэн торгоор эмжиж ханан хээ ширээд дээгүүр нь ногоон өнгийн ноосон утсаар төвийлгөн 9ургаа мод тэдний завсар хооронд бугыг бөгсөн талаас нь довтлон зоон дээрээс нь хазаж буй бар зэргийг оёж дүрсэлсэн ба тэдгээрийн дотуур дөрвөлжин,нэмэх тэмдэг хэлбэртэй хээ, мөөгөн хэлбэрийн дүрсийг улаан, ногоон, шар, улбар шар өнгийнноосон утсаар төвийлгөн дүрсэлж салаавчлуулан оёсон ба ширдэгний төв хэсгийг эзлүүлэн бие биенээсээ салбарласан 24 ороомог маягийн хээгээр чимэглэжээ. түүнчлэн бунханы тааз хананд хадсан элдэв ургамал, яст мэлхий, загасны дүрс, морьтой хүнийг дүрсэлсэн эсгий ширдэг, ноосон нэхмэл даавуу олдсон байна. Эдгээр нь одоо оросын холбооны улсын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд хадгалагдаж байна.
Ноён уулын язгууртны булшийг нээн олж шинжилсэн явдал бол археологийн шинжлэх ухаанд төдийгүй хүннү судлалд багагүй нээлтийг хийсэн байна.
Хүннүгийн булш оршуулгын дурсгалыг зэрэглэлээр нь ерөнхийд нь язгууртны, жирийн гэж ангилдаг.
1-рт Хүннүгийн жирийн иргэдийн булш нь 5-13м голдоч бүхий дугуй чулуун далантай байх бөгөөд далангийн доор1-7м хүртэлх гүн нүх ухаж дотор нь банзан авс болон мод чулуугаар хийсэн хашлаганд хүнээ толгойгоор нь хойш нь харуулан тэнэгэр байдлаар хэвтүүлэн оршуулсан байдаг. Гол төлөв хүнээ нум сум, жад, илд, чинжаал хутга, эмээл хазаарын тоног хэрэгсэл, хувцас хунар, хүрэл сав суулга, алтан чимэг, хүрэл толь, шавар ваар зэрэг зүйлсийг дагалдуулан тавьсан байдаг онцлогтой.
Хүннүгийн жирийн иргэний булшийг өвөрхангай аймгийн богд сумын тэвш уул, Булган аймгийн Бүрэгхангай сумын Өвгөнт, хутаг өндөр сумын нутаг бурхан толгой, Хөвсгөл аймгийн галт сумын Нүхтийн ам, Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын Наймаа толгой, Төв аймгийн алтанбулаг сумын нутаг Морин толгой зэрэг монгол орны төв болон алтай, хангай, хэнтийн нутгаас олон тооны хүннү булшийг малтан шинжилсэн байна.
2-рт хүннүгийн язгууртны булш нь хэмжээ хязгаарын хувьд харьцангуй том байх бөгөөд гадуураа чулуун өрлөг далантай, үүдэвчтэй байдаг. Зарим булшны дотор талд хавтгай чулууг босгон хана болгон тавьдаг тал ч бий. Ихэнхдээ нас барсан хүнээ 8м гүнээс доош гүнд хоёр давхар тусгай дүнзэн бунхан доторх модон авсанд оршуулдаг. Хүннүгийн ийм язгууртны булш манай орны Төв аймаг Борнуур сум, ховд аймгийн Манхан сумын Тахилтын хотгор, Архангай аймгийн Хайрхан сумын Хүнүй голын Гол мод, Хэнтий аймгийн
Баян-адрага сумын Борбулаг, Дуурлиг нарс зэрэг газруудад олон тоогоор байна. Мөн Буриадын нутаг Ильмовын ам, Дерестуй зэрэг газруудад ч Хүннүгийн үеийн язгууртны булш бий.
Хүннүгийн хот суурин
Хүннүгийн археологийн нэгэн чухал хэрэглэгдхүүн дурсгал бол тэдний хот суурин билээ. Хүннү нар дан ганц нүүдлийн мал аж ахуй эрхлээд явсангүй газар тариалан эрхэлж тодорхой газар төвлөн суудаг байв.
Манай оронд хүннүгийн олон хот суурин бий түүнээс одоогоор олдоод байгаа нь цөөн.
Төв аймгийн Борнуур сумын Бороогийн суурин, мөнгөнморьт сумын Хүрээндов, Тэрэлжийн Дөрвөлжин, Эрдэнэ сумын Өндөр дов, Баянжаргалан сумын нутаг Хэрлэн голын Цагаан арлын Гуа дов, Дорнод аймгийн Цагаан-овоо сумын баруун Дөрөөгийн хэрэм, Барс хотll, хэнтий аймгийн Жаргалт хаан сумын нутагт орших Цэнхэрийн голын хэрэм, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Шувуутын голын хэрэм, Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Баянбулагийн туурь зэрэг хүннүгийн холбогдолтой хот балгадыг эрдэмтэд судлан тогтоогоод байна.
Гуа дов
Гуа дов нь эргэн тойрон шороон хэрэмтэй байсан бөгөөд түүний хойт урд тал нь 367 м, баруун, зүүн тал нь 360м ба хэрмэн нурман үлдэцний өндөр 50-70см, өргөн нь 3.5м байгаа бөгөөд хойт урд талдаа хэрэм хаалгатай байжээ.хэрмийн төв хэсэгт нэг барилга, хэрмэнд тулгаж барьсан арваад барилга байжээ. Төв хэсгийн барилгыг дагтаршуулсан шороон дээр барьсан байжээ. Малтлага хийх явцад янз бүрийн тоосго, ваар, баганын суурь, тахилын ширээ зэрэг олон төрлийн олдворууд олдсон.[1]
Бороогийн суурин
Суурин нь төв аймгийн Борнуур сумын төвөөс баруун хойш 30 км Цагаан чулуутын хөндий Бороо голын хойд дэнж дээр орших эртний хотын үлдэгдлийг Бороогийн суурин гэж нэрлэдэг. Энэ сууринг анх 1962 онд археологич Ц.Доржсүрэн олж илрүүлсэн бөгөөд 1990-ээд оноос монгол унгарын хамтарсан хүннүгийн дурсгал судлах ангийнхан улам нарийвчлан судалсан болно.
Эргэн тойрон 100м хэмжээтэй хэрмийн үлдэгдлийн өндөр нь 20см байна эндээс шавар ваарны амсар засдаг далаар хийсэн багаж олдсон, мөн хүннүгийн бусад хот суурингаас тахилын чанартай олдвор элбэг олддог бол бороогийн суурингаас гол төлөв аж ахуйн зориулалттай зүйлс олддог байна.
Баянбулагийн туурь
Суурин нь өмнөговь аймгийн номгон сумаас урагш 30 гаруй км зайд оршино. Ерөнхийдөө дөрвөлжин хэлбэртэй. Дөрвөлжин хэлбэрийн хэрэмийн ихэнх хэсэг нь эвдэрч хэмхэрсэн байдалтай зөвхөн хойд хэсэг нь бүтэн байдалтай үлдсэн байна. Хэрэмийг шороо тагтаршуулан хийсэн бөгөөд хойд тал нь 180м, баруун тал нь 110м урттай, хананы өргөн нь 10-16м байна. Хойд талдаа 2м орчим овгор шороо байх бөгөөд энэ нь харуулын цамхаг байсан байна. Энэ сууринг анх Х.Пэрлээ судлан шинжилсэн.[2] Эндээс хүрэл эдлэлүүд, ваар савны хагархайнууд, хан улсын үеийн у-шу зооснууд олдсон байна.
Тэрэлжийн дөрвөлжин
Хотын үлдэгдэл нь төв аймгийн мөнгөн морьт сумын нутаг Тэрэлжийн голын зүүн эрэгт орших эртний хотын сууринг тэрэлжийн дөрвөлжин гэж нэрлэдэг. 1925 онд анх Б.Я. Владиморцов, Бараадын Базар нар олж илрүүлсэн. Хэрмийн хэмжээ нь хааш хаашаа 235х235м, хэрмийн өргөн нь 10-15м, өндөр нь 0.5-0.8м, хэрмийн гадна талаар нь татсан сувгийн өргөн нь 3-6м, гүн нь 0.5-0.7м ажээ. Эндээс ваарны хэлтэрхий барилгын хэрглэгдэхүүн тоосго, тахил, шүтлэгийн зориулалттай суурин олдсон байна.[3]
Хүннүгийн үеийн хадан дээрх зураг
Монголчуудын өвөг дээдэс хүннү нарын үлдээсэн түүх соёлын ололтыг харуулсан нэгэн чухал дурсгал бол хадан дээрх зураг юм. ховд аймгийн үенч, алтай сумын зааг нутаг Ямаан усны хавцлын ханан хаданд дүрслэгдсэн гурвалсан морь хөллөсөн сүйх тэрэг, тамган дүрс, мөн Баянөлгий аймгийн Улаан хус сумын нутаг Цагаан салаагийн хаднаа нохойд хөөгдөж буй аргалыг өмнөөс нь тосож нум сумаар харваж буй анчны дүрстэй зургийг хүннүгийн үед холбогдуулан авч үздэг. Ямаан усны хаднаа найман хигээстэй том дугуйтай тэрэгэнд гурван морь хөллөсөн сүйх тэрэг байх бөгөөд дотор нь нэг хүн сууж яваа дүрсийг тод томруун харуулсан байх ба тэрэгний өмнө, хойт талд нэг нэг морьтой хүн яваагаас үзвэл хамгаалан явж буй гэмээр харагдана. Дараагийн зурагнаа жижиг хөнгөвтөр тэргийг дүрслэн нэг моринд хөллөн дотор нь хүн сууж яваа байдалтай өмнө нь нэг морьтой хүн явж буйгаар дүрсэлсэн байна./ноён уулын хүннү булшнаас шовгор оройтой малгай олдсон нь адтл/
Цагаан салаагийн хаднаа дүрсэлсэн зурагнаа том эвэртэй аргалыг харайн буйгаар дүрсэлж түүний доод хажуу хэсэгт том сүүлтэй нохой хөөж байгаагаар дүрсэлсэн нь элт харагдаж байна.харин аргалын урд талаас шовх оройтой малгайтай, үовх хоншоортой гуталтай, ардаа бүснээсээ гурван сум зүүсэн анчинг нум сумаар тосон буйгаар харвах гэж буйгаар дүрсэлсэн байдаг./төв алтанбулаг сум, тариатад малтсан хүннү булшнаас гарсан ясан эдлэл дээрх зурагтай адил/[4]
Монгол нутаг дахь түрэгийн үеийн археологийн дурсгалууд
Түрэгүүд нь монгол нутагт олон зуун жил оршин тогтнож байсан харь угсааны улс билээ. үндсэндээ түрэг нарын археологийн холбогдолтой дурсгалууд нь одоогийн монгол улсын нутаг хийгээд хуучин монголчуудын нутагт дийлэнхдээ бий. Түрэг нарын түүх соёлыг судлах ажил XlX-зууны сүүл үеэс эхлэлтэй бөгөөд орхон голын сав газраас орхон Енисеин бичигт хөшөөг олж, нээн илрүүлсэн нь түрэг судлал монголд хийгээд гадаад оронд судлагдах үндэс болсон юм. түрэг нарын дурсгал дундаас зонхилох дийлэнх олонх нь тэдний үлдээсэн тахил тайллагын онгон билээ.
Мөн түрэгийн үеийн хөшөөд, хаад ноёдод зориулсан том, жижиг булш бунханууд, сийлбэр зураг, хотбалгадын туурь зэрэг олон төрлийн чухал дурсгал байдаг.
  1. Булш оршуулгын дурсгал
Эртний түрэг нар нь нас барагсдаа оршуулах өвөрмөц зан заншилтай байсан төдийгүй тахиж тайх, онголох ёсон хэлбэршиж байсан байна. Түрэг нар нас барагсдаа оршуулахдаа тэдний амьдрал ахуй, нийгэмд эзлэж байсан байрь суурь зэрэгээс нь улбаалан хоёр үндсэн төрөлд хуваан оршуулгын байгууламжийг үйлддэг байсан байна. Ингэхдээ
-жирийн иргэдийн
-язгууртны
2. түрэгийн бичиг үсгийн дурсгал
Түрэг нар төв азид оршин тогтнож байсан эртний соёлт ард түмэн бөгөөд хаад ноёддоо зориулж олон төрлийн гэрэлт хөшөөг босгон үлдээсэн нь өдгөө бидэнд хүрч ирсэн байдаг. Тэд нар хад чулуунд ихэс дээдсийнхээ амьдрал, түүхэн замнал, намтар, улс үндэстнийхээ чухал ховор тэмдэглүүштэй үйл явдлыг сийлэн үлдээсэн байдаг нь тэдний соёл ямар түвшинд байсныг харуулаад зогсохгүй түүхийн нэн чухал дурсгал болон хувирч өдгөө цагт хүрч ирсэн нь олон буй.
  1. түрэгийн хот балгад
манай оронд түрэг нар нь тодорхой хугацаанд оршин тогтнохдоо өөрийн улсын нийслэл зэрэг олон том жижиг хот, хэрмийг барьж байгуулж байсан төдийгүй түүнийгээ дагаад уран баримал, барилга хөгжиж байсаны баримтууд бий.
  1. хүн чулуун хөшөө
түрэг нарын соёл боловсролын дурсгал дотроос хамгийн чухалд нь хүн чулуун хөшөөд орно. Монгол улсын нутагт түрэгийн үед холбогдох олон хүн чулуун хөшөөд буй
Монгол нутаг дахь уйгурын түүх археологий дурсгал
түрэгийн хаант улс мөхсөний дараа монгол нутагт түр хугацаанд хүчирхэгжин мандаж байсан Түрэг угсааны улс бол Уйгур улс билээ. Уйгурын үед холбогдолтой олон чухал дурсгал монгол нутагт багагүй байгаа билээ. Тэр дундаа хот тосгонтой холбогдсон хэдэ хэдэн дурсгал бий. Уйгур нар нь өөрийн улсыг байгуулж хот хэрэм барьж байсны ул мөр болох одоогийн Монгол улсын нутаг Архангай аймгийн Хотонт суманд орших Хар балгас билээ. Тухайн үедээ Уйгурын нийслэл байсан. Мөн Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт орших Бий булагийн балгас билээ.
Уйгурчуудын дурсгал дотроос өөрийн өвөрмөц дүр төрхийг илтгэсэн дурсгал бол тахил тайлагын онгон юм. мөн олон төрлийн бичигт гэрэлт хөшөөд байдаг. үүнд: Моюнчурын гэрэлт хөшөө, Долоодойн хөшөө, тэрхийн бичээс зэрэг гайхамшигт дусгалууд байна.
Лекц № 10 Xlll зууны үеийн Монголчуудын археологийн дурсгал
Монголчууд дэлхийн түүхнээ их тэсрэлт хийн товойн гарч ирсэн үе бол Xlll-XlVзууны үе билээ. Монголчууд их гүрэнг байгуулан ази европийг дамнасан эзэнт гүрэнг байгуулсан хэдий ч уугуул нутаг дээрээ олон чухал дурсгалын бүтээн үлдээсэн нүүдэлчин ард түмэн билээ. Монголын баруун, зүүн, өмнөд хойт зүгийн бүх нутгаар дээрх цаг үед холбогдох дурсгалууд тархсан байна. Монголын үеийн археологийн асуудалд дараах зүйлсийг хамруулан авч үзэж болно. Булш оршуулгын дурсгал хйигээд тахил тайлгын шүтээн, хаад ноёдын амьдарч байсан орд өргөөд, хот балгад, хэрэм цайз, гэрэлт хөшөөд, хүн чулуун хөшөөд, хаадын өвөлжөө бууц зэрэг олон төрөл зүйлийн дурсгалуудыг хамруулан үзэх болно.
Лекц № 11 Чулуун зэвсгийн дурсгал малтах арга зүй
Чулуун зэвсэг.Одоо илрээд буй дурсгалуудыг:
1. Зөвхөн чулуун зэвсэг олдсон газар
2. Чулуун зэвсэгийн бууц, дарханы газар
3. Чулуун зэвсэг, чулуужсан хүний яс олдсон газар
4. Чулуун зэвсэг, чулуужсан амьтны яс, чулуужсан хүний яс олдсон газар
5. Чулуун зэвсэг, ясан багаж, чулуужсан амьтны яс, чулуужсан хүний яс илэрсэн газар хэмээн ангилах боломжтой юм.
Хүчил ихтэй хөрстэйгээс органик эдлэлүүд хадгалагдаж үлддэггүй тул зөвхөн чулуун зэвсэг л олддог газрууд олонхи нь болно. Агуйн дурсгалаас чулуужсан хүний яс болон чулуужсан амьтны яс илэрсэн боловч ийм тохиолдол тун цөөн бөгөөд жинхэнэ урлагийн бүтээл илрээгүй байна. Тэр дундаа дээд палеолитийн үеийн соёл бүрэлдэх явц дахь урлагийн үүсэл нь өмнөх үеийнхээс ялгарахуйц баталгаа болж чадах ч байгалийн хэцүү нөхцөлтэйгээс энэ төрлийн олдворууд илэрдэггүйг харамсалтай зүйл биш гэх аргагүй юм. үүнээс шалтгаалж Солонгосын хуучин чулуун зэвсгийн судалгаа нь бусад улстай харьцуулбал чулуун зэвсгийн задлан шинжилгээ ба хөрсний давхаргын он цагийн шинжилгээнд илүү тулгуурлахаас өөр аргагүй нөхцөлтэй болжээ. /Жанг Юнг Жүн. "Солонгос дахь дээд палеолитийн судалгааны үндэс” хуудас 211/
Хөрсөн дээр ил болон газрын гүнд соёлт давхарга бүхий байдлаар эртний хүмүүсийн үлдээсэн чулуун зэвсэг байдаг. Манай орны өмнөд, зүүн, баруун урд хэсгийг хамарсан цөлжилт жилээс жилд нэмэгдэж байгаа нь чулуун зэвсгийн болон эртний судлалын бусад дурсгалуудыг илрүүлэхэд сөрөг нөлөөг үзүүлж эхэлсэн. Иймд элсэн тогтоц бүхий газар нутгийг хамарсан хайгуулаа хийхдээ археологч хүний анхаарал, сэрэмж илүү их шаардлагатай байдаг.
Үе давхраатан тогтсон хурдсын бүрэлдэхүүнд янз бүрийн гарал үүслийн хурдас чулуулаг байгаа. Тухайлбал, дарагдмал хөрсний хоёр үе, нуурын хурдас, салхины гаралтай гол болон бэл хормойн гаралтай хурдас үелэн тогтож, энэхүү давхарцанд уур амьсгалын дулаарал, хүйтрэлтийг давсан эртний газар зүйн онцлог хадгалагдан археологи, палеонтологийн олдворыг тодорхой үе давхаргад агуулан байгаагаараа эрдэм шинжилгээний ач холбогдолтой юм. /Д.Цэвээндорж, П.Хосбаяр. "Дулааны говийг археологи, геологийн талаар дахин судалсан нь” Археологийн судлал. УБ.,1982. Боть-10, Дэвтэр 3. хуудас /
Хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгалуудыг хайрган, хоёр талт (бифас) гэж хийсэн арга барилаар нь 2 хуваадаг бөгөөд хайгуул хийх үедээ тухайн артеофакт (эртний олдвор) ямар хэлбэр, хийц бүхий болохыг ажиглаж байх шаардлагатай. Энэ үеийн зэр зэвсэг, эдлэлүүд болох диск, трупризм, скрип, үзүүр мэс, дэвүүр, леваллуа, ялтсан зэвсэг, нуклуз, отшеп, чопен, хайрган үлдэц, чоппер, цавчуур зэвсэг, скреблагийн нэрийдлийн учир хамаасал, онцлог шинж, хийц хэлбэрийг мэдэж байх нь чухал юм.
Гол усны нөлөөгөөр элэгдэж мөлийсөн, гонзгой хэлбэрийн хайрган чулууг хуучин чулуун зэвсгийн хүмүүс сонгон зэр зэвсгээ хийдэг байсан. Анх хайрган чулууныхаа нарийн талаас нь цохиж ир гаргах замаар зэвсгээ урлаж байсан. Тухайн чулууны үзүүр хэсгийг хоёр талаас нь ир гаргаж цохиж, цуулсан зэвсгийг бифас буюу хоёр талт ир бүхий зэвсэг гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Монгол орны нутагт нэлээд тархсан. Тэгш, зуувандуу, уртавтар хэлбэрийн ялтасыг үлдэц чулуунаас цуулж авч хийсэн зэвсгийг леваллуа маягийн зэвсэг гэж нэрлэдэг. Харин энэхүү ялтасыг дахин засаж, ирлэх байдлаар хянгар, цоолтуур гэх мэтийн зэвсгийг урладаг байжээ.
Ямар нэгэн чулууг хэлтжиж цохих байдлаар засахад бий болсон жижиг чулуугаар зэвсэг хийдэг хэлбэрийг клектоны аргаар хийсэн зэвсэг гэж нэрлэдэг.
Чулууны ирийг чулуун дээр нь гаргаж нарийвчлан тэгш хэмтэйгээр цохиж хийсэн хурц хэлбэрийн гурвалжин үзүүртэй, бариул хэсэг нь өргөн суурьтай чулуун зэвсгийг мэс гэдэг. Харин чулууныхаа нэг талыг нь ир гарган засаж ялтас, залтасыг ашиглаж хийсэн олдворыг хянгар зэвсэг гэнэ. Чулууны доод үзүүр хэсгийг нь бутлан цохиж, жижгэвтэр ир гаргаж, дээд талыг нь засахгүйгээр хийсэн олдворыг шүдлэг иртэй зэвсэг гэж үзэж болно.
Үзүүр мэс нь өргөн суурьтай, гурвалжин хурц үзүүр бүхий зэвсэг юм. Түүний ирийг холтчин засаж тэгш хэмтэй хийдэг байжээ. Хянгарийг өргөн ялтас, залтасаар хийдэг байв. Зөвхөн нэг талыг нь сайтар засч ир гаргадаг байжээ. Энэ зэвсэг нь олон тоогоор олддог нь тухайн үеийн хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээний зэвсэг байсныг харуулж байна. Хянгарыг голчлон мал, амьтны арьс ширийг өвчих, боловсруулахад ашиглаж байжээ. Хажуу ирмгэ болон үзүүр ёзоор хэсгийг нь хөнхийлгөн, холтчин ир гаргасан хөнхөр шүдлэг иртэй зэвсэг энэ үеийн өвөрмөц эдлэлийн тоонд багтдаг. Мустьегийн үеийн дурсгалт газруудаас дээд палеолитийн үеийн хэв шинжит зэвсгүүд болох уртавтар ялтас, хянгар, сийлүүр, цоолтуур олддог явдал нь энэ хоёр үеийн гарал үүслийн хувьд холбоотойг харуулж байгаа явдал юм. /Дунд палеолит. Д.Цэвээндорж, Д.Баяр, Я.Цэрэндагва, Ц.Очирхуяг. Монголын археологи. УБ.,2002 хуудас 47/
Хүний анхны суурьшлын глобаль асуудлыг шийдэх, түүний нүүдлийн шинж чанарыг тогтооход бид дээрх хэрэглэгдэхүүнийг үгүйсгэн орхиж болохгүй бөгөөд тэдэнгүйгээр эртний түүх бүрэн болж чадахгүй юм. Чулуун зэвсгийн судалгааны арга зүй анхлан олдворууд нь булшлагдсан байдалтай дурсгалуудын цуглуулга дээр үндэслэгдсэн билээ. Иймээс чулуурхаг газрын гадарга дээр удаан хугацаанд ил хэвтсэн чулуун зэвсгийг судлах чухал бөгөөд том зорилт гарч ирж байна. Дээрх баримтыг хүлээн зөвшөөрөх нь зарчмын чухал ач холбогдолтой, учир нь асуудлыг тодорхойлж тавих нь түүнийг шийдэх бололцоо олгодог. Монголын дурсгалууд (Монгол Алтай, Говийн алтай, Хангай, Говь) дээрх ажлын туршлагаас үзэхэд холимог дурсгалуудын хэрэглэгдэхүүнийг ангилахад хамгийн чухал өгөгдлүүдийг тодорхойлох арга хамгийн үр дүнтэй байна.
1. Цуглуулгыг түүхий эдээр нь ялгах
2. Гадаргын хадгалагдсан байдлыг тооцож үзэх. Уулын чулуулгын хэврэгшин бутрах үйл явц олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нөлөөллийн хэлбэрээрээ хэд хэдэн төрөлд хуваагдана.
Ш Механик буюу физик элэгдэл-агаарын хэмийн өөрчлөлт, хүйтнээс болсон эвдрэл, дефляци, коррози
Ш Химийн эвдрэл-уусалт, шохойжилт, хүчилжилт
Ш Биологийн элэгдэл-замаг, хөвдөнд идэгдэх, ургамлын үндэс, өт амьтанд эвдэгдэх
3. Үлдэц зэвсгийг төрлөөр нь ангилж, тэдний хамгийн эртний ба хожууг тогтоох
4. Эртний эдлэлийг засаж шинэчилсэн байж болох нөхцлүүдийг тооцоолох.
Аргазүйн дээрхи үндсүүд асар олон дурсгал, тэндэхийн цуглуулгыг ялгаж ангилах бололцоо олгож, хэд хэдэн асуудлыг шийдэхэд туслана. /Ц.Төрбат. Монголын археологи, эртний түүхийн сургалтын хэрэглэгдэхүүн” УБ.,2006. Цуврал 1. МУБИС-ийн түүхийн тэнхим. Хуудас 27/
Шинэ чулуун эдлэлийн үед зарим овог, аймгууд байгаль орчны тохиромжтой нөхцөл бүрдсэн нутагт удаан хугацаагаар суурин амьдрах болсонг нотлох сууцыг хээрийн нөхцөлд малтах нь анхаарууштай ажил байдаг.. Үүний тодорхой гэрч нь Тамсагбулгийн суурин бөгөөд тэнд хэд хэдэн сууц бүхий овгийн суурин буй болсон явдал юм. Энд 5 сууцны орыг малтсаны нэг нь харьцангуй бага эвдэрч хэлбэр, төрхийг нь тогтоох боломжтой байсан ба урт нь 7м 60 см, өргөн нь 5м 60 см буюу нийт 42.5 м2 талбайтай зууван дөрвөлжин хэлбэртэй байв.
Ийм сууцыг эхлээд сууцныхаа хэмжээний зууван дөрвөлжин нүх ухаад дотор талаар тойруулан хэдэн модон багана босгож хананы яс мод босгосон ба төв, дунд нь хэдэн багана босгосон байжээ. Эдгээр багануудын орой дээгүүр сууцныхаа дээвэр тавьсан байжээ. Шал нь тэгшхэн, дөрвөлжин хэлбэртэй. Сууцанд үүд байгаагүй нь дээврийн гол оройд нүх гаргаж төв дунд буй багануудад түшиглэн тусгайлан бэлдсэн шатаар орж гарч байсан бололтой. Төрөл бүрийн чулуу, ясан эдлэлээс гадна сууцыг малтахад гарсан хамгийн сонин олдвор нь хүний булш юм. /Д.Цэвээндорж, Д.Баяр, Я.Цэрэндагва, Ц.Очирхуяг "Монголын археологи” УБ.,2002 тал 79/
Шинэ чулуун зэвсгийн материалыг нягталбаас зан суртахууны зарим нэг шинж төлөв мэдэгддэг. Үүнд: нас барагсадаа тусгайлан оршуулах зан үйл мэдэгдэж байна. Энэ үед голдуу хүнээ газар ухаж оршуулан бие цогцсын хамт эдэлж хэрэглэ явсан эд өлөг, ялангуяа биендээ гоёл чимэглэл зүүж хадаж явсан зүйлс, амьдралын чухал багаж зэвсгийг дагалдуулдаг нь илрэн мэдэгдсэн юм. Хүнээ зүүн зүг умар харуулж тавина. Тэнэгэр, хөлийг бохироон /атийлгаж/ суугай байдлаар, заримдаа босоо ч оршуулсан тохиолдол бий. Хүндээ улаан зос цацах заншил нэлээд нийтлэгдүү. Энэ бүхэн бол эртний хүмүүийн дунд шүтэх бишрэх ёсон аажмаар бий болж, хойт насны тухай ухагдахуун гарч ирснийг илэрхийлж байгаа хэрэг юм. /Д.Наваан. Монголын түүхийн дурсгалууд. УБ.,1980 х30/
эх сурвалж:http://chinggis_history.blog.gogo.mn:
Category: aрхеологи | Views: 4870 | Added by: admin | Rating: 5.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: