19:53 “Луугийн анчин”-тай хамт ажиллаж явсан монгол судлаач | |
У.Эрдэнэбат , Д. Эрдэнэбат daagii1019@yahoo.com 1920-иод оны үед Монголд хайгуул судалгаа хийсэн томоохон экспедицийн тоонд Р.Ч. Эндрюс (1884-1960)-ийн удирдсан Америкийн Байгалийн түүхийн музей, Америкийн Азийн нийгэмлэгийн "Ази” сэтгүүлтэй хамтран явуулсан Төв Азийн судалгааны гуравдугаар анги (1922, 1923, 1925) зүй ёсоор орно. Монгол улсын говь нутагт1 хийсэн энэ судалгааны ангийн бүрэлдэхүүнд: экспедицийн удирдагч, амьтан судлаач Рой Чэпман Эндрюс, палеонтологч Вальтер Гренжер, геологич Чарльз Берки, геологич Фредерик Моррис, археологич Н. Нельсон, палеоботаникч Ральф Чаней, эмч Гарольд Лукс, амьтан судлаач Клиффорд Попе, газрын зурагзүйч, гэрэл зурагчин Л. Робертс, Ф. Бутлер, Г. Робенсон зэрэг хүмүүс оролцжээ Уг экспедици нь Монгол улсын Гадаад явдлын яамаар дамжуулан, Засгийн газраас зохих зөвшөөрөл авч, Судар Бичгийн Хүрээлэнгийн дарга О. Жамъян (1864-1930), эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж. Цэвээн (1881-1940) нартай, өөрөөр хэлбэл, Монголын шинжлэх ухааны байгууллагатай гэрээ байгуулан, тодорхой нөхцөлтэйгөөр ажиллаж байсан ажээ. Судар бичгийн хүрээлэн, Америкийн талтай байгуулсан гэрээний гол утга нь: Америкийн тал Монголын говь нутагт эрт галавын амьтан, ургамлын судалгаа хийхдээ, Монгол улсын хууль, эрхзүйн актын дагуу явуулах ба ямар нэг арилжаа наймааны зүйл хийхгүй, эрдэс баялаг эрэхгүй, зөвхөн газрын дээр болон доор дарагдсан амьтан ургамлыг судлах бөгөөд бүрэн бүтэн хэвээр олдсон палеонтологийн олдвор яс, мөн бусад ховор олдвор, археологийн онцгой зүйлийг Судар бичгийн хүрээлэнд үлдээх ба аяллын замын зураг, шинжилгээний тайлан, фото зураг зэргийг хүрээлэнд өгч байхаар тохирчээ. Мөн зарим олдворыг Америкийн Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн лабораторид боловсруулсны дараа Судар бичгийн хүрээлэнд ирүүлэх бөгөөд тэдгээрийг хилээр гаргах, оруулахад гаалийн хураамж авахгүй байхаар тохирсон байна. 2 Эл шинжилгээний ангид бидний олж мэдсэнээр 1920-иод оны Монголын шилдэг сэхээтний нэг Цогт Гармаевич Бадамжапов зөвлөхөөр ажилласан ба хээрийн шинжилгээний ажилд John Dimschikoff хэмээх Дэмчигийн Буддарь, Бадамжаповын хүү Далай, тэмээн жингийн хөтөч Цэрин нарын нилээд хэдэн монгол хүн оролцсон ажээ. Энэ тухай архивын баримт, тухайн үед шинжилгээний ажил хийж байсан хүмүүсийн бичсэн зүйл зэргээс үзэхэд тэдгээр монгол хүмүүсийн дотроос ялангуяа Дэмчигийн Буддарь уг экспедицийн үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож явсан нь мэдэгддэг юм. Буддарь бол уг гарал буриад монгол, маш сонин түүх намтартай хүн юм. 1894 онд тэр үеийн Хаант Орос Улсын Чита мужийн бүрэлдэхүүнд багтсан Агын буриадын Цүүгэл нутагт Угсаахай гэдэг газар мэндэлжээ. Эцэг нь Дэлгэрийн Дэмчиг. Гулбаа буюу буриад зоны сонгуулиар өргөмжлөгдсөн нутгийн тэргүүн ноён, одоогийнхоор бол сумын дарга явжээ. Тэднийх зургаан хүүхэдтэй байснаас Юндэн, Буддарь, Ойдов-Аанчиг нарын гурван хүүтэй. Буддарь Дэмчигийн зургаан хүүхдийн дөрөв дэх нь бөгөөд бусдаасаа илүү ухаалаг сэргэлэн байснаас ч тэр үү эцэг нь хүүгээ багаас нь эрдэм номтой хүн болгох зорилго тавьж орос гимназид суралцуулан төгсгөсөн байна. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа буриад зоны нэг хэсэг өнөөгийн Монгол улсын хилийн дотогши нүүдэллэн орж ирэхэд, Дэмчигийнх одоогийн Дорнод аймгийн Халх гол, Цагаан-Овоо сумын нутагт ирж суусан бололтой. Буддарь багшийн тухай бичсэн нийтлэл, дуртгалд тэмдэглэснээр, түүнийг Оросын гимназийг онц сайн дүнтэй төгсгөөд ирэхэд эцэг нь далан амбан шар өмчилж өгөөд "хаа боломжтой газар очиж эрдэм сур” гэсэнд тэрбээр эцгийн захисан ёсоор далан шараа туусаар Хүрээнд ирж зарж борлуулан бэлтэй болоод Дундад Иргэн Улс, улмаар Хонгконгод очиж суралцахын зэрэгцээгээр оройн цагаар ачаа ачигчаар ажиллаж явжээ. Тийнхүү тэнд англи, хятад хэл бичиг, байгалийн шинжлэх ухааны талаар чамлахааргүй мэдлэгтэй болж цаашид өөр улс оронд очиж суралцах бэлтгэл юугаан хангаад Хонгконгоос Японд, Японоос Америкад, Америкаас Францад, Францаас Германд очиж суралцсан байна. Энэ урт замд дутагдах гачигдахын элдэв бэрхшээл тохиолдовч Буддарь тэр болгоныг даван туулахын тул биеийн хүчний янз бүрийн ажил ч хийж явжээ. Жишээ нь тэр, Японд байхдаа сургалтын зардлаа төлөхийн тул хөлсний тэрэгчин буюу чухамдаа хүн тэрэг болон зөөвөр хийж явсан ч удаатай ажээ3. Эцэст нь тэрээр 1920-иод оны үест Германиас Монголдоо ирж Судар Бичгийн Хүрээлэнд судлагчаар ажилласан ба ялангуяа эрдэм шинжилгээний талаар гадаадтай харьцах ажилд чухал үүрэг гүйцэтгэж байсны нэг баримт нь Р.Ч. Эндрюсийн удирдсан Төв Азийн судалгааны гуравдугаар ангид оролцон ажилласан явдал билээ. Гэвч тухайн үед Монгол оронд өрнөсөн улс төрийн үйл явдал ба олон улсын харилцааны хурцадмал байдлаас болж Буддарь багшийн талаар гадаадын эрдэмтдийн дунд одоо болтол буруу ташаа дүгнэлт байсаар байгааг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. Тухайлбал, америкийн археологич Чарльз Галленкампийн бичсэн "Луугийн анчин” хэмээх номонд Буддарь багшийн тухай дурсахдаа дан ганц сөрөг талаас нь, тэдний экспедицийн үйл ажиллагааг Засгийн газрынхаа даалгавраар тагнаж байсан, хор найруулагч тагнуул туршуул гэх мэтээр аль өөдгүй муухай үг болгоныг хэрэглэн бичсэн байх юм. Буддарь гуайн талаар "Луугийн анчин” номонд америк зохиолчийн бичсэн хэсгийг дор монголчлон сийрүүлбэл: "... Нөгөө нь Жон Димчикофф гэж аль хэдийн боловсорсон, дарга нартаа аймшигтай худлаа тайлан мэдээ өгдөг, өөдгүй зэвүүн тагнуул байсан. Тэр хэдийгээр хорин дөрөвхөн4 настай боловч, "шинжлэх ухааны мэдэгдэж буй салбар болгоны” зах зухад суралцсан, Өргөөгийн нэгэн сургуулийн профессороор өргөмжлөгдсөн нэгэн байв. Хожим шинжилгээний ангийг Цагаан нуурт байхад, тэрбээр Далайн нэгэн адил санаанд оромгүй байдлаар нууц албаны гурав дахь гишүүнээр элссэн бөгөөд өөрийн шулуун шудрага, тууштай чиг шугамаасаа хазайсан юм5 хэмээн тодорхойлжээ. ... Эндрюс өөрийн хүмүүс ба багаж төхөөрөмжийн хамт энэ орноос хөөгдөж гарахын өмнө буюу шуурган гал дэгдэхийн өмнөхөн, жинхэнэ зөв үедээ Гадаад Монголыг орхисон юм. Энэ үйл явдал үнэн хэрэгтээ түүний шинжилгээний ангид хамт явж байсан, Засгийн газрын тагнуул, хэт их чармайлт оролдлоготой коммунист Жон Димчикоффын хүргэсэн мэдээллээр 8 сарын 15-нд Улаанбаатар хотын сонин мэдээнд нийтлэгдсэн өгүүллийн үр дүн болж эхэлсэн билээ. Чухамдаа Эндрюс 8 сарын 20-нд Бээжинд хийсэн дөрөв хоногийн албан аяллаасаа буцаж ирэх хүртлээ үүсээд буй нөхцөл байдлын тухай юу ч мэдээгүй байлаа. Сонин мэдээгээр хот даяар тархаасан цуурхал дээр тус экспедици Монголоос хөөгдөн гарахын айдас нэмэгдэж түүнийг тэвдүүлжээ. Эндрюсийг Засгийн газартай байгуулсан тохиролцоогоо зөрчсөн, большевизмийн эсрэг суртал ухуулга тараасан, газрын тос ба эрдэс баялаг хайсан, тус орныг эзэрхийлэхийг санаархсан гадаадын харгис хүчинтэй сүлбэлдсэн бөгөөд шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд зарим тооны сэжигтэй хүмүүсийг цэрэг дайны утгаар агуулан авч явж байсан хэмээн буруутгажээ. Димчикофф өөрийн дарга нарын хардалт сэрдэлтийг дэвэргэж Эндрюсийг шийтгэх хангалттай хор найруулсан байв. "Агуу их Эндрюсийг” харааж, Улаанбаатар хотын мэдээнд тус экспедицийн ажлын талбартаа ямаршуу булай зүйл хийсэн болохыг жижиг сажиг зүйл дээр хүртэл буруутган бичсэн нийтлэлдээ Димчикофф, америкууд өөрсдөө амьтан алж байсан мөртлөө, монголчуудад ан хийхийг зөвшөөрөөгүй, зүгээр хөтөч ажиглагч гэсэн байдлаар ихэмсэг дээрэнгүй хандаж байсан, монголчуудыг "доод арьстан” гэж үл хүндэтгэн майхандаа орох гарахыг нь хүртэл хязгаарлаж, шивнэхээс өөрөөр яриулдаггүй байсан хэмээн гүжирджээ. Уг мэдээнд цааш бичихдээ, 7 сарын 4-нд шинжилгээний ангийнхан хэтэрхий их виски ууж согтуурхан бие биенээ хувцастай нь усанд чулуудсан бөгөөд гутал, цаг зэргээ усанд унагаж алдсан зарим согтуучууд нь тэднийг ус руу орж юмаа олж ирэхийг шаардаж байсан гэх зэргээр шүүмжилжээ. Иймэрхүү учир утгагүй, хөнгөмсөг явдлын түүх нь Улаанбаатарын сонин тэргүүн нүүрэндээ "ЭНДРЮСИЙН ЭКСПЕДИЦИ МОНГОЛЫГ ОРХИХ ЁСТОЙ” гэсэн ууртай гарчиг тавихад хүргэсэнд гайхах явдалгүй байв.Нөхцөл байдал цаашдаа Цагаан нуурын дэргэд шинжилгээний ангид нийлсэн, Монголын засгийн газрын гурав дахь тагнуул Бадамжапоффийг Димчикоффийн хуурамч мэдэгдлийг онцгойлон няцаасан учир Улаанбаатарт буцааснаас эхлэн бүр ч түвэгтэй болжээ. Гэвч Эндрюс ба түүний экспедицийг орь ганцаар тууштай хамгаалсан Бадамжапоффийн хүчин чармайлтын ачаар болсон хэрэг явдлын учрыг олсон бөгөөд харин чухам яаж хийснийг хэзээ ч тайлбарлаж өгөөгүй билээ. Эндрюс хожим нь мөнөөх булай Димчикоффийг шинжлэх ухааны гажуу туршилт хийсний улмаас өөрийн төрөлх нутаг Сибиртээ цөлөгдсөн хэмээн баттай эх сурвалжаас сонсжээ. Хоёр жилийн дараа тэрбээр Улаанбаатарт буцаж ирээд дахиад Далай Бадамжапоффийнхаа хамт Герман оронд албан томилолтоор явсан байна. Тэгээд Далай нь албаны мөнгөнөөсөө хулгайлж, Димчикоффийгоо хордуулсан, Далайг мөнгөө авч зугтаахад Димчикофф нь түүний хулгай хийснийг илчлэн нэхэмжилсэн тул алдаагаа мэдэрч амиа хорлосон сурагтай байдаг”6 гэх зэргээр бичсэн ажээ. Үүнээс үзэхэд тухайн үед Америкийн шинжилгээний анги цаашид Монголд тогтвортой ажиллахад ихээхэн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан нь илэрхий боловч энэ нь харин Р.Ч. Эндрюсийн бодож байсан ба Ч. Галленкампийн өнгөц дүгнэн бичсэн шиг дан ганц Монголын талаас буюу Буддарь мэтийн ганц нэг хүнээс шалтгаалсан хэрэг огт биш бөгөөд хэргийн цаад жинхэнэ учир шалтгаан нь Америкийн тал Зөвлөлт Холбоот Оросын тухайн бүс нутагт дангаар ноёрхох ашиг сонирхлыг хөндсөнтэй холбоотой бололтой. Үүнийг ч тухайн үеийн хөндлөнгийн зарим баримт сэлт гэрчлэн харуулж байна. 1925 оны 1 сарын 31-нд Оросын ШУА-ийн Геологийн музейн Төв Азийн хэлтсийн эрхлэгч И.П. Рачковскийн бичсэн илтгэх хуудаснаа: "Америкийн геологичид зүүн өмнөд ба зүүн Монголыг геологийн талаар шинжлэх ажлыг 1922 онд эхэлсэн бөгөөд дорноос Хангайн нурууны чиглэлээр баруун тийш аажмаар ахиж байна. Тэдний гол зорилго нь асар их үнэ цэнэтэй материалыг (сээр нуруут амьтдын үлдэгдэл) эзэмших явдал юм. Тэд судалж буй бүс нутгаас уг материалыг их хэмжээгээр ачуулсан бөгөөд баруун тийш (1923 онд Оросын ШУА-ийн Монголын шинжилгээний ангийн мэдээгээр эндээс бас сонирхолтой олдвор олдож болно) ахих үед цаашид хийсэн цуглуулга дэлхийн ач холбогдолтой эрдэм шинжилгээний баримт материал олсны хувьд америкчууд ашигтай байр суурьтай болно. Одоо үед энэхүү шинжилгээний ангийн олсон үр дүн нь Төв Азийн энэ хэсгийн геологийн бүтцийн үндсийг магадлах утгаар америкийн геологичид бага зүйл хийсэн ба тэд тун тааламжгүй нөхцөлтэй тулгарсан ба өөрийн зураглалаа зохиоход хүрсэн хэсэг бусын мэдээний зарим тохиолдолд баруун Монголын нутгийн нилээд тааламжтай нөхцөлд ажиглагдсан геологийн жинхэнэ харилцаанд нийцэхгүй байгааг олж харах боломж олгож байгаа юм. Америкийн геологичид цаашид баруун тийш ахих тусам Азийн эх газрын төв хэсгийн геологийн үндсэн хэсэгт хамаарах асуудлаар үгээ хэлэх боломж олгох нутгийг хамрах болно. Хэд хэдэн тогтмол шинжилгээ явуулсны дараа хэвлэгдсэн Оросын ШУА-ийн бүтээлүүд Төв Азийн геологийн асуудлыг магадлахад тэргүүлэх байр сууриа Америкийн эрдэмтдийн бүтээлүүдэд тавьж өгөх, улмаар төв ба баруун Монголын хүдрийн орд газруудын утгаар ч нилээд сонирхолтой бүс нутагтай холбоо бүхий шинжилгээнээс татгалзахад хүрэх болно. Тус орныг геологийн үүднээс судлах нь ашигт малтмалын баялгийг нь танин мэдэх ач холбогдолтой. Геологийн ажлуудын зохион байгуулалт удирдлагыг Америкийн эрдэмтдийн гарт шилжүүлэх нь Монголын шинэ Бүгд Найрамдах Улсын болон ЗСБНХОУ-ын эрх ашигт нийцэхгүй”7 хэмээн цохон тэмдэглэсэн байдаг. Ер нь Д. Буддарь багшийн 1920-иод оны сүүл 30-аад оны эхэн хагаст холбогдох намтрын мэдээ баримт ихээхэн ээдрээ будлиантай, цаашид лавшруулан тодруулмаар зүйл ихтэй байгааг тэмдэглэх хэрэгтэй. Дуун хөрвүүлэгч Г.Амар гуайн сурвалжлан нийтлүүлсэн орос хэлээрхи архивын баримтаас үзэхэд, Димчигон Буда-Дари 1894 онд төрсөн, уг нутаг нь Агын аймгийн Цүүгэл сум, аль улсын харьяат вэ гэдэг асуултанд БНМАУ-ын харьяат, Улаанбаатар хотод суудаг, эрхэлдэг ажил нь Улаанбаатар дахь Багшийн сургуулийн багш, гарал үүсэл нь нударган, эцэг Дэлгэрийн Дэмчиг нь Хаант Засгийн үед сумын дарга байсан, Буддарийн эхнэр Намсрайн Ханджав 29 настай, эмнэлгийн сувилагч, хадам эх 60 настай Цэгмид хүргэний асрамжинд байдаг, Буддарь нь Харбин хот дахь генерал Хорватын нэрэмжит Төмөр замын институт төгссөн, 1923-1929 он хүртэл МАХН-ын гишүүн байснаа нийгэмд харш этгээд хэмээн хөөгдсөн, 1924 онд Улаанбаатарт байхдаа мөнгө үрэгдүүлсэн хэрэгт баривчлагдаад 3 сар шоронд суухаар шийтгэгдээд 3 хоноод суллагдсан, 1936 онд БНМАУ-ын Засгийн газраас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан гэсэн байна8. Бидний олж мэдсэнээр 1929 онд Д. Буддарь намаасаа хөөгдсөний дараа нэг хэсэг нутаг заагдан одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын хошууны тэнхимийн бага сургуульд багшилж байгаад дараа нь Улаанбаатар хотноо шилжин ирж Багш нарыг бэлтгэх сургуулийн багш болсон бололтой. Энэ тухай тэр үед сургуулийн сурагч явсан шавь нар нь дурсан ярьж байсан бөгөөд Дорнодоос Улаанбаатарт дунд сургуульд орохоор ирсэн хүүхдүүд сурлагын амжилт, мэдлэгийн хүрээ, уншсан дуулсан зүйлээрээ үе тэнгийнхнээсээ онцгой ялгарч байсан нь чухамдаа хөдөөгийн бөглүү суманд Буддарь мэтийн өндөр боловсролтой, тал бүрийн авьяастай сурган хүмүүжүүлэгч, багш нар ажиллаж байсантай холбоотой юм. Буддарь багш Монголын ард түмнийг дэлхийн соёл боловсролтой, тухайлбал олон оронд дэлгэрсэн сурах бичиг ба сонгодог зохиолуудаас эх хэлэндээ орчуулах ажлыг эрчимтэй хийж байсан бөгөөд тухайлбал, канад зохиолч Э. Сетон-Томпсоны "Лобо чоно” зэрэг амьтны өгүүллэгийг орчуулан хэвлэж байсан мэдээ байна. Түүнчлэн 1930-аад оны үед БНМАУ-д бичиг үсгийн шинэчлэл хийж, бүх нийтийг бичиг үсэгт сургах ажил өрнөхөд тэрбээр идэвхтэй оролцож өөрийн саналыг нэмэрлэж явсан баримт ч бий. Д. Буддарь 1930 онд өөрийн шавь, их зохиолч Д. Нацагдоржийн хамт "Залуучуудын үнэн” сонинд "Соёлын хувьсгалыг шулуун замаар хөгжүүлье нөхдүүдээ!” хэмээх асуудал дэвшүүлсэн судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Уг өгүүлэлд латин үсгийн цагаан толгой, зөв бичих зүйд буй дутагдлуудыг дурдан латин үсгийг авахдаа өөр үсэгтэй хольж хэрэглэхийг аль болох цээрлэх, монгол хэлний нэг авиа, сонгодог бичгийн хэлний нэг латины давхар үсэг, нэмэлт тэмдэгтэй үсгээр тэмдэглэхээс аль болох зайлсхийх зэрэг зарчимын зургаан санал дэвшүүлсэн нь Монгол оронд латин үсгийг авч хэрэглэх тухай ид яригдаж, анхны туршиц оролдлогуудыг хийж байсан үед олны анхаарлыг ихэд татсан бүтээл болж байжээ9. Үүнээс гадна Буддарь багш түүх, газарзүй, угсаатны судлал, байгалийн шинжлэл, тоо бодлого, уран зохиол, хими, физик, одон орон судлал зэрэг олон салбарын судалгаа, түүний дотор нэн ялангуяа палеонтологи, археологийн анхны шинжилгээг эх орондоо бие даан хийж байсан монгол судлаач ажээ. Энэ тухай нутгийн ах дүү нар нь дурсахдаа: "Намайг арван хэдтэй байхад Буддарь ах Халх голын ойролцоох уул хадаар яваад манай гадаа ирж аавтай уулзахдаа ганзагалж яваа уутнаасаа хэсэг чулуу гаргаад, эвлүүлэн тавихад нь яг сүхний дүрстэй болчихож билээ. Түүнийхээ талаар аавд тайлбарлах маягаар юм яриад л байсан, чухам юу ярьсныг мэдэх юм алга” хэмээн нутгийн настан Г. Цэнд гуай өгүүлсэн бол түүний зээ, бэлтгэл хурандаа Б. Цэрэн гуай: "Бас Буддарь ах нэг дуран авай авч явсан, түүгээр нь харахад энгийн нүдэнд огт харагдахгүй байгаа адуу мал харагдсан. Хонхор газрыг товойлгон харагдуулдаг дуран авайг анх үзсэн минь тэр гэж эгч маань ярьдаг. Тэр бол Буддарь гуай амралтаараа аав ээж, ах дүү нарынхаа нутаглаж байгаа Халх голын нутагт очсон үе нь бөгөөд тэрбээр элдэв чулуун зэв, зэр зэвсгийн зүйлээс гадна ямар нь мэдэгдэхгүй амьтны яс цуглуулаад Улаанбаатар руу буцсан10. Буддарь нагац 1929, 1932, 1933 онуудад хөдөө гэртээ очиж байсан. Тэр үед түүний өвөг эцэг Дэлгэр, өөрийн нь эцэг Дэмчиг нар цөм Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд амьдарцгааж байсан юм. Тэднийхэн мал олонтой байсан юм. Нагац сүүлийн удаа 1936 онд эхнэр хүүхэдтэйгээ очиж билээ. Базарханд гэдэг хүүтэй байсан. Буддарь нагац хөдөөгүүр явж ан хийхээс гадна амьтны яс, элдэв янзын чулуу цуглуулж түүнийгээ цэвэрлэж их л нандигнан савлаж аваад явдаг байсан. Чухам ямар амьтны яс, ямар чулуу цуглуулж байсныг би бага байсан учраас мэдсэнгүй. Одоо бодоход нагац маань байгалийг сонирхон судлагч хүн байжээ11” хэмээн дурсан ярьсан байдаг. Ахмад орчуулагч Г. Амар гуайн бичсэнээр, Монголын нэрт эрдэмтэн, түүхч академич Ш. Нацагдорж агсан түүнийг Улсын их сургуульд сурч байхад хичээл заадаг байжээ. Нэг удаа оюутан нар: "Хувьсгалаас өмнө манай оронд археологийн судалгаа байсан уу” гэж асуухад Ш. Нацагдорж гуай: "Буддарь багшийн Халх голоос олж цуглуулсан нилээд зүйлийг эс тооцвол өөр тоймтой юм байхгүй” гэж хариулсан бөгөөд цааш дэлгэрүүлэн ярихдаа "Голын музейд (Богд хааны музей гэхээс Голын музей гэдэг байсан үе) байгаа эртний монголчуудын тэрэгний цөн, эмээл хазаар, чулуун зэвсгийн үеийн зүйл бол чухамхүү Буддарь багшийн цуглуулсан зүйл юм шүү дээ” гэж хэлж байжээ12. Тухайн үед Монголын Шинжлэх ухааны хүрээлэнгийн урилгаар ирж ажиллаж байсан гадаадын эрдэмтдийн бичсэн зүйл ч үүнийг давхар баталж байх бөгөөд тухайлбал, Өмнөговиос Даш, Дорнодоос Буддарь нарын хүмүүс чулуун зэвсгийн олдвор цуглуулан илгээж байсан тухай 1933-1934 онд Монголд ажилласан Зөвлөлтийн эрдэмтэн Д.Д. Букинич тайландаа нэр заан тэмдэглэсэн байдаг13. Ялангуяа Буддарь багш бол тэр үеийн өндөр боловсролтой сэхээтний нэг байсны хувьд Шинжлэх ухааны хүрээлэнд судалгааны анхдагч эх хэрэглэгдэхүүн буй болгох, улмаар эх орны түүхийн чухал ач холбогдол бүхий музейн үзмэрийг бүрдүүлэх талаар онцгой анхаарч ажиллаж байжээ. Д. Буддарь багшийн шавь нарын нь нэг, хожим манай улсын нэртэй дипломатч болсон Б. Жаргалсайхан агсны дурссанаар, түүнийг хошууны тэнхмийн сурагч байхад нь Халх гол, Тамсаг булаг, Хэрээ уул орж сурагчдын хамт чулуун зэвсэг цуглуулж, музейд илгээж байсан гэдэг. Хожим тэрбээр багшийнхаа мөрөөр аялж Оросын нэрт эрдэмтэн, академич А.П. Окладниковд эдгээр газрыг заан өгч чулуун зэвсгийн алдарт олбороо нээхэд нь тусалсан ажээ14. Д. Буддарь багшийн 24 оны тэр цуглуулгын зарим нь Улаанбаатар хотод Монголын Үндэсний Түүхийн Музейн сан хөмрөгт одоо ч байдаг юм. Энэ бүх баримтаас үзэхэд Д. Буддарь багш Монгол улсад үндэсний археологийн шинжилгээ хөгжих үндсийг тавьж, холбогдох эд зүйлсийг цуглуулан, улсын сан хөмрөгт оруулж явсан, Монголын эртний судлалын шинжлэх ухааны тулгын чулууг тулалцсан хүний нэг юм хэмээн ойлгож болохоор байна. Гэвч харамсалтай нь Монгол оронд өрнөсөн улс төрийн аймшигт хилс хэлмэгдүүлэлтийн хар дайрлага манай эх орны олон зуун шилдэг охид, хөвгүүдийг дайрсны нэгэн адил тухайн үеийн Монголд хуруу дарам тоологдох өндөр боловсролтой сэхээтний нэг Д. Буддарь багшийн хувь заяа уршигт хэлмэгдүүлэлтийн сүүдрээс тойрч гарсангүй. Зээ Б. Цэрэнгийн ярьснаар бол 1937 онд Д. Буддарь, жанжин Г. Дэмидийн хамт ЗХУ-ыг зорьж яваад Тайга өртөөнд хортой хоол идэж хордсоноос эмнэлэгт хэвтэж эмчүүлээд улмаар Кисловодск хотод амарч байсан бололтой. Тийнхүү сувилуулж байсан Д. Буддарийг 1937 оны 9 сарын 25-ны өдөр Зөвлөлтийн Дотоод яамнаас баривчилж 1939 оны 2 сарын 13-нд СССР-ийн Дээд шүүхийн Цэргийн коллегиос буудан алах ял оноогоод мөн оны 3 сарын 7-нд уг ялын тогтоолыг гүйцэтгэснээр эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлж Монголын залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлст хүчин зүтгэж явсан, дэлхийн боловсролын шимийг хүртсэн нэрт сэхээтэн Буддарь ид бүтээн туурвих дөчин зургаан насандаа туйлын харамсалтайгаар хөнөөгджээ15. ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Цэргийн коллеги Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэрийн өмнөөс ялласан шийдвэрт: "БНМАУ-ын харьяат, яс үндэс буриад, том нударган ноёны хүү Дэмчигийн Будадарийг ЗХУ-ын Эрүүгийн хуулийн заалтын дагуу ялласугай” гээд урьдчилсан мөрдөн байцаалтаар Димчигон Будадари нь 1920 оноос эхлэн Японы тагнуулын байгууллагуудын гишүүн болсон, 1923 оноос эхлэн хувьсгалын эсэргүү явдлын ба Япон-Буриадын үндэсэрхэг үзэлт-бослого гаргах байгууллагад оролцож эхэлсэн, Японы тагнуулын байгууллагуудын даалгавраар тагнах, бослого гаргах, алан хядах ажиллагаанд зориулан ЗСБНХУ-ын нутагт Зөвлөлтийн эсрэг ажиллагаа явуулах шинэ хүмүүсийг элсүүлэх ажил зохиож байсан. Димчигон нь 1937 онд Зөвлөлт улсад ирээд Москвад байгаа хувьсгалын эсэргүү үндэсэрхэг байгууллагынхантай холбоо тогтоож, тэр байгууллагад оролцогчдын нэгэн болох Ишдоржоор дамжуулан Бүх Холбоотын Коммунист Большевикуудын Намын ба Зөвлөлт Засгийн газрын удирдагчдын эсрэг алан хядах ажиллагаа явуулах террорист бүлгүүдийг зохион байгуулахыг оролдсон хэмээн ялласан нь Монголын Багшийн сургуулийн багш хорхойд хоргүй хөөрхий нэгэнд дэндүү томдсон, хэтэрхий эмгэнэлтэй, даан ч хилсдүүлэн гүжирдсэн улс төрийн аллага байлаа. Тэрхүү Цэргийн коллеги гэгч нь Димчигон Будадарид эрүүгийн шийтгэлийн дээд хэмжээ буудан алах ял оноогоод аминд нь ноогдох бүх хөрөнгийг хураасугай гэж тогтоосон ажээ16. Д. Буддарь багш бол Монголын шинжлэх ухаан, шинэ үеийн соёл боловсролын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадах авъяаслаг зүтгэлтэн байсан нь ямар ч эргэлзээгүй бөгөөд хилсээр хэлмэгдэн хороогдсон ариун цагаан нэр төрийг нь цагаатган сэргээх, гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, гайхам амьдралын нь намтрыг судлах шаардлагатай байна. | |
|
Total comments: 0 | |
aрхеологи [24] |
антропологи [4] |
түүх [12] |
эрдэм шинжилгээний бүтээл [12] |
монголын археологичид [1] |
монгол угсаатан [4] |
түүх соёлын дурсгалт газар [3] |
мэдээлэл [6] |
ярилцлага, нийтлэл [9] |
хэрэгцээтэй зүйлүүд татах [11] |