Main » 2012 » March » 29 » Цэгээн шар хүн хэн бэ?
00:14
Цэгээн шар хүн хэн бэ?


Проф.   О. Лхагва
                                   Физик-математикийн шинжлэх ухааны доктор, МШУГЗ
                                      email:   o_lhagva@num.edu.mn
                                          
     Эл өгүүлэлд  Монголын нууц  товчооны  гараан дахь   домогжуу  уран зохиомжид Чингис хааны язгуур- дээд тэнгэрээс заяатны удам, тэдний зөн билгийн ид чадлыг товойлгон тунхагласны далд зангилааг эрин цагийн квант физик, синергетик хийгээд эртний монголын тэрсүү тэнгэрүүдийн шүтэлцэхүйн үзэл аргын үүднээс шинжин дүгнэв.


Чингисийн удмын зөн билгийн шидийг олон зууны тэртээгээс үрслүүлэн  мандуулахдаа алсдаа хүвэх үл мэдэг учиг үзүүр төдий цухуйлгаад, гүнд нь  эерэг- сөргийн нэгдлээс үүдэх нэн нууцлаг бөгөөд нугачаат уран сэтгэмжит, домогжруу  таавар байдлаар зохиолыг бүтээжээ. Магадгүй үүнд бүтээлийг "нууц” гэсний учир оршиж байж ч мэдэх юм.
 Мөнх Тэнгэр эрдмийн суурин дахь  сөргүү тэнгэрүүдийн үзэл  дагаж, тэнгэр-газрын догшин хувирлын эрхшээлд амьдарч, ил ба далд оршихуй, ахуй- сэтгэлийн амьсахуйн цараанд   Орчлонг зөн мэдрэмжээр таньж байсныг  энэ гайхамшигт  бүтээлд гүн  сэтгэмж, зураглалаар дүрсэлжээ. Тийм болохуйд далд утга  санаа хийгээд таавар зангилааг монголчуудын сэтгэлгээнд одоо ч хадгалаастай эерэг- сөргийг хамсуулах, мөн ахуй- сэтгэлийг нөхцөлдүүлээд  сөргийг давруулан сөрж сэтгэх зуршилд нийцүүлэн тайлал хийснийг толилуулж байна.    
 
Дасахуй
   Монголын нууц товчоог дахин дахин унших тусам тэр алс бүдэг бадаг  цагийн ахуй  дасал болоод байх мэт. Тэгээд эргээд бүхэлд нь бодохоор бахдаж барамгүй баян тансаг бөгөөд оюуны тэнхэл шавхан байж хүврэх сэтгэлгээний далд таавар хадгаласан нь тодорно. Нууц товчоо хэмээх нь нууц түүх гэхээсээ нууцлаг таавар зангилаатай яруу сэтгэлгээний зохиол болохыг хойч үеийнхэндээ  оюуных нь бяр шалгахаар үлдээсэн юм биш байгаа даа гэсэн бодол төрнө.

Нүүдэлчдийн зөн сурвалжит эрдэм ухаан,  билгийн хувилгаан чадал[1,2] түүнийг эзэмдсэн хүмүүн хийгээд тэдний өрнүүлсэн их үйлийг  товойлгон сүндэрлүүлэхийн үүднээс хагас мянганы чанадаас тодорч мандсан тэнгэрлэг удам судрыг нь дагуулан   торгон сэтгэмжит зохиомжоор эл суут бүтээлийг   урлажээ.  

      Нууц товчооны зохиомжийн өгсүүр бөгөөд нугачаат сэтгэлгээг даган мацахуйд олон зууны тэртээгээс Их монгол улс байгуулагдах хүртлэх нүүдэлчдийн ертөнцийг танин мэдэхүйн увидас чадал,  үзэгдэл хувьслыг  тайлан номнох, байгал лугаа амьсан хүндлэх цогц үзэл санааны дэвшил, их тал дахь хүмүүний үйл, адал явдлын  цуваан дахь бүдчээ өрнөл аяндаа тодрох  мэт.  Тэр дундаас Мөнх Тэнгэрийн бүхнийг дийлэгч хүч, Чингис хааны тэнгэр заяат удмыг хүндлэн өргөмжилсөн тунхаглал, мөн хааны хөтлөн өрнүүлсэн аугаа их үйлсийн бараа, харагданаж, хүлгийн төвөргөөн сонсдном.
Чингэнхүй нууц товчоо бол нүүдэлчдийн ил ба далдыг тандан танихуйн уламжлалт тэнгэр ухаанд суурилан олон олон зөн билигт идтэн, гэгээн эрдэм ухаантны[1] хамсан уралдсан сэтгэлгээний үрээр цогцолсон бүтээл болох нь гарцаагүй байна. Түүхэн тийм уудам цараанд домогжсон таавардуу  адал явдлын цуурайнаас эл аугаа бөгөөд байгаль- хүмүүний амьсахуйн үйл хувирал, сэтгэлгээний олон талыг шүтэлцүүлэн яруу дүрсэлсэн зохиол бүтээсэн нь тухайн үеийн  нэгэн амь лугаа цогцолсон таних- урлахуйн эрдмийн суут нээлт мэтээр үзэж, молхи физикч над шууд сөгдөн хүндлэх бодол төрнөм. Эдүгэ бол энэ нь байгаль, нийгмийн ухааны олон хүрээлэнгийн эрдэмтэд хүч хөрөнгө, оюуны чадлыг хавсран байж шийдэх тулгуур хийгээд хэцүү асуудал мөн болой.

 Онгод ба танихуй
 Өмнө өгүүлсэн болон чинагш өргөх үг санааны завсарт хальс төдий  жийрэг хавчуулах болов. Их талын нүүдэлчдийн танихуй хийгээд соёл, эрдэм нь дэлхийн  суурин тариач түмэн, тэдний эрдэмтэн сэтгэгчдийн  аль нь ч гадарлаж байгаагүй өвөрмөц нууц ундрагатай[1,2] байж. Нүүдэлчид  тэнгэрийн доор их талд догшин, ширүүн байгальтай нүүр тулж, түүн лугаа сөгдөж бие, сэтгэлээр амьсаж уусан амьдарч байж.  Чингэснээр тэдэнд ил  ахуй, байгаль хийгээд  түүний чанад  дахь Орчлонгийн далд оршихуйн нэг амь багцрал руу хамсан нийлэх увидас, зөн мэдрэхүйн ид[1] түлхүү  заяажээ. Эсгий туургатны дунд онгодын төлөвт хүрч, билгийн нүдээр байгаль, хүмүүний нууцыг тойн тандаж мэддэг тэнгэрийн зайран, удган нар  байсан нь үүнийг батална. Бодит ахуй, хүмүүний ухаан хийгээд Орчлонгийн далд оршихуй буюу ухаарал сүнсний орноос мэдээллийг авдаг увидастан учраас  монголчууд бөөг тэнгэрийн улаач гэдэг байжээ. Тийм увидас удамшин дамжина. Чингис хааны удам түүний нэг бөгөөд урт ужиг түүхнээ дээд тэнгэрээс заяат хэмээх  өргөмжлөл хүлээсээр иржээ. Тэнгэр заяатны удамынхны яаж тодорч мандсаныг  нууц товчоонд уран бөгөөд далд мушгаат сэтгэмжээр зохиомжлон босгожээ.  Эл өгүүлэлд далд сэтгэмжийн зангилааг хүвэх учиг  санаа, тайлал дэвшүүлж байна.

Удам ба зориг
    Нууц товчоо нь Чингис хааны удмын далдын  шид хүчийг  чангаруулан мандуулах зорилгоор алсаас зохион найруулсан нууцлаг зангилаат домгоор эхэлж байгааг дээр дурьдсан. Эл удмынхан орчлонгийн мөнхийн сүнс орноос  тэнгэрийн зарлигаар газар дэлхийд хүмүүний төрлийг[1] олон заяасан аж. Тэнгэр заяатны  удмыг Хоо Марал гэргийтэй Бөртэ Чоноос[3a] эхлүүлэн тоолохоор сонгожээ.  Тэнгэр заяатны удам Бөртэ Чоноос 23 орчим үе буюу О. Пүрэв абугайн[4] үнэлснээр 575 жил туулан  хувьсч Тэмүүжин, Их Монгол Улс байгуулагдах цаг үед тулжээ.  Тэгэхлээр эл түүхэн хугацаанд  Тэнгэр заяатны удам тасралтгүй бөгөөд далдын ид шидэт авьяас билэг нь цоорон хөгжсөөр  бас алдар цуу нь мандсаар байсныг товойлгон дүрсэлсэн аж.  

        Ах дүү Дува-Сохор, Добун-Мэргэн  хоёр бол энэхүү удмын арван хоёр дахь үеийн[3б] хүмүүс. Эл ах дүү хоёр тэнгэр заяатны удмын ноён нуруунд нууцлаг агаад нэг гол тулгуур баганын үүрэг гүйцэтгэжээ.    Тэдний үйл амьдралын адал явдлыг их талын нүүдэлчний ахуй- сэтгэлгээний өнгө чанарт уусган онголоод улмаар зохиолыг Орчлонгийн ил далд бүх оршихуй амьсан  хувирах жамд нийцүүлэн бүтээжээ .  

 Дува-Сохор цохон дундаа ганц нүдтэй, бүтэн гурван нүүдлийн газарт байгаа юмыг харах  бас нэвтлэн мэдрэх гоц ид шидтэй. Нэгэн өдөр Бурхан халдуны оройгоос онон гол руу дөхөж яваа хөсөг дунд бүхээгтэй тэргэнд бага охин явааг хараад Добун Мэргэн дүүдээ гуйхаар хамт очжээ. Очиход Аланго  хэмээх нэртэй, зартай удмын бас  урьд өмнө хэнээс ч сүй тавих  хүсэлт аваагүй сэвгэр байжээ. Аланго тэдний гуйлтыг зөвшөөрчээ[3г]. Гуйлтыг ийнхүү шуудхан зөвшөөрсөн нь тэнгэр заяатнууд бас  Дува Сохорын олноо дэлгэрсэн алдар нэр ивээснийх бизээ.

Алангоо Добу Мэргэнийд ирээд хоёр хүү төрүүлжээ. Харин Дува Сохор дөрвөн хүүтэй байж. Тэгтэл  Дува Сохор өөд болсны хойно Добу Мэргэний ач нар нь авгыгаа доромжлон гомдоож, салан нүүжээ[3д].

Добу Мэргэн талиийгч болсны дараа Алангоо эр нөхөргүй атал гурван хүү төрүүлсний багы нь Боданчар мунхаг гэдэг байж.  Том болсон хоёр нь эл дүү нар хэний үр болохыг  шүүн ярилцаад, мэдээж манайд байгаа ганц эр хүн Маалиг баягууд зарцынх биз хэмээн ярилцахыг эх нь сонсчээ. Тэгээд Алангоо хөвүүдээ суулгаж, хуршмал мах чанаж хооллоод: "Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, тотгын зайгаар орж ирээд, хэвлийг минь илж, гэгээ гэрэл нь хэвлийд минь шингэх бүлгээ. Гарахдаа, наран сарны хилээр(заагаар) шар нохой мэт шарвалзан гарах бүлгээ. Та нар дэмий яахин өгүүлнэ. Тэр тэмдгээр ухаж үзвэл, тэнгэрийн хөвүүн буй заа.

Хар тэргүүт хүнтэй
Ханьсган яахин өгүүлнэ, та нар
Хамгийн хаад болбоос
Харцас тэнд ухана[3в]” гэж  хэлсэн байна.

 Энэ үгэнд тэнгэрийн гэгээ гэрэлт хүнээс зорилго  шулуудан байж хүү төрүүлснээ ахуйн өнгөөр далдлан хэлээд, эхийн ариун цагаан сэтгэлийн үзүүр дэлсэх  алс ирээдүйн өндөрлөгт тэд чухамхүү санасанд минь хүрнээ гэсэн зөгнөлөө илэрхийлэн сургамжилсан байна. Чингэхүй Алангоогийн далд мөрөөдөл хийгээд итгэлийг нэхэн шинжлэх нь зүйтэй буюу.

Сургамж ба дотносохуй
Мөнхийн сүнс тэнгэрийн зарлигаар[1,2] газарт хүмэний төрөл олсон дээд заяатны ид чадлыг энэхүү нууцлаг зангилаат домогжруу зохиомжид урнаар зарлан тунхагласныг дахин тэмдэглэе.  Домгийн сэтгэлгээний далд зангилааны учиг үзүүрийг Алангоогийн хөвүүддээ хэлсэн дотно сургамж мөн тойрондох үйлийн өрнөлийн сэмрэлтээс тайлж болох мэт. Тийш  анхаарал хандуулъя.  

Нэг. Алангоогийн дээрх дотно үгээс цэгнэхүй гурван бага хөвүүд нь тэнгэр заяатны үр сад болох нь ямарч эргэлзээгүй.    Борте-Чоноос инагш дээд тэнгэрийн зарлигаар газарт хүмүүний төрлийг ологсдын тасралтгүй дэвжсэн   удмын хойчийн нэгэн үе нь Чингисхаан мөн  гэдгийг зохиолын бүр эхэнд  зарлан тунхагласан[3а] нь үүний шууд  нотолгоо мөн.   

   Хоёр. Харин чухам хэний  хүү болохыг л тодруулах асуудал үлдээд байна. Мөнх Тэнгэрийн үзэл номлол хийгээд тэнгэр заяатны алдар, ид шид  нүүдэлчдийн дунд оройн дээд үнэлэмж байсан нь гарцаагүй. Тэр удмынхныг хан, баян, баатар, сэцэн, мэргэн, "мунхаг” буюу "сохор” гэх зэргээр алдар, ид шидийг нь товойлгон  тодорхойлжээ.

Тийнхүү Алангоо Дува-Сохорын ид хавыг хэзээний сонссон мэдэж байсан болохоор уулзангуутаа л ах дүү хоёрын хүсэлтийг зөвшөөрсөн байх. "Сохор” хэмээх тууль маягийн  давууллыг зарим судлаачид зөн билгийн мэлмий нь нээгдсэн ид шидэт авьяасыг зааж байгааг тэмдэглэжээ.     Нөгөөтэйгүүр Мөнх Тэнгэрийн үзэл[5,6] суурилсан гэрэл, сүүдэр лугаа адилтгам эерэг сөрөг, эсрэг тэсрэгийн барилдлагатай цараат үйл  нүүдэлчдийн ахуй, амьдралд ямагт тохиож улмаар сэтгэлгээнд нь бат сууж бэхжсэн байж. Чингэхүйе   илийг харах, тусган бодохуйд "чанад” тал нь аяндаа сөрөн нэвчин тодрох жамтай учир монголчууд хэзээний ил далдын шүтэлцээг тэрсүү тэнгэрийн үйл дагуулан төнхөн дүрслэх сэтгэлгээтэй[6-8]. Тийм болохоор "Сохор” хэмээх тодотгол эерэг сайн талыг чанад сөрөг лугаа шүтэлцүүлэн өнгө чанарыг нь сэтгэхүйн тэнгэртээ хувирган сөргүүлж эерэгшүүлдэг нь жам аж. Бид "миний муухай хүү” гэхдээ цаанаа миний хамгийн хөөрхөн хүү гэж хайр нь дэвэрч байдаг шүү дээ. Өрнөдөд тэгж хандвал хүүхдийг дормжлон гомдооно.

 Алангоо гурван бага хүүгээ чухам ямар хүнээс, ямар холын мөрөөдөлтэй төрүүлсэн тухайгаа ахмад хөвүүддээ  битүү аргадан сургаж хэлэхдээ алсдаа тэнгэрлэг заяат удмын үйл түүхээр илэрнэ гэдэгт баттай итгэсэн хэдэн нууцлаг учрын учгийг цухуйлгажээ.  

     Гурав. Үйл явдлын өрнөлийн явц хугацааг цэгнэн үзэхүй    Алангоо Добун Мэргэнийд ирэх үес  Дува Сохорын ахмад хүүхдүүдийн хөл нь  дөрөөнд хүрээд байж. Аль ч талаасаа эелдэг байсны дээр Алангоо ид шид авьяастай ахмад  нэгнийг нь   тэнгэр заяат хэмээн далдуур дотно хүндэлдэг байсан ч болов уу.  Тийм  харьцаа яваандаа Дува Сохорын нэг ахмад хүү Алангоод сэтгэлтэй болж, хоёул дотносож эхэлсэн байж мэдэх аж. Их тал дахь   амьдрал  хатуу бөгөөд хүн цөөн болохоор ойр дөтдөө дасаж ижилсэх нь олантаа.

     Ач болон гэргийнх нь хооронд хайр сэтгэлийн харилцаа бүрэлдснийг Добун Мэргэн мэджээ. Тэрээр дээд заяатны удмын сурвалжит голомт, урагийн ариун жамыг бузарлан зөрчсөн ач нартайгаа тангараг тасарчээ. Тэгээд ач нар нь авгын гэр орныг орхин хагацан нүүхээс[3д] өөр замгүй болсон бололтой.     

Дөрөв. Добун Мэргэнээс  Алангоо залуугаараа хоцорчээ. Тэнгэр заяат үр хүүхэдтэй болох эртний хүслээ гүйцэлдүүлэх, тэгэх тусмаа далдын ид шидий нь хэдийнэ үнэлэн хайр сэтгэлээ илчилсэн Дува Сохорын шар хүүгээс үр төрүүлэх бололцоо Алангоод ийнхүү бүрэлджээ. Нууц товчоонд өгүүлснээр шөнө бүр  нууцхан ирдэг  цэгээн шар хүн бол өнөөх авгыг доромжилж орхин нүүхэд хүргэсэн залуу мөн биз. Цэгээн шар гэх тодотголоор зохиолын эхэнд дурьдсан Хоо Марал, Бөртэ-Чонын удмын хүн мөнийг давтан нотолж байна.  "Шар нохой мэт шарвалзан гарах” гэдэг нь өнөөх шар хүн бид ямагт үнэнч хайр,  энхрийлэн эрхлэх сэтгэлээр салдаг юм шүү гэдгээ илчилсэн буюу. Бас  "гэрийн өрх, тотгын зайгаар орж ирээд” гэснээр  цэгээн шар хүнийг бөө мөргөл дэх тэнгэрийн зайран нарын онгод мэт ирдэг, ид шидэт гэгээнтэн мөн болохыг  "сүнс онгодын” чадал чанар олгон дүрсэлсэн бололтой. Мөн "наран сарны хилээр” гэсэн нь тооно, тодотгонд гэрэл төдийхөн мэдэгдэх харанхуйгаар  ирж, үүрээр хайрлан байж морддог нь хүлэгтэн нүүдэлчний нууцхан амрагуудын учрахуйн жам бөлгөө.  Үнэн сэтгэлээс сурган хэлсэн үгийг сонсоод хүүхдүүд минь хэн болохыг аяндаа ухаж ойлгоно, тэгээд  тэнгэр угсаат гурван дүү  дагуулсандаа баярлана гэж Алангоо итгэсэн нь илт.    

 Тав. Ах дүү хоёр Бурхан халдуны оройд гарах үедээ ахмад насны байсныг үйлийн орон зай, хугацааны өрнөл харуулж байна. Дува Сохор, Добун Мэргэн хоёрыг төдөлгүй газар дахь үйлийн давцангаас буцаасан[3д,e] нь тэнгэр заяатны угсааг чухам хэний үр хүүхэд залгасныг ганц шийдтэй болгожээ.      

     Дээрх өлгөц тайллаас  үзэхүл домогжуу зохиомжид бүрэлдүүлсэн таавар сэтгэмжийн түлхүүр учигнууд Алангоо эхийн хөвүүддээ нууцаа далдуур илчлэн сургамжилж хэлсэн үгнээс хүвэрч байна. Тэнгэр заяат удмын хүүхэд төрүүлэх нь түүний оройн дээд мөрөөдөл байсан нь тодорхой мэт санагдана. Алангоо бол тэр цагийн бүсгүй хүнд үл олдох тэнгэрлэг заяа түшснээ гүн мэдэрч, түүнийг талаар өнгөрөөхгүйн төлөө зоригтой тэмцсэн, ухаалаг, шийдэмгий эмэгтэйн дүр мөн. Ээдрээтэй явдлыг их талын нүүдэлчин эмэгтэйн ичимхий даруу өнгө аястай хэдий ч алсдаа хүврэх учигтай, холч шулуудсан сэтгэлтэй дүрсэлсэн нь Чингис хааны язгуур удмын эх хүн ямар болохыг бас дуурсган тодорхойлжээ.  Алангоо  холч мөрөөдлөө биелэхэд шийдэмгий зоримог хандсан нь Дува Сохорын зөн билгийн  чадлыг өвлөсөн, ид шидэт гэгээн онгодтой шар хүүгээс мэдээ хийгээд бүрэн итгэл авсан  байх.

Зургаа. Үр хүүхдээ тэнгэрийн заяа түшүүлэх гэсэн чин хүсэл, эрс шийдэмгий зориг нь  Алангоог доод язгуурт зарцаас  хол зайтай байлгаж чаджээ. Ер нь Маалиг баягууд зарц зохиолд хэрэгтэй  юм уу гэж асуух нь зүйтэй. Харин зарцыг байлгаснаар сэрдэх үйл өрнөж, Алангоо түүнийг сөрж, тэнгэр язгууртны хүүхдийг төрүүлэх  зорилго, шийдлээ хэрхэн биелүүлснийг далд зангилаанд нууж, учиг  төдий үзүүр цухуйлган  үлдээжээ.

    Тэнгэр заяатны удмын эхэнд яагаад олон зууны тэртээ дэх Бөртэ Чоныг сонгож авсан бол гэж бодох нь зүй. Тэр алс холыг Туркийн хоёр дахь хаант гүрэн мөхөж, баатарлаг тэмцлээр дорнот Азийн ард түмэн  туурга тусгаарлаж байсан үе лугаа хамаатуулж болох мэт. Зохиолд Бөртэ Чоно гэснээр  монгол угсаатнаас тэр их тэмцлийн "далайг” туулан гарсан нэгэн алдарт, язгуурт баатарт зориуд оноосон хоч-цол нэр  болов уу.

Монголчуудын дунд одоо ч хүнд Чоно хэмээх хоч алдар өгөх нь бий.  Чоно бол их тал дахь хүний  нэг дайсан. Тэгэвч байгалийн догшин ширүүн хийгээд хүний занал, хоригийг эр зориг, самбаа чадлаар  туулдаг болохоор чоно  нүүдлэчдэд  гайхаш төрүүлж, хийморьлог байхын дууриалт  амьтанд тооцогдоно.  Тиймээс Бөртэ Чоно бол эртний түүхэн улбаатай домогт баатарын алдар нэр байж мэдэх юм.    

Төгсгөхүй
   Эцэст хэлэхэд нууц товчоо бол тэнгэрийн зарлигаар төрөгсдийн удам хийгээд Чингис хааны алдар цууг  мянганыг дамнуулан алдаршуулах зорилго бүхий домогжуу далд зангилаат зохиол болох тухай санала хэллээ. Домогийн нэг гол зангилаа болсон   Алангоо бүсгүй  тэнгэр заяатны ид шидэт цэгээн шар хүнийг сонгож, нууцхан дасаж, хайрлан явж гурван хүү төрүүлсний бага нь  Боданчар мунхаг билээ. Түүнээс инагш тэнгэр заяатны удам тасраагүй бөгөөд Бөрте Чоноос хойш  олон зууны дараа  дэлхийн далайгаас далай хооронд  морин туурай  гишгэх  газар  нутагт их эзэнт гүрнийг байгуулжээ. Тийнхүү урт ужиг түүхэн үеийг дамнуулан харахуйд тэнгэр заяатны ид чадал, зөн билгээр алс хийгээд ойр их үйлсийг тандан мэдрэх чадварыг нууц товчоонд яруу бөгөөд үнэмшилтэй товойлгон дүрсэлжээ[5,9]. Үүүнээс бодохул   сод билэгтний хойч үеийн тэнгэр заяат, хувилгаан чадал бүхий хүн бол Чингис хаан болохыг ч тод харуулжээ.

Тэгэхлээр нууц товчоонд Чингис хаан ил далдыг шууд танин мэдэх зөн билигт хүн[1,6,7] байсныг  ч хэлж байна. Чингис багадаа зовлон, хагцал зүдүүр, хяхалт хавчлагыг туулж өссөн болохоор эрдэм сурах бололцоо, зав чөлөө байгаагүй. Дэлхийд алдартай их гүрэн байгуулах үйлсийг хөтөлсөн  нь түүний зөн билгээр юмс, хувирлын далд үндэс учрыг таньж, түүгээрээ дамжин Мөнх Тэнгэр эрдэм ухааны  хүчийг[10,11]  мэдэрч түшсэн, тэнгэр заяат хувилгаан байсан гэж үзэх нь  зүйтэй буюу.

Ишлэл
1.    О. Лхагва, Бөөгийн онгод ба Тэнгэрийн зарлиг. Дал сонин, № 284/1/, 2008. ы
2.    О. Лхагва, Тайна цивилизации человечества, Bulleten, The IAMS News, 2008, № 41, 160, В материалах международного симпиозиума, посвященного юбилею 80 летия со дня рождения акад. Ш. Бира.
3.    Монголын нууц товчоо, сонгомол эх, Мөнхийн үсэг, Улаанбаатар, 2005,  а) а) § 1, б) § 3,  в) § 21, г) § 9, д) § 11, е) § 17.
4.    О. Пүрэв, "Монголын нууц товчоо” бөө судлалын чухал сурвалж болох нь, Mongolica, Vol.12(33),2002,  p. 192-202].  
5.     Их талын нүүдэлчдийн соёлын ундрага,      Proc. VIII Int. Congress of Mongolists,  J. Mongolica, Vol.13(34), p.92,  2003, Ulaanbaatar.
6.    О. Лхагва, Мөнх Тэнгэр ба гэгээрэл, Манай Монгол, 2002/01-02,х.82
   О. Лхагва, Движущая  сила цивилизации кочевников, журн. "Монголия”, 2001, № 01-02,  (11-12).
7.    О. Лхагва,  Танихуй ба квант физик, синергетик,   Дал  сонин, 18.  2008.
8.    О. Лхагва, Хөтөч үзэл ба танин мэдэхүй, "Манай Монгол” сэтгүүл, 2003, №3, (17).
9.    O.Лхагва, Пространственно- временной подход к цивилизации, КАН-Алтай, 3(15), 1997.
10.    O.Lhagva  On the space- time structures in the human civilization.  Proc, VII Int.  Congr. of Mongolists. Mongolica, Vol., 9(30), 1999, p. 581, Ulaanbaatar2001, № 01-02,  (11-12).
11.    О. Лхагва, Мөнх Тэнгэр бол эрдэм ухаан.   Илтгэлүүдийн товчлол, Олон улсын Монголч эрдэмтний   IX их хурал, Улаанбаатар, 2006, VIII. 8-12, х. 10.
Category: эрдэм шинжилгээний бүтээл | Views: 1580 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: