эх сурвалж http://archeologyofmongolia.blogspot.com
Цагаанчулуут нь Гурванзагал сумын төвөөс зүүн урагш 100˚ хэмд 12 км зайд орших ойр орчимдоо харьцангуй өндөр харагдах орой хэсэгтээ багавтар хад бүхий 3 толгойг хэлэх ба түүний урд хөндийд тодхон харагдах оргил
хэсэгтээ цагаан чулуу бүхий хос намхан толгойг "Баруун цагаан өргөө”,
"Зүүн цагаан өргөө” хэмээн нэрийддэгээс тус уулын нэр үүссэн гэдэг. Энэхүү газар нь Монгол орны газар зүйн мужлалын хувьд Дорнодын тэгш талын мужын Хэрлэнгийн хойт биеийн талын тойрогт хамаарна [Монгол орны физик газар зүй, 1969: 375, 383]. 2008 онд энд 160 гаруй оршуулгын байгууламж тоологдсоны дийлэнх нь дөрвөлжин булш байснаас Монголын үед холбогдох нэгэн булшийг сонгон малтсан байна [Наваан нар., 2008:18-20]. 2010 оны нэмэлт тооллогоор нийт 166 булш тоологджээ [Түмэн нар.., 2010]. Тус булшнууд Цагаан чулуутын гол оргилуудыг тойрон байрлах ба хамгийн их төвлөрөл нь баруун оргилын урд доор байна.
Судлагдсан байдал: 1969, 1971 онуудад ШУА-ын түүхийн хүрээлэнгийн "Гурван голын” шинжилгээний анги анх Цагаан чулуутын оршуулгын газарт ажиллаж, дөрвөлжин булш малтан судлахын завсар цөөн монгол булш малтаж олон сонирхолтой эд өлгийн зүйлс илрүүлсэн байдаг [Эрдэнэбат, 2007: 219]. Мөн энд Д.Наваан Монголын үед хамаарах цөөн булш малтан судалсан ба зарим үр дүнгийн талаар нэгэн сэдэвт зохиолдоо тусгажээ [Наваан 1975: 25]. Түүний энд малтсан "Цагаан чулуут”-ийн 5,6,7,8-р булшнаас шинэ чулуун зэвсгийн үлдцүүд олдож байсан ба [Наваан 1975: 39] ихэнх нь оршуулга дэр чулуутай тохиолддог ажээ [Сэр-оджав 1977: 75].
Хожим Соёлын өвийн төвөөс эрхлэх гаргадаг Монгол нутаг дахь түүх,
соёлын үл хөдлөх дурсгал сэдэвчилсэн атласт энэхүү дурсгалууд нь Цагаан
чулуутын булшнууд нэртэйгээр багтан оржээ [СӨТ 2009: 56]. МУИС-ийн "Дорнод Монгол” хээрийн шинжилгээний анги 2008-2010 онуудад Цагаан чулуутад жил дараалан, төвлөн ажилласан ба 2008 онд дундад эртний үед холбогдох 1, 2009 онд 6 булш, 2010 онд 8 булш буюу нийт 15 булш малтан судалсан бөгөөд эдгээр булшнаас эрдэм шинжилгээний өндөр ач холбогдол бүхий олон сонирхолтой зан үйл, эд өлгийн зүйлс илрүүлэн олсон билээ. Гадаад зохион байгуулалт: Цагаан чулуутад малтсан Монгол булшны
дийлэнх нь газрын хөрсөн дээр цухуйсан цөөн тооны чулуудаар танигдах
бөгөөд эхний үеийн цэвэрлэгээг хийж үзэхэд ихэнх булш дунд зэргийн
хэмжээтэй хавтгай чулуугаар үйлдсэн зууван цагираг хэлбэрийн дараас
чулуудтай байдаг.
Чулуун дараасны хэмжээ 3-7 м хооронд хэлбэлзэх ба 3-4 үе давхарлан 30
орчим см өндөртэй үйлдсэн байдаг. Олон булшинд гадаад зохион байгуулалт
алдагдсан шинж тэмдэг илэрхий мэдэгдэж байлаа. Дотоод зохион байгуулалт: Булшны нүхний гүн 60 см-ээс 165 см хооронд хэлбэлзэх ба нас барагчийн толгойг хойд болон зүүн хойд зүгт хандуулан тавьдаг. 165-р булшны оршуулгын зан үйл бусдаас өвөрмөц байсан ба нас барагчийг баруун
хажуугаар нь хэвтүүлж, хөлийг бохируулан нугалж, толгойг нь зүүн урд
зүгт хандуулан чулуун хашлаганд оршуулсан байлаа. Ингэхдээ бүсэлхий
орчимд төмөр эдлэл дагалдуулсан байсан ба хүрэл толь, төмөр хутга зэрэг
эдлэл булшны дараас чулуудын завсраас илэрсэн байна. Цагаан чулуутад малтан судалсан монгол булшны дотоод байгууламжийн хувьд их төлөв банзан авс болон хашлага үйлдэн оршуулах бөгөөд ямар нэгэн авс хашлага үйлдэхгүйгээс гадна чулуун хашлаганд оршуулсан тохиолдол ч байна [Түмэн 2010]. Оршуулгын зан үйл:
Бог малын шагай, дал, шагайт чөмөг зэргийг нас барагчийн зүүн болон хөл
хэсэгт дагалдуулан тавихаас гадна цөөн тохиолдолд толгой хэсэгт хөмөг
үйлдэн түүндээ хийсэн байв. 2 булшны толгой хэсэгт ойролцоогоор 40х40 см
хэмжээтэй хөмөг үйлдсэн байсан ба түүндээ тахилгын идээ шүүс болон бог
малын мах, шүүс хийсэн байжээ. Дундад эртний Монголчуудын оршуулгын зан
үйлын гол элементийн нэг болох бог малын 3ш нугаламыг нас барагчийн
нуруун доор байршуулах зан үйл болон шагайт чөмөг дагалдуулан оршуулсан
тохиолдол 5 булшнаас илэрчээ. Булшинд
янз бүрийн малын яс дагалдуулан тавихаас гадна богийн шагай чөмгийг
босгож тавих ёс нь МЭ VII зууны үеэс бий болсон оршуулгын зан үйлийн
онцлог юм. Судлаачид энэхүү зан үйлийг эртний монголчуудтай холбон
тайлбарладаг ба МЭ I мянганы дунд үед Өвөрбайгальд бий болж, хэлбэршин
хойцегорийн (VII-X зуун), саянтуйн (X-XIV зуун) гэх хоёр шатыг дамжин
хөгжихдөө Ар Байгальд I мянганы сүүлчээс түгж, харин Өвөр Байгалийн
дорнод хэсэгтэй нилээд эртнээс нягт холбоотой байсныг тэмдэглэсэн байдаг
(Төрбат, Батсайхан, 2006: 110-116 ). Булшнаас илэрсэн эд өлгийн зүйлс: Энд малтан судалсан 15 булшнаас гарсан олдвор, эд өлгийн зүйлсийг адуу малын тоног хэрэгсэл, зэр зэвсэг, аж ахуй, зан үйлын, гоёл чимэглэлийн зүйлс гэх байдлаар ангилж болно. Цагаан
чулуутын булшнуудаас гарсан олдворуудаас үзвэл эрэгтэй хүнд гол төлөв
төмөр дөрөө, зэв, бүсний арал, бэл, төмөр хутга, үйсэн хоромсого, саадаг
зэргийг хамт үлдээдэг бол эмэгтэй хүнд мөнгөн ээмэг, богтого малгай,
хүрэл толь, чулуун сувс, үйлийн хайч зэргийг дагалдуулсан байдаг нь
дундад эртний булшнаас олддог нийтлэг эд өлгийн зүйлс ажээ. 1-р
булшнаас илэрсэн амсрын хэсэгтээ хээ угалз бүхий мөнгөн аяга нэлээд
онцлог олдвор болох төдийгүй ба үүнтэй төстэй мөнгөн аяга өмнө нь
Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд багийн нутаг Бага Тэвш ууланд малтсан
XIII-XV зууны үеийн булшнаас олдож байсан мэдээ байдаг (Эрдэнэбат,
2007: 219). Мөн энэ булшны хөл орчмоос илэрсэн авсны төмөр бариул
хэлбэр дүрсийн хувьд нилээд сонирхолтой олдвор юм. Уг бариулын үүрэг
зориулалт нь авсны хөл, толгой орчимд хадаж урт уяа оосроор бэхлэн авсыг
доош буулгахад хэрэглэж байсан бололтой байгаа нь түүний доод хэсгийн
цагиргыг ороосон цүү маягын төмөрнөөс мэдэгдэнэ. Мөн бариулын биеийг
холбосон төмөр холбоосон дээрээ христийн загалмай мэт дүрслэлтэй байсан
бол энэ булшнаас олдсон мөнгөн аяганы амсарын хээний дунд мөн загалмайн
дүрслэл давтагдаж байгаа нь энэхүү булшинд оршуулсан хүний шүтлэг
бишрэлийг илтгэж буй баримт байж болох юм. Сүүлийн үеийн судалгаагаар
манай улсын нутагт малтсан дундад эртний үед холбогдох булшнаас христийн
загалмай, түүнтэй холбогдох олдвор цөөнгүй олдож (Эрдэнэбат, 2009)
байгаагаас үзвэл дундад эртний үеийн овог аймгууд олон шашин тэр дундаа
христийн янз бүрийн урсгалыг шүтдэг байжээ. Тэрчлэн Монголын их хаад бүх
шашинд адил тэгш хандах бодлогыг хэрэгжүүлж байсан нь нилээд эртний
уламжлалтай аж. Үүнийг дан ганц археологийн хэрэглэгдэхүүнээс гадна
сурвалж бичгийн мэдээ мөн давхар гэрчилдэг (Энхчимэг, 2009). Харин
2010 онд Цагаан чулуутын 164-р булшнаас илэрсэн төмрөөр хийсэн дархны
алх, зээтүү урьд өмнө илэрч байгаагүй олдвор бололтой. Цагаан чулуутад малтсан булшнуудын зан үйл хийгээд олдворуудаас
үзвэл Монгол болон Өвөрбайгальд малтсан дундад эртний булшны
хэрэглэгдэхүүнтэй ерөнхийдөө төстэй байх бөгөөд голчлон зэр зэвсгийн,
адууны тоног хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйлсийг дагалдуулан тавьдаг
ажээ. Он цаг: 1-р
булшны хүний ясны дээжид хийсэн шинжилгээгээр МЭ 1162-1210 он хэмээх
хариу гарсан нь энд орших зарим булшны он цагыг Монголын эзэнт гүрэн
байгуулагдахын эхэн үеийн дурсгалд хамааруулан үзэх бололцоог олгож
байгаа билээ. Энэ үед холбогдох булшны малтлага судалгаа өнөө үед тасралтгүй хийгдэж судалгааны хэрэглэгдэхүүн нэмэгдсээр байгаа
бөгөөд Цагаан чулуутын эдгээр булшнууд нь нэгэн газарт төвлөн малтсан
судалгааны дүнд багагүй хэрэглэгдэхүүн цуглараад байгаа ба харьцуулсан
судалгаа цаашид хийгдэж байна. Судалгааны дараагийн шатанд XII зууны сүүлч XIII
зууны эхэн үеийн Монголын түүхийг нэхэн сэргээх, тодорхой оноох
судалгаанууд хийгдэх бөгөөд тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Д.Хатанбаатар, Р.Төгсайхан
Тус илтгэл "Древние Культуры Монголии и Байкальской Сибири. Материалы Международной научной конференции.” II хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн болно. Монгол орны физик газар зүй. Улаанбаатар. 1969. Наваан Д., Эрдэнэ С., Хатанбаатар Д., Түмэн Д.
"Дорнод монгол” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн археологийн хээрийн
судалгаа. // Mongolian Journal of Anthropology, Archaeology and
Ethnology.Official Journal of the National University
OfMongolia.Volume4 №1(312) 2008. Pp.1-37 Түмэн Д., Эрдэнэ М., Хатанбаатар Д., Анхсанаа Г.
"Дорнод монгол ” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн археологийн судалгаа.
МУИС.НШУС.Археологи-Антропологийн тэнхимийн номын сан. Улаанбаатар.
2010. Эрдэнэбат У. Монгол
улсын нутаг дэвсгэрт дундад зууны Монголчуудын булш, оршуулгын
дурсгалыг судалсан тойм. // Монголын археологийн шинжлэх ухаан 32.
"Монгол улсын шинжлэх ухаан” 108 боть цуврал. УБ., 2007. т. 213-253 Наваан.Д "Дорнод Монголын хүрлийн үе”.УБ.1975 Сэр-оджав.Н "Монголын эртний түүх” УБ.1977.х.75 Соёлын өвийн төв. Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал. III дэвтэр, Дорнод аймаг. 2009, Т56 Төрбат Ц., Батсайхан З.
Эртний монголчуудын археологийн дурсгалыг судлах асуудалд (МЭ VIII-XV
зуун). // МУИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн эрдэм шинжилгээний
бичиг 9 (126)/17, Улаанбаатар. 1997. Т.140-146. Эрдэнэбат У. Дундад зууны Монгол оронд загалмайтны шашны урсгал нэвтэрч байсан товч түүхээс. Улаанбаатар. 2009. 132 т. Энхчимэг Ц. Монголын хаадын бүх шашинд адил тэгш хандах бодлогын мөн чанар.// УбИС. НУФ. Нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний бичиг. №5(4). Улаанбаатар. 2009 Т.168-174
|