18:21 ЮАНЬ ГҮРНИЙ МӨХӨЛ БА БУДДИЗМИЙН ХАРИЛЦАН ХАМААРАЛ | |
XVI зууны сүүлчээр Монголд Шарын шашныг хүчээр дэлгэрүүлжээ. Тухайн үед Монголын язгууртан нар буддизмийг Монголд дэлгэрүүлэх болсон үндэслэлээ "Хубилай хааны хоёр ёсны дөрвөн төр”/"Арван буянт номын цагаан түүх”/хэмээн тайлбарлаж байсан юм. Гэтэл Хубилай хаан нь буддизмийг голлох шашин болгож байснаас биш, төр шашин хоёрыг "тэгш явуулж” байгаагүй, энэ хоёрыг салгаж, төр нь ямхад шашны дээр байж, зөвхөн хааны багш нэртэй Пагва лам л Төвдийн төрийг барих эрхийг давхар хариуцаж байв. Харин Юань улс бүхэлдээ шашин төр хоёрыг хольж хутгаж байгаагүй юм.
Юань гүрэн нь Хутагтай цэцэн хун тайжийн магтан алдаршуулж байсан шиг "хос ёсны бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлсэн үлгэр дуурайл болохоор гүрэн улс байгаагүй, харин Буддизмаас болж төр гүрнээ мөхөөсөн цээрлэл болгох түүх байж билээ. Эцэг дээдсийн сайнаас нь эс сурч, харин төрөө мөхөөсөн болчимгүй үйлийг нь өвлөж авдаг ёс зөвхөн Монголчуудын түүхэнд нэг биш олон удаа давтагдсан байх нь хачирхалтай. Нүүдэлчид угаас түүх соёлоо бичиж үлдээх тал дээр маруухан байдаг ба орхигдож гээгдэх явдал үлэмж байдаг тул эрт үеийн Сяньби, Хятан, Юань гүрний тухай ойлголт багатай байсан гэж тухайн үеийн Монголчуудыг өмөөрч болох юм. Гэтэл үсэг бичигт тайлагдсан өнөөдөр буюу XXI зуунд дахиад Хубилай, Алтан, Авдай нараар үлгэр дуурайл болгон "Арван буянт номын цагаан түүх”-ээр гарын авлагаа хийн хүч мэдэн буддизмийг сурталчлан дэлгэрүүлж байгаа нь гайхаш төрүүлнэ. Монголчууд нь үнэхээр түүхээсээ туршлага сургамж авдаггүй хүмүүс үү, аль эсвэл Манжийн үе шиг цаанаа улс төрийн зорилго байна уу гэдгийг бодож тунгаах цаг ч болжээ.
Хубилай нь 1260 онд хаан сууж, 1271 онд "Их Юань” улсыг байгуулснаас хойш, 1368 онд мөхөх хүртлээ зуун жил ч болоогүй юм. Шанд хот/одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймагт буй. Дээд нийслэл хэмээн Хубилай хааны зуслангийн газар болж байсан/-д хэдэн сүм байгуулсныг эс тооцвол Монгол нутагтаа хөгжүүлж, бүтээн байгуулсан зүйл нь маш хомс. Хятадын босогчид ирээд түүнийг нь хүртэл шатаагаад хаячихжээ. Баруун Европчууд колоничлолын бодлого явуулан гадаадаас алд, эд эрдэнэсийг зөөн авчирч улс орноос хөгжүүлж байсан бол Монголчууд үүний эсрэг байв. Хятадыг нэгтгэж, Бээжин хотыг байгуулж өгөөд эцэс сүүлд нь хятадын босогчдод хөөгдөн алуулж талуулсаар цагаан хэрмийг даван дорнын их гүрнээс зайдан морьтой гуяа ганзагалан зугтаж иржээ. Хятадыг эзлээд Монголчууд жаргаж байсан уу гэвэл бас тийм биш байсан бололтой. "Юань улсын түүх”-т тэмдэглэгдсэнийг үзвэл цөөн тооны язгууртан ноёдыг эс тооцвол өлсгөлөнд нэрвэгдсэн, гуйлгаа гуйсан, боол болсон Монголчууд Хятадын нутгаар хэсэн тэнэж байжээ. Эцэс сүүлдээ Хятадын нутагт байсан Монголчуудын дийлэнх нь 1351 оноос 1368 оны хооронд болсон 17 жилийн хятадын тариачны бослого хөдөлгөөн дунд алуулж дууссан юм. Улаан алчууртны бослого нь "монгол, татар хүн дайралдвал үзэгдсэн газарт нь толгойг нь цавч” гэдэг уриа зарлигтай байв/"Монгол улсын түүх” дэд бодь/. Бас 8 сарын 15-ны шөнө хятадууд босолцон Монголчуудын толгойг цавчсан гэдэг ам дамжсан яриа байдаг. Үлдсэн монгол цэргүүд Бээжинг буцааж авах гэсэн үр дүнгүй олон удаагийн дайнд үрэгдэж дууссан бодит түүх буй. Түүнээс гадна Хятад цэргүүд сэргэсэн эрчин дээр 1372, 1380, 1381, 1388, 1392 онуудад төв Монгол уруу цөмрөн/"Монгол улсын түүх” гутгаар бодь/ орж, нутгаа харан үлдсэн монголчуудыг хүйс тэмтрэн, Монголын гал голомтыг олон удаа самарсан юм. Их Монгол улсын бэлэн сууринд байгуулагдаж, Хубилай хаанаас хойш дайн тулаан бараг үзээгүй Юань гүрний Монгол хаад ухамсар дорой, хариуцлага сул арцаагүй байдлын туйл байв. Юань гүрний ноёрхлын дунд үед 13 жилд 7 хаан солигдон эрх мэдэл, жаргал цэнгэлээс өөр хөөх зүйлгүй байлаа. "Халбагаар цуглуулсныг хүрзээр цацав” гэгч болж "Таван хурууны хумсыг хамтартал, арван хуруугаа барагдтал” зовон зүдэж, Монголын дээдсийн хурааж цуглуулсан "дөрвөн өнгө таван харь улс”-ыг зуухан жилийн дотор үрэн таран хийж дуусаад, төв Монголоо ч гэсэн Хятад цэрэгт талхидуулж байсан юм.
Чухам эдгээр он жилүүдэд Монгол хаад ноёд, язгууртан нар юу хийж байсныг сонирхон "Юань улсын судар”-ыг уншиж үзвэл, хуудас алгасахгүй сүм байгуулж, хурал хуруулж, шашны зан үйл хийж байсан тэмдэглэл байх юм. Тийм ч учраас түүхчид Юань гүрнийг буддизмаас болж мөхсөн гэж санал нэгтэй үзэж ирсэн/"Монгол үндэстний товч түүх” ӨМ/. Энд голдуу "Юань улсын түүх” зэрэг сурвалжид үндэслэн цөөн хэдэн жишээ татъя:
Шашны хэрэгт эд баялгаа үрэн таран хийсэн нь
1277 оны 3 сарын 1 өдөр, тус жил өвөл нь цас эс буун, хавар нь бороо эс орсон тул Хубилай хаан Бичгийн хүрээлэнгийн мэргэдийг дуудан, ард олны тусын тулд юу хийвэл зохилтой болох тухай санал асуувал, Елюй Жү/Елюй Чуцайгийн хүү/ ба бусад хэд хэдэн түшмэл зэргээр: "Элбэг өмсөж, цадтал идэх арга гэвэл ганц арвилан гамнах явдал. ......... шашны хэрэгт гаргаж буй зардал дэндүү их байна, үүнийг таслан зогсоовол зохилтой”/”Юань улсын түүх”-Хубилай хааны намтар/хэмээн хариулсан тухай тэмдэглэл байдгаас харахад Хятан ба Хятад түшмэд Юань эзэнт гүрэн нь хожим юунаас болж мөхөж мэдэхийг зуун жилийн өмнө урьдчилан хэлсэн байдаг.
Хубилай хаан 1288 оны 4 сарын 20 өдөр Ван Ан хийдийг барьж дуусаад бурхны хөрөг, гэгээвч, хана хүртэл цэвэр алдаар өнгөлөн, нийт шижир алт 27 кг, цагаан мөнгө 120 кг хэрэглэжээ. Энэ жишгээр тооцож үзвэл Юань гүрний хэмжээнд нийт 40 мянга гаруй сүм байсан ба дийлэнх нь шинээр байгуулсан буюу засаж сэлбэсэн тул чухам ямар их алд мөнгө сүм хийдэд зарцуулагдсан гэдгийг төсөөлж болох юм. 1290 оны 6 сард "Ганжуур”-ыг алтаар бичүүлэн 162 кг алт зарцуулж байсан бол 1325 оны 7 сарын 23 өдөр улсын сан дуусаж, "Ганжуур”-ыг дахин алтаар бичүүлж байсныг таслан зогсоосон байв. Өлзийт Төмөр хаан 1295 оны 2-р сард нь таван талтай хас эрдэнийн малгай хийлгэн хааны багш, төвд ламдаа өргөн барьж байжээ. Энэ мэт бүх Юань гүрний хэмжээнд нийт 200 гаруй мянган лам байсан тул хутагт хувилгаадын гоёж гангалах тансаг хэрэглээнд нь ямар их эд баялаг зарцуулагдаж байсныг төсөөлөхөд бэрх юм. Есөнтөмөр хаан 1324 оны 11 сарын 19 өдөр эрдэнийн шигтгээтэй алтан титэм, долоон зүйлийн эрдэнэсээр бүтсэн өмсгөл хийн буддын шарил гэгчид өмсгөж байхад Их нийслэл ба Дээд нийслэл, Шинг Хэ зэрэг 13 улаа өртөө хоол хүнсний дутагдалд орж иргэд олноор өлбөрөн үхэж байжээ.
Монголчууд ядуурч, төрийн хэрэг цалгардан, Хятаджиж эхэлсэн нь
Юань гүрний үед Монголчууд жаргаж байсан уу гэвэл бас тийм биш бололтой, Монголын язгууртан ба Төвд лам нарыг эс тооцвол бусад жирийн Монголчууд ядуу тарчиг амьдран зовон зүдэж байлаа.
Юань гүрэн байгуулагдаад хагас зуун жил ч болоогүй буюу 1320-оод он болоход тухайн нийгмийн дээд зандаа хэмээн үзэгдэж байсан Монголчуудын дунд ажилгүй ядуучууд олшрон эзэнт гүрний нутгаар энд тэндгүй тэнүүчлэн явах үзэгдэл гарах болжээ. Юань улсын засгийн газраас удаа дараа бага сага хоол хүнс, мөнгө зоос тараан өгч, хүчээр харъяалагдах засаг захиргааны нэгжид нь буцаан, дураар шилжин явагчдын толгой авах зарлиг нийтэлж байв. Баян хятадын зарц боол хийж байсан Монголчууд ч цөөнгүй байсан ба 1321 оны 10 сард төрөөс мөнгө гарган хөвгүүд охидыг худалдан авч тэжээх зарлиг гаргаж байсан нь үүний жишээ болно. Монгол иргэдээ таран өгч байсан тусламжийн мөнгийг сүм хийд, лам нарын тансаг хэрэглээнд зарцуулж байсан эд баялагтай харьцуулж үзвэл адилтгаж боломгүй өчүүхэн бага юм. 1329 оны 3 сарын 9 өдөр нийслэлд цугларсан өлсгөлөн Монголчуудад нэг хүний нэг ширхэг гуайлан зоог, нэг ам давуу өгч байсан бол, 11 сард нь ганц сүм байгуулахад тусламж болгон хааны хатан цагаан мөнгө 2500кг хандивлаж байжээ. Гэтэл тухайн жилийн 4 сард ганц Хэ Нан мужид 51 хүн хүний мах идэн, 1950 хүн өлбөрч үхэн, 27400 хүн идэх хоолгүй байсан тухай баримт байдаг.
Харин өдөр явах тусам төрийн хэрэг осолдон цалгардаж, бороо цастай өдөр ноёд түшмэдийн төрийн бараалхах журмыг цуцлах зарлигийг Есөнтөмөр хаан 1324 оны 12 сард гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл бороо цастай өдөр төр амрах болжээ. Харин шашны хурал номыг ямар ч нөхцөлд хийж байв. Жишээ нь: 1286 онд 30 удаа хурал хурсан бол 1290 онд бүтэн жилийн шашны хурлын тоо 72 удаа болтлоо нэмэгджээ. 1285 онд 40 мянган лам хурдаг байсан бол ердөө 10 жилийн дараа 1295 он болоход 70 мянган ламын хурал хурах болжээ. 1285 онд 7 өдөр хурдаг байсан бол 1320 онд 40 өдөр хүртэл хуралдан, 1329 он болоход зөвхөн Тугтөмөр хааны хатан Бодшир нь хааны багшаас авшиг авсны төлөө бүр 60 өдөр хуралдсан тухай тэмдэглэл байдаг юм. Энэ мэт Юань гүрний үед нэг удаа хурах ламын тоо ба хуралдах өдрийн тоо жил тусам ихсэн нэмэгдэж байсан юм.
1291 оны бүртгэлээр сургуулийн тоо 21300 байхад сүм хийдийн тоо хоёр дахин буюу 42318 болж эдгээр сүм хийдэд 213148 лам чавганц шавилан сууж байжээ.
1269 оны 2 сарын 13 өдөр шинэ зохиосон дөрвөлжин үсгийг хэрэглэх зарлиг гаргаж, 7 сарын 13 өдөр Монгол бичиг сурах сургууль байгуулж, 7 сарын 26 өдөр албан бичгийг Монголоор явуулах зарлиг гарган хэрэгжүүлж байсан бол ердөө 26 –хан жилийн дараа буюу 1295 оны 7 сарын 26 өдөр Хубилайн ач хүү Өлзийт Төмөр хаан уг тушаалыг хүчингүй болгон, албан бичгийг хятадаар хөтлөх зарлиг гаргажээ. Энэ нь буддизмд хэт орсон монголчууд үндэсний эрх ашгаа огоорч, хятаджиж эхэлсний жишээ, шинж тэмдэг болсон юм.
Шашны зардлаас болж улсын сан хоосорсон нь
Хубилай хааныг тэнгэрт хальсан тэр жил/1294 он/-ийн 11 сар болоход Төв бичгийн яамны их түшмэл: "..... ван ноёд, шашны хэрэг, хааны эх, хадам, хатад нарын зардал хэт ихсэж, одоо зөвхөн 1162000 ширхэг зоос үлдсэн” хэмээн Тэмүүл хаанд айлтгаж байжээ.
1325 оны 1 сарын 14 өдөр Төв бичгийн яамны түшмэл: "Жианг Нан/Хятадын өмнөд хэсэг/ газрын иргэн ядуу, лам баян болжээ. Эдгээр сүм хийдийн газар тариа нь Сүн улсын үед байгаагүй бөгөөд хаант төрүүдээс удам дамжуулан шагнасан эд зүйл биш билээ. Учир иймийн тулд хуучин хуулийн дагуу иргэдийн адил татвар гувчуур авбал зохилтой” хэмээн Есөнтөмөр хаанд айлтган зөвшөөрүүлж байжээ. Түүнээс 2 хоногийн дараа мөн Төв бичгийн яамны түшмэл: "улсын сан хүрэлцэхгүй боллоо. Чухал биш зардлыг хүчингүй болгохыг хүсье” гэсэн айлтгал дэвшүүлсэн байдаг ба Есөнтөмөр хаан өнгөн дээрээ зөвшөөрч байв. Энэ "чухал биш зардал” нь голдуу лам ба сүм хийдтэй холбоотой зардал байв. Гэвч шашны үйлээс үнэн хэрэгтээ гар татаж чадалгүй, Есөнтөмөр хаан 12 сарын 9 өдөр хоёрдох удаагаа хааны багш ламаас авшиг хүртжээ.
1329 оны 1 сарын 19 өдөр Төв бичгийн яамны түшмэл: "Буддын шашны үйлд хэрэглэж буй зардал, урдах жилүүдтэй харьцуулж үзвэл, шижир алт 55.25кг, цагаан мөнгө 310кг, гуйлан зоос 56200 ширхэг, торго дурдан 34000 хуйгаар нэмэгдсэн, энэ зардлыг багасгаж өгөхийг хүсье” хэмээн Тугтөмөр хаанаар зөвшөөрүүлж байв. Гэтэл Тугтөмөр хаан нь лам нарын бүх алба татварыг чөлөөлж, ламаас гарч хар болсон хүнийг хүртэл дахин лам болгох зарлиг нийтэлж байсан нь цаагуураа лам нарын эрх ашгийг үхэн хатан хамгаалж байсны жишээ юм.
Чин улсын үеийн Хятад судлаач Жао И/1727-1814/ тухайн үеийн архивын баримтыг судлан үзээд буддын шашны үйлд 1318 оны байдлаар өдөрт 10 мянган хонь гарган, их хэмжээний гурил тос хэрэглэж байсныг тогтоон хэрвээ тухайн жилийн ноёдын цалин пүнлүү ба цэргийн зардал хүнс хоёрыг нэмж бодсон ч тухайн жилийн шашны зардлаас их байж чадахгүй хэмээн дүгнэсэн/《元时崇奉释教之滥》/байдаг.
Зарим сурвалжид "улсын эд баялгийн тал хувь нь Төвд руу урсан алга болсон” /《郑介夫上一纲二十目·僧道》,《历代名臣奏议》/
Хубилай хаан Буддизмийг хязгаарлах бодлого барьж байсан нь
Юань гүрний хэмжээнд буддизмд үнэмлэхүй эрх мэдэл олгосон хүн бол Хубилай хаан боловч, түүний үйл ажиллагааг нарийвчлан судалж үзвэл Хубилай хаан нь буддизмийг тодорхой хэмжээнд хязгаарлах бодлого барьж байсан юм. Жишээ нь: 1260 онд Пагва ламыг Улсын багш өргөмжилж байснаа, 1270 онд түүнийг зөвхөн хааны багш болгосон байдаг. Үүнийг нь зарим бүтээлд тушаал ахиулсан гэж тайлбарласан байдаг нь үнэндээ том ташаарал болой. "Улсын багш” гэвэл бүхэл бүтэн Юань гүрний багш болж таарна, харин "хааны багш” гэвэл зөвхөн эзэн хааны хувийн сургагч, заан жолоодогч болохоос биш, төрийн хэрэгт шууд хошуу дүрэх эрх байхгүй юм. Энэ утгаараа Пагва ламын тушаал ахисан биш буурсан гэвэл зөв болох юм. "Юань улсын судар”-т бичсэнийг үндэслэвэл "Монголчууд нь өөрийн гэсэн үсэг бичиггүй, уйгар бичгийг хэрэглэж ирсэн тул” Пагва ламд монгол шинэ үсэг зохиох үүрэг өгчээ. Гэтэл Пагва ламын зохиож ирсэн нь төвд үсэг байсан юм. Энэ нь мэдээж их хаанд нэгийг бодогдуулсан байж болохыг үгүйсгэхгүй юм.
Нөгөө талаас 1264 онд Хубилайн байгуулсан Zong Zhi яам ба 1388 онд нэрийг нь өөрчлөн Xuan Zheng яам гэдэг болсон засаг захиргааны байгууламж нь бүх улсын буддын шашны асуудал ба төвдийн төрийн хэргийг хариуцсан байгууллага байсан бөгөөд энэ яамны тэргүүнд Пагва ламыг томилж байсан. Гэтэл Юань гүрний төр засгийг хэрэгжүүлэн гүйцэтгэх гурван яаманд төвд хүн буюу лам нар ерөнхийдөө ажиллаж байгаагүй юм. Xuan Zheng яам байгуулагдсан дараа тус яаманд зөвхөн Төвдийн өдөр тутмын асуудлыг хариуцуулж цэрэг дайнтай холбогдох чухал асуудлыг заавал Нууц бичгийн яамтай зөвшилдөн шийдэж байх зарлиг гарган, эрх мэдлийг хязгаарлаж байсан юм.
Монголын язгууртан нарын диваажинд төрөх гэсэн шунал тачаал
Юань улсыг байгуулсан Хубилай хаан Буддизмаар Хятадыг ноёрхох багаж болгох зорилготой байсан гэж үзэх үндэс тун бага, учир нь тэр үед одоогийн Монгол шиг олон шашинд чөлөөтэй бодлого барьж байсан. Хятад ноёд түшмэдүүд өөрсдийн Бумбын шашны зан үйл, Күнзийн шүтээн, дээдсийн тахилгаа уламжлал ёсоороо хийдэг байв. Үүнд нь төрөөс саад хориг болж байгаагүй. Юань гүрний үед бөө нар хүндтэй байж, төрийн гол ёслол зан үйлд оролцдог хэвээр байсан юм. Харин төрийн түшмэдүүд буддизмийг сайшаан дэмжиж байгаагүй, шууд устган дарах ёстой хэмээн хэлэх зориг зүрх байгаагүй ч гэсэн Буддизмаас болоод эдийн засаг туйлдаж, төр гүрэн доройтож байгааг олон удаа сануулан хэлж байжээ. Эндээс харахад зөвхөн Юань гүрний Монгол язгууртан нар л хувийн ашиг сонирхлын үүднээс Буддизмыг хөхүүлэн дэмжиж байсан нь гарцаагүй байна. Тухайн үед нүүдэлчин Монголчуудад буддын номлол сургаал нь маш сонин содон санагдаж байсан бололтой. Учир нь Бөө мөргөл ба Чингис хааны Мөнхтэнгэризмд хойд насны тухай тодорхой сургаал байгаагүй тул буддизмийн диваажингийн тухай сургаал нь Монгол хаадын шуналыг өдөөсөн болов уу. Чухам тухайн үеийн монгол язгууртан нарт амьд ахуйдаа дутаж гацаж зовж шаналахыг бүү хэл, жаргал цэнгэлд умбан, ёстой амьдын диваажинд байсан гэдэг боловч ганц зүйл сэтгэл зовоож байжээ. Тэр нь энэ амьдралаа мөнх үргэлжлүүлэх, болж өгвөл диваажинд төрөх буюу илүү сайн төрөл олох, чадвал бурхан Будда болж тэнгэрт гарах гэсэн хүсэл шунал байж, түүнд нь буддын номлол сургаал гойд тохирсон байжээ. Тийм ч учраас эрх баригч нар бусад улс үндэстэн ард иргэдийг буддын шашинд орохыг тулган шаардаж байгаагүй, зөвхөн өөрсдийн амь биеэ бодон, төрийн хөрөнгө мөнгийг шавхан шашны үйлд үрэн даран хийж байсны хөдөлгөгч хүч, дотоод мөн чанар нь байсан юм. Түүний дээр хааны ивээлд орсон Төвд лам нарын уран цэцэн үг, бурхны дүр эсгэсэн хуурамч царай ба шашнаа дэлгэрүүлэх нарийн арга заль зэрэг нь юу юу ч илүү нөлөөтэй байсан билээ.
Бурханд мөргөвөл урт насалж удаан жаргадаг уу гэвэл ба тийм биш бололтой. Хубилай хаан 79, Өлзийтөмөр хаан 44, Хайсан хүлэг хаан 30, Аюурбарбад буянт хаан 35, Шадбал гэгээн хаан 21, Есөнтөмөр хаан 52, Ашидхэв хаан 8, Хүслэн хаан 29, Туг (төгс) төмөр хаан 28, Ринчинбал хаан 7, Тогоонтөмөр хаан 50 нас зооглосон ба энэ 11 хааны дундач нас нь 34 байна. Хаадууд нас богино байдаг уу гэвэл бас тийм биш бололтой, Их Монгол улсын 4 хааны дундач наслалт нь 53 юм. Эдгээр зуурд насалсан хаадын дотор мэдээж өвчин зовлон, осол эндлээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдол байх боловч, хаан ширээний төлөө тэмцлийн золиос болж байсан нь ч буй . Энэ нь улс орныхоо эд хөрөнгийг хоосортол бурханд мөргөж байсан ч гэрч болой.
Өөдөө хясан чулуу өөрийн толгой дээр унасан нь
Буддизмийн Юань гүрний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг дараах байдлаар дүгнэж болно: 1. Буддизмд орсноос болоод төр доройтсон, эцэст нь мөхсөн. 2. Буддизм нь Хятадыг ноёрхох багаж болж чадаагүй, харин Монголчуудын толгой хяргах зэвсэг болсон байна. Энд нэн сонирхолтой нэгэн түүхийг өгүүлье.
Монголчууд зуу орчим жил хамаг мөнгө хөрөнгөө зарцуулан хүч мэдэн хөгжүүлж байсан буддизм нь өөрийнх нь эсрэг босох боловсон хүчнийг бэлдсэн үйл явдал байжээ. 1368 онд Буддистууд Монголчуудын толгойг цавчин, Хятадын нутгаас үлдэн хөөх үйлийг гардан гүйцэтгэсэн байдаг. Энэ тухай Монгол хэл дээр гарсан бүтээлүүдэд тодорхой дурдагдаагүй байдаг тул энд бага зэрэг дэлгэрэнгүй өгүүлэхийг хичээе.
Түүхийн хичээл дээр хятадын нутагт тариачны бослого хөдөлгөөн өрнөн, тэр нь газар авсаар Юань ноёрхлыг түлхэн унагаасан мэтээр ярьж, зааж байсныг миний бие санаж байна. Энэ нь буруу биш ч гэсэн зүгээр нэг дарлагдсан тариачдын бослого хөдөлгөн биш, харин түүний үндсэн бүрэлдэхүүн нь улс төрийн тодорхой зорилготой, шашны зохион байгуулалттай нийгмийн давхаргаа, бүлэглэл байсан гэдгийг "Юань улсын судар” зэрэг сурвалж зохиолуудаас олж харж болох юм.
Буддизмийн нэг урсгал Цагаан Лианхуагийн шашин гэгч энд гол үүрэг гүйцэтгэжээ. Энэ шашныг 1133 онд Хятадын Сүн улсын Мао Зи Юан хэмээх лам Их хөлгөний номын Хятадаар дэлгэрсэн 10 урсгалын нэг болох Жинг Тү Зүнг/Pure Land Buddhism/-ын номлолд тулгуурлан үүсгэн байгуулжээ. Цагаан Лианхуагийн шашин нь амь үл хороох, архи эс уух, харин эхнэр авч болох зэрэг энгийн ойлгомжтой, хүртээлтэй аргаар шашнаа сурталчлан, буддизмийн заавал гэрээс гарч тойн болох, сүмд сууж сахил хүртэх гэсэн дүрмийг эвдэн, гэрээс үл гарч, сүмд эс суувч Цагаан Лианхуагийн шашинд орж болгодог болгосон нь жирийн ба доод давхаргын иргэдийн хүрээллийг олж, олон мянган шүтлэгтэнтэй болж чаджээ. Цагаан Лианхуагийн шашинтангууд үс сахлаа ургуулан, жирийн хувцас өмсөн ирээдүй цагийн Майдар бурхан/Монголын буддистуудийн гол шүтэж ирсэн бурхны нэг. Майдар нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ хэмээн үздэг. Лам нар майдар залран ирнэ хэмээн мөрөөдөж Майдар эргэх ёслол гэдэг шашны зан хийж иржээ./ ертөнцөд буух, "гэгээн эзэн”/Мин ван/ төрнө гэсэн улс төрийн далд санаатай уриа дурдаж байлаа. Цагаан Лианхуагийн шашин явах тусам нөлөө нь ихсэж, удаа дараа төрийн эсрэг иргэдийг уриалан босож байсан төрийн дарангуйлалд өртөн, нууц зохион байгуулалтын хэлбэрээр уламжлагдаж ирсэн байв.
Юань улсын буддизмийг дэмжин дэлгэрүүлэх, олон шашинд чөлөөтэй хандах гэсэн бодлогын далбаан дор Цагаан Лианхуагийн шашин нь түүхэнд байгаагүй хөгжлөө олсон үе байлаа. Энэ завшааныг ашиглан 1280 онд төрийн эсрэг бослого гаргасан боловч, тун удалгүй дарагдсан ба түүний хойно дахин 1325 он, 1337 он, 1338 онуудад бослого хөдөлгөөн гаргаж байсан тэмдэглэл буй. Тийм болохоор Хайсан хүлэг хаан 1308 онд Цагаан Лианхуагийн шашны үйл ажиллагааг хориглох зарлиг гаргасан боловч гуравхан жилийн дараа 1311 онд Аюурбарбад хаан суунгуут Цагаан Лианхуагийн шашны хоригийг цуцалжээ. Энэ Аюурбарбад хаан нь багаас Күнзийн номыг уншин судалж байсан ба буддизмын үнэнч сүсэгтэн байж, Монголыг хятадчлах үйлд гарамгай зүтгэсэн нэгэн байв. Жишээ нь: Тан улсын хаан төр барих арга ухаан, туршлага сургамжийн талаар 45 нэр бүхий түшмэдтэй хэлэлцсэн бүтээл "Zhen Guan Zheng Yao”/Зэн Гүан гэдэг нь Тай Зүн хааны оны цол 627-649 он, Зэнг Яао нь төрийн товчоо гэсэн үг貞觀政要 /-ыг монгол хэлээр орчуулах зарлиг гаргаж, олон жил тасалдаад байсан Албан тушаалд күнзийн номоор шалган дэвшүүлэх дүрмийг сэргэсэн байдаг. Түүний хойно Шадбал гэгээн хаан 1322 оны 5 сарын 7 өдөр Цагаан Лианхуагийн шашны үйл ажиллагаа дахин хориглосон боловч, тус шашны итгэн бишрэгчид нууц байдалд шилжин шөнө цугларан, өдөр тарах маягаар үйл ажиллагаа үргэлжлүүлсэн хэвээр байсан юм.
1351 онд Шар мөрний далан засах ажилд татагдан ирсэн 150 мянган иргэдийн дотор Цагаан Лианхуагийн шашны сүсэгтэн ба удирдагч нь болох Хан Шан Түнг, Лю Фү Түнг нар байжээ. Тэд энэ завшааныг ашиглан Монголчуудын ноёрхлыг түлхэн унагаах суртал ухуулгыг шашны аргаар эрчимтэй хийж байсан ба Хан Шан Түнг нь өөрөө чулуун хүн хийж голын эрэгд булаж тавиад "Шар мөрнөөс өрөөсөн нүдтэй чулуун хүн илэрвэл тэнгэрийн дор их бослого үүснэ” хэмээх үг тараажээ. Тэгж байтал урд нь бэлдэн нууж тавьсан чулуун хүн гарч иржээ. Ийнхүү иргэд үймэлдэн бослого хөдөлгөөн дэгдсэн байна. Тухайн үедээ удирдагч нь цаазлуулж бослого хөдөлгөөн түр дарагдсан боловч, хятад иргэд дуу дуугаа авалцан, шашны бүлэгт нэгдэн тэмцэл явуулсаар улмаар бүх улсыг хамарсан бослого хөдөлгөөн болон хувирч 1368 онд Юань улсыг түлхэн унагасан ажээ. Босогчдын гол урианд нь "Хятад хүнийг алахгүй, Монгол, хотон хүмүүсийг нэгийг ч үлдээхгүй хүйс тэмтэр” гэх зэргийн агуулгатай байсан юм. Тэд нар толгойгоо улаан алчуураар ороож байсан тул "Улаан алчууртны бослого” хэмээн нэрлэжээ. Босогчдын удирдах эрхийг гартаа авч, Мин улсын анхны хаан болсон Жү Юань Жанг нь бас Цагаан Лианхуагийн шашны идэвхтэн байжээ. Гэтэл тэрээр хаан суумагц Юань гүрний гашуун түүх дахин өөрийн толгой дээр нь бууж эргэн давтагдахаас болгоомжлон Цагаан Лианхуагийн шашныг харгис хэрцгий цаазлан даржээ.
Юань улсын ноёрхлын бүх хугацаанд Хятад иргэд ирт мэс байтугай мод чулуу ч хадгалж болохгүй хатуу хуультай байсан боловч, нүдэнд үл үзэгдэх шашны зэвсгийг хорьж хааж чадаагүй нь харамсалтай. Юань гүрний Монголчуудын буддизмийг өөгшүүлж ирсэн сүүдэр талыг хятад иргэд овжин ашиглан буддизмийн шинэ урсгал салбарыг үүсгэн түүгээрээ дамжуулан өөрсдийн улс төрийн хүсэл сонирхлоо гүйцэтгүүлсэн байдаг нь өнөөгийн Монголчуудад ч гэсэн том сургамж юм. Буддизм нь Монголын хаад язгууртан нарын хувьд мунхран доройтох хар тамхи болж, харин эрхшээлд нь байсан Хятадуудын хувьд Монголчуудын толгойг авах зэвсэг болж өгчээ. Шуан Жэнг Юань хэмээх Хубилай хааны байгуулсан буддын асуудал ба Төвдийн хэргийг хариуцсан яамны тогтоолоор "лам хүнийг зодвол гарыг нь тасалж, хараавал хэлийг нь огтлох” хууль гарган лам нарын эрх ашгийг дээд хэмжээгээр хамгаалж байсан бол тэдгээр хайрлан хамгаалж байсан "лам нар” нь Юань гүрийг мөхөөх дайсан болсон юм. Буддизмийг дэмжин дэлгэрүүлсэн нь Монголчууд, түүнийхээ хорыг амссан нь бас Монголчууд байв.
Юань гүрэнд 17 жил алба хашин ажиллаж амьдарсан Марко Поло өөрийн жуулчлалын тэмдэглэлдээ Монголчуудын эрэлхэг баатарлаг, арга самбаа сайтайг тооцон бичээд "гэвч эдгээр нь Татарчууд/Монголчууд/-ын өнгөрсөн түүхэнд байсан зүйл төдий юм. Харин одоо Татарчууд их доройтсон. Хятанд/Хятадад/ байгаа Татарчууд нэгэнт өөрийн хэв шинжээ алдан, Буддизмийн дадал зуршлаар явах болжээ. Левантад байгаа нь Сарацинчуудад ууссан” гэж бичжээ.
Номзүй:
1."Арван буянт номын цагаан түүх” ӨМ 1981 он 2."Монгол улсын түүх” таван бодь УБ 2003 он 3.[清]赵翼:《元时崇奉释教之滥》,《陔余丛考》卷一八,商 4.黄淮 杨士奇编 《历代名臣奏议》上海古籍出版社 1989 年 5.Марко Поло "Орчлонгийн элдэв сонин" 2002 он Ива Нами хэвлэлийн газар /Япон хэлний орчуулга/ 6."Юань улсын түүх” Жүнг Хуа хэвлэх товчоо 1976 он
Зохиогч: Доктор, Профессор Г.ГЭРЭЛБААТАР | |
Category: түүх | Views: 4673 | Added by: admin | Rating: 0.0/0 |
Total comments: 2 | |
| |
aрхеологи [24] |
антропологи [4] |
түүх [12] |
эрдэм шинжилгээний бүтээл [12] |
монголын археологичид [1] |
монгол угсаатан [4] |
түүх соёлын дурсгалт газар [3] |
мэдээлэл [6] |
ярилцлага, нийтлэл [9] |
хэрэгцээтэй зүйлүүд татах [11] |