Main » 2012 » March » 3 » МОНГОЛ АЛТАЙД ПАЗЫРЫКИЙН БУЛШ ОРШУУЛГА СУДЛАСАН ЗАРИМ ҮР ДҮН
16:27
МОНГОЛ АЛТАЙД ПАЗЫРЫКИЙН БУЛШ ОРШУУЛГА СУДЛАСАН ЗАРИМ ҮР ДҮН

МОНГОЛ АЛТАЙД ПАЗЫРЫКИЙН БУЛШ ОРШУУЛГА СУДЛАСАН ЗАРИМ ҮР ДҮН


Ц.Төрбат
(ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл ба Төмрийн түрүү үеийн
судалгааны секторын эрхлэгч, доктор, дэд профессор)
Төмөр зэвсгийн түрүү үе буюу скифийн үед Евразийн тал нутагт бие биетэйгээ адил төстэй нүүдэлчдийн олон соёл оршин байсан билээ. Заримдаа эдгээр соёлыг багцалж скиф хэлбэрийн соёлууд гэх буюу Скиф-Сибирийн ертөнц гэж нэрлэдэг. Оросын нутаг дэвсгэрт энэ үеийн олон археологийн соёлыг нээн судлаад байгаагаас Минусын хотгорт Тагарын соёл, Тувад Аржаны ба Уюкийн (мөн өөрөөр Саглыний соёл гэдэг) соёл, Алтайд Майэмирийн ба Пазырыкийн соёлыг өргөн хүрээтэй судалжээ.
Монголд энэ үед холбогдох Чандманий соёлыг 1970-аад оны үед нээн судласан юм [Волков, 1975; Цэвээндорж, 1980; Новгородова, 1989; Novgorodova, 1982]. Энэхүү соёл нь олон талаар Тувагийн Уюкийн соёлтой адил төстэй бөгөөд нэгэн соёлын хоёр хувилбар ч гэж үзэж болох юм. Чандмань-Уюкийн соёл хойшоо Тувагийн нутгаас урагшаа Монголын Увс аймгийн нутагт тархсан бололтой.
Хэрэв Хангайн нурууны баруун зах, Монгол Алтай ба Говийн Алтайн заагаас зүүн тийших нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн "Дөрвөлжин булшны соёл” оршин байсан гэж үзвэл Ховд, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт төмөр зэвсгийн түрүү үед ямар археологийн соёл байсан тухай асуудал гарч байв. Өөрөөр хэлбэл энэ том бүс нутаг төмөр зэвсгийн түрүү үед холбогдох тодорхой дурсгалгүй хоосон цагаан толбо болж байсан билээ.
2004 оноос Ц.Төрбат, П.Х.Жискар, Я.Цэрэндагва нар Баян-Өлгий аймгийн нутагт олон газарт Пазырыкийн дурсгалуудыг илрүүлсэн бол мөнхүү онд В.И.Молодин, Д.Цэвээндорж нар Улаанхус сумын нутагт цөөнгүй оршуулгын дурсгалыг илрүүлжээ. Ийнхүү Баян-Өлгий аймгийн нутагт Пазырыкийн соёлын дурсгалууд байгаа болохыг баттай нотлож, ингэснээрээ Монголын эртний түүхийг нэгэн хуудсаар баяжуулж, газрын зураг дахь нэгэн цагаан толбыг арилгаж чадсан юм. 2005-2007 онд Ц.Төрбатын удирдсан "Монгол Алтайн баруун хэсгийн түүх археологийн дурсгалууд” төслийн хүрээнд тус аймгийн нутаг дэвсгэрийг бүхэн хамарсан хайгуул хийх явцад болон Монгол-Европийн холбооны хамтарсан археологийн "Евразиат” төслийн хээрийн шинжилгээний хайгуулын үр дүнд 58 оршуулгын газарт 311 булш илрүүлэн олж бүртгэн баримтжуулсан байна. Үүний дээр Оросын академич В.И.Молодин нарын хайгуулаар 13 газарт 40 булш, Оросын судлаач А.В.Варенов нарын хайгуулаар баттай 3 газарт (хэдэн булш байгаа нь тодорхойгүй) пазырык булш байгааг илрүүлж тэмдэглэжээ. Нийтдээ одоогийн байдлаар тус аймгийн нутагт Пазырыкийн 83 оршуулгын газарт 418 булш байгааг илрүүлж бүртгээд байна.
Пазырыкийн соёлын судалгааны зарим үр дүн
Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд НТӨ VI-II зуунд холбогдох Пазырыкийн соёл бий. "Пазырык” гэдэг үг нь Орос Алтайд байх нэгэн асар том булшны нэр юм. Уг булшийг 1929 онд С.И.Руденко нар малтаж судласан. Утга нь монголчилбол "булш” гэсэн үг бололтой. Монголын мончок-тува нар булш гэхийг "бажираг” гэж хэлдэг.
Уг соёлд холбогдох булш оршуулгыг бүр XIX зууны үеэс малтаж эхэлсэн байдаг. Гэвч жинхэнэ шинжлэх ухаанч зорилго чиглэлтэй бөгөөд өргөн хүрээтэй малтлагыг 1920-иод оноос С.И.Руденко, М.П.Грязнов нар эхлүүлсэн юм [Грязнов, 1950; Руденко, 1953; 1960; Кирюшин, Тишкин 1999]. Тэд Пазырыкийн үеийн язгууртны бунхнуудыг Пазырык, Башадар, Туэкта зэрэг газар малтаж их хэмжээний хэрэглэгдэхүүн цуглуулсан юм. Малтлагаас гарсан гайхалтай сайн хадгалагдсан бөгөөд урлагийн өндөр түвшинд үйлдсэн олон зуун эд өлгийн зүйлс эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татаж, улмаар энэхүү археологийн соёлыг бүх талаас нь гүнзгий сайн судлахад чухал нөлөө үзүүлжээ.
Пазырыкчууд бол хагас нүүдлийн мал аж ахуйг эрхэлдэг үндэстэн байжээ [Руденко, 1953: 101; Полосьмак, 2001: 20]. Тэдний аж ахуйд газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй [Полосьмак, 1994:141-13]. Мөн өндөр хөгжсөн гар урлалтай байсныг булшнаас гардаг урлагийн бүтээлүүд гэрчилдэг. Тэд антропологийн хэв шинжийн хувьд монгол, европ төрхтний холимог бөгөөд жирийн иргэдийн хувьд европоид төрх давамгайлдаг бол язгууртны дунд монголоид төрх давамгайлдаг байжээ [Руденко, 1960:338]. Нийгмийн зохион байгуулалтын хувьд нарийн бүтэцтэй давхраажсан болох нь "хаадын булш” ба жирийн иргэдийн булш хэмжээ хэлбэр, дагалдуулсан эд өлгийн зүйлийн хувьд эрс ялгаатай байдгаас харагдаж байдаг.
Пазырыкийн соёлын судалгаанд С.В.Киселев [1951], В.Д.Кубарев [1987; 1991; 1992], Л.С.Марсодолов [1996], А.С.Суразаков [1988], Н.В.Полосьмак [1994; 2001], В.И.Молодин [2000], Ю.Ф.Кирюшин, А.А.Тишкин [1999] нар чухал үүрэг гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар 120 гаруй Пазырыкийн оршуулгын газарт 600 гаруй том жижиг булшийг малтан шинжлээд байгаа нь маш их хэрэглэгдэхүүн болох юм [Кирюшин, Тишкин, 1999: 74].
Пазырыкийн соёлын судалгааны олон асуудлууд шийдэгдээгүй байна. Юуны өмнө холбогдох он цаг, хөгжлийн үе шатуудыг тодорхойлох асуудал маргаантай хэвээр байх юм. Эрдэмтэд Пазырыкийн соёлын он цагийг НТӨ VII-V, VII-VI, VIII-VI, IX-VI, IX-VII зуун гэхчлэн янз бүрээр тогтоож байгаагаас [Кирюшин, Тишкин, 1999: 73] А.С.Суразаков нарын эрдэмтдийн дэвшүүлсэн санал [1988] олонхийн дэмжлэгийг аваад байна. Энэ нь: НТӨ VI-V зуунд холбогдох Пазырыкийн соёлын түрүү үе (башадар-туэктагийн үе), НТӨ V-IV зуунд холбогдох жинхэнэ Пазырыкийн үе, эцэст нь НТӨ III-II зууны эхэн үед холбогдох хожуу Пазырыкийн үе болно.
Пазырыкийн булшинд хүнээ баруун бөөрөөр нь хэвтүүлж толгойгоор нь зүүн зүг хандуулдаг билээ [Марсодолов, 1999:105]. Гэтэл зарим булшинд хүнээ зүүн бөөрөөр нь хэвтүүлж, толгойгоор нь баруун зүг хандуулдаг явдал тохиолддог байна [Полосьмак, 1994а:138]. Түүнчлэн жинхэнэ Пазырык булшинд хүнээ дүнзэн авсанд оршуулдаг бол зарим тохиолдолд чулуун авс ашиглах явдал байдаг. В.Д.Кубарев нарын эрдэмтэд Пазырыкийн соёл гэдэг нь олон аймгаас бүрэлдсэн холбоо мөн гэж үздэг нь [Кубарев, 1992:77; Кирюшин, Тишкин, 1999: 74; Шульга, 199:702] эргэлзээгүй хэрэг юм. Оршуулгын зан үйлийн дээрх ялгаатай шинжүүдийг чухам угсаатны хувьд олон хэв шинжтэй байснаар тайлбарлаж болмоор байна.
Энэ соёлын гарал үүсэл маргаантай хэвээр байна. МЭӨ IX-VII зуун буюу түрүү Скифийн үед Алтайд Пазырыкийн соёлоос өмнө майэмирийн гэж нэрлэгдсэн археологийн соёл байсан билээ. Энэ соёл Пазырыкийн соёлоос олон талаараа эрс ялгаатай [Суразаков, 1988; Кирюшин, Тишкин, 1997]. Ийм эрс өөрчлөлт гарсан шалтгааныг зарим эрдэмтэн шинэ үндэстэн нүүдэллэн ирсэнтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Л.С.Марсодолов НТӨ 585 онд киммерчүүд Ойрхи дорнодоос мидии ба лидийчүүдэд хөөгдөж улмаар Алтайд нүүдэллэн ирсэн [Марсодолов, 1999:105] гэж байгаа бол П.И.Шульга Казахстаны, магадгүй Дорнод Туркестаны сакчуудаас гаралтай гэж үзсэн байна [1998: 709]. Мөн Пазырыкийн соёлыг үлдээгч ард түмэн бол хятад түүхэнд нэр нь гардаг юэчжи нар мөн хэмээн С.И.Руденко [1960:176], Д.Г.Савинов [1993: 132-133] нар үздэг байна. Алтайд Пазырыкийн эрин үе эхэлснээр энэ нутгийн ард түмний амьдралд олон өөрчлөлт гарсан юм. Үүнд, газар нутаг дорно болон умар зүгт тэлсэн, нийгмийн бүтэцэд эрс ялгаа гарсан, хүн ам өссөн, шашин шүтлэгт өөрчлөлт гарсан (хуучин тахилгын төвүүд хаягдаж буган чулуу босгохоо больсон г.м.) зэргийг дурдаж болно [Марсодолов, 1999:105].
1990 оны эхнээс Пазырыкийн дурсгалын судалгаа онцгой идэвхижиж зөвхөн эрдэмтдийн төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байх болсон билээ. Үүнд Орос Алтайн зүүн өмнөд хэсэг буюу Монгол, Хятадын хилийн заагт Укокийн (монг. Үхэг) хөндийгөөс мөнх цэвдэг бүхий Пазырык булшнуудыг малтан илрүүлсэн явдал гол нөлөөг үзүүлжээ [Полосьмак, 1994; 2001; Молодин, 2000; Деревянко, Молодин, 2001]. Малтлагаас онцгой сайн хадгалалттай эрэгтэй, эмэгтэй хүний занданшуулсан шарил, олон тооны мод, арьс, эсгий, алт, хүрэл, төмөр эдлэлүүд гарсны зарим нь урлагийн дээд зэргийн бүтээлүүд байжээ. Мөн жирийн булшнаас огт гардаггүй задарч үгүй болсон байдаг органик эд зүйлс (мод, эвэр, арьс шир, ноос үс, даавуу торго г.м.) мөнх цэвдэгийн улмаас сайн хадгалагдан үлдсэн байжээ. Алтайн өндөр уулын бүсэд байх мөнх цэвдэгтэй эдгээр булш өдгөө нийт хүн төрөлхтний соёлын чухал өвд тооцогдож байгаа бөгөөд олон нийтийн анхаарлын төд байнга байсаар байна. Одоогоос 2500 орчим жилийн өмнө холбогдох ийм хөлдүү булш дэлхий дээр зөвхөн ганц газарт – Алтайн ууланд байгаа нь зүй ёсоор энэ нутагт амьдрагч ард түмнүүдийн бахархал болох учиртай. Оросын Алтай төдийгүй Казахстан ба Хятадын нутагт ч Пазырыкийн дурсгалуудыг судлаж иржээ. Үүнд, Казахтаны Алтайд байх алдартай Берелийн булшийг дурдаж болно [Самашев, Жумабекова, Сунгутай, 1999:159-164]. Мөн Шинжааны Кэ’эрмуци хэмээх газарт Пазырыкийн хэв шинжтэй булшуудыг малтаад байна [Варенов, 1999:26-30].
Монгол Алтайд Пазырыкийн дурсгалуудыг судлахын ач холбогдол
Оросын археологчид Монгол Алтайд Пазырыкийн соёлын дурсгалуудыг илрүүлэн олж судлах явдал туйлын чухалтай болоод байгааг удаа дараа дурдаж байжээ [Кирюшин, Тишкин, 1999: 75]. Үнэхээр ч Орос, Монгол, Хятад, Казахстаны Алтайг хамарсан угсаа соёлын нэгдмэл бүс нутаг эрт үеэс оршин ирсэн нь магадтай зүйл юм. Пазырыкийн соёлын тархалт, он цаг, соёлын ба угсаатны онцлог бүхий бүлгүүдийн асуудал зэргийг судлахад Монголын хэрэглэгдэхүүн зайлшгүй дутагдаж ирлээ.
Дэлхий даяарыг хамарсан сүүлийн үеийн их дулаарлаас болж Алтайн мөнх цэвдэг бүхий булшнууд тун удахгүй бүрэн үгүй болно гэдгийг академич В.И.Молодины нар удаа дараа анхааруулан хэлж байгаа билээ [Молодин, Полосьмак, 1999: 141; Молодин, 2000: 197]. Ийм учраас Монгол Алтайд ч пазырыкийн үеийн дурсгалууд, түүний дотор мөнх цэвдэг бүхий булшнуудыг цаг алдалгүй илрүүлэн олж малтан судлах нь чухал болоод байна.
2004 оны зун Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Этнографийн хүрээлэн, Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Германы Археологийн хүрээлэнгийн хамтарсан хээрийн шинжилгээний анги академич В.И.Молодин, профессор Д.Цэвээндорж, Х.Парцингер нарын удирдлагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Ойгор гол ба түүний цутгалан Олон гүүрийн гол, Үнхэлцэг, Дунд Ойгор гол зэрэг газарт Пазырыкийн булшийг олж илрүүлэх хайгуулын ажил хийжээ. Тэд 16 газарт 45 булш илрүүлэн олжээ [Молодин, Цэвээндорж и др., 2004: 365-371]. 2005 оны зун тэд зарим нэг булшинд геофизикийн судалгаа хийж цаашид малтах булшаа тодруулсан байна. Малтлагын ажил 2006 оны зун явагдаж Олон нуурын гол буюу Цагаан салаа хэмээх газар ОНГ-Х оршуулгын газар гурван булш малтсан байна. Үүний нэг булш нь мөнх цэвдэгийн хөрсөн хадгалагдсан байсан тул булшны модон бунхан, түүний дотор хадгалагдсан эд өлгийн зүйлс мөн хүний шарил зэрэг нь онцгой сайн хадгалалттай байжээ. Үүнд, модон бунхан болон модон цар, зэвсэг багажийн модон иш бариул, модоор хийсэн гоёл чимэглэлийн зүйл, хүзүүвч, модон гөрөөсний баримал зэрэг бусад модон эд зүйлс, арьсан эдлэлүүд, арьсан дээл, өмд, эсгий болон арьс хослуулан хийсэн урт түрийтэй гутал, эврээр хийсэн хумх зэргийг онцлон дурдууштай.
Мөнхүү 2004 оны зун Санкт-Петербургийн Их Сургуулийн Цогцолбор Социологийн судалгааны хүрээлэнгийн Археологи, түүхэн социологи ба соёлын өвийн лаборатори, Монголын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хамтарсан Төв Азийн олон улсын археологийн экспедицийнхэн Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутагт 3 газарт Пазырыкийн булш бүхий оршуулгын газрыг илрүүлжээ [Варенов, Ковалев, Эрдэнэбаатар, 2004: 211-216].
2004 оны 5-р сард Ц.Төрбат, ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТөвтэй хамтран хэрэгжүүлсэн "Алтан толгойн түүх археологийн дурсгалууд” төслийн хүрээнд тус аймгийн Улаанхус сумын нутагт Цагаан салаан эх Увсайд анх Пазырыкийн үеийн булшийг нээн илрүүлсэн билээ [Төрбат, Бихумар, Золбаяр, Едилхан, 2004: 4]. Мөн оны намар 8-9-р сард Монгол-Францийн хамтарсан археологийн "Eurasiat” төслийн хээрийн шинжилгээний ангийн П.Х.Жискар, Ц.Төрбат, Я.Цэрэндагва нар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутагт 1000 орчим км аялан Пазырыкийн булшийг хайн илрүүлэх ажлыг гүйцэтгэжээ. Тэд дээрх хоёр сумын нутагт нийт 11 газарт 60 орчим Пазырыкийн булшийг илрүүлж газарзүйн байрлалыг нь GPS багажаар тогтоожээ [Төрбат, Цэрэндагва, 2004]. 2005 оноос Олон улсын "Евразиат” төвийн захирал, профессор П.Х.Жискар, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Ц.Төрбат, Д.Батсүх нарын удирдсан Монгол-Францын хамтарсан "Евразиат” археологийн экспедици Баян-Өлгий аймгийн нутагт Пазырыкийн соёлын оршуулгын дурсгалуудыг малтан судлаж эхэлжээ. Тэд 2005-2011 онд Цэнгэл сумын Бага Түргэний гол, Сыргаль, Харганатын гол, Хатуугын гол болон Сагсай сумын Цагаан асгад 30 гаруй булш малтаж олон арван маш сайн хадгалагдсан эд зүйлсийг илрүүлэн чухал үр дүнд хүрчээ. Тэдний судалгааны үр дүнд хэвлэгдэж гарсаар байна. [Төрбат нар, 2005; 2007; 2008; 2011].

Category: эрдэм шинжилгээний бүтээл | Views: 1790 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: