Main » 2012 » March » 3 » Монгол эмэгтэйн үсний засалт, бэлгэдэл
16:20
Монгол эмэгтэйн үсний засалт, бэлгэдэл


    Монгол эмэгтэйн хувцас гоёл зүүсгэлийг нарийвчлан судлахын тулд  эртний монголчуудын үс гэзэг хийгээд үсний засалт хэрхэн хөгжиж ирснийг юун түрүүнд тодруулах шаардлагатай билээ.
                          Хулсан мод өндөр боловч
                          Усны чийгээр ургадаг
                          Хурдан сайн хүлэг ч
                          Унаган насандаа уралддаггүй юм шүү
                          Үйл сураагүй үр юм шүү
                          Үс нь гүйцээгүй хүүхэд юм шүү [Музей судлал, П.Ядамсүрэн, Дарьгангийн хуримлах зан үйлээс, Tomus 1, Fasc 1-3, Улаанбаатар 1968, 83-р тал ] гэж дарьгангийн хуримын зан үйлд гардаг. Сая хадамд очиж байж "үсээ хагалуулж” хүүхэн хүн болголоо хэмээн бэлгэддэг болно. Иймд эл өгүүлэлдээ монгол эмэгтэйн үс гэзэгний талаар хүн чулуун хөшөөд, археологийн олдвор, түүхэн баримт сэлт, хуримын зан үйлд тулгуурлан нарийвчлан өгүүлэхийг зорив.

    Сайн муу зүүдний тайлбар судрын төгсгөлд долоон муу зүйлийг тоочсоны тэргүүнд үс огтлох /авах/ гэж буй бөгөөд түүнийгээ "үс огтолж /зүүдэлбээс/ их гамшиг болох хэмээн ерөнхийдүү тайлжээ.” Ойрадчуудын зүүд тайлах ёсонд ч үс гэзгээ авхуулсан болоод зүүдэлбэл муу гэж шинждэг /Oirad-in zang zangsil. Či. Erenčei, T.Namjil nairuulan jokōba,  Činjiyang giin aradiin kebleliin qorō’’, 1998, 374-р тал / байна. Нууц зарлигийн муу зүүдийг хариулах бичигт "хүмүүн гэзгээ огтлон зүүдэлснээс эх үхэх бэлгэ буй гэжээ [С.Дулам, Монгол бэлгэдэл зүй IV, Зүүд зөн совингийн бэлгэдэл зүй, цагийн бэлгэдэл зүй, Улаанбаатар 2007, 68-р  тал ]. Тэгвэл Сүжигтийн аманд малтсан хүннүгийн үеийн булшнаас торгомсог эдээр хийсэн ууттай тайрмал гэзэгний хуй олон гарсан ба судалгаа хийсэн бусад гурван булшнаас нийтдээ 120 гаруй гэзэгний хуй гарсан нь ихээхэн сонирхолтой баримт юм [Д Цэвээндорж, Д.Баяр, Я.Цэрэндагва, Ц.Очирхуяг, Монголын археологи, УБ 2002, 150-154 тал]. Ингэхдээ гэзгийг 2-оор болон 3-аар сүлжсэн байх бөгөөд угаар нь чанга боосон байна. Ийнхүү зүүдний тайлалын сударт үс зүүдлэх нь ерөнхийдөө муу юм ирэх, үхэх аюулыг бэлгэдсэн дохио болж буй ба тэрхүү оршуулгын дагалдах зүйлд гэзэгний хуй олноор гарч байгаа нь цаашид дахин хүний гарз дохиохгүй байхыг бэлгэдэн хамтатган үсийг нь огтолж оршуулсан байж болох бөгөөд цаашдын аюул гамшгийг дарж буй санаа, бэлгэдэл байж болох юм. Мөн монгол ардын хуримын зан үйлд гардгаар эмэгтэй хүн үсээ үсний гэрэнд хийж, үсээ хүнд үзүүлэхгүй байх уламжлалт ёс нь ч муу юм ирэх, үхэх аюулыг хаан хаацайлах үүднээсээ ч, гадны хүнд үс гэзгээ үзүүлэхгүй, тэр хүн өөрийнхөө талаар ямар нэгэн мэдээллийг өгөхгүй байх гэсэн дохио байж болох юм.
    Түрэгийн үеийн хүн чулуудыг судалхад ихэвчлэн толгойн үсээ урт ургуулж олон салаа гэзэг, эсвэл ганц бүдүүн гэзэг унжуулах зэрэг байдлаар засаж янзалдаг байсан нь түүх сударт тэмдэглэн бичсэнтэй үндсэндээ тохирох ажээ. Түүнчлэн зарим үед огт гэзэггүй, үсээ хуссан тохиолдол ч байдаг  [ Д.Цэвээндорж, Д.Баяр, Я.Цэрэндагва, Ц.Очирхуяг, Монголын археологи, УБ 2002, 150-184 тал]. Иймд Түрэгийн үеийн хүмүүсийн үсний засалт нь зэрэг дэв, эр эм, наснаасаа хамаараад олон янз байсан бололтой. Эмэгтэйчүүд нь ерөнхийдөө олон салаа гэзэгтэй байсан ба түүндээ тохирсон малгайг ч өмсдөг нь эл үеийн хүн чулуудаас мэдэгддэг.
    Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуйн төвд киданы үед холбогдох нэгэн өвөрмөц сонин хийцтэй хүн чулуу байдаг. Улбар бор өнгийн чулуугаар нилээд чадварлаг цоолборлон урласан босоо хүний дүрс бөгөөд чулуу нь нэлээд мөлийж элэгдэн сэвтсэнээс бус ерөнхийдөө бүтнээрээ байх ажээ. Толгойг нягт барьсан дүгрэг малгайтай, малгайн оройн эсгүүр цүндгэр буй нь үсээ толгой дээрээ овоолон засч, хэлбэрт нь тохирсон малгай өмсөж байсныг харуулна [Мөн тэнд, УБ 2002, 150-224 тал] .  Кидан гүрний үеийн хүн чулуун хөшөөнд дүрслэгдсэн  хүмүүсийн үсний хэв маяг нь түрэгийн үеийнхийг бодвол үсээ дээрээ овоолон зассан нь толгойн дээр хуримтлагдсан энергийг алдахгүй жигд тархаах, нөгөө талаараа монголчуудын дугуй дүрсийг бэлгэдэн үздэгийн илрэл мэт. Уйгарын үеийн турфаний цуглуулгаас олдсон эмэгтэй хатдын хөрөг ч мөн адил дээрээ үсээ овоолон зассан байдаг билээ.
    Кидан нарын хувцасны тухай Өмнөд Сүн улсын бичгийн түшмэл, эрдэмтэн түүхч Е-Лун-ли абугайн бичсэн "Кидан улсын түүх” хэмээх зохиолын 23-р бүлэгт тэмдэглэсэн нь: Кидан түшмэд алтан хээгээр чимэглэсэн, заримдаа сувд, хас, өдөн өрөвлөгтэй эсгий малгай өмсөнө. Энэ малгайн гадаад төрхийг Хан болон Вэй улсын үед Ляошуй голын эрэгт байсан хүмүүсийн өмсөж агсан буяогуань хэмээх толгойн заслын хэлбэрийг дууриасан гэдэг. Шилэн хүзүүн дээрээ алтаар сүлжсэн бяцхан уут унжуулах бөгөөд түүнд багц үсээ далдалдаг [У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин, Дугуй цахирын хадны оршуулга, Улаанбаатар 2010, 56-р тал] гэжээ. Үүнээс үзэхэд үс гэзэг нь ямар нэгэн мэдээлэл хадгалдаг гэх таамаглал, үсэнд ямар нэгэн ид шид, нууц оршдогийг давхар илтгэх ба кидан гүрний үед үс гэзгээ нуух, далдлах, хямгадах ёс байсныг эл жишээ  давхар батлах хийгээд энэ нь монгол хуримын зан үйлд уламжлагдан хадаглагдаж үлджээ. Учир нь монгол эмэгтэйчүүд нөхөрт гарсны дараа хар үсээ хүнд үзүүлэхийг цээрлэдэг байсан тухай монгол үндэстэн бүрийн хуримын зан үйлд түгээмэл дүрслэгдсэнийг доор өгүүлэх болно.
    Минь улсын түшмэл Минэ шанрэ гэдэг хүний 1500- аад оны хагаст бичсэн "И үй” хэмээх бичигт "эмэгтэйчүүд нь гэрлэсний хойно сая үс тавьдаг” [ Пунсаг, И Иүй, 112 ] гэжээ. Эмэгтэйчүүд гэрлэмэгцээ үсээ янзлан өөрчилдөг, үс тавьдаг, үсээ нэн тэргүүнд үздэг, ил гаргадаггүй байсан  зан үйлийн улбаа нь тэр эмэгтэйн тухай анхны мэдээлэлийг харилцагчид гадаад бэлгэдэлийн утгаараа өгч буй нэг хэлбэрийн дохио тэмдэг болно. Өөрөөр хэлбэл үсээр нь гэрлэсэн үү, гэрлээгүй юу, хар хүнтэй юу, бүсгүй хүн үү эс бөгөөс сэвгэр үү гэдгийг илтгэх бас нэг ёсны  гадаад бэлгэдэл, тэмдгийн үүрэгтэйг ч мэдэж болно.
    Тэгвэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших хаалгатын хүн чулуун хөшөө нь баруун гартаа урт шилбэтэй цомбогор хэлбэртэй сав барьж, зүүн гараа өвдөг дээрээ тавин сууж буй эмэгтэй хүнийг дүрсэлсэн байдаг. Шовгор оройтой дуулга хэлбэрийн малгайтай. Малгайн доод ирмэгийг духан дээгүүр хөндлөн дүрсэлжээ. Малгайн ар шилэвч бололтой нилээд өргөн далбагар зүйл нуруу даган дал мөрөн дээгүүр нь унжжээ. Бүс ба бүснээс зүүсэн хавтага үгүй. Цээжин биед хоёр хөх товойлгон гаргажээ. Энэ хөшөөний хамгийн сонирхолтой нэг зүйл нь малгайн доод ирмэгээс хоёр шанаа даган чихний урдуур унжсан холбоотой хос ромбо буюу хатан сүйх хэлбэрийн чимэглэл юм [ У.Эрдэнэбат, Монгол эхнэрийн богтого малгай, Улаанбаатар 2006, 77-р тал ]. Нэн түрүүнд эл хүн чулууг эмэгтэй хүн гэдгийг хоёр хөх, малгайн чимгээс мэдэж болох ба малгайн ар шилэвч бололтой нилээд өргөн далбагар зүйл нуруу даган дал мөрөн дээгүүр нь унжсан ба түүнд дотор үсээ далдалсан байж болох эс бөгөөс дуулганд дотор үсийг шуусан байх тал ажиглагдаж байна. Өмнөх жишээнээс харахад хаалгатын хүн чулуу нь дүрслэлийн хувьд киданы үеийнх байх бүрэн бололцоотой агаад дуулга хэлбэрийн малгай, үсний арын уут зэргээс төстэй тал мөн ажиглагдана.
    Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Хөшөөн дэнжийн хүн чулууг саарал боржин чулуугаар урласан бөгөөд толгойд нь өндөр оройтой малгай дүрсэлж, малгайн доод ирмэгээс шанаа даган унжсан "хатан сүйх” хэлбэртэй зүүлт сийлсний зүүн талынх нь мэдэгдэх ажээ. Нүүр энгэр тал ихээхэн гэмтэж элэгдсэн боловч цээжинд нь хоёр хөх төвийлгөн сийлсэн ба хоёр гараараа хэвлийн өмнө хундага сав барьжээ [Мөн тэнд, 79-р тал]. Эл хүн чулуу нь хэдийгээр эмэгтэй хүнийг нарийн дүрсэлсэн авч үс гэзэг нь төдийлөн ил гарч мэдэгдэхгүй байгаа нь тэрхүү бортого хэлбэрийн малгайн орой руу үсээ шууж оруулан бүчилэн тогтоосон байж болох эсхүл хуссан байх магадлалтай ч доорх ханын зурагт дүрслэгдсэн жишээнд эмэгтэйн үс нь урт гэсэн нь сонирхол татаж байна. Иймээс эл зургуудад дүрслэгдсэн бортого хэлбэрийн малгайд үс нь урт байгаа нь ийм хэлбэрийн малгайг өмсөхдөө үс гэзгээ хусдаггүй байсныг гэрчилнэ.
    Бэзэкликийн нэгэн жижиг сүмийн хана туурганд мөргөл үйлдэн гороолж буй эрэгтэй, эмэгтэй монгол хүмүүсийн зураг байжээ. Эмэгтэйчүүд нь өндөр гозгор малгайтай аж. Харьцангуй бүтэн үлдсэн, сүмийн хоймор дахь гол шүтээний зургийн баруун доод талд байсан богтого малгайтай нэгэн хатны зургийг А.Грюнведель 1912 онд нийтлүүлжээ.
    Хатагтай хоёр гарын алгыг цээжний өмнө хавсарч  дээгүүр нь цагаан алчуур тохсон байна. Түүний малгай өндөр, хүрэн өнгөтэй, алтан болон улаан хээтэй бөгөөд доод хэсгийг нь хүрээлсэн алтан туузан дороос хөх өнгийн шилэвч унжсан байна. Эмэгтэйн үс урт бөгөөд өтгөн, дугуй хэлбэртэй алтан чимэглэлүүдээр гоёсон [У.Эрдэнэбат, Монгол эхнэрийн богтого малгай, Улаанбаатар 2006, 16-17- р тал] гэжээ. Гэвч энэ үс үү, малгайн чимэг үү гэдэг нь эргэлзээтэй. 
    Шэхэр Бэг ба Алан Гоагийн хөрөгийн зурагт Алан гоа хатан зөв ташуу энгэртэй, нарийн ханцуйтай, уужим сугатай, газар шүргэсэн урт хормойтой дээл өмсөж Шэхэр бэгийн зүүн талд суужээ. Хатны богтого малгай ар тийш унжсан шилэвчтэй, өндөр бортогны алх шиг хэлбэртэй гозгор оройг тогос шувууны өдөөр чимсэн мэт байна. Түүнчлэн малгайн оройгоор гурван эгнээ чимэг хадсан бололтой харагдана. Малгайг үсэндээ бэхлэж эрүүндээ бүчээр бүчлэж  өмссөн гэмээр хүний эрүүний орчим мэдэгддэг  [Мөн тэнд, 41-р тал].  Эндээс үсээ задгай тавьдаггүй малгайтай хамт бэхлэдэг байсан болов уу гэмээр тал ажиглагдана. Тэгвэл Иранд хадаглагдаж буй хан хүү мэндэлж буй зурагт хэвтэж амаржсан эмэгтэй малгайгүй, толгой нүцгэн байх боловч үсний засалт нь тодорхой сайн мэдэгдэхгүй. Гэзгээ задлан унжуулсан бололтой ба толгойн харьцааг харахад чанх оройн хэсгийн үсээ хуссан юм шиг харагдана [Мөн тэнд, 70-р тал]. Эндээс эмэгтэйн үсний содон нарийн засалтыг харж болно. Гагцхүү богтого малгайн орой таарах хэсгийг хусаад, бусдыг нь урт хэвээр нь үлдээсэн байгаа нь монгол хүний дугуй хэлбэрийн дүрсийг бэлгэшээдэгтэй холбоотой байж болно. Энэ малгайн чанх оройн хэсэг болох дугуй нь өдгөө монгол эхнэр хүний толгойн боолт дээр тусгалаа олсон, орой нь цоорхой байдаг билээ.
    18-р зууны үед Обь, Эрчис мөрний сав газраас нэн эртний богтого малгайн дүрслэл бүхий дурсгал олдсон байна. Эдүгээ ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж музейн сан хөмрөгт, нэгдүгээр Петр хааны Сибирийн цуглуулгад хадаглагдаж байдаг бүсний нэгэн алтан чимэглэлд монголжуу төрхийн эмэгтэйн өмссөн малгай онцгой өндөр оройтой юм. Энэхүү малгайг модоор хийсэн бөгөөд оройдоо цоорхой нүхтэй аж. Түүгээр эмэгтэй хүн үсээ нэг салаа сүлжин шургуулж дээш нь адууны хялгасаар томж, 20 м орчим өндөр оройд залгаж, унгас ноосоор хийсэн дээсээр ороон, гадуур нь бөсөөр ороож өмсдөг байжээ  [Мөн тэнд, 84-р тал].  Эл баримтаас үзвэл эмэгтэйн үсний хэв байдлыг илүү гүнзгийрүүлж болно. Учир нь малгайн оройруу нь бүх үсийг сүлжин дээш нь шуусан байгаа эл дүрслэл нь эртний гностик антропологид үздэгээр босоо тэнхлэгт орон зай бөгөөд энэ тэнхлэгт хүмүүн өөрийгөө ухамсартайгаар ажиглаж гаднаас ирэх мэдээллийг үс гэзэг, билгийн нүдээр хүлээж авах бололцоо бүрддэг агаад би хэн бэ?, би хаана байна вэ?, би яг одоо юу хийж байна вэ? гэдэг асуултууд дээр төвлөрч чаддаг байна [Соёл, Шинжлэх ухаан, Антропологи судлалын гностик нийгэмлэг, Ухамсрын сэргэлт УБ 2009, 22-р тал]. Иймээс монголчууд үсээрээрээ дээд орон зай дахь чинад тэнгэрлэг зүйлстэй  холбогддог, үсэнд хүч, далд энерги шингээстэй байдгийг мэддэгтэй нь холбоотой байж болох юм. Мөн археологийн олдвороос сүлжсэн гэзэгний хуй олноор гарч буй нь ч, дээрх баримтаас ажиглахад ч хатан хүний үс байж болох магадлалтай юм. Учир нь тэр үед, нас бие гүйцсэн эмэгтэй хатад л богтого хэлбэрийн малгай өмсдөг байсантай холбоотой. Иймээс босоо тэнхлэг хийгээд үсний дотоод утга, бэлгэдэл, таталцлыг ийн мэддэг байсан учраас эмс хатад нь морин дэл дээгүүр шуугин саадгаа агсаж, садарсан үсээ шууж далд зөн билгийг мэдрэн монголчуудыг дэлхийн талыг эзэлхэд үүрэг гүйцэтгэсэн ч юм бил үү, хэн мэдлээ.
    Тэгвэл бас нэгэн сонирхолтой баримтад, 13-р зууны үед Монголд ирсэн Европийн жуулчин Вильхельм фон Рубрук хэлэхдээ: Монгол эмэгтэйчүүд нөхөрт гарч хуримласныхаа маргааш өдөр малгайнаас толгойн орой хүртэл үсээ хусдаг заншилтай байсныг тэмдэглэжээ [Rubruk, Reise zu den Mongolen, 60 ]. Мөн Мөнх хааны их хатан Ихэрэс овгийн Хутугтай гэгч эхнэр Хар хорум дахь несториан шашны нэгэн сүмд мөргөл үйлдэж байхдаа богтаг малгайгаа тайлахад богтогны цаанаас магнайн орой хүртэл хуссан өвөрмөц үсний засалт мэдэгдэж байжээ. Эл баримт нь мөн тэр үеийн богтого малгайтай гэрлэсэн бүсгүйчүүдийн үсийг илүү нарийн тодотгож өгч байна. Өөрөөр хэлбэл энд малгайн оройн үсээ хусдаг болох нь мэдэгдэж байгаа агаад өмнө  өгүүлсэн баримтад толгойн оройруу үсээ шуусан байгаа нь эл баримттай зөрүүтэй байгаа нь магадгүй зэрэг дэв, нас намбаараа ялгарах засалт байж болох юм. Ямартаа ч энэ үеийн эмэгтэйчүүдийн зарим нь оройн үсээ дээш богтогоодоо шуудаг, эсвэл толгойн оройн хэсгийн үсээ хусаад бусдыг нь үлдээдэг, магнайн орой хүртэлх үсээ хуссан /яг хаанаасаа эхлэн малгайн орой хүртэл хуссан нь мэдэгдэхгүй/ гэсэн гурван янзын засалт одоогоор мэдэгдэж байна. "Зүүдний тайлбар оршвой” Зүүдний судар оршвой зэрэгт үс халзрахыг зүүдлэх нь "сэжиг арилах, буян нэмэх” гэхчлэн тайлсан нь нас намба сууж, толгой халзан болохыг, түүгээр буян хишиг арвидахыг бэлгэдсэн утга болж байна. Тиймээс нас намбаа илтгэх, буян хишгээ нэмэх үүднээс чанх оройн үсээ нас тогтсон хатад хусдаг байсан байж болзошгүй юм.
    Монгол улсын нутагт явуулсан археологийн судалгаагаар 13-14-р зууны үед холбогдох монгол булшнаас 20 гаруй бортого малгай илрүүлэн олсон бөгөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Устын ам гэдэг газар 2003 оны зун  малтсан нэгэн булшнаас эмэгтэй хүний нэг салаа сүлжмэл гэзгийн үлдэгдэл гарсан билээ [ У.Эрдэнэбат, Монгол эхнэрийн богтого малгай, Улаабаатар 2006, 99-р тал]. Эндээс үзэхэд тэр үеийн хатад богтого малгайг өргөн дэлгэр хэрэглэдэг байсан нь мэдэгдэх ба үсээ нэг салаа сүлждэг байсныг илтгэх нэг баримт юм.
     Манжийн түрэмгийлэгчид Монголыг эзэрхэн, хүй хотлоор нь баллах санаа агуулж, гал голомты нь бүрэлгэх гэж дөрвөн муухай хон хэрээ явуулсан нь сагсан тулганы дөрвөн тотго, /ерийн тулганы ээтгэр хошуу/ гэх бөгөөд түүнийг эсэргүүцэн, хүчийг нь хариулахаар хэрээний амы нь чиглүүлэн, дор нь дөрвөн чулуу эвсэн гэх буюу мөнөөх муу амьтан жигүүртний эзэн хангарьдтай галын дэргэд суух авгай хүний үсийг адилшуулан дэнхэгэр үс хийж аюулыг номхотгосон гэдэг [ Музей судлал, Tomus 1, Fasc 1-3, Улаанбаатар 1968, Х.Нямбуу, Ж.Цэвэгсүрэн, Нэгэн монгол тулганы бүтэц хөгжлийн онцлогоос, 144-р тал.] домог ч үсэнд шид буй, хүч нуугддаг гэдгийг харуулсан, үсийг ил задгай байдлаар сүр оруулан төлөөлсөн бэлгэдэлт жишээ болно.
    Монгол ардын ертөнцийн гуравт үүлээ хөөсөн тэнгэр нэг цэмцгэр,  үнсээ гаргасан тулга нэг цэмцгэр, үсээ самнасан авгай нэг цэмцгэр гэж үг буй бол Далай ханы Даньхүрэлийн Хонгор шар үсийг энэ зуны эхэн сарын шинийн гуравны бар цагт авна гэдгийг хэлээд ирээрэй гээд явууллаа гэж /Монгол ардын баатарлаг туувьс, Даньхүрэл, 1986, 22-р тал./ туульд гардаг нь үсийг ихэд эрхэмлэдэг байсан бөгөөд сайн цагт гар хүрч хөнддөг байсны ул мөр юм. Улмаар мам чөтгөр, мангасыг туульд дүрслэхдээ:
                   …Хор шар нь буцалсан
                      Хоёр мээм нь сэрийсэн
                      Хөх үс нь сэгсийсэн
                      Хөрс зүс нь хөрзийсэн
                      Ам юугаа ангайсан
                      Араа соёо нь тажигнасан
                      Аашилж дошилсон
                        Атгар хар мангас /Хайрт хар, ХАТ, 1967/ хэмээн үс гэзэг нь сэгсийсэн байдлаар бэлгэдэж ирсэн нь үс гэзгийг эрхэмлэдэг, чөтгөр, мам л үс гэзгээ сэгсийлгэн ил задгай байлгадаг гэдэг монгол хүний сэтгэлгээг тод илтгэнэ.
Дарьгангийн ёслолд бэр буулгахдаа хүүхний бүх хувцасыг шинэ хувцасаар сольсон байх бөгөөд эхнэр торгон дээл, зүү ороож хээ угалз тавьсан оймс гутал өмсгөж, үсий нь сүлжээсийг задалж арлуу нь тавиад, толгой дээгүүр нь битүү бүтээлгэтэй байна [Музей судлал, Tomus 1, Fasc 1-3, Улаанбаатар 1968, П.Ядамсүрэн, Дарьгангийн хуримлах зан үйлээс, 68-р тал]. Бэр буулгахдаа хүүхнийг хөтөлж гаргаад хадам эцгийн гэрийн баруун талаар нь тойруулж, шинэ гэрт оруулна. Хүүгийн талаас нэг хүн тавагтай идээн дээр сагалдрага, үсний хоёр боолт, тавьж авчирч өгнө. Галд мөргүүлсэн тэр хүн бүснээсээ хэтээ авч, хүүхний үсийг хэтнийхээ гангаар хагална. Халуун галд нь мөргүүлсэн, хар үсийг нь хагалуулсан тэр хүнийг их хүндэтгэдэг бөгөөд нэрийг хэлэхийг цээрлэж, төрөл төрөгсдийн адил авч үздэг байна. Энэ хүн сүүлд нь зориуд бэлэг сэлт хоньтой ирж хүүхнийг эргэдэг болно. Дараа нь хүүгийн талын бэргэн барууныг, хүүхний талын бэргэн зүүн хавчаарыг үсэнд нь зүүж дараа нь үсэн дундуур нь хавчаарын модыг шургуулж, тэрхүү зүүсэн нарийн хавчаарт модны дээд талыг хугалж, доод нарийн хавчаарыг зүүнэ. Ийнхүү эхнэр хүний ёслолын бүрэн хувцасаа өмссөний дараа хүүхний толгойг бүтээхээ больж, сая зөв харж суулгана [Studia Museologica, Tomus 1, fasc 1-8, Улаанбаатар 1968, П. Ядамсүрэн, Дарьгангийн хуримлах зан үйлээс, 77-р тал]. Хүүгийн эцгийн гал бурхан ахмад хүмүүст хүүхнийг мөргүүлж, бат бэх гал мэт бадрахын утгаар зохилдуулсан хэтийн гангаар үсий нь хагална [Мөн тэнд, 90-р тал]. Дарьгангад бэр хүн доорхи хорио цээрийг дагадаг байлаа. Ялангуяа халуун галд мөргүүлж хар үс хагалсан хүнд хар толгойгоо үзүүлж тун болохгүй гэнэ. [Мөн тэнд, 90-р тал]. Хүүгийн талаас гэрийн хоёр цаваг, өрх, үүд дотуур бүслүүр, чагтага багана, тулганы дөрвөн чулуу ба толгойн чимэглэлд үсний хоёр боолт, сагалдрагыг заавал хийж өгдөг заншилтай байжээ. [Мөн тэнд, 63-р тал] Үүнээс үзэхэд айлын эхнэр болж буй хүүхэн ёслолын хувцасаа бүрэн өмссөний дараа л тоглойгоо ил гаргаж байгаа бөгөөд галд мөргүүлсэн тэр хүндтэй хүн л үсийг нь хэтийн гангаар хагалахдаа хараад дахин тэр хүнд үс гэзэг улмаар толгой нүцгэн үзэгдэхийг цээрлэж байна. Энэ нь нэг ёсны тэр айлыг бат бэх амьдрахыг бэлгэдэн настай хүнээр хэтийн гангаар үсийг хагалуулж буй нь үсэнд амь оруулж, нөгөөх мэдээлэх, ид шидийн үүргийг нь ирлэж хурцлаж өгч буй зан үйл байж болно.
Тэгвэл зүүдний шинж "зүүдний тайлбар” судруудад …үс хярган аван огтлон зүүдэлбээс ховор хомс болох”  гэсэн бол бусад зүүд тайллын ёсоор гарлага гарахын /МУБНТ I, 1993, 165/ шинж гэнэ. Үүнээс үзвэл энд шинэ бэрийн үсийг бат бэх гал мэт бадрахын утгаар зохилдуулсан хэтний гангаар үсий нь хагалж буй нь нэг ёсны үсний бузарыг ир ирмэгтэй зүйлээр арилгаад, ивээл жилтэй настай хүнээр домнуулчихаж буй нь зүүдний судруудад хэлсэн ёсоор ч гарз гарлагыг нь хааж тэр айлд олз омог тогтохыг бэлгэдэж буй юм. Монгол бөө мөргөлийн ёсонд малын үс хялгас, хүний үс сахал бол аливаа хий биетэй хийсгэлэн дүртэй юмны хоргодох дулаацах орон сав, хувцас хунар ч болох учиртай гэж үздэг билээ. Энэ үүднээсээ бол тэр үсэнд хий биетэй хийсгэлэн дүртэй юмс хорогдохыг хурим хийсэн мөчөөс эхлэн үгүй болгож, бурхан шүтээндээ мөргүүлэн, ир ирмэгтэй зүйлээр далайлган сүрдүүлж, зайлуулж буй бэлгэдэл болно. Бусад улс үндэстний зүүд тайллын ёсонд үс арзайн боссоныг зүүдэлбээс доромжлол, эмзэглэлийн шинж тэмдэг гэж үздэг бөгөөд ер нь үс боссон, налсан, хар цагаан аль ч байдлаар зүүдэллээ гэсэн дуулиан шуугиан гарахын учир шалтгаан болдог ажээ.
Археологийн олдворыг шинжлэн судлахад оршуулган дотроос үс гэзэгний хуйг олноор нь дагалдуулан тавьсан нь магадгүй  дээрх зүүдний сударын тайлал ёсоор дахин үхэл хагацал дуулиан шуугиан бүү гараасай гэсэн үүднээс бэлгэдсэн байж болно.
    Түүнчлэн зүүдний шинж, зүүдний тайлбар  судруудад [Зүүдний судар оршвой, 1997] "үсээ самнан зүүдэлбэл биеийн зовлон тархаж одох, ”үсэн дээрээ үс нэмэн зүүдэлбэл ураг садан нэмэх гэсэн хоёр зүйл тайлбар бий. Эхнийх нь бузартана, ам хамар яртана хэмээн хүүхдэд сам шүүр өгч наадуулахыг цээрлэдэг ёс заншлаас ч үзсэн үсэнд ширэлдэгч хир буртагаар хүний бие сэтгэлийг дарангуйлагч зовлон зүдгүүрийг адилтган заасан бол сүүлийнх нь ураг төрлийн хэлхээг тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл үсээ самнаж зүүдэлбэл хурим болно гэсэн тайлбар бол монгол ёс заншилд илүү ойр дөт бөгөөд бараг төлөөлөмж утгатай байна [ЗЗСБЗ, УБ 2007, С.Дулам]. Эхнэр нөхөр хоёр гэрлэхдээ биенийхээ үсийг нэгтгэн нийлүүлж хоёр талын бэргэн самнадаг нь зүүдний тайлал ёсоор ураг садан болсныг илтгэхийн сацуу тэр хоёр хүний энерги, үсний эрчим нэгдэж нэг зөн билиг, оюунтай болсныг илтгэж байна. Захчин ёсонд хуримлахдаа гэрт орохын өмнө хүү сэвгэр хоёрын малгайг гэррүү шидэж түүнийг хоёр бэргэн уралдаж авчирна. Гэрт хөшигтэйгээ орох ба хөшгийг зүүн талын орны урдуур татаж хүү охин хоёрыг орон дээр суулгаж үсийг нь нийлүүлж самнана [Studia Museologica, Tomus 1, fasc 1-8, Улаанбаатар 1968, П. Ядамсүрэн, Дарьгангийн хуримлах зан үйлээс, 135-р тал].
     Өөлдүүд хуримын урд өдөр охин талд "сэвгэр буулгана” гэдэг зан үйл үйлдэнэ. Энэ нь мордох охины үсийг нь задалж, авгай үс болгох зан үйл юм. Ер нь охиныг 13-14 настайд нь гурван салаа боодог зүүнэ. Арван зургаа нас хүрэхэд нь дөрвөн салаа боодог зүүнэ. Ахиад хоёр жилийн дараа 18 нас хүрэхээр нь зургаан салаа боодог зүүнэ. Тэрхүү зургаан салаа боодгийг нь авч үсийг нь хоёр салаа болгон сүлжих бөгөөд үүнийг сэвгэр үс буулгах гэнэ [Мөн тэнд, Өөлд хуримын ёс, 158-р тал]. Бага охидуудын толгойны хоёр талд сөөг үс тавьж, бусдыг нь авхуулдаг байсан. Түүнийг "сонжиго” хэмээнэ. Арваад нас хүрмэгц хоёр сонжигоны хоорондох зайг битүүлж тал гэзэгтэй болгодог. Охидыг нас бие гүйцээд ирэх цагт сая толгойн үсийг битүү болгодог. Харин эмэгтэй хүн үсээ задгай тавьж сэгсийлгэж олны нүдэнд харагдахыг цээрлэн жигшдэг байв.
    Торгуудад бэр хүргэж ирсэн хүмүүс хүүгийн аавынд орж цайлна. Энэ хооронд охины ачаа барааг шинэ гэрт оруулж хураана. Бэрийг шинэ гэрт оруулж хөшгийг татаж ард нь суулгана. Улмаар хоёр талын бэргэн охины хорин салаа үсийг цуцаж хоёр салаа болгон сүлжиж авгай хүний үсний хэрэглэл зүүнэ. Торгууд авгай үсэндээ /шигармагтай/ үсний гэртэй байх ба шигармагаас тохиг зүүн тоорцог өмсөнө [Угсаатан судлал, tomus XI, Fasc 1-17, Улаанбаатар 1997, 9-р тал].
    Цаатан ард хуримлахдаа настай хүнээр галаан бадраасны дараа нэг зарьд /цаанд/ хүүхний эмээлийг тохож, хүү хүүхний талын бэргэд хүүхний байгаа урцанд орж хүүхнийг урцнаас гаргана. Энэ үед хүүхний эх, охиныхоо үсийг хоёр салаа болгон сүлжиж үзүүрт нь хадаг уяж өгдөг [С. Бадамхатан, Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм, tomus II, Fasc.1 Улаанбаатар 1962, 47-р тал].
    Хошуудад нөхөрт гараагүй охиныг нэг үстэй буюу хөхөлтэй хүүхэн гэж нэрлэнэ  [Ц.Баасандорж, А.Очир Ойрад хуримын ёс, Улаанбаатар 2005, Хошууд хуримын ёс, 198-р тал].
    Дээр үед хотон авгай нар өвлийн цагт хасаг малгай, бусад улиралд төгрөг болон юүдэн малгай, сэвгэрүүд дуулха хэлбэрийн малгай өмсдөг байжээ  [С. Бадамхатан, Эрдэм шинжилгээний өгүүллүүд II, Увсын хотон ястан, 97-р тал]. Хотон үндэсний зүүлт бол авгай хүний гэзгэндээ зүүдэг чачмаг [О.Сүхбаатар, Монгол хэлний харь үгийн тайлбар толь, УБ,1999, 270-р тал] /чачмиг/ ч гэнэ гэх зэрэг монгол эмэгтэй үс гэзгээ хэрхэн арчилж, засч, гооддог тухай олон түүхэн баримт жишээг бэлгэдэл, хувьсал өөрчлөлтийн хамт дурдаж болох билээ. Үүнээс дүгнэхэд монгол эмэгтэй хүний үс гэзэг нь гадаад болон дотоод бэлгэдэлийг агуулсан байдаг байна. Гадаад бэлгэдэл гэдэгт жирийн нэгэн хүн тэр хүнтэй уулзахад үсээр нь хэд орчим насны хүн болохыг, эхнэр үү, сэвгэр үү, хар хүнтэй юу, хатан хүн үү, харц хүн үү гэдгийг ч мэдэж болно.      
           Дотоод бэлгэдэл гэдэгт үсэнд нь тэр хүний тухай бүхий л төрлийн мэдээлэл хадаглагддаг учраас үсээ нас биед хүрсэн эмэгтэй нуун үсний гэрэнд хийх, малгай өмсөх, алчуураар хулдах, тэр хүний үсээр хэн нэгэн тоглох, оролдох бол тухайн хүнд ямар нэгэн юм тохиолддог нь үсний шид хүчийг илтгэнэ. Иймээс үсний сэвээ ил задгай хаяхыг цээрлэдэг болно. Монголчууд аливаа хүнийг, малыг ч шинжихдээ хүртэл үс, яс, шүдээр нь төлөөлүүлж дүгнэлт хийдэг. Хүний үс хэмээх эрхтэн нь хүний эд эрхтнийг хамгаалах үүрэгтэйгээс гадна далд чинадын нууц совин бэлгийг илэрхийлдэг байна.
Мөн үс гэзэг нь тухайн хүний намба төрх, зэрэг дэвийг илэрхийлж болохоос гадна, гоо сайхны үүрэгтэйг ч харж болно.
Хүн чулуун хөшөөд, археологийн олдвор, түүхэн баримт сэлт, хуримын зан үйлд эмэгтэй хүний гэзэг үс нь тусгагдахдаа цаг хугацаа орон зайгаас хамаарч тухайн малгай, хувцсандаа зохицсон засалт, сүлжилт, боолттой байхын сацуу ихэнх тохиолдолд ил задгай биш далд, өөрөөр хэлбэл толгойн чанх оройд овоолсон, сүлжсэн, зарим хэсгийг нь хуссан, гадуур нь ямар нэгэн зүйлээр бүрсэн, хучсан, хулдсан зэргээрээ монгол эмэгтэй хүний үс нь ямар нэгэн далдын энерги, ёр билиг, зөн совин дууддаг, хүч шингээстэй байдаг, далд чинадын утгыг зааж байна. Үсэнд хүний нүдний хор орохоор ургахаа больдог, үсэнд маш олон мэдээлэл хадаглагддаг гэж настайчуудын хэлэлцдэг энэ үг ч нэгийг хэлж байна. Монголчууд эрт дээр үеэсээ үс гэзэгтээ оройлж ирсэн байна. Хүннүгийн үед хоёр гурван салаа сүлжин, угаар нь боодог засалт, сүлжилт байсан бол, уйгарын үед голдуу дээрээ овоолон засдаг байжээ. Харин түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, зурагт дүрслэгдсэнээр олон салаа болгон сүлжсэн, зарим тохиолдолд ганц бүдүүн сүлжээстэй, эсвэл хуссан гэх гэзэг үсэндээ тохирсон малгайг ч өмсдөг байжээ. Уйгарын үед эмэгтэйчүүдийн үсний засалт /дээрээ дугариг болгон овоолсон/, эмэгтэй хүний гоо сайхан, өөрийгөө хэрхэн арчилж асаныг турфаний ханын зургуудаас харж болно. Кидан гүрний үед дүгрэг малгайтай, зарим  малгайг эсгийгээр хийсэн, малгайн дүгрэг бөөрөнхий хэсэгт үсээ бөөрөнхийлөн овоолон зассан байдаг бол, 13-14-р зууны үед монгол эмэгтэйчүүд бортого хэлбэрийн малгай өмсдөг байсан ба тэрхүү малгайдаа яв цав тохирсон хоёр, гурван янзын үсний засалттай байжээ. Нэг бол бортого малгайн орой хэсэгрүү үсээ сүлжин шуусан эс бөгөөс яг чанх оройн хэсгээ хуссан /яг хаанаасаа эхлэн малгайн орой хүртэл хуссан нь мэдэгдэхгүй/  гэсэн гурван янз байсан ба 18-р зууны үед ч энэ үсний засалтыг хэрэглэж байжээ. Харин монгол угсаатны хуримын зан үйлд  айлын эхнэр болон очихдоо үсээ хагалан хоёр салаа болгуулж үсний гэр зүүн, үс гэзгээ далдлах нуух ул мөр  мөн л хадаглагдаж эхнэр болохоосоо өмнө голдуу олон салаа, зарим тохиолдолд нэг сүлжсэн засалт, донж /тоорцог өмсдөг, алчуур битүү ороодог/ байсан байна. 




In summarizing that, Mongolian women’s hair is included symbols of inner and exterior. In exterior symbol, it is possible to know by her hair when some person met him; how old is she, is she wife, has she a husband, are she married, is she queen, and is she slave.
All types of information of local people are saving in inner symbol. So adult women are wear hat, plate shawl, and insert hair case for hide their hair. And if someone try on their hair, shall actualize some bad things for them. It is showing hair magic.
The archeology finding, historical documents, human formed anaglyph monument, and moralities of marriage are projected women’s hair as women’s hair consists dark hoodoo, oblique energy, and calls foreboding and hex by types of corn crowed, board their head by something, and shoveled on their head, on the other hand hidden in most activities and women must be cut her hair style adjusted their hat and clothes relating local period and expansion.
                                
    Монголын Үндэсний Музейн ЭША, докторант Н.Нарангэрэл

Ашигласан номын жагсаалт

1.    С.Дулам, Монгол бэлгэдэл зүй IV, Зүүд зөн совингийн бэлгэдэл зүй, цагийн бэлгэдэл зүй, 68-р тал, Улаанбаатар 2007.
2.     Д.Цэвээндорж, Д.Баяр, Я.Цэрэндагва, Ц.Очирхуяг, Монголын археологи, УБ 2002, 150-154 тал.
3.    Oirad-in zang zangsil. Či. Erenčei, T.Namjil nairuulan jokōba,  Činjiyang giin aradiin kebleliin qorō’’, 1998, 374-р тал
4.      У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин, Дугуй цахирын хадны оршуулга, Улаанбаатар 2010, хуудас 56.
5.     Пунсаг, И Иүй хэмээх бичиг, хуудас 112.
6.     У.Эрдэнэбат, Монгол эхнэрийн богтого малгай, Улаабаатар 2006, 77-р тал
7.     Шинжлэх ухаан, соёл, анропологи судлалын Гностик нийгэмлэг, Ухамсрын сэргэлт хичээл, 22-р тал.
8.     Плано Карпини, Монголчуудын түүх, Гильом де Рубрук, Дорно этгээдэд зорчсон минь, орчуулсан С.Туяа, С. Цолмон, Улаанбаатар 1988, 60.
9.     Музей судлал, Tomus 1, Fasc 1-3, Улаанбаатар 1968, Х.Нямбуу, Ж.Цэвэгсүрэн, Нэгэн монгол тулганы бүтэц хөгжлийн онцлогоос, 144-р тал.
10.     Монгол ардын баатарлаг туувьс, Даньхүрэл, 1986, 22-р тал
11.     Монгол ардын баатарлаг тууль, Хайрт хар, 1967
12.     Музей судлал, Tomus 1, Fasc 1-3, Улаанбаатар 1968,
13.     П.Ядамсүрэн,  Studia Museologica, Tomus 1, fasc 1-8, Улаанбаатар 1968, Дарьгангийн хуримлах зан үйлээс, 77-р тал.
14.        П.Ядамсүрэн,  Studia Museologica, Tomus 1, fasc 1-8, Улаанбаатар 1968, Захчин хуримын ёс, 135-р тал
15.        П.Ядамсүрэн,  Studia Museologica, Tomus 1, fasc 1-8, Улаанбаатар 1968, Өөлд хуримын ёс, 158-р тал
16.      О.Сүхбаатар, Монгол хэлний харь үгийн тайлбар толь, Улаанбаатар ,1999, 270-р тал.
17.      Угсаатан судлал, tomus XI, Fasc 1-17, Улаанбаатар 1997, 9-р тал.
18.     С. Бадамхатан, Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм, tomus II, Fasc.1 Улаанбаатар 1962, 47-р тал.
19.      Ц.Баасандорж, А.Очир Ойрад хуримын ёс, Улаанбаатар 2005, Хошууд хуримын ёс, 198-р тал
20.      С. Бадамхатан, Эрдэм шинжилгээний өгүүллүүд II, Увсын хотон ястан, 97-р тал.
21.      МУБНТ I, Улаанбаатар 1993, 165.
22.      Е-Лун-ли  "Кидан улсын түүх” хэмээх зохиолын 23-р бүлэг.
23.     Уйгарын үеийн ханын зураг,  Монголын Үндэсний Музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей.
Category: эрдэм шинжилгээний бүтээл | Views: 2768 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 1
1 Cheryl  
0
cool!

Name *:
Email *:
Code *: