Main » 2012 » February » 23 » Монгол улс дахь ойрад монголчуудын түүх угсаатны зүйн судалгааны тойм
01:56
Монгол улс дахь ойрад монголчуудын түүх угсаатны зүйн судалгааны тойм


Монголын түүх угсаатны судлалын салшгүй нэг бүрдэл хэсэг нь ойрад монголчуудын түүх угсаатны зүйн судалгаа юм.Монголын түүхчид, угсаатны зүйчид монгол туургатан нүүдэлчдийн нэг бүрэлдхүүн хэсэг болсон ойрад монголчуудын түүх-угсаа соёлын асуудлыг 1930-иад оноос эхлэн судлан шинжлэх болжээ.Уг асуудалд монголын анхны түүхчдээс Ж.Цэвээн, Б.Буянчуулган нар анхаарлаа хандуулж байв.

Эрдэмтэн Ж.Цэвээн "Дархад, Хөвсгөл нуурын Урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Цахар, Дарьганга, Алтайн урианхай, Хасаг, Хамниганы гарал үүсэл байдлын тухай” эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, 1934 онд хэвлүүлсэн нь ойрадын олон ястны түүх угсаа гарлын асуудлыг нийтэд нь шинжлэх ухааны үүднээс тайлбарласан анхны бүтээл болжээ. Ингэснээр Монгол улсад ойрад монголын түүх угсаатны зүйн судлалын эхийг тавьжээ.

Түүнчлэн эрдэмтэн Б.Буянчуулган "Дөрвөн өөлдийн түүх” хэмээх 4 дэвтэр гар бичмэл зохиолыг 1936 онд бичиж эл зохиолдоо монгол, манж архивын арвин их баримт хэрэглэгдэхүүнд түшиж, ойрадын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Галданбошгот хаан, Даваач, Амарсанаа, Галданцэрэн нарын нийгэм улс төрийн үйл ажиллагааг тод томруун харуулжээ.

1960-1970-аад онд Монгол улсад үндэсний түүх, угсаатны зүйн мэргэжлийн боловсон хүчин төлөвших болсноор тэд монгол түүх-угсаа соёл төдийгүй ойрад монголчуудын түүх-угсаатны зүйн асуудлыг нарийвчлан судлах болжээ. Өгүүлэн буй үед түүхч Н.Ишжамц, Ш.Нацагдорж, Д.Гонгор, С.Пүрэвжав нар ойрад монголчуудын түүх судлалд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулав.

Академич Н.Ишжамц 1962 онд хэвлүүлсэн "Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл” хэмээх бүтээлдээ Амарсанаа, Чингүнжав нарын эх оронч тэмцлийг олон талаас нь нухацтай авч үзсэн байхад академич Ш.Нацагдорж, "Халхын түүх” [УБ.,1963], С.Пүрэвжав "Хотгойдын угсаа гарал, түүхийн асуудалд, XVI-XIX зуун”[УБ.,1970], Д.Гонгор "Халх товчоон” 2 боть [УБ.,1970,1978] бүтээлүүддээ ойрадын түүхийн асуудлыг дашрамд товч өгүүлсэн бий.

Дээрх эрдэмтдээс түүхч Д.Гонгорын судалгаа ойрад монголчуудын түүх угсаатны зүйн судалгаанд чухал байр суурь эзэлнэ. Тэрээр 1964 онд хэвлүүлсэн "Ховдын хураангуй түүх” бүтээлдээ Ховд хотын түүхийг бичихийн хамт баруун хязгаарын дөрвөд, торгууд, өөлд, урианхай, захчин, мянгад зэрэг олон ястны хувьсгалын өмнөх ба дараах үеийн түүхийг хамруулан бичих талаар анхны оролдлого хийжээ.

Энэ үед хийгдсэн ойрад монголчуудын түүхийн судалгаанд үндэслэн 1966-1969 онд манай түүхчид хамтран "БНМАУ-ын түүх” гурван боть ном хэвлүүлсний дэд дэвтэрт Зүүнгарын хаант улсын түүх, ойрад монголын ард түмний манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн эх оронч тэмцлийн талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.

1980-аад оны сүүлч-1990-ээд оноос Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжснээр түүхэнд хандах хуучин хандлага өөрчлөгдөж, түүхийн судалгаа олон салбараар хөгжих болсны дотор ойрад монголчуудын түүх угсаатны зүйн судлагаа улам эрчимжиж хөгжих болов. Энэ үеэс ойрад монголын түүх-соёлын асуудлыг дагнан судалдаг олон эрдэмтэд төрөн гарсны зэрэгцээ тэд ойрад монголчуудын түүхийг тал бүрээс нь нухацтай судлахад онцгой анхаарах болжээ. Энэ үед манай эрдэмтэд ойрадын түүх угсаатны асуудлыг ястан тус бүрээр тусгайлан авч үзэж судлахаас гадна ойрадын түүх угсаатны зүйн асуудлыг уламжлалт соёл,  хуримын ёс, шашин шүтлэг, ан авын зан үйл, бичиг үсэг, овгийн бүрэлдэхүүн, түүхэн бие хүний намтар судлал гэх мэтээр асуудалчлан авч үзэж нарийвчлан судлах хандлага гарч иржээ. Эдгээр судлагаанд түшиж, ойрадын түүх, угсаатны зүйн асуудлыг тал бүрээс иж бүрэн авч үзэж нэгтгэн дүгнэсэн бүтээлүүд ч гарсан нь энэ үеийн гол ололт юм.

Нэрт угсаатны зүйч эрдэмтэн Х.Нямбуу 1992 онд хэвлүүлсэн "Монголын угсаатны зүй:Удиртгал” бүтээлдээ нийт монгол угсаатны бүтэц, бүрэлдхүүн,угсаа гарвал зүйг нэг бүрчлэн тоймлон авч үзэхдээ монголын өрнөд нутгийн зонхилох угсаатан болох ойрад монголчуудын угсаа гарал, түүх, түүхэн нутагшилт, засаг захиргааны хуваарийн хувьсал өөрчлөлт, ойрадын голлох ястан бүрийн нэрийн учир, гарал угсаа, тархалт, овгийн бүрэлдхүүн, зарим өвөрмөц соёлын асуудлыг авч үзсэн нь ойрад монголчуудын түүх угсаатны зүйн цаашдын судалгаанд чухал ач холбогдолтой байв.

Эрдэмтэн А.Очир, Т.Дисан, Д.Нансалмаа, Ц.Гантулга, Х.Лхагвасүрэн, Ж.Цолоо нар өөлд, мянгад, алтайн урианхай, торгууд, захчины угсаа гарал түүхийн асуудлыг нарийвчлан авч үзжээ. Ойрадын түүх соёл сонирхон судлаач Б.Цэрэл, Н.Намсрай,  Т.Бямбадорж нар ч өөрийн цуглуулсан аман мэдээ хэрэглэгдэхүүнд тулгуурлан судалгаа хийжээ.

Ойрад монгол судлалд тэдгээр ард түмний соёл судлал  чухал байр суурь эзэлдэг. Доктор Л.Алтанзаяа "Ойрад Монголчуудын соёл” хэмээх бүтээлдээ XYII-XVIII зууны дунд үе хүртэл буюу Зүүнгарын хаант улсын үеийн соёлын хөгжилтийг авч үзсэн байхад доктор Д.Дашбадрах 1998 онд хэвлүүлсэн "Монгол-Түвэдийн улс төр, шашны харилцааны түүх” хэмээх бүтээлдээ тухайн үеийн ойрад монгол-түвэдийн шашин соёлын харилцааны талаар өгүүлжээ.  Харин доктор Н.Сүхбаатар 2006 онд "Монголын түүхийн тод бичгийн сурвалжууд” хэмээх бүтээл туурвисан нь ойрад монголчуудын түүхэнд холбогдох сурвалж судлалд төдийгүй тэдний бичиг үсэг, соёлын судалгаанд эдүгээ чухал байр суурь эзэлж байна.

Үүний зэрэгцээ доктор С.Цолмон "Галдан бошгот хаан”, Л.Жамсран "Эсэн тайш хаан”, И.Саруул "Цэвээнравдан хаан”, Б.Батмөнх " Зая бандида Огторгуйн далай” зэрэг бүтээлдээ ойрад монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн бие хүмүүсийн намтар судлалын асуудлыг авч үзэв.

Академич Ч.Далай Ойрад соён гийгүүлэгч их эрдэмтэн Зая Бандида Намхайжамцын мэндэлсний 400 жилийн ойд зориулан бичсэн "Ойрад монголын түүх” [УБ.,2000] хэмээх нэгэн сэдэвт зохиолдоо ойрад монголын түүхэнд холбогдох сурвалж судалгааны бүтээлүүдэд тулгуурлан ойрадууд түүхэнд тэмдэглэгдэх болсон цаг үеэс эхлэн тэд манжийн ноёрхолд орсон үе хүртэлх үеийн түүхийг тоймлон өгүүлсэн нь ойрадын түүх судлалд дорвитой бүтээл болжээ.

Түүнчлэн А.Очир "Монголын Ойрадуудын түүхийн товч”[УБ.,1993], Н.Сүхбаатар "Баруун хязгаарын нийгэм-улс төрийн хөгжлийн түүхэн тойм (XX зууны эхнээс-1930-аад он) [УБ.,2000], Б.Нямдорж "Ховдын хязгаар (1911-1919 он) [УБ.,2006] зэрэг бүтээлдээ ойрад монголчуудын түүхийн асуудлуудыг үе тус бүрт нь тусгайлан авч үзэж, ойрад түмний түүх судлалд багагүй хувь нэмэр оруулжээ.

Ц.Сономдавга[1], Б.Цэдэн-Иш[2], И.Саруул[3], Ж.Гэрэлбадрах[4] нар бүтээлдээ ойрад монголчуудын газар нутаг, хил хязгаар, засаг захиргааны зохион байгуулалтын хувьсал өөрчлөлтийн асуудлыг авч үзэв.

Ойрад монголчуудын овгийн бүрэлдхүүний асуудлыг Б.Ренчин, А.Очир, Сэржээ нар[5] өмнөх судалгааны ололтод тулгуурлан тусгайлан судалж ястан бүрийн овгийг нэгтгэн бүртгэж, тархалтыг тодорхойлох ажлыг хийжээ.

Ойрад монголын түүх соёлын судалгаанд сурвалж бичгийн судлал чухал үүрэгтэй бөгөөд энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд залуу эрдэмтэн Н.Сүхбаатар, Б.Батмөнх нар тод, монгол бичгээр өвлөгдөн үлдсэн түүхийн сурвалж бичгүүдийг кирилл бичигт хөрвүүлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон нь[6] ойрад монголын түүх соёлын судалгаанд чухал хэрэглэгдэхүүн болж байна. Түүнчлэн зарим эрдэмтэд хамтран  Монгол улсын Үндэсний Төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баруун монголчуудын түүхэнд холбогдох зарим чухал баримтуудын эх бичгийн хуулбарыг шинэ монгол үсгийн хөрвүүлэгийн хамт анх удаа хэвлүүлсэн нь[7] манжийн ноёрхолын үеийн болон хаант Монгол улсын үеийн ойрад монголчуудын түүхийг судлахад гол хэрэглэгдэхүүн болж байна.

Үүний зэрэгцээ ойрад монголчуудын түүх соёлын асуудлаар  Ч.Далай[8], Ц.Аюуш[9], Т.Дисан[10], Б.Лхасүрэн[11] зэрэг олон эрдэмтэд илүү судалгааны шинжтэй шилмэл олон өгүүллүүдийг бичжээ.

Ойрад монголчуудын түүхийн өмнөх судалгаанд үндэслэн 2003 онд хэвлэгдсэн монголын түүхийн суурь бүтээл болох "Монгол улсын түүх” таван боть бүтээлд ойрад монголчуудын угсаа гарал, түүхэн нутагшилт, монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн асуудлыг авч үзэв.

Мөн нэрт угсаатны зүйч эрдэмтэн агсан С.Бадамхатангийн удирдлаган дор монголын угсаатны зүйчид хамтран "Ойрад угсаатны зүй” номыг 1996 онд хэвлүүлсэн нь Монгол улсад Ойрад монголын угсаатны зүйн хамгийн томоохон хамтын суурь бүтээлд зүй ёсоор тооцогдох болжээ.

Ойрадын угсаатны зүйн судалгаа нь 1986-1991 оны Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн 5 жилийн сэдэвчилсэн төлөвлөгөөнд тусгагдан Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн сумдад С.Бадамхатан хотон мянгад (Д.Нансалмаатай), алтайн урианхай (И.Лхагвасүрэнтэй), Ц.Аюуш дөрвөд, Г.Батнасан баяд, Г.Мэнэс захчин, Т.Дисан өөлд, Д.Тангад торгуудад 3-4 удаа хээрийн судалгаа явуулж, хээрийн шинжилгээний хөтөлбөрийн дагуу тухайн ястны угсаа гарал, аж ахуй, эдийн болон оюуны соёлын холбогдол бүхий хэрэглэгдэхүүн цуглуулан, түүндээ тулгуурлан ястан бүрийн угсаа соёлыг бүхий л талаас нь иж бүрэн цогцолбор байдлаар авч үзэн ойрад монголчуудыг угсаатны зүйн талаас нь анх удаа нэгтгэн дүгнэсэн дорвитой судлагаа болжээ. Энэ бүтээлд ойрад монголчуудыг угсаа-түүх, угсаатны нийтлэг, угсаа-соёлын хувьд нэгэн бүхэл бүтэн цогц болохыг харуулахыг зорьжээ. Уг бүтээлд ойрад монголчуудын угсаа-түүхийг хураангуйлан Ойрадын аймгуудын дунд угсаатны нийтлэг бүрэлдсэн үе буюу 1207-1455 он, Ойрад түмний угсаатны нийтлэг бүрэлдсэн үе буюу 1455-1755 он, Ойрад монголчуудын угсаа соёлын нийтлэг төлөвшсөн үе буюу 1755-1911 он гэж 3 үе шат болгон Ойрад түмний угсаа-түүхийг үечлэх томоохон оролдлогыг хийжээ.

Ойрад монголчуудын аман зохиол, бичиг үсгийн судлалд Б.Ренчин, Х.Лувсанбалдан, Ж.Цолоо, Э.Вандуй, П.Хорлоо, Х.Сампилдэндэв, Б.Катуу, С.Самбуудорж, Р.Нарантуяа, Л.Туяабаатар зэрэг эрдэмтэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.

Эдүгээ Монгол улсад ойрад монголчуудын түүх, угсаатны зүйг судлан шинжилдэг эрдэмтэд ШУА-ийн Түүх, Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн НШУС, МУБИС-ийн Монголын түүхийн тэнхимд цөөн тоотойгоор ажиллаж байдгаас гадна Монгол улсад ойрад монголын түүх угсаатны зүйг дагнан судлаж буй судалгааны нэг гол төв нь Монголын баруун хязгаарын соёл, шинжлэх ухааны гол төв болсон Ховд их сургууль, түүний харьяанд буй Түүхийн тэнхим юм. Энэ тэнхимийн эрдэмтэн багш, оюутан магистрантуудын судалгаа шинжилгээний ажлын гол сэдэв нь баруун хязгаарт амьдарч буй ойрад түмний түүх, угсаа-соёлын асуудал юм. Энэ сургуулийн эрдэмтэн багш нар ойрад монголчуудын түүх угсаатны зүйн судалгаанд илүү түлхүү ач холбогдол өгч, анхаарлаа чиглүүлж ажилласны үр дүнд сүүлийн жилүүдэд Ц.Баасандорж, М.Ганболд, Б.Батмөнх, Б.Нямдорж, Л.Нямсүрэн зэрэг эрдэмтэд төрөн гарчээ.

Мөн тэнхимийн багш нар 1984-1987 онд эрдэм шинжилгээний ажлын хүрээнд "Монголын өрнөд мужийн хүн амын аж төрөх ёсны өөрчлөлт” сэдэвт төсөл, 1995-1998 онд баруун монголчуудын түүх, угсаатны зүйг судлах "Алтай төсөлд гүйцэтгэгчээр ажиллаж, 2004 онд монголын баруун бүс нутгийн ард түмний түүх, угсаатны зүй, хэл аялгуу, аман зохиол судлах "Алтай-II” эрдэм шинжилгээний төсөл, БНХАУ-ын ШУӨЗО-ны БИС –ийн Хүмүүнлэгийн сургуультай хамтран "Ойрад судлал” сэдэвт төсөл боловсруулан батлуулж хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр төслүүдийн үндсэн гол зорилго нь баруун Монголын олон ястны түүх, угсаатны зүй, бичиг, соёл, хэл аялгуу, аман зохиолыг түүх, хэл, утга зохиол судлалын үүднээс иж бүрэн судлан боловсруулж, нийтийн хүртээл болгох явдалд оршиж байна.

Үүний зэрэгцээ Ховд их сургуулиас баруун бүс нутгийн хөгжил, байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх соёлын судалгааг эрчимжүүлэх зорилгоор 1991, 1993, 1995, 1999, 2001, 2003, 2005 онуудад "Баруун Монгол, түүний хил зэргэлдээ нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг тогтмол зохион байгуулсан нь ойрад монголчуудын түүх угсаатны зүйн салбарт олон улсын эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан санал бодлоо солилцох, хуваалцахад ашиг тусаа өгсөөр байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тухайлбал 1994, 2004 онуудад Галдан бошгот хааны мэндэлсэний 340, 360 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал, Зая бандид Намхайжамцын мэндэлсний 400  жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлуудыг бүс нутаг болоод олон улсын хэмжээнд зохион байгуулалцжээ.

Ховд их сургуулийн түүхч эрдэмтэд судалгааныхаа ажлын үр дүнд ойрад монголын түүх, угсаатны зүйн чиглэлээр хэд хэдэн дорвитой бүтээл туурвисны дотор Ц.Баасандорж "Ойрадын хуримлах ёс (УБ., 2006), Б.Нямдорж "Ховдын хязгаар (1911-1919 он) (УБ., 2006)”, М.Ганболд "Алтайн урианхайн уламжлалт шүтлэг” (УБ.,2001), Б.Батмөнх ”Монголчуудын уламжлалт ан ав” (Ойрад монголчуудын жишээн дээр) (УБ.,2006), Л.Нямсүрэн "Жалханз хутагт Дамдинбазарын нийгэм улс төрийн үйл ажиллагаа” (УБ., 2006) зэрэг бүтээлүүд чухал байр суурийг эзэлнэ.

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс тогтмол хэвлэн гаргадаг. "Түүхийн судлал”, "Угсаатны судлал” эрдэм шинжилгээний цуврал бичиг, МУИС-ийн түүхийн болон угсаатны зүйн тэнхим, МУБИС-ийн монголын түүхийн тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний цуврал бичгүүдэд ойрадын түүх, угсаатны зүйн чиглэлээр холбогдох өгүүллүүд цөөнгүй хэвлэгдэж гарахын зэрэгцээ Ховд их сургуулийн Түүхийн тэнхимээс эрхлэн гаргадаг "Ойрад товчоон” эрдэм шинжилгээний цуврал бичиг нь Монгол улсад ойрад судлалаар дагнан гарч байгаа цорын ганц цуврал бичиг болно. Эдгээр цувралуудаар ойрад монголчуудын түүх соёлтой холбогдох өгүүллүүд тогтмол нийтлэгдэх болсон нь ойрад монголчуудын түүх соёлын судалгааг улам урагш ахиулах, хойч үеийг өөрсдийн түүх соёлоо таньж мэдэхэд чухал ач тустай байна.

Ийнхүү ойрад монголын түүх угсаатны зүйн судалгааны эх үүсвэр 1930-аад онд тавигдан улмаар монголын түүх, угсаатны зүйн нэгэн сэдэвт болон суурь бүтээлүүдэд судалгаа нь гүнзгийрсээр 1990-ээд онтой золгожээ.

1980-1990-ээд оноос Монгол улсад ойрад монголын түүх угсаатны зүйн судалгаа эрчимжин, олон талын судалгаа хийгдэж, улам бүр гүнзгийрсэний үр дүнд монголын түүх, угсаатны судлалд "Ойрад судлал” гэсэн бие даасан салбар судлал болон төлөвших хандлагатай болж, тэр нь Монголын түүх, угсаатны зүйчид төдийгүй олон улсын монголч эрдэмтдийн судалгааны нэг гол чиглэл болоод байна.

Цаашид ойрад монголын түүх угсаатны зүйн судалгааг шинэ шатанд гаргахад даруй анхааран ажиллавал зохих тулгамдсан нилээд асуудал байна. Үүнд:

1.
Ойрад монголын түүх угсаатны судлалд байгаа нэг мөр болоогүй  маргаантай байгаа болон огт судлагдаагүй олон асуудалд эрдэмтдийн судалгааг чиглүүлэх.
2.
Ойрад монголын түүхэнд холбогдох сурвалж бичгийн судалгааг улам гүнзгийрүүлэх
3.
Ойрад монголын түүх угсаатны зүйн судалгааг олон салбараар гүнзгийрүүлж иж бүрэн байдлаар судлахад анхаарах
4.
Ойрад монголын түүх, угсаатны зүйн асуудлыг дагнан судлах судлаачдын залуу халааг бэлтгэх
5.
Ойрад монголын түүх соёл судлалд олон улсын монголч эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
6.
Монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй Ойрад монголчуудын түүх соёлыг хилийн чанадад амьдарч буй ойрад монголчуудын түүх соёлтой харьцуулан иж бүрэн цогц байдлаар судлах ажлыг эрчимжүүлэх  зэрэг болно.

НОМ ЗҮЙ

1.      Алтанзаяа.Л "Ойрад монголчуудын соёл” (XYII-XYIII зууны дунд үе)УБ.,2000

2.      Баасандорж.Ц.Ойрадын хуримлах ёс УБ.,2006

3.      Баруун Монголын хан, хэргэмтэн, засаг, тайж, түшмэд, ямба олсон лам, суусан газар орныг байцаасан цэс оршив /Хэвлэлд бэлтгэсэн Г.Дашням, Ц.Гантулга, На.Сүхбаатар/УБ.,2003

4.      Батмөнх.Б.Зая Бандида Огторгуйн далай УБ.,2004

5.      Батмөнх.Б.Монголчуудын уламжлалт ан ав ( XIX-XX зууны зааг дахь Ойрад монголчуудын жишээн дээр)УБ.,2005

6.      БНМАУ-ын түүх  Дэд боть.1607-1917.УБ.,1968

7.      БНМАУ-ын түүх.Нэгэн боть.УБ.,1984

8.      Буянчуулган.Б.Дөрвөн өөлдийн түүх. гар бичмэл.УННС

9.      "Галдан бошгот судлал” /Галдан бошгот хааны мэндэлсний 360 жилийн ойд зориулсан багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлын материал.2004.10.20/ Ховд.,2005 /Эрхлэн нийтлүүлсэн Г.Дашням, Б.Нямдорж /

10. Ганболд.М.Алтайн урианхайн уламжлалт шүтлэг.УБ.,2001

11. Гантулга.Ц.Алтайн урианхайчууд.УБ.,2000

12. Гонгор.Д.Ховдын хураангуй түүх.”ТС”.Tomus-3, Fasc-X.УБ.,1964

13. Гонгор.Д.Халх товчоон I, II  боть.УБ.,1970, 1978

14. Гэрэлбадрах.Ж. Монголын нутаг дэвсгэр, хил хязгаарын түүх.(МЭӨ III-XIX зуун).УБ.,2002

15. Далай.Ч. Ойрад Монголын түүх.Тэргүүн боть.УБ.,2002

16. Дашбадрах.Д. Монгол-Түвэдийн улс төр, шашны харилцааны түүх УБ.,1998

17. Жамсран.Л.Эсэн тайш хаан УБ.,2000

18. Зая Бандида Намхайжамц. /Ойрад соён гийгүүлэгч их эрдэмтэн Зая Бандида Намхайжамцын мэндэлсний 400 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын материал.Улаангом.1999/ УБ.,1999

19. Ишжамц.Ж. Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл /Амарсанаа, Чингүнжав нарын бослого/ УБ.,1962

20. Лувсанбалдан.Х. Тод үсэг, түүний дурсгалууд УБ.,1975

21. Лхагвасүрэн.Х.Торгуудын түүх.Тэргүүн дэвтэр.УБ.,1996

22. Лхам.Д. Мянгад ардын зан үйл, аман зохиол.УБ.,1991

23. Монголын өрнөд нутгийн хүн амын аж төрөх ёсны хөгжил УБ.,1989

24. "Монголын угсаатны зүй”.Ойрадын угсаатны зүй.(XIX-XX зууны зааг үе).II боть.УБ.,1996

25. "Монголын улсын түүх”.1-5-р боть.УБ.,2003

26.
Намсрай.Н.Өөлдийн соёл түүхийн бичиг оршвой.УБ.,1999
27.
Нансалмаа.Д. Ховдын мянгад ястан:угсаа, түүх, аж ахуй, уламжлалт соёл.(XIX зууны эцэс- XX зууны эхэн)Түүхийн ухаанаар дэд докторын зэрэг горилсон бүтээл.УБ.,1997.УТНС
28.
Нацагдорж.Ш.Манжийн эрхшээлд байсан үеийн халхын хураангуй түүх.УБ.,1963
29.
Нямбуу.Х.Монголын угсаатны зүй:Удиртгал .УБ.,1992
30.
Нямдорж.Б.Өөлдийн уламжлалт баяр цэнгэл, тоглоом Ховд.,1999
31.
Нямдорж.Б. Ховдын хязгаар (1911-1919 он) УБ.,2006
32.
"Ойрад монголын түүхэнд холбогдох сурвалж бичгүүд”.I, II, III дэвтэр. /Эмхэтгэж, тод болон худам монгол бичгээс кирилл бичигт буулган тайлбар хийсэн На.Сүхбаатар/ УБ.,2001, 2002
33.
"Ойрад монголын түүхэнд холбогдох тод үсгийн сурвалж бичгүүд” /эмхтгэж тод үсгээс латин галиг, кирилл үсэгт буулгаж, удиртгал, тайлбар үйлдсэн Б.Батмөнх/ УБ.,2002
34.
"Ойрад товчоон” МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн НУТ-ийн багш нарын ЭШБ ¹1,2.Ховд.,1999, 2001
35.
Очир.А.Монголын Ойрадуудын түүхийн товч.УБ.,1993
36.
Очир.А, Дисан.Т. Монгол улсын өөлдүүд.УБ.,1999
37.
Пүрэвжав.С.Хотгойдын угсаа гарал ба түүхийн асуудалд (XYI-XIX  зуун)” УБ.,1970
38.
Самбуудорж.С.Хэл зохиолын хүрээлэнгийн тод үсгийн номын бүртгэл сан тахилгын судар.УБ.,1997

39. Саруул.И XX зууны үеийн монголын нутаг дэвсгэр.УБ.,1998.Дэд докторын зэрэг горилсон бүтээл

40. Саруул.И.Урианхай, Ховд хязгаарын нутаг дэвсгэрийн асуудал./XX зууны эхэн/ "Түүхийн судлал”.Tomus.XXX.Fasc-6.УБ.,1997

41. Саруул.И.Цэвээнравдан хаан УБ.,2001

42. Сономдавга.Ц.Манжийн захиргаанд байсан үеийн Ар монголын засаг захиргааны зохион байгуулалт (1691-1911 ).УБ.,1961

43. Сономдавга.Ц. Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлт. (О.Батсайхан, Ч.Банзрагч нарын нэмж засварлан хэвлүүлсэн) УБ.,1998

44.
Сүхбаатар.На.Баруун хязгаарын нийгэм-улс төрийн хөгжлийн түүхэн тойм (XX  зууны эхэн үеэс 1930-аад он).УБ.,2000
45.
Сүхбаатар.На.Монголын түүхийн тод бичгийн сурвалжууд УБ.,2006

46. Тезисы докладов I-VII международной научной конференций по теме "Природные условия, история и культура Западной Монголии и сопредельных регионов. 1991, 1993, 1995, 1999, 2001, 2003, 2005

47. Тод үсгийн дурсгалууд.Эмхэтгэсэн Х.Лувсанбалдан УБ.,1976

48. Туяабаатар.Лха. Алтайн Урианхайн баатарлагийн туульс, түүний эх сурвалж, өвөрмөц шинж /харьцуулсан судалгаа/ Өлгий.,1995

49. Цолмон.С.”Галдан бошгот хаан” Нийгэм-улс төрийн үйл ажиллагаа (1644-1697) УБ.,1994

50. Цолоо.Ж, Б.Батжав. Арван гурван сангийн орон (Захчины угсаатны судлал, хэл шинжлэлийн тэмдэглэл) УБ.,2004 

51. Цэвээн. Ж. Түүвэр зохиолууд. Эмхтгэсэн. С.Идшинноров. I, II   дэвтэр. УБ.,2000

52. Цэвээн.Ж.Дархад, Хөвсгөл нуурын урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Цахар, Дариганга, Алтайн урианхай, Хасаг, Хамниганы гарал үүсэл байдлын өгүүлэл.УБ.,1934

53. Цэдэн-Иш.Б.Монгол улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхээс.УБ.,1997

54. Цэрэл.Б. Дөрвөн ойрад ба ойрадын холбоонд багтах үндэстэн ястнуудын угсаа түүхийн зарим асуудал.УБ.,1997

[1] Сономдавга.Ц. Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлт. (О.Батсайхан, Ч.Банзрагч нарын нэмж засварлан хэвлүүлсэн) УБ.,1998

[2] Цэдэн-Иш.Б.Монгол улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхээс.УБ.,1997

[3] Саруул.И XX зууны үеийн монголын нутаг дэвсгэр.УБ.,1998.Дэд докторын зэрэг горилсон бүтээл

[4] Гэрэлбадрах.Ж. Монголын нутаг дэвсгэр, хил хязгаарын түүх.(МЭӨ III-XIX зуун).УБ.,2002

[5] Ринчен.Б.Угсаатны судлал хэл шинжлэлийн атлас.УБ.,1979, Очир.А, Сэржээ Монголчуудын овгийн лавлах УБ.,

[6] "Ойрад монголын түүхэнд холбогдох сурвалж бичгүүд”.I, II, III дэвтэр. /Эмхэтгэж, тод болон худам монгол бичгээс кирилл бичигт буулган тайлбар хийсэн На.Сүхбаатар/ УБ.,2001,2001, 2002; "Ойрад монголын түүхэнд холбогдох тод үсгийн сурвалж бичгүүд” /эмхтгэж тод үсгээс латин галиг, кирилл үсэгт буулгаж, удиртгал, тайлбар үйлдсэн Б.Батмөнх/ УБ.,2002

[7] Баруун Монголын хан, хэргэмтэн, засаг, тайж, түшмэд, ямба олсон лам, суусан газар орныг байцаасан цэс оршив /Хэвлэлд бэлтгэсэн Г.Дашням, Ц.Гантулга, На.Сүхбаатар/УБ.,2003

[8] Ч.Далай "Ойрад монголын түүхээс өгүүлэх нь” Дорно дахины судлал.¹2.УБ.,1991
[9] Ц.Аюуш. Баядын уламжлалт гар тариалан.”Этнографийн судлал” т-IX, УБ.,1985; Ойрад, Буриадын уламжлалт соёлын нийтлэгийн тухай асуудалд ”Этнографийн судлал” т-IX, УБ.,1985; Монголчуудын уламжлалт хуримын зан үйлийн өөрчлөлт, шинэтгэл "Этнографийн судлал” т-VIII УБ.,1982

[10] Т.Дисан.Ховдын өөлдийн малын тамга.”Монголия” сэтгүүл.УБ.,1987

[11] Б.Лхасүрэн. Баруун Монголын бүжиг биелгээ "Соёл урлаг” сэтгүүл ¹1, УБ.,1987



Эх сурвалж: Нямдорж блог
Category: монгол угсаатан | Views: 3064 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 2
2 ха ха  
0
хөөрхөн л мэдээлэл байна

1 zochin  
0
bayrlalaa heregtei medeelel bn

Name *:
Email *:
Code *: