Main » 2012 » February » 23 » Монголын чулуун зэвсгийн үе
01:51
Монголын чулуун зэвсгийн үе


Аливаа ард түмний зайлшгүй бахархаж хүндэтгэх зүйл бол яах аргагүй тухайн ард түмний өвөг түүх буюу эртний түүх байдаг билээ. Тэр үед бичиг үсэг үүсэж бий болоогүй байжээ. Учир иймд судлаачид өвөг түүхийг эртний хүмүүсийн ул мөр эд өлгийн зүйлсийг баримтлан судалдаг. Шинжлэх ухааны энэ салбарыг археологи буюу эртний судлал хэмээн нэрийддэг.

Энд дурьдагдан буй эд өлгийн зүйл хэмээх ойлголтод эрт үед амьдарч асан хүмүүсийн хэрэглэж байсан эдлэл, хэрэглэл болон ямар нэгэн байдлаар хүний оюун ухаан, хөдөлмөрөөр бүтсэн тэр зүйлийг хамруулан үздэг.

Манай орны археологийн дурсгалыг XIX зууны сүүлчээс гадаадын жуулчин, судлаачид судалж эхэлсэн бөгөөд 1950-иад оноос монголын анхны мэргэжлийн археологичид бэлтгэгдэн судалгаа хийдэг болжээ. Монголын археологийн дурсгал нь чулуун зэвсгийн үеэс ХIII-XIV зууныг хүртэлх үеийг хамардаг.


Монголын чулуун зэвсгийн үеийг:


1. Хуучин чулуун зэвсгийн үе (700 000-12 000 жилийн өмнө)
2. Дунд чулуун зэвсгийн үе (12 000-8 000 жилийн өмнө)
3. Шинэ чулуун зэвсгийн үе (8 000-4 000 жилийн өмнө) хэмээн ангилдаг.


1. Хуучин чулуун зэвсгийн үе

Эртний хүн байгалийн амьтан байхаа больж хөдөлмөрийн багаж зэвсгээ хийж эхлэхдээ анх хамгийн элбэг, гарын доорх материал болох ердийн мод чулууг ашиглах болжээ. Эртний судлалын ухаанд энэ үеийг хуучин чулуун зэвсгийн үе буюу палеолит хэмээн нэрлэдэг.
Хүн анх байгалийн элдэв нөлөөгөөр хагарч залтарсан чулууны ир, ирмэгийг элдэв эд зүйлийг зүсэх, эсгэх зорилгоор ашигладаг байсан туршлага дээрээ тулгуурлан хэрэгцээтэй цагтаа тэдгээртэй ижил ир, ирмэг гаргах оролдлого хийсээр анхны чулуун зэвсэг хийх үндэс тавигдаж, хүний оюун ухаан хөгжихийн хирээр зэвсэг багажны хийц технологи нарийсч, улам болсоор иржээ. Эдгээр онцлог ялгааг үндэслэн палеолитын үеийг дотор нь доод, дунд, дээд шат хэмээн ангилаж нарийвчлан судлан шинжилдэг байна.

Монгол орны хуучин чулуун зэвсгийн доод шат нь одоогоос 700 000-100 000 жилийн өмнөх үеийг хамардаг. Энэ үеийн хүмүүс нь сүрэглэн явж, хамтын хүчээр ан ав хийн амь зуудаг байжээ. Хэдийгээр дэлхийн хэмжээгээр мөстлөг эхлэн хүйтэрч байсан ч Төв Ази, Монгол орны нутагт ялангуяа төв, өмнөд, дорнод хэсэгт харьцангуй их чийглэг, зөөлөн дулаан уур амьсгалтай, ус гол элбэгтэй, мод ургамлаар баялаг байсан бололтой. Тиймээс тэр үеийн хүн сүрэг байгаль, цаг уурын таатай нөхцөлд амьдарч байсан том биетэй болхи хөдөлгөөнт амьтдыг хүч хавсран агнаж, түүж цуглуулсан ургамал жимсээр хүнснийхээ хэрэгцээг хангаж байжээ. Тэр үеийн хүмүүс араатан амьтан, халуун хүйтэн, салхи шуурга гэх мэт байгаль, цаг уурын өөрчлөлтийн элдэв нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалахдаа хад цохионы нөмөр, агуй хонгил, жалга гуу зэрэг байгалийн тогтоцыг ашиглаж байсны гэрч болох бууц, дарханы газрын үлдэгдэл манай орны өмнөд хэсгээс элбэг олддог. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй, Дундговь аймгийн Өндөршил, Гурвансайхан сумын заагт орших Ярх уул зэрэг газрыг дурьдаж болох ба тэдгээр газруудаас олдсон чулуун зэвсгийн зүйлийг МҮТМ-н үзмэрээс үзэж сонирхох боломжтой юм.

Энэ үеийн зэвсэг багажийн онцлог нь гол төлөв чулууг нэг ба хоёр талаас хэлтчин цохиж ир гаргасан байх бөгөөд овор хэмжээгээр том байдаг. Хүний хөгжилд гарсан гол дэвшил болох авианы хэл хуучин чулуун зэвсгийн доод шатанд бий болсон юм. Монгол орны хуучин чулуун зэвсгийн дунд шат нь 100 000-40 000 жилийн өмнөх үеийг хамардаг юм. Энэ үед дэлхийн хойд хагасыг хамарсан их мөстлөг болж цаг агаар эрс хүйтэрсэн нь амьтны аймаг, хүний бие бялдар, амьдрах орчин нөхцөлийг эрс өөрчилжээ.

Хүмүүс урьд нь байгалийн бэлэн тогтоц болох агуй хонгил, хадны нөмөр нөөлгийг гадны нөлөөнөөс хамгаалахад ашигладаг байсан бол аажимдаа өөрсдөө чулуу, модоор хана босгон оромж бүтээн, бие халхлах болхи хийцтэй өмсгөл хийж өмсөх болжээ. Мөн хүний хөгжилд олсон томоохон ололтын нэг бол гал гаргаж, хоол хүнсээ болгож идэж, уух болсон явдал юм. Хуучин чулуун зэвсгийн доод шатанд зөвхөн нэг чулууг нөгөөгөөр нь цохин багаж зэвсэг хийх ганц арга зонхилж байсан бол энэ үеэс чулууг цуулан, цуулж авсан хэсгээ дахин эмтчин ир гарган багаж зэвсэг хийх аргыг бий болгожээ. Энэ үеийн сонгодог зэвсэг нь чулуунаас нимгэн залтас цуулан авч түүнийгээ дахин ирлэн хийсэн гурвалжин хэлбэрийн мэс ба хянгар зэвсгүүд юм. Чухам энэ л үеэс чулууг хол хүчтэй шидэхийн тулд дүүгүүр хэрэглэдэг дэвшилтэд аргыг сэдэж олжээ. Эдгээр зэвсгээс гадна том амьтдын хавирга, эрүү, чөмөг, далны ясаар зэвсэг хийх явдал түгээмэл байв.

Хуучин чулуун зэвсгийн дунд үеэс цахиур хавирах, модыг хооронд нь үрэх зэрэг аргаар хүссэн үедээ гал гаргах болсон нь хоол хүнсээ болгож хэрэглэх, орон сууцаа дулаацуулах, араатан амьтнаас өөрсдийгөө хамгаалах, модон багаж зэвсгийг шатааж үзүүрлэх зэрэг шинэ аргуудыг бий болгох боломжийг бүрдүүлжээ. Хуучин чулуун зэвсгийн дараагийн буюу эцсийн шат нь 40 000-12 000 жилийн өмнөх үед холбогдох бөгөөд археологийн судалгаанд энэ шатыг дээд палеолит хэмээн нэрлэдэг. Энэ үеэс мөстлөгийн хэмжээ багасч ирэхийн зэрэгцээ хүний бие бялдар эрс өөрчлөгдөж орчин үеийн хүн үүсчээ. Хүний оюун ухаан, тархины хөгжил нэмэгдэхийн хэрээр зэвсэг багаж хийх арга улам боловсронгуй болж чулууг зөв цуулан дахин холтчин засаж ирлэх, засч янзлах зэргээр зэвсэг багаж хийх аргаа боловсронгуй болгосоор байжээ. Мөн жижиг хусуур, гар сүх зэрэг зэвсгийн төрлүүдийг шинээр бий болгон зарим төрлийн жижиг багаж зэвсгүүдэд мод, ясаар бариул хийх болсон нь зэвсгийн чанарыг эрс сайжруулсан байна. Мөстлөгийн дараа асар их хуурай газар, үржил шимт нутаг мөсөн дороос ил гарч, тийш нүүдэллэх ан амьтан, хүмүүсийн нүүдэл идэвхжсэн байна. Төв Азиас Сибирь болон Зүүн хойд Азийн нутагт тархан улмаар Берингийн хоолойгоор дамжин Америк тив болон зүүн өмнөд азиар дамжин Австрали тив руу хүн нэвтэрч эхлэжээ.

Цаг агаар, газар зүйн орчин нөхцлөөс шалтгаалан хүмүүсийн дунд Европжуу, Монголжуу, Негржуу гэсэн гурван арьстан бий болсон юм. Хүмүүсийн дунд анхны бүлэглэх байгууллын хэлбэр үүсч эхэлсэн ба судлаачид үүнийг овгийн байгуулал хэмээн нэрлэдэг. Анхны овгийн байгуулал нь эхийн эрхт хэлбэртэй байсан юм. Учир нь бүлгээрээ гэр бүл болж байснаас хүүхдийн эцгийг тогтоох боломжгүйн зэрэгцээ овгийн гэр бүл дотор эхийн үүрэг голлох байр суурь эзэлж байсан нь энэ үед эхийн талыг баримтлахаас өөр аргагүй байжээ.Хуучин чулуун зэвсгийн дээд үед холбогдох бууц, суурин, дурсгалт газрууд монгол орны бараг бүх нутгаас илрэн олдсон байдаг. Энэ үед хад чулуун дээр зураг зурах анхны хэлбэрүүд үүсчээ. Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Хойд цэнхэрийн агуйн хананд зурсан сүг зургууд, Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Рашаан хадны зургууд нь дээд палеолитын хүний бүтээсэн урлагийн бүтээлүүд юм.


2. Дунд чулуун зэвсгийн үе

Эртний хүмүүс хуучин чулуун зэвсгээс шинэ чулуун зэвсэг хэмээх хөгжлийн дараагийн шатанд шилжихдээ завсарын үе болох дунд чулуун зэвсэг буюу мезолитын үеийг дамжжээ. Монгол орны хувьд дунд чулуун зэвсгийн үеийг 12 000-8 000 орчим жилийн тэртээ дамжин өнгөрүүлсэн хэмээн үздэг билээ. Энэ үед мөстлөг бүрэн дуусч мөсөн хурдас хайлан тал хөндий рүү бууж, далай тэнгис болон томоохон гол мөрнүүд, манай орны хувьд бол Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг голууд үүсч, үндсэндээ одоогийн урсгалын горимоо олсон байна.

Цаг уурын өөрчлөлт хувиралтын улмаас амьтны аймагт өөрчлөлт орж арслан заан, савагт хирс мэтийн хүйтэнд тэсвэртэй том биетэй болхи амьтад устан оронд нь хурдан хөдөлгөөнт амьтад бий болсон нь ан гөрөөний шинэ зэвсэг багаж, арга барил шаардах болжээ. Дунд чулуун зэвсгийн үед гарсан томоохон дэвшил нь хүмүүс модны уян хатан чанарыг таньж, тэрхүү чанарт тулгуурлан нум сумыг сэдэн бүтээсэн гэж үздэг. Энэ үед холбогдох нум сумын чулуун зэвүүд тус музейн үзмэрт буйг үзэж сонирхож болно.

Хүмүүс байгалийн зарим нэг нууцыг танин мэдэж, зөвхөн бэлэн зүйлсийг түүж цуглуулан хэрэгцээгээ хангаснаар хязгаарлагдахаа нэгэнт больж газар тариалан эрхлэх, ан амьтан гаршуулах оролдлого хийж эхэлжээ. Энэ үед анхны гэрийн тэжээвэр амьтан болох нохойг гаршуулсан юм.


3. Шинэ чулуун зэвсгийн үе

Шинэ чулуун зэвсгийн үе буюу неолит нь чулуун багаж зэвсгийн хөгжлийн шинэ дээд бөгөөд төгсгөлийн шат юм. Манай орны хувьд энэ үеийг 8 000 жилийн тэртээгээс эхэлсэн гэж үздэг ба төгсгөл нь газар бүрт харилцан адилгүй боловч 4 000 жилийн өмнөөс төмөрлөгийг хэрэглэх болсноор энэ үе дуусгавар болжээ. Шинэ чулуун зэвсгийн үе өмнөх үеэс ялгарах гол онцлог нь хүмүүс байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхээсээ илүү өөрийн хэрэгцээг өөрсдөө бий болгосон зүйлээр хангах болсонд оршино. Энэ үеийн хүмүүсийн зэвсэг дархлах арга туршлага нь улам боловсронгуй болж чулуу зүлгэж өнгөлөх, өрөмдөж нүхлэх зэргээр үзэмжтэй, тодорхой зориулалттай зэвсэг багаж хийж чаддаг болсон байна.

Энэ үеийн төгсгөл үед хүмүүс шавар сав суулга хийх арга ухааныг эзэмшиж чадсан нь хэрэгцээнийхээ хүнсний зүйлсийг хадгалах, хоол хүнсээ болгож, буцалгаж идэх боломжийг олгожээ. Шинэ чулуун зэвсгийн үед хүмүүс хаш, хээрийн жонш, мана, цахиур чулуу зэрэг янз бүрийн хатуу чулуугаар багаж зэвсэг хийх болсноор багаж зэвсэг нь хурц бат бөх болон сайжирсан байна.


Нас нөгчигсдөө оршуулах зан үйлийн анхны хэлбэр үүсч, амьддаа эдэлж хэрэглэж явсан эд зүйл, гоёл чимэглэл, багаж зэвсгийг нөгчигсдийн шарилыг нь дагалдуулан булж оршуулдаг байсан нь археологийн малтлагаас олддог. Энэ бүхэн бол эртний хүмүүсийн дунд сүсэг бишрэл, түүнтэй холбогдох зан үйл аажмаар буй болж, хойт насны тухай ухагдахуун үүссэнийг илэрхийлж байгаа явдал гэж үздэг. Монгол нутгаас олдсон шинэ чулуун зэвсгийн үеийн оршуулгын хэлбэр болон дагалдуулсан эд өлгийн зүйлсийг МҮТМ-н үзмэрээс үзэж сонирхох боломжтой юм.
Category: aрхеологи | Views: 1450 | Added by: admin | Rating: 5.0/1
Total comments: 1
1 admin  
0
smile

Name *:
Email *:
Code *: