21:38 Урианхай | |
Алтайн урианхайн хувцас: Урианхайчууд монгол алтайн уулархаг нутагт аж төрдөг. Ийм тэдний уламжлалт хувцсанд байгаль газарзүйн хүчин зүйлээс хамаарсан онцлог болон нас хүйсний байдал, нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө чинээний ялгаа тод туссан байдаг. Урианхай эрэгтэйчүүд өвлийн улиралд цагаан нэхий дээл(дэвэл) өмсөнө. Уг дээл нь бөсөөр хийсэн эргэдэг хөх захтай, энгэр, зах, сугандаа улаан өнгөтэй, тус бүр нэг товч шилбэтэй. Захны хөвөө, энгэр, хормойгоороо улаан хавчуургатай, дөрвөн хуруу хар өнгийн хилэнгээр хийсэн цалам эмжээр, хоёр ташаандаа ташаан толгой хүрсэн эвэр угалз бүхий оноотой. Ийм өргөн эмжээрээ "Цагаан дээлийн хөвөө” гэнэ. Бас зарим үед хөвөөгүй дээлэнд энгэр хормойг тойруулан цагаан хурганы арьсаар эмжсэн(бөөлжүүлсэн) дээл өмсөнө. Энэхүү дээлээ "Хурьсага хадсан дэвэл” гэж нэрлэдэг. Хурьсагныхаа дотно талаар хар хилэнгээр хийсэн хуруу орчим өргөнтэй, улаан хөвөөтэй, нарийн хошоог хослуулан оёно. Үүнийг "Арь” гэнэ. Урианхай дээлийн оноо нь бусад ястнуудын дээлийнхээс урт байдаг нь өндөр ууланд мал хариулах, ан гөрөө хийж явган явахад хөл тушихгүй, чөлөөтэй явахад зориулагджээ. Дээлэндээ аргаль янгир, гөрөөсний арьсыг өргөн хэрэглэдэг. Бас хөрөнгө чинээтэй нь булга, суусар, минжний арьсыг хувцасны зах, энгэр, хөвөөнд чимэг болгон хэрэглэж иржээ. Элгэн заргаг: Заргаг гэдэг нь үсийг нь ахарлан хяргасан нэхий, ямаа, янгир, гөрөөсний арьсаар хийсэн нимгэн дээлийг хэлнэ. Мөн богино заргаг нь цанаар явж ан хийхэд нэн тохиромжтой. Насанд хүрсэн эрчүүд дулааны улиралд цагаан цайвар, цагаан шарга өнгийн бөсөөр хийсэн өргөн хар хиазтай, дээлийн өнгөнөөс өөр өнгөтэй нэлээд том эргэдэг захтай лавшиг өмсөнө. Лавшигний энгэрт хоёр товч, суганд нэг, ташаанд нэг товч шилбэ тус тус хадна. Тэд цагаан дээл лавшигний дотуур "кийлэн” гэх урт ханцуйтай богино цамц өмсдөг. Зарим хэсэг нь цагаан дээл, лавшигний адил өргөн хар эмжээртэй цагаан өнгийн кийлэн өмсөнө. Урианхайчуудын малгай: Урианхайчууд Лоовууз, тоорцог, төгрөг, юүдэн зэрэг нэлээд олон төрлийн малгай өмсдөг. Тэдний эрэгтэйчүүд өвлийн цагт 16 ширээстэй, цэнхэр өнгөтэй, дуулга маягийн оройтой 8 хошуу бүхий улаан давжид(тав), сампинтай, хурга, үнэгний арьсаар үсэлсэн өндөр магнайвчтай, ханан хээ ширээс бүхий мухар сөөм шилэвч, эрүүвчтэй, хос улаан залаатай, хөх бүчтэй лоовууз өмсдөг. Зуны улиралд цагаан алчуур орооно. Гэвч энэ нь торгуудтай хил залгаа нутагладаг урианхайчуудад л тохиолддог. Урианхай сэвгэрүүд ногоон, хөх, цэнхэр өнгийн бөсөөр хийсэн лавшиг өмсөх бөгөөд насанд хүрч хадамд гарахдаа эхнэр тэрлэг, цэгдэг өмсөнө.Урианхай эхнэр тэрлэг нь хүрэн, хар хөх өнгөтэй, улаан, улаан шар өнгийн хоргойгоор эмжсэн найман товч шилбэтэй. Эмжээрийн эргэн тойрон ногоон өнгийн хошоогоор хошоолсон байр, урд хормойг дөрвөн хуруу өргөн хар хилэнгээр эмжээд, цагаан утсаар туулай харайлгах, галуун таваг зэрэг хатгамал хатгажээ. Гоёл чимэглэл: Урианхай эрэгтэйчүүд зүүн чихэндээ цагариг хэлбэрийн "төдөг” гэж нэрлэх ээмэг зүүх бөгөөд түүнийгээ Зүүн гар улсын иргэн болохоо таниулж буй хэрэг хэмээн хэлэлцдэг. Урианхай эхнэрүүд торгууд, захчин эхнэрийн нэгэн адил үсний гэр, токиг (тохиг) хэрэглэнэ. Энэ нь хөөмөл мөнгөн эрвээхэй, хорол хэлбэртэй, дөрвөн нүдтэй, гурван гогцоо, гурван салаатай. Гурван гогцооноос аман хүзүү нь зангилгаатай мяндсан цацаг гурвыг зүүнэ. Цацагны голын уртыг эх, хоёр захын богиныг даага гээд даагаа дагуулсан гүү гэж үздэг нь эмэгтэй хүнийг олон хүүхэдтэй болохыг бэлгэдсэн хэрэг болой. Үсний гэрийг "Шигэрмэг” гэж нэрлэнэ. Шигэрмэгийг хар хилэнгээр хийж, хоёр үзүүрийг нь хоргойгоор чимэглэн, дунд талын зайд танан товч, мөнгөн хадлага хадна. Ер нь ойрад монголчууд малгайг ихэд эрхэмлэн үзэж, мандах төрийн малгай гээд газарт тавих, дээгүүр нь алхаж гарах, хүнтэй сольж өмсөх, гадаа хонуулах, бэлэглэхийг цээрлэдэг. Госон: XIX-XX зууны зааг үед алтайн урианхайн эрчүүдийн голлон өмсдөг гутал нь "Маага гос” юм. Анчин гөрөөчин удамтай алтайн урианхай нарын маага гос нь уул хаданд явахад нэн тохиромжтой аж. Маага гос хэрхэн үүссэн тухай нэгэн домгийг бид Ховд аймгийн Мөнххайрхан сумын өндөр настан Тариачийн Нанзад гуайгаас тэмдэглэн авсан билээ. Уг домгийг сийрүүлбээс: "Эрт урьд нэгэн госгүй хүн байж гэнэ. Тэгээд нэг уран хүнд очоод чи их уран хүн байна, надад нэг гос оёж өгнө үү? Гэхэд, нөгөөх нь би танд нэгэн гос зохиож өгье хэмээгээд гос хийж өгчээ. Уг госыг хүмүүс их гоё болжээ хэмээн хэлэлцээд, үүнийг ямар гос гэж нэрлэдэг юм бэ? гэж асууж гэнэ. Тэгэхэд нь мэдэхгүй, надад май гээд өгсөн шүү дээ гэж хэлжээ. Май гээд өгсөн учир энэ цагаас хойш уг госыг Маага гос гэж нэрлэсэн” ажээ. Урианхай эмэгтэйчүүд "Хатуу госон” буюу "Сөөхий” гэдэг өвөрмөц гос өмсдөг байжээ. Хатуу госыг хийхдээ булигаараар түрүү, зулаг хоёрыг үргэлж эсгэж, боомын хажуу талд маага госны нэгэн адил хагархай гаргаж, улаан давхар ширээр хийж, илүү гарган гадна талаас нь уллана. Дөрөөвчнөөс хойш маага госны нэгэн адил дотор талд зуузай, өсгийнд нь тах хаддаг. Алтайн урианхайчууд: Маага маа(бид) нарын госон Сөөхий сэвгэр(нөхөрт гараагүй эмэгтэй) нарын госон хэмээн хэлэлцдэг. Ховд голын сав дагуу нутагладаг урианхайчууд дээрх гутлаас гадна тоокуу өмсдөг. Тоокуу нь гагцхүү торгуудын гутал ч биш бололтой. Учир нь дөрвөд, захчин, урианхайн настнууд хүүхэд насандаа тоокуу өмсөж байсан гэж хуучилдаг. Иймд тоокуу нь Ойрад монголчуудын нийтлэг гутал байгаад хожим зөвхөн торгуудад үндсэн хэлбэрээ хадгалан үлдсэн байж болох юм. | |
|
Total comments: 0 | |
aрхеологи [24] |
антропологи [4] |
түүх [12] |
эрдэм шинжилгээний бүтээл [12] |
монголын археологичид [1] |
монгол угсаатан [4] |
түүх соёлын дурсгалт газар [3] |
мэдээлэл [6] |
ярилцлага, нийтлэл [9] |
хэрэгцээтэй зүйлүүд татах [11] |